| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0623/Э |
| Дугаар | 542 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 542
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Б.Энхбат,
Хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа /ҮД:1591,
Шинжээч М.Золжаргал,
Гэрч Ч.У, Д.Сосорбарам
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Л.Өлзий-Орших /ҮД:0273/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бийн Нд холбогдох 1708010270147 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1979 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, хувиараа оёдол хийдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо ... тоотод оршин суух,
Налайх дүүргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Д овогт Бийн Н /РД: .../
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ 18 цагийн үед ирэхэд манай урд хашааны Н гэх айлын том хүүхэд, мөн түүний урд талд байх Д гэх хүний том охин, манай 5 настай Анхцэцэг гэх охины хамт гэр дээр гарчихсан тооно руу ус хийж байхаар нь барьж авсан юм. Тухайн үед бороо орж байсан учир би өрхөө бүтээгээд явсан байсан чинь сөхөж байгаад ус хийж байсан. Тэгээд яагаад ус хийгээд байгаа юм гэхэд тоглож байна гэсэн. Тэгээд би охиноо загначихаад урагш Н ахын гэрийн гадаа очиход Н ах, С эгч хоёр, хоёр хүүхдийнхээ хамт гарч ирсэн. Би хүүхдээ захирч яваа гэж хэлчихээд хажуугаар нь гарч яваад Дын гэрт ороход Д, түүний эхнэр нар байсан. Би Дт танай хүүхэд манай хүүхэдтэй нийлчихээд тооно руу ус хийгээд байна гэж хэлээд гэрээс нь гараад Н ахын хашаанд орсон чинь Н ах өөдөөс ирээд чи манай хоёр хүүхдээр дандаа түрүү барьдаг гээд шууд улаан өнгийн тоосго аваад миний духны зүүн хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би холдоод зогссон чинь ахин том чулуу аваад над руу шидээд миний зүүн гуяыг оносон. Тэгээд намайг заамдаж боож унагаад татаж босгож ирээд толгойгоор өөрийнхөө банзан хашааг хоёр удаа мөргүүлсэн. Тэгээд дахин боож унагаад миний хэвлий хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Тэгтэл Д хүрч ирээд салгасан. Тэгээд намайг босоод ирэхэд Д, түүний эхнэр, Н ах, түүний эхнэр С эгч нар байсан. Би шууд гэр рүүгээ ороод эхнэр рүүгээ яриад цагдаа дуудаадах би зодуулчихлаа гэсэн. ...миний биед учирсан гэмтлүүдээс дэлүүний задрал гэмтлийг Н намайг газар уначихсан байхад миний хэвлийн зүүн талаар хоёр удаа өшиглөхдөө учруулсан. Мөн бусад гэмтлийг Н учруулсан. Өөр хүн намайг зодоогүй. ...тухайн үед миний бие эрүүл байсан. ... миний хэвлийн зүүн хэсэгт 2 удаа өшиглөсөн, ... Б.Н надад хохирлын мөнгө гэж бэлнээр 3 сая төгрөг, 3 сая төгрөгийн үнэтэй суудлын автомашин тус тус өгсөн тул цаашид түүнээс нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй, гомдолгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
1.2.Гэрч Ч.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн хэрэг болсон гэх 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би 18 цаг 50 минутын үед өөрийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ... тоотод байх гэртээ ирэхэд манай нөхөр гэрийнхээ гадаа зодуулсан байдалтай нүдний алим нь улаан болсон, зүүн талын хөл нь доголсон, гэдсээрээ атийсан байдалтай байхаар нь юу болсон юм гэхэд Н ах намайг хүүхдээ өмөөрөөд зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад, түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн, түргэн тусламж нөхөр Эыг гэмтлийн эмнэлэг рүү авч яваад рентген зураг авхуулаад ЭХО-д үзүүлсэн. Тэгэхэд дотуур цус алдаж байна, яаралтай эмнэлэгт хэвтүүл гээд тэндээ гэмтлийн тасагт хэвтэж хагалгаанд орж дэлүүгээ авхуулсан. 1 литр 800 грамм цус алдсан байна гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтээд гарсан. Манай талаас мөнгөний боломж байхгүй учир Н гэх хүнээс эмчилгээний зардлыг гаргуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 х/,
