Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 135/шш2024/01184

 

 

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2024/011055/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** хороо, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* хороолол, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас *******/-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс 3,000,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилгыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

(Хариуцагч Ч.*******гийн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч Р.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Р.******* нь 2021.11.08-ны өдөр хариуцагч Ч.*******д өөрийн 3 өрөө орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Ингэхдээ өөрийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий хувцасны шүүгээ, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий буйдан, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилга зэргийг мөн Ч.*******д зээлээр худалдсан. Хариуцагч нь дээрх тавилгуудыг зээлээр худалдан авсныхаа төлбөрийг төлөхгүй удааширч, зарим хэсгийг нть төлөөгүй тул Р.******* нь хариуцагчаас тус тавилгуудыг төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч Ч.******* нь ... Би энэ хүнийг шкафаа буцаагаад ав гэсэн тайлбарыг тавьж л байгаа, ... хэрвээ энэ шкафыг 3,000,000 төгрөг гэсэн бол би хэзээ ч авахгүй гэсэн тайлбар гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.08-ны өдрийн ******** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь төлөгдсөн, үлдэх хэсэг болох гал тогооны тавилгыг худалдсан талаар баримт авагдаагүй, хариуцагч гал тогооны тавилгын нэхэмжлэгчид биет байдлаар эргүүлэн өгөхийг зөвшөөрч байгаа зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023.11.30-ны өдрийн ******** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Гэтэл дээрх шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч Ч.******* нь шүүхэд хэлж байсан тайлбараасаа ухран нэхэмжлэгч Р.*******ийн гал тогооны тавилгыг одоо болтол өөрийн хууль бус эзэмшилдээ байлгасаар байна.

Иймд Р.*******ийн хууль ёсны өмчлөх эрхийг хамгаалах үүднээс гал тогооны тавилгыг Ч.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг гаргаж байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ч.******* нь Р.*******тэй гал тогооны шкаф болон мөнгөн дүнгийн ямар нэг нь хэлэлцэж тохиролцсон наймаа хийгээгүй тухайн гал тогооны шкафыг байр авч байх үед байрны үнэнд багтаан дагалдуулж авсан. Хэд хэдэн удаа над руу залгаж шкафаа авна гэж ярьсан. Тухайн үед надад өвчин зовлон болон буяны ажил гаран сэтгэл санаа тавгүй байсан үедээ тэр гал тогооны шкафаа ав гэж хэлсэн. Тэр үед үгийн алдаа байсан. /сэтгэл санаа хямралтай байсан/. Мөн Дархан-Уул аймгийн сум дундын анхан шатны шүүх буюу Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шийдвэрийг хүчин төгөлдөр шийдвэр болсон учир уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өнгөтөөр хэвлэсэн зургууд, ******* дугаар хооронд харилцсан зурвас, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн ******** дугаартай шийдвэр, 2023 оны 11 сарын 30-ны өдрийн ******** дугаартай магадлал, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 1256 дугаартай тэмдэглэл, 2021.10.13-ны байр, тавилга зарах танилцуулга гэх бичигтэй 1 ширхэг сиди зэргийг баримтаар ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.******* нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...хариуцагч Ч.*******д 2021 онд өөрийн өмчлөлийн орон сууцыг төгрөгөөр худалдсан. Тухайн үедээ гал тогооны /цагаан өнгийн/ тавилгыг 3,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч шүүхийн шийдвэрээр миний тавилгын үнэ нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч Ч.******* нь миний гал тогооны тавилгыг буцааж надад өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд Ч.*******гийн хууль бус эзэмшлээс гал тогооны тавилгыг гаргуулахаар шаардаж байна гэх агуулгаар тайлбарласан болно.

2. Хариуцагч Ч.******* нь ...Дархан-Уул аймгийн анхан шатны шүүх буюу Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр болсон учир уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан байна.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******** дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******** дугаартай магадлалаар Р.*******ийн нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдох Худалдах худалдан авах гэрээний үүрэг болон нэмэлт зардал гаргуулах тухай маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэлд ...талуудын хооронд 3,000,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилга худалдах-худалдан авах гэрээ, хэлцэл хийгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй... дүгнэж, нэхэмжлэгч Р.*******ийн гал тогооны тавилгын үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүх зохигч болох Р.*******, Ч.******* нарын хооронд гал тогооны тавилгыг худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулагдсан эсэхийг дүгнэж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр, магадлал нь Р.*******ийн бусдын хууль бус эзэмшлээс хөдлөх хөрөнгө гаргуулахаар шаардах эрхийг хязгаарлаагүй болно.

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Ч.*******гийн хууль бус эзэмшлээс гал тогооны тавилгыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Р.******* нь 2021 онд өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 85,000,000 төгрөгөөр Ч.*******д худалдсан бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн гал тогооны тавилга нь тухайн зарагдсан орон сууцанд үлдсэн буюу Ч.*******гийн эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******** дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******** дугаартай магадлал болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Ч.******* нь Р.*******тэй гал тогооны шкаф болон мөнгөн дүнгийн ямар нэг нь хэлэлцэж тохиролцсон наймаа хийгээгүй тухайн гал тогооны шкафыг байр авч байх үед байрны үнэнд багтаан дагалдуулж авсан гэх тайлбарыг гаргасан.

Хариуцагчийн дээрх тайлбар нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******** дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа...би энэ хүнийг шкафаа буцаагаад ав гэсэн тайлбарыг тавьж л байгаа... /хх-9/, тус шүүхийн шүүх хуралдааныг тэмдэглэлд ...би тухайн үед ээж аавтайгаа Увсад явж байсан. Ярьж байгаад ирсэн бол одоо ч гэсэн өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлээд л байгаа... /хх-21/ зэрэг түүний өмнө шүүхэд гаргасан тайлбараар үгүйсгэгдэж байна.

Иймд Иргэний хуулийн 89 дугаар зүйлийн 89.1-т Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасны дагуу хариуцагч Ч.******* нь маргаан бүхий гал тогооны тавилгыг шударгаар эзэмших эрхтэй этгээд биш байх тул нэхэмжлэгч Р.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.*******гийн хууль бус эзэмшлээс гал тогооны /цагаан өнгийн/ тавилгыг чөлөөлүүлж, нэхэмжлэгч Р.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ТУНГАЛАГМАА