Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/916

 

 2022             9              20                                       2022/ДШМ/916                           

 

Ч.Тхолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор С.Энхтуул,

          хохирогч С.Ө,

          шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч С.Галцацрах, У.Түвшин, О.Цэрэнпунцаг,

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2105022430717 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Т, 

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 16 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон.

Шүүгдэгч Ч.Тнь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн-Ард аюушийн 25/10-311 тоотод иргэн С.Өтой “өөдөөс салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар зэвсэг буюу хайчаар түүний толгой болон нуруу, далан тус газар нь 3-4 удаа хатгаж эрүүл мэндэд нь дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Тг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тоногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Тдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ...Шүүх эмнэлгийн шинжээч эмч нь хохирогчийн тархины томографикийн зураг байсаар байхад үзэхгүйгээр, хохирогчийн эмчлэгч эмчийн гараар бичсэн өвчний түүхийг уншиж гэмтлийн зэрэг тогтоосон. Хүнд гэмтэл гэдэг гэмтлийн зэргийг шинжээч эмч биш гэмтлийн эмч тогтоогоод байна. Миний хувьд хохирогчийн цус харваад, хэвтэрт байдаг ээжийг нь хохирогчийн эхнэр болох Анхтуяа цохьж босгож ирээд “Оюунбилэгээ хурдан алх, алх” гээд байхаар нь өмөөрч, “болохгүй шдээ тэнэг юм уу чи” гэж хэлсний төлөө хохирогч Өнөболд “Чамд миний амьдрал ямар хамаатай юм бэ?” гээд ам руу салаавч хийгээд байхаар нь “Чи согтсон байна, одоо унт” гээд орон дээр нь хэвтүүлчихээд гэрч Тулга, Тамир нарын хамт (түшүүлээд) тамхи татахаар гарахад хохирогч араас гарч ирээд дахин агсам тавьж, ам руу салаавч хийж баруун гараараа нэг удаа шанаа руу цохьж, хоёр суган доогуур хоёр гараараа тэвэрч өргөж шидэх үйлдэл хийхэд би хохирогчийг хайчаар хатгасан. Надад тэр үед үнэхээр өөр арга байгаагүй. Гэрч Тулга, Тамир нар хохирогчийг над руу агсам тавьж, цохьж байхад хэн нь ч болиулаагүй. Тэр үед миний зүүн хөл хугархай өөрийгөө хамгаалж чадахааргүй байсан. Миний ярьсан зүйлийг хохирогч болон гэрч нар бүгд батална. Учир нь хохирогч Өнөболд анх гэмтлийн эмнэлэгт мэдүүлэг өгөхдөө “Бүх зүйлийг сайн санахгүй байна, гомдолтой” гэдэг байсан. Харин эмнэлгээс гарч ирээд “Гомдолгүй” гэсэн. Учир байдлыг асуухад хохирогч “Эмнэлгээс гарч ирээд гэрч Тулга, Тамир, эхнэр Анхтуяа гурваас бүх зүйлийг сонссон. Үнэхээр бүх зүйл найзынх нь буруу байсан юм байна лээ, найзыгаа үнэхээр уучлаарай” гэж надад хэлж байсан. Тэр үед “Би бас буруу зүйл хийсэн” гэж Өнөболдоос уучлалт гуйсан. Тийм болохоор гэрчээр огт асуугаагүй хохирогчийн эхнэр Анхтуяа, миний эхнэр болох Бүжинлхам нарыг бусад гэрч нартай хамт шүүх хуралдаанд оролцуулмаар байна. Тэгж байж хэрэг үйлдэхэд нөлөөлсөн учир шалтгааныг үнэн зөвөөр тогтооно гэж бодож байна.  Дээрх бичсэн зүйлүүдийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралдаан дээр яагаад огт яриагүй вэ гэвэл миний өмгөөлөгч болох Галцацрах нь “Огт ярьж болохгүй, ярих шаардлагагүй, би мэдэж байгаа яривал би өөрөө ярина” гэдэг байсан. Гэвч өмгөөлөгч маань намайг огт өмгөөлөөгүй, эдгээр зүйлийг огт яриагүй. Харин ч эсрэгээр нь миний эрх зүйн байдлыг дордуулж, шүүхийн өмнө ярих хэлэх зүйлийг маань хязгаарлаж, буруу ойлголт төрүүлж ял шийтгэл оногдуулсан. Тийм болохоор би одоо бүх зүйлийг өмгөөлөгчөөсөө асуухгүйгээр өөрөө бүгдийг бичиж байгаа болно. Миний бие урьд