Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0965

 

 

 

 

     2023        12           12                                    128/ШШ2023/0965   

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А*******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.М*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.С*******     

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н*******   

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.  

2. Маргааны үйл баримтын талаар дурдвал:    

2.1 Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр захирамжаар “... Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар 30000 м.кв газрыг газар эзэмшигч нь эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй тул “А*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэжээ.  

2.2 Нэхэмжлэгч “А*******” ХХК-аас дээрх захирамжийг эс зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргажээ.

2.3 Улмаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/4******* дугаар албан бичгээр “... Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 01-08/3119 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн тул гомдолд дурдсан захирамжийг хүчингүй болгох хуулийн үндэслэл тогтоогдохгүй” талаар мэдэгдсэн байна.

2.4 Тус шүүх нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Хариуцагчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаартай захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01-08/3119 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч мэдээд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2, 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар гомдол гаргасан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгосон, Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 01-08/3119 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн тул гомдолд дурдсан захирамжийг хүчингүй болгох тухай хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03/4******* дугаартай хариуг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цахим шуудангаар хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Газар зохион байгуулалтын албаны бичигт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан бичигт дурдсанаар Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх бөгөөд маргаан бүхий захирамж гаргах гэж байгаа, гарсан талаар хуульд зааснаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, төлөөлүүлэгч байгууллага энэхүү газрыг лаг боловсруулах үйлдвэр байгуулах зорилгоор эзэмшиж, ашиглаж байгаа, хууль тогтоомж газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж байгаагүй тул захиргааны актыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаартай захирамжийн “А*******” ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.  

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “А******* ХХК 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/103 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Сонсголонгийн нэгж талбарт байрлалтай 18******* дугаар бүхий 30 мянган м.кв хэмжээтэй газрыг үйлдвэрлэл аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж эрхийн улсын бүртгэлийн Э22******* дугаартай гэрчилгээ олгосон. 2017 оны 05 сарын 16-нд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байсан. Хариуцагч 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01-08/3119 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч н.М******* гардаж аваад 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад Захиргааны ерөнхий 93 дугаар зүйлийн 93.2, 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар гомдол гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон хариу мэдэгдэх хуудсыг 2023 оны 07 дугаар сарын 27-ны 4******* дугаартай хариуг 08 сарын 21-ний өдөр цахим шуудангаар хүлээж авсан. Уг маргаан бүхий захирамжийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3, 106.3.11-т заасан үндэслэл байна. Хууль ёсоор газар эзэмшиж байсан нь тогтоогдож байна. Хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан Зорилгодоо нийцсэн бодитой нөхцөл тохирсон шийдвэр, үндэслэл бүхий байх, 4.2.6-г бусдын эрх, хууль, ёсны, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх бололцоог хангах тусгай зарчмыг баримтлаагүй байна. Тиймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар маргаан бүхий А/ дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.” гэв.

5. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “А******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 338 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авсан.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/******* дугаар захимжаар 30000 м.кв газрыг үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрх олгосон.”

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар 25-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/102 дугаар захирамжаар үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрх олгосон.

Нэхэмжлэгч “А*******” ХХК нь дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Захиргаан ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01-09/4449 дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл, олон нийтийн хэвлэл мэдээллийн өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 214 дугаарт сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтлүүлэн, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01-08/3119 дүгээр албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дүгээр захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.    

