Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1407

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01996 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн хариуцагч Б.Ц-, И.З- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 14 638 081 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И, өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Ц-, И.З- нар нь Х-наас 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцлөөр зээлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 9 170 000 төгрөгийг нэмж олгон, зээлийн хүүгийн хэмжээг 18 хувь, зээлийн хугацааг 57 сар болгон нэмэлт өөрчлөлт оруулсан. Нийт авсан зээлийн хэмжээ 15 170 000 төгрег болно. Зээлдэгч үндсэн зээлд 9 324 511 төгрөг, зээлийн хүүнд 2 386 360 төгрөг, нийт 11 710 871 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймээс дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 5 845 490 төгрөг, зээлийн хүү 7 607 436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 185 155 төгрөг, нийт 14 638 081 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ц-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын 5 845 490 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү 7 607 436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 185 155 төгрөгийг төлөх боломжгүй болоод байна. Би ажилгүй, орлогогүй болсон. Б.Ц- нь 2012 оны 12 дугаар сард зам тээврийн осолд гаргаж, улмаар ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг бөгөөд энэ талаараа Х-инд мэдэгдсэн байдаг. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1- д зааснаар нэхэмжлэгч нь зээлийг нэн даруй шаардах эрхтэй байсан. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү. Мөн 4 хүүхдийн мөнгийг зээлд татан суутгал хийсэн байдаг. Иймд нэхэмжлэлээс үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч И.З-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.З- би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Ц- төлнө. Би зээл аваагүй тул надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ц-, И.З- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 10 472 675.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 4 165 405.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-, И.З- нараас улсын тэмдэгтийн хураамжид 182 513 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х-ны нэхэмжлэлтэй Б.Ц-, И.З- нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгэлд 14 638 081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсэг болох 10 472 675.6 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүнд нийт 4 165 405.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хэдийгээр хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой шалтгааны улмаас зөрчсөн боловч гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь 3 жил гаруй хугацааны дараа зээлийн гэрээний үүргийг шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгч нарын хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний болон бусад хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-1502 дугаартай зээлийн гэрээний 2.3.1 -г “Зээлийн төлбөрийг Хавсралт-1-ээр тохиролцсон “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө” гэж талууд тохирч зээлийн гэрээний хавсралт-1-ээр эргэн төлөлтийг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 57 сарын хугацаатай сар бүрийн 02-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэл нь гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийг буруутгасан байдлаар дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Өорөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийн буруутай үйлдэл бус болно. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд зээлээ хуваарьт хугацаанд төлөх үүрэгтэйг үүрэг гүйцэтгэгч өөрөө мэдэж байгаа бөгөөд мэдэхгүй гэх үндэслэл байхгүй, энэ талаар хэрэгт баримтаар нотлогдоогүй. Хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг тооцох талаар гэрээний 2.1,5-д зээлийн гэрээгээр тохирсон. Мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5 “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д “Зээлийг авсан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүнии хорин хувиас хэтрэхгүй хэмжэний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасантай нийцсэн байхад анхан шатны шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тооцож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, “гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохиросон хувиар тооцож төлөхийг хэлнэ'’ гэж тус тус тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан цалинийн зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 21,6 хувь, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ-1502-1 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.4.1-д зээлийн хүү жилийн 18 хувь нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 2.2.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1996 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч Б.Ц-, И.З- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 5 845 490 төгрөг, зээлийн хүү 7 607 436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 185 155 төгрөг, нийт 14 638 081 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч Б.Ц- үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 5 845 490 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж, хариуцагч И.З- зээл аваагүй гэж тус тус маргажээ.

 

            Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдаж, 6 000 000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж, хариуцагч Б.Ц- нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж 830 000 төгрөгийн зээл үлдсэн дээр 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан, 9 170 000 төгрөгийг нэмж зээлж, нийт 10 000 000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 9 дүгээр тал/ Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Хариуцагч И.З- нь дээрх гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх  бөгөөд гэрээний 4.2.12-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дах хэсэгт зааснаар үндсэн зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Зээлийн гэрээ хэрэгжих хугацаанд зээлдэгч буюу хариуцагч Б.Ц- нь авто ослын улмаас гэмт хэрэгт холбогдсон учир хүү төлөх боломжгүй гэх хүсэлтийг 2014, 2015 онд гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан уулзалтын гараар хөтөлсөн тэмдэглэл, хариуцагч И.З-гийн бичсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна. /хэргийн 38-41 дүгээр тал/ Үүнд нэхэмжлэгч тодорхой хариу өгөөгүй байна. Энэ хүсэлт нь цаашид зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдсэн агуулгатай байх ба шүүхээс тухайн нөхцөл байдалд хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

            Дээрх гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуусч, зээлдэгч буюу хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх боловч нэхэмжлэгч нь тэдний данснаас төрөөс олгосон хүүхдүүдийн мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд таталт хийн зээлдэгч нарын үндсэн зээлээс суутгасан үйл баримт хэрэгт авагдсан хариуцагч нарын дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 15-16 дугаар тал/. Энэ талаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй.

            Анхан шатны шүүх иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн дансаас суутгасан дээрх мөнгөн төлбөрийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч, гэрээгээр тохиролцсон хувь хэмжээгээр хүүг тооцоолон үндсэн зээлийн үлдэгдэл 5 845 490 төгрөг, хүүд 3 855 988 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 771 197.6 төгрөг, нийт 10 472 675.6 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 165 405.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлсэн гэж үзнэ.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01996 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 597 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                     С.ЭНХТӨР