өмнө нь гэнэн томоогүй явж алдаж, эндэж багагүй хугацааг хорих газарт өнгөрүүлсэн. Харин 2021 оны 7 дугаар  сарын 09-ний өдөр суллагдаж гарч ирснээс хойш ажил хөдөлмөр эрхэлж, эхнэр хүүхэдтэй болж гэр бүлийнхээ төлөө зорилготой амьдрах болсон. Эхнэр бид хоёр 2 настай охинтойгоос гадна, эхнэр маань 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрөх гэж байгаа. Намайг байхгүйд эхнэр маань хоёр хүүхэдтэй маш хэцүү байх нь ойлгомжтой. Миний хувьд анхны маань хүүхэд, анхны маань зохиож байгаа амьдрал тул маш их харамсалтай байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн надад холбогдох хэргийн учир шалтгаан, хэрэг үйлдэхэд нөлөөлсөн бүх зүйлийг ойлгож, гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж, хохирогчийн хохирол гомдлыг барагдуулсан. Эхнэр хүүхэд ар гэрийн маань нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дугаар хэсэгт заасан хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль хэрэглээний хувьд гүйцэд хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж үзэх үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн буруутай үйлдэл буюу хохирогч нийтээр дагаж мөрдөх зан заншлын хэм хэмжээг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ. Энэ талаарх мэдүүлэг 1 хавтас хэргийн 34-36 дугаар хуудсанд авагдсан. Энэ хэрэг санаатай гэмт хэрэг мөн үү. Миний хувьд биеэ хянах чадваргүй байсан гэх үнэлэлт дүгнэлтэд хүрч байна. Хэргийг шалгахдаа дан ганц яллах талын нотлох баримтуудыг цуглуулаад хэрэгт хавсаргасан. Шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Ч.Тгийн мэдүүлгийг үндэслэж ямар нэгэн нотлох ажиллагаа явуулаагүй. Тухайн гэмт хэрэг гарах үед шүүгдэгч биеэ хянах чадвартай байсан уу гэдэгт дүгнэлт өгөөгүй. Хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдэлд маргахгүй. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан үедээ хийсэн үйлдэл гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй учраас шүүгдэгч Ч.Тгийн үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх аль хэдийн хохирогчид хүнд гэмтэл учруулсан үйлдэл гэж дүгнэсэн байсан. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлттэй танилцаад үндэслэлтэй юу, үгүй юу гэдэг дээр огт дүгнэлт хийгээгүй. Энэ хэргийн хувьд гэмтлийн зэрэг ямар байхаас хамаараад зүйлчлэл өөрчлөгдөх магадлалтай. Шүүгдэгч Ч.Танхнаасаа “...хохирогчид ийм хүнд гэмтэл учруулаагүй, дахиад шинжээч томилж өгнө үү” гээд удаа дараа хүсэлт гаргасан. Мөн хохирогч мэдүүлэхдээ “надад гэмтэл учраагүй, би эмнэлгээс гарсан” гэж мэдүүлдэг. Хохирогчийн амь насанд аюултай гэх нөхцөл байдал үүсээгүй байдаг. Мөн шүүх хуралдаанд шинжээч оролцоод мэдүүлэхдээ “амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсээгүй, Өнөболд азтай байсан” гэж хэлдэг. Хавтас хэрэгт шинжээчээс асуулт асуусан баримт авагдсан. Шинжээч хариулахдаа “ер нь гэмтэл хөнгөн байсан. Гэхдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар хүнд гэмтэлд хамаарч байгаа” гэсэн. Иймд амь насанд аюултай гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Уг хэргийн хувьд материаллаг хохирол шаарддаг учраас хүнд гэмтэл үү, хөнгөн гэмтэл үү гэдгээс хамаараад зүйл анги өөрчлөгдөх ёстой гэх агуулга харагдаж байдаг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол дахин шинжээч томилох ёстой байтал хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ер нь шүүх гэмт хэрэг ямар шалтгааны улмаас үйлдэгдсэн бэ, ямар хохирол учирсан бэ гэдгийг үнэн зөвөөр тогтоож, тухайн этгээдэд үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой. Гэтэл хохирлын хэмжээнээс давуулж ял шийтгэл оногдуулж байгаа нь хэлмэгдүүлж байгаагаас ялгаагүй зүйл болж байна.” гэв.