1.3.Гэрч Ч.У-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Намайг гэртээ ороход эвхэрсэн байдалтай орон дээрээ хэвтэж байсан. ... Урьд өдөр нь хүнтэй зодолдоогүй, ажлаа тараад зүгээр ирсэн гэв. ... Н ах намайг зодчихлоо гэсэн, харин яаж зодсон талаар хэлээгүй. ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.4.Гэрч Г.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Эын бэр эгч нь байгаа юм. Харин Нтэй хамаатан садангийн холбоогүй. ...Би дээрх асуудлын талаар Н ахын эхнэр, Эын эхнэр У нараас сонссон. Миний сонссоноор манай нөхрийг Н ах зодсон гэж У хэлсэн. Харин Н ахын эхнэр нэг их сүртэй юм болоогүй, ганц цохисон гэж хэлсэн. Тухайн үед Эын найзууд нь гэрт ирээд архи уусан байсан. Тэгээд машин бариад яваач гэхээр нь би машиныг нь бариад найзыг нь гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгээд буцаад явах гэтэл манай дүү Э согтуу явахгүй гээд зугатаагаад байхаар нь эхнэр рүү нь хүний утсаар яриад цагдаад өгөөд явуулчихъя гэж хэлээд тухайн үед утасгүй явж байсан учир хүний утсаар яриад цагдаа дуудсан. Тэгээд эрүүлжүүлэхэд хонуулсан, тухайн үед хүнтэй маргалдаж, зодолдсон, зодуулсан асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 22 х/,
1.5.Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... зүүн нүдний алимны цус хуралт нь хөнгөн зэрэгт хамаарна... дэлүүний задрал гэмтэл учирсан тохиолдолд тэр даруйд шинж тэмдэг илэрч хэвлийгээр хүчтэй өвдөж, хэвлийн булчингууд чангарах, толгой эргэх, дотор муухайрах, дээш харж хэвтэж чадахгүй, эмзэглэл нэмэгдэх шинж тэмдэгүүд илэрдэг, ” гэх мэдүүлэг /хх 30-33 х/,
1.6.Шинжээч эмч М.Золжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Дэлүүний задрал гэмтлийг авснаас хойш хүн ямар нэгэн үйл хөдөлгөөн хийх боловч идэвхтэй үйл хөдлөл хийх боломжгүй. Хэвлийн хөндийд хэр их шингэн хуралдсанаас шалтгаалж эмнэлзүйн шинж тэмдэг нь илрэх байдал нь өөр байна. ... уг гэмтлийг авсан тохиолдолд олон цаг хоногоор явах боломжгүй, гэмтлийг авсан даруйд хэвлийгээр өвдөх, хэвлийн булчин чангарах, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хашаа давах хөдөлгөөн хийх боломжгүй гэв. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл. 1800 мл гэдэг нь хэвлийн хөндийд 1 литр 800 гр орчим цус алдсан байна гэсэн үг. ... Хохирогчийн духанд 2/1 см хүрэн улаан өнгийн зулгарал тогтоогдсон ... Өшиглөх, дэвсэх үед ихэвчлэн дэлүүний задрал үүсдэг ... Дэлүү хэвлийн зүүн дээд хэсэгт, өрцний доор байрлана ...” гэх тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.7.Шинжээчийн 10681 тоот дүгнэлт
1.Д.Эын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний задрал, хэвлийн хөндийн цусан хураа /1800мл/, зүүн нүдний алимд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. /хх-ийн 25 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хоёр:Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх талын нотлох баримтууд./шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналаар/