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “А******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. А******* ХХК нь хамгийн анх Сонгинохайрхан Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 14-ний газар эзэмшүүлэх баталгаажуулах тухай 338 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30 мянган м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, үүний дараа 2012 онд Нийслэлийн Засаг даргын ******* дугаар захирамжаар 30 мянган м.кв газрыг үйлдвэрлэл аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг 2019 оны 02 сарын 25-нд газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/102 дугаар захирамжаар үйлдвэрлэл аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эрхийг нь сунгаж шийдвэрлэсэн байдаг. А******* ХХК дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглагдаагүй гэдэг үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт буюу 2023 оны 621 дүгээр захирамжийг гаргасан байдаг. Уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиглан сонсох ажиллагааг хүргүүлсэн. 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 01-08/3119 дүгээр албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдээллийг тус тус хүргүүлэн ажилласан байдаг. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг 2011 оноос хойш одоог хүртэл зориулалтын дагуу буюу үйлдвэрлэл аж ахуйн зориулалтаар ашиглаагүй байх тул дээрх маргаан бүхий захиргааны акц гаргасан байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгчээс “... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар маргаан бүхий захирамж гарах гэж байгаа болон гарсан талаар хуульд зааснаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, төлөөлүүлэгч байгууллага энэхүү газрын лаг боловсруулах үйлдвэр байгуулах зорилгоор эзэмшиж, ашиглаж байгаа, хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж байгаагүй гэж”, хариуцагчаас “... “А*******” ХХК нь дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж” тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч “А*******” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 338 дугаар захирамжаар маргаан бүхий 30000 м.кв газрыг нэхэмжлэгч “А*******” ХХК-д эзэмшүүлсэн байна.

5.Дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/******* дугаар захирамжаар нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн маргаан бүхий 30000 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулжээ.

6.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/102 дугаар захирамжаар нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай 30000 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

7.Дээрх захирамжийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч “А*******” ХХК-д маргаан бүхий 30000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 000001882 дугаартай гэрчилгээг бичиж олгожээ.

8.Нэхэмжлэгч “А*******” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, газар зохион байгуулагч нартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №01116-2019/01965 дугаартай гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.

9.Нэхэмжлэгч нь дээрх байдлаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байхад нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

10.Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч “А*******” ХХК-ийг өөрийн эзэмшлийн газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

11.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.“Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, 40.1.“Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж тус тус заажээ.

12.Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... Мөн зүйл, хэсэгт заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ. 

13.Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр 173.000.000,00 төгрөгийн нуруу дарах, шороо зөөх, газар тэгшлэх, газар индүүдэх ажлыг, 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр 26.500.000,00 төгрөгийн 334 метрийн урттай бетонон суурьтай блокон хашаа, хаалганы хамт бариулах ажлыг тус тус хийлгэсэн болох нь хэрэгт нотлох авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

14.Барилга, хот байгуулалтын яам нь 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/1752 дугаар албан бичгээр “Засгийн газрын 2017 оны 311 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх, боловсруулах ажлын төслийг эхлүүлж нийслэлийн иргэдийн ая тухтай байдлыг хангуулахаар ажиллаж байна.

Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжид лаг боловсруулах технологи дамжлага дутуу байсны улмаас картын талбай болон ойр орчимдоо ихээхэн хэмжээний хур лагийг олон жилийн турш хадгалж иржээ

Дээрх талбайн ойр орчимд байх “А*******” ХХК-ийн газарт лаг боловсруулах төсөл хэрэгжих тул яаралтай газрын гэрээ, гэрчилгээг нь олгож өгнө үү.” гэх агуулга бүхий саналыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргад хүргүүлжээ.

15.Дээрхээс үзвэл, Засгийн газрын 2017 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, маргаан бүхий нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн эзэмшлийн 30000 м.кв талбай бүхий газарт лагийг төвлөрүүлсэн байна.

16.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд маргаан бүхий газрыг бүхэлд нь блокон хашаагаар хашаалсан, хашаан дотор цэвэрлэх байгууламжийн лаг төвлөрүүлсэн байсан болно.

17.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь дуусгавар болгож шийдвэрлэсэн нь  хууль бус бөгөөд үндэслэлгүй байна.

18.Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаар хөрөнгө оруулалтыг хийж, бүтээн байгуулалтыг хийсэн байна. Гэтэл төрийн захиргааны байгууллагаас Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэхдээ маргаан газарт лагийг асгаж нэхэмжлэгчийг өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

19.Дээрхээс үзвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/ дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