Хохирогч С.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.Тгийн хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал шинжилгээ хийлгэх тохиолдлыг хуульчилж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч анхнаасаа “манай найз учраас гомдол, саналгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх байдлаар хандсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ” гэснийг дагуу шинжээч томилж шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.2.3-т “Шинжилгээний объект” гэж хүн, цогцос (цаашид “шинжлүүлэгч” гэх) болон хэргийн материал, эмнэлгийн бичиг баримтыг” гэж журамлаж өгсөн байдаг. Хүнийг нь үзэхгүй, зөвхөн эмнэлгийн онош, томографийн зургийг үндэслээд шинжээч эмч дүгнэлт гарчихлаа гэдэг. Яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг тэнцүү хэмжээнд цуглуулах үүднээс шүүгдэгчийн яриад байсан нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гаргасан дүгнэлттэй нь холбогдуулаад шинжээч эмчээс мэдүүлэг авсан. Шинжээч эмч тухайн үед мэдүүлэхдээ “эдгэрэлтийн хугацаа гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, 5-6 хоног болоод эдгэрсэн гэдэг нь гэмтлийн хүнд зэрэг учирсан гэдгийг өөрчлөх үндэслэл болохгүй” гэдэг байдлаар хариулж мэдүүлэг өгсөн. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, бүрэн биш тодорхойгүй гэсэн үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдвол тухай бүр нь мөрдөгч, прокуророос нэмэлт болон дахин дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох байсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс энэ асуудлыг ярьдаг. Шүүх хуралдаанд шинжээчийг биечлэн оролцуулаад хэргийг шийдвэрлэсэн. Шинжээч “учрах үедээ амь насанд аюултай байсан учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж гаргасан дүгнэлттэйгээ холбоотой мэдүүлгээ өгсөн байдаг. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэдэг юм уу, аргагүй хамгаалалт хэрэглэж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан. Хэргийн зүйлчлэл тохирсон. Ямар нэгэн байдлаар хөнгөрүүлэн зүйлчлэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өмгөөлөгч нараас нотлох баримтыг өөрт таатай байдлаар тайлбарлаж, өөрт таатай хэсгийг уншиж шүүх хуралдаанд оролцож байгаа нь нотлох баримтыг бодитой үнэлэхгүй, ёс зүйгүй байдал гаргаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Ч.Тгийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ч.Тнь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн-Ард аюушийн 25/10-311 тоотод иргэн С.Өтой “Өөдөөс салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар зэвсэг буюу хайчаар түүний толгой болон нуруу, далан тус газар нь 4 удаа хатгаж эрүүл мэндэд нь дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Өын “...Бид нар архи ууцгаасан. ...Манай эхнэр Анхтуяа манай бие муутай ээжийг орон дээр хэвтүүлэх гэж байхдаа ширүүхэн татаж хэвтүүлсэн. Тэгсэн чинь Ч.Т“Ээжийгээ ямар эвгүй хэвтүүлдэг юм” гэхээр нь би “Чамд ямар хамаатай юм” гээд Ч.Труу салаавч гаргасан. Тэгээд муудалцаж байгаад больсон ба гарч тамхи татахаар Тамираа, Тулгаа, Ч.Тбид 4 гарсан. Гадаа гараад Тулгаа, Тамираа 2 бие засах гээд явсан, Ч.Тбид хоёр амбаарын үүд хэсэгт байсан. Тэгээд бид хоёр дахин маргалдаж би Ч.Труу салаавч гаргасан. Тэгсэн чинь Ч.Тминий санаж байгаагаар үзүүртэй төмөр зүйлээр толгойны ар хэсэгт 3 удаа, зүүн дал хэсэгт 1 удаа хатгасан...” хх 12-14/,