2.1.Шүүгдэгч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Сосорбарам бид хоёр гэртээ дээлээ оёод сууж байсан. Тухайн өдөр гадаа бороо ихээр орж байсан. Бороо зогссоны дараа манай 6 настай хүү Мөнгөнбаатар, 5 настай Энхбаатар нар гадаа тоглох гээд гарсан. Тэгээд удаагүй байж байхад хойд айлын Э пизданууд гээд орилоод байсан. Тэгэхэээр нь би бас юу болчихов доо гээд эхнэрийгээ гараад хараадах гэсэн. Эхнэр маань гарахад Э гэр орон буулгачихлаа гээд хараагаад байхаар нь би эхнэрийнхээ араас гарсан чинь Э урд талын Дын хашааг даваад гэр рүү нь орж байсан. Тэгээд Дын гэрт ороод хэрүүл хийгээд эргэж гарч манай хашаа руу орж ирэхээр нь би Баяраад ахын дүү яасан юм, юу болов гэхэд танай хүүхдүүд гэр орон руу ус асгаад, норгосон байна гэхээр нь би 2 хүүгээсээ асуухад ус асгаагүй гэсэн. Харин Эын хүү Анхууштай тоглосон гэж хэлсэн. Тэгээд би Эт аадар бороо орсон манайх ч гэсэн нил ус байна хүүхдүүд рүү буруу чихээд яахав гэтэл хуцаад бай пизда минь ороод харахгүй юу пизда минь гэхээр нь чи ер нь яах гээд байгаа юм, өчигдөр манай хоёр хүүхдийг ална шүү зулбасага минь зайлцгаа, ална шүү гээд байсан, чи ингэж болохгүй ш дээ гэсэн. Тэгтэл Э чи муу цагдаа дуудаг ш дээ пиздаа минь гээд мөн манай эхнэрийг пизда минь гэхээр нь миний уур хүрээд эр хүн шиг үзье гэж би хэлээд цамцнаас нь заамдаад автал өөдөөс багалзуурдаад заамдсан. Тэр үед Э зүүн гараараа хэвлийгээ дарчихаад нэг сонин зовиуртай байсан. Тэгээд би Эын зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд зууралдаад нэг нэгнийгээ түлхэлцээд ноцолдсон. Би нуруу руу нь зүүн хөлөөрөө баруун талаараа хөндөлдсөн байхад нь 1 удаа өшиглөсөн. Би тухайн үед цэнхэр өнгийн улавч өмссөн байсан. Тэгтэл Д хүрч ирээд дундуур орж салгахад бид хоёр зууралдаад тавихгүй байсан чинь Д тавиач наадахын чинь царай нь сонин болчихсон байна гэхээр нь хартал царай нь улайчихсан байхаар нь би гараа тавьсан чинь Э нуруугаараа газар унасан. Тэгээд ухаан алдсан байхаар нь би гүйж очоод сэргээх гээд 2 удаа хацар руу нь баруун гараараа тус бүр 1 буюу нийт 2 удаа алгадсан. Тэгтэл сэргээд босож ирээд надтай хэрэлдээд цагдаа дуудна гээд гэр рүүгээ зүгээр алхаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 х/
2.2.Шүүгдэгч Б.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед эхнэр бид 2 гэртээ дээл оёод байж байтал гадаа Эын дуу гарсан. Би эхнэр Сосробарамыг гараад хараадах гэсэн. Эхнэр Этай маргалдаад эхлэхээр нь би араас нь гарахад Э Дын хашааг даваад орж байсан. Эхнэр бид хоёр 2 хүүхдээ дуудаад учрыг нь асуугаад байж байтал Э, Д, Алимаахүү гурав хэрэлдээд гарч ирсэн. Э түрүүлээд манай хашаанд орж ирсэн, Алимаахүү, Д нар байшингийнхаа довжоон дээр хараад зогсож байсан. Э хүүхдүүд чинь гэр рүү ус цацсан байна гэсэн, би эд чинь хүүхдүүд шүү дээ гэж хэлсэнээс болоод бид маргасан. Маргалдаад барилцаж аваад Эын шанаа руу нь би нэг цохисон, дараа нь нуруу руу нь нэг өшиглөсөн. Биднийг Д салгах гээд оролдож байснаа тавихгүй болохоор больсон. Бид зууралдаж явж байгаад Э хойшоо унаад би дээрээс нь давхаралдаад унасан. Тэр үед Эын царай хөхрөөд сонин болсон байсан, би 2 алгадахад Э сэрээд, бид маргалдаад 2 тийш салаад явсан гэв. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
2.3.Гэрч Д.Сосорбарамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... танай хүүхдүүд чинь манай хүүхдүүдийг уруу татаад гэр дээр гарч ус асгачихсан байна гэсэн. Баяраа манай нөхрийг гэрээр дүүрэн ус байна гээд хүрч ирээд заамдаж аваад хамар луу нь нэг удаа цохисон, манай нөхөр баруун гараараа эргүүлээд толгой руу нь нэг цохисон.Тэгээд зууралдаад хашаанд байдаг овоолсон шороон дээр хальтарч нөхөр маань зүүн талаараа, нөгөө залуу дээшээ хараад унасан ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 х/,
2.4.Гэрч Д.Сосорбарамын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “8 дугаар сарын 19-ний орой Э манай хашаа руу орж ирээд хүүхдээ хүмүүжүүлэхэд яадаг юм бэ гэж хэлснээс болж манай нөхөр Э нар маргалдан заамдалцаж авсан. Э хөлдөө ороолцолдсон бололтой хойшоо унахад манай нөхөр дээрээс нь давхаралдаж унасан. Дараа нь манай нөхөр Эын зүүн шанаа руу нь цохисон. Манай нөхөр өөрөө босч ирээд дараа нь Эыг татаж босгосон ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2.5.Гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн хэрэг болсон өдөр би өөрийнхөө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчний 7-17 тоотод байх гэртээ эхнэр Алимаа, 2 хүүхдийн хамт байж байхад 17 цагийн үед хөрш Баяраа гэж дууддаг Э орж ирээд танай хүүхэд чинь манай гэр рүү ус цацсан байна гээд ууртай орж ирээд эргээд гарсан. Би араас нь гарахад Баяраа арын хашаанд байх Нн хашаанд ороход Н гэрээсээ гарч ирэхдээ чи яагаад жаахан хүүхдүүдийг загнаад байгаа юм гэхэд Баяраа өөдөөс нь хэрэлдээд тэр хоёр заамдалцаж эхэлсэн. Тэгэхэд Н баруун хөлөөрөө Баяраагийн зүүн гуя руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд Н нь Баярааг хойш түлхэлцэж явж байхад хөлөндөө орооцолдсон байх гэнэт газарт Баяраа дээш хараад унасан, Н дээр нь унасан. Тэгтэл Н баруун гараараа Баяраагийн зүүн хацар руу 1 удаа алгадаад Н эхэлж босоод Баярааг татаж босгосон. Тэр хоёр босож ирэхдээ хэвийн л харагдаж байсан. Баяраа тэндээсээ яваад гэрийнхээ үүдэнд очоод би чамайг цагдаад барьж өгнөө гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тухайн үед Н түүний эхнэр, Э, манай эхнэр Алимаа бид нар байсан. Харин Эын эхнэр нь маргаан болсны дараа ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 х/
2.6.Гэрч Ц.Алимаахүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн хэрэг болсон өдөр би гэртээ нөхөр Д, 2 хүүхдийн хамт байж байхад манай ар талд байдаг Баяраа гэж дууддаг залуу манай гэрт орж ирээд уурлаад хүүхдээ аваачээ манай гэр дотор ус цацсан байна гэж хэлэхээр нь за гэж хэлсэн. Сүүлд мэдэхэд манай хүүхэд, тэдний 10 настай охин Анударь, арын хашааны Нн хөвгүүд нийлээд Баяраагийн гэрт нь усаар байлдаж тоглосноос болоод Баярааг уурласан гэж мэдсэн. Тэгээд Баяраа гэрээс гараад явсны дараа араас нь гарахад арын хашаанд Нн гэрийн баруун талд хашааны хаалганы хажууд Баярааг Н заамдсан байж байгаад Н Баяраагийн нүүр рүү 1 удаа гараараа цохиход Баяраа хойш нуруугаараа газар унасан. Тэгтэл манай нөхөр Д хашаа давж ороод салгасан. Баярааг газар уначихсан байхад Нг дахин өшиглөж цохисон эсэхийг хараагүй. Тэгтэл Баяраа босоод гэр рүүгээ явах замдаа чамайг цагдаад өгнө дөө гээд алхаад явсан. Баяраа гэр рүүгээ зүгээр л алхаад явсан. Тэгээд би гэр рүүгээ орсон. Сүүлд цагдаа нар ирсэн байсан. Би цагдааг ирэхэд гэрээс гараагүй. ...” гэх мэдүүлэг /хх 18, 19 х/
Гурав: Хувийн байдлын талаарх баримтууд.
3.1. Шинжээчийн 10659 тоот дүгнэлт /хх-ийн 27 х/
3.2. Б.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 х/
3.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 х/
Дөрөв:Хохирлын баримтууд.