гэрч О.А “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед гэртээ унтах гээд байж байхад Номин миний гар утас руу залгаад “Болдоо ахын найз нь хайч шиг үзүүртээ зүйлээр толгойн тус газарт нь зоочихлоо толгойноос нь их цус гараад байна” гэхээр нь би гэрт нь очиход их хэмжээний цус хувин дотор асгарсан, үүдний хэсэгт амбаарын цементэн шалан дээр цус дуссан юм шиг байсан ба би найздаа гомдол гаргахгүй гээд байсан.” /хх 16-18/,

гэрч С.Ты “...бие засаж байхад гэнэт л нэгнээ аллаа гээд орилж, чанга чанга дуу гараад байсан. Тэгээд доошоо гүйгээд үүдний амбаарт ортол Өнөболд ухаангүй байсан ба зүүн бөөрний хойд хавьцаанаас цус алдаж байсан. Тамир тэр үед Өнөболдын доогуур нь гараа хийчихсэн байсан ба намайг хамт өргөөрэй гэхээр нь би хамт өргөөд гэр рүү нь оруулаад газар шалан дээр өөрөө унаад өгөхөөр нь нурууг нь хартал 2-3 нарийхан чигчий хурууны дайтай нүх гарчихсан байсан. Бид хоёр Өнөболдод хамаг анхаарлаа хандуулчихсан байхад Ч.Тнайз охинтойгоо хамт яваад өгсөн байсан.” /хх 25-27/,

гэрч Д.Тн “...Эргээд хартал Ч.ТӨнөболдын толгойг доошоо дарчихсан нуруу болон шилэн хүзүү рүү нь гараараа цохиж байна л гэж бодсон. Тэгээд би гүйж очоод Төгсбаясгаланг цааш нь түлхэж холдуулаад Өнөболдын хоёр суган доогуур нь гараараа дээшээ өргөтөл Өнөболд доошоо гулжганаад уначихсан. Тэгээд нойтон зүйл мэдрэгдэхээр нь гараа хартал цус болчихсон байсан. Тэр үед Тулгаа орж ирээд бид 2 Өнөболдыг дамжлаад гэр рүү нь оруулаад шалан дээр тавьтал толгойных нь ар талд цус болчихсон байсан. Мөн нурууных нь ар хэсгээс их хэмжээний цус гарч байсан. ...Тэр үед Өнөболд би найздаа гомдол гаргахгүй гээд орилоод байсан. Маргалдсан зүйл анзаарагдаагүй, гэнэт л Ч.ТӨнөболдыг цохиод байж байсан.” /хх 29-31/,

насанд хүрээгүй гэрч С.Нн “...Өнөболд ах, Ч.Тах нар хоорондоо “чи яагаад салаавч өгөөд байгаа юм” гэх зэргээр маргалдахыг нь сонссон. Тэр үед би амбаар дотор байсан байшингийн хаалга онгорхой байсан болохоор Төгсбаясгаланг хаалгаа хаа гэхээр нь би хаалгаа хаасан. Тэрний дараа 1 орчим минутын дараа байшингийн хаалга онгойлгоход Өнөболд ахын толгой хэсэг тэр чигээрээ цус болсон байсан ба Тамираа ах Өнөболд ахын цээж хэсгээс нь, Тулгаа ах хөл хэсгээс нь дамжлаад байшин руу оруулсан. Өнөболд ахыг өргөөд байшин руу оруулах үед Ч.Т“хурдан түргэн дууд би Өнөболдыг хайчаар ийм болгочихлоо гэж хэлж байхыг сонссон.”/хх 39-41/,