4.1. Эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 90, 93-94/
4.2. Хохирлын мөнгө, автомашин хүлээлцсэн тухай баримт /хх-ийн 134-135 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ... тоот хашаанд Д.Э нь “танай хүүхдүүд гэр дээр гарч тооноор ус хийлээ” гэснээс болж түүний духны зүүн хэсэг газарт тоосгоор цохих, боож унагаан хэвлий хэсэгт нь хоёр удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний задрал, хэвлийн хөндийн цусан хураа /1800 мл/, зүүн нүдний алимны цус хуралт, духанд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Эын “...2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ 18 цагийн үед ... Н ахын хашаанд орсон чинь Н ах өөдөөс ирээд чи манай хоёр хүүхдээр дандаа түрүү барьдаг гээд шууд улаан өнгийн тоосго аваад миний духны зүүн хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би холдоод зогссон чинь ахин том чулуу аваад над руу шидээд миний зүүн гуяыг оносон. Тэгээд намайг заамдаж боож унагаад татаж босгож ирээд толгойгоор өөрийнхөө банзан хашааг хоёр удаа мөргүүлсэн. Тэгээд дахин боож унагаад миний хэвлий хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Тэгтэл Д хүрч ирээд салгасан. ... миний биед учирсан гэмтлүүдээс дэлүүний задрал гэмтлийг Н намайг газар уначихсан байхад хэвлийн зүүн талаар хоёр удаа өшиглөхдөө учруулсан. Мөн бусад гэмтлийг Н учруулсан. Өөр хүн намайг зодоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Ч.У-н “...Тухайн хэрэг болсон гэх 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би 18 цаг 50 минутын үед өөрийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ... тоотод байх гэртээ ирэхэд манай нөхөр гэрийнхээ гадаа зодуулсан байдалтай нүдний алим нь улаан болсон, зүүн талын хөл нь доголсон, гэдсээрээ атийсан байдалтай байхаар нь юу болсон юм гэхэд Н ах намайг хүүхдээ өмөөрөөд зодчихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Г.Гантуяагийн “...Би дээрх асуудлын талаар ... Эын эхнэр У нараас сонссон. Миний сонссоноор манай нөхрийг Н ах зодсон гэж У хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 22 х/,
Шинжээчийн 10681 тоот дүгнэлт
1.Д.Эын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний задрал, хэвлийн хөндийн цусан хураа /1800мл/, зүүн нүдний алимд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. /хх-ийн 25 х/,
Шинжээч эмч Г.Золжаргалын “...уг гэмтлийг авсан тохиолдолд олон цаг хоногоор явах боломжгүй, гэмтлийг авсан даруйд хэвлийгээр өвдөх, хэвлийн булчин чангарах, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хашаа давах хөдөлгөөн хийх боломжгүй гэв. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл. 1800 мл гэдэг нь хэвлийн хөндийд 1 литр 800 гр орчим цус алдсан байна гэсэн үг. ... Тоосгоор цохиулсан үед ийм гэмтэл үүснэ гэх онцлог шинж байхгүй. Хохирогчийн духанд 2/1 см хүрэн улаан өнгийн зулгарал тогтоогдсон ... Өшиглөх, дэвсэх үед ихэвчлэн дэлүүний задрал үүсдэг ... Дэлүү хэвлийн зүүн дээд хэсэгт, өрцний доор байрлана ...” гэх тайлбар /хх-ийн 30-33 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Өлзий-Орших: Шүүгдэгч “газар унагааж өшиглөөгүй, урьд өдөр нь хүнд зодуулсан” гэдэг, мөн гэрч Д.Сосорбарам, Б.Д нар “газар унагааж өшиглөсөн талаар” мэдүүлээгүй тул хохирогчийг түлхэж унагаахдаа дээр нь унаж хүнд гэмтэл учруулсан нь болгоомжгүй үйлдэл учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү? гэснийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.Үүнд:
Шүүгдэгч нь эрх зүйн байдлын хувьд өөрийн гэм буруу, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй субьект учраас түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, гэрчүүд болох Д.Сосорбарам, Б.Д нар шүүгдэгчийг өшиглөсөн эсэх талаар тодорхой мэдүүлдэггүй, гэрч С.Алимаахүү “.. намайг гараад ирэхэд зодоон эхэлсэн байсан, Н-н өшиглөж цохисон эсэхийг хараагүй...” /хх-ийн 18, 19 х/ гэх мэдүүлгийг өгсөн тул дээрх гэрч нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар тооцож үнэлээгүй.
Хохирогч нь хэрэг гарсан нөхцөл байдал, хэрхэн яаж зодсон талаар буюу газарт унасан байхад шүүгдэгч түүний хэвлийн зүүн хэсэгт газар 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлгийг тогтвортой мэдүүлдэг, хохирогчийн дээрх мэдүүлэг нь гэрч Ч.Уянгын мэдүүлэг, шинжээч эмчийн “ ... уг гэмтлийг авсан тохиолдолд олон цаг хоногоор явах боломжгүй, гэмтлийг авсан даруйд хэвлийгээр өвдөх, хэвлийн булчин чангарах, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хашаа давах хөдөлгөөн хийх боломжгүй гэв. “Дэлүү задарч цус алдсан” гэмтэл нь өшиглөлтийн улмаас үүсэх боломжтой, ... Өшиглөх, дэвсэх үед ихэвчлэн дэлүүний задрал үүсдэг, ... Дэлүү хэвлийн зүүн дээд хэсэгт, өрцний доор байрлана ...” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байгаа, уг гэмтлийг урьд өдөр нь авсан байж магадгүй гэх шүүгдэгчийн мэдүүлэг нь шинжээч эмчийн “... уг гэмлтийг авсан даруйд эмнэлзүйн шинж тэмдэгүүд илэрнэ” гэсэн тайлбараар няцаагдаж байгаа, хохирогчийг газарт унасан хойно 2 удаа өшиглөж байгаа нь шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч, дээрх хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчийн эрх зүй байдлыг хөнгөрүүлэх талын нотлох баримтууд болох гэрч Д.Сосорбарамын мөрдөн байцаалтанд “... овоолсон шороон дээр хальтарч нөхөр маань зүүн талаараа, нөгөө залуу дээшээ хараад унасан ...”,
гэрч Д.Сосорбарамын шүүхийн хэлэлцүүлэгт “...Э хөлдөө ороолцолдсон бололтой хойшоо унахад манай нөхөр дээрээс нь давхаралдаж унасан ...”,
гэрч Б.Дын “... Н нь Баярааг хойш түлхэлцэж явж байхад хөлөндөө орооцолдсон байх гэнэт газарт Баяраа дээш хараад унасан, Н дээр нь унасан. ...”
гэрч Ц.Алимаахүү-н “... Н Баяраагийн нүүр рүү 1 удаа гараараа цохиход Баяраа хойш нуруугаараа газар унасан. ...” гэх мэдүүлгүүдийг шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд гэж үзэх боломжгүй талаар дээр дурьдсан. Тухайлбал дээрх гэрч нар газар унагааж өшиглөсөн талаар мэдүүлдэггүй, гэрч Ц.Алимаахүү хараагүй гэдэг, шүүгдэгч нь газарт ямар байдлаар унасан талаар гэрч Д.Сосорбарам мөрдөн байцаалтанд “нөхөр маань зүүн талаараа унасан...”, шүүхийн хэлэлцүүлэгт “... нөхөр дээрээс нь давхаралдаж унасан ...” зэргээр зөрүүтэй мэдүүлдэг, гэрч Б.Д “хохирогчийн дээр нь унасан” гэх мэдүүлгийг өгдөг боловч хохирогчийн биеийн аль хэсэгт нь шүүгдэгч биеийн аль хэсгээрээ дарж унасан талаар тодорхой мэдүүлээгүй бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт, шинжээч эмчийн тайлбар, хохирогчийн мэдүүлгээр уг гэмтлийг өшиглөлтийн улмаас авсан болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзсэн
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Н-н зүгээс хохирогч Д.Эт хохирлын төлбөрт 3,000,000 төгрөг бэлнээр, мөн 3 сая төгрөгийн үнэтэй автомашинаа шилжүүлж өгсөн болох нь “мөнгө, автомашин хүлээлцсэн тухай” баримт /хх-ийн 134-135 х/, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохиролд 3 сая төгрөг, 3 сая төгрөгийн үнэтэй суудлын автомашин тус тус авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул Б.Н-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:
Б.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг өөрийн сайн дураар төлсөн, хохирогчийн зүгээс хүүхдүүдийг загнасан зүй бус ажиллагаа зохих хэмжээгээр энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар:
Б.Н гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн зэрэг нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог, мөн ар гэрийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээгээр буюу 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд 3 сая төгрөг, 3 сая төгрөгийн үнэтэй суудлын автомашин тус тус өгсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт Бийн Н-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.Н-д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Н-д танилцуулсугай.
5.Б.Н-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд 3 сая төгрөг, 3 сая төгрөгийн үнэтэй суудлын автомашин тус тус өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