шинжээч эмч Б.Дйн “...Дагз ясны сэлтэрсэн хугарал тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба мохоо зүйлийн цохих, цохигдох зүйлийн нөлөөгөөр үүснэ. Хохирогчийн биед үүссэн гэмтлийн эдгэрэлтийн хугацаа гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.” /хх 129-131/,

яллагдагчаар Ч.Тгийн “...өөрийн найз С.Өын биед хайчаар хатгаж гэмтэл учруулсан нь үнэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” /хх 73-75/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2266 дугаартай “...С.Өын биед дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дагз ясны сэлтэрсэн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 49-50/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний хариу /хх 52-60/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Тг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Ч.Тгийн “...Шүүх эмнэлгийн шинжээч эмч нь хохирогчийн тархины томографикийн зураг байсаар байхад үзэхгүйгээр, хохирогчийн эмчлэгч эмчийн гараар бичсэн өвчний түүхийг уншиж гэмтлийн зэрэг тогтоосон. Өмнө нь гэрчээр асуугаагүй хохирогчийн эхнэр Анхтуяа, миний эхнэр болох Бүжинлхам нарыг бусад гэрч нартай хамт шүүх хуралдаанд оролцуулмаар байна. Иймд хэргийн учир шалтгаан, хэрэг үйлдэхэд нөлөөлсөн бүх зүйлийг ойлгож, гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж, хохирогчийн хохирол гомдлыг барагдуулсан. Эхнэр хүүхэд ар гэрийн маань нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.”,

мөн өмгөөлөгч С.Гн “...шүүгдэгч Ч.Тгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №2266 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэх ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Мөн шинжээч эмч Б.Дн мөрдөн шалгах ажиллагаанд “...Дагз ясны сэлтэрсэн хугарал тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба мохоо зүйлийн цохих, цохигдох, зүйлийн нөлөөгөөр үүснэ. Хохирогчийн биед үүссэн гэмтлийн эдгэрэлтийн хугацаа гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй... ” гэсэн мэдүүлэг өгчээ.

мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цс “...сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан үедээ хийсэн үйлдэл...” гэж Ч.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлүүлэх агуулга бүхий тайлбарын тухайд шүүгдэгчийн үйлдлийн шинж байдал нь эрүүгийн эрх зүйн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах тухай ойлголтын шалгуур шинжийг хангахгүй байна.

Учир нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас хоромхон зуур гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд түр хугацаанд оруулсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт хэлбэрээр илэрч буюу тухайн агшинд үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал гэж ойлгоно. Шүүгдэгч гэмт хэрэг гарах үед ийм байдалд орсон байж болзошгүй нөхцөл байдал илэрч тусгай мэдлэг бүхий шинжээч энэ асуудлаар дүгнэлт гаргасан тохиолдолд шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх боломжтой юм.

Хэдийгээр энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлд хохирогч С.Өын зүй бус үйлдэл хамаарах боловч “салаавч гаргах” зэргээр харьцсан нь шүүгдэгчийг хүчтэй цочроосон, сэтгэцийн тэнцвэрт байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, гэрч, хохирогч нарын “...хохирогч, шүүгдэгч нар хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйл болоогүй” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байх тул өмгөөлөгчдийн хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах нотлох баримтын болоод хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хэрэг болсон тухайн цаг хугацаанд хохирогч С.Өын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарахад нөлөөлсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж тус тус  хуульчилсан хэдий ч энэ нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Хэдийгээр шүүгдэгч Ч.Тнь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа хэдий ч шүүхээс Ч.Тоногдуулсан 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

Дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Ч.Тнь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 81 /наян нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тгийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 81 /наян нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