Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/918

 

   2022             9              20                                        2022/ДШМ/918                           

 

Х.Ахолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

хохирогч Б.Б,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1074 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Ахолбогдох эрүүгийн 22000300 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.А, 

Шүүгдэгч Х.А нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Шинэ Монгол” сургуулийн хойд талын замд “Hyundai Sonata” маркийн 2-8 УБОулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Их тугчин овогт Хорлоогийн Х.Аыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Аоос 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт олгож, 1.563.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэнд нийгмийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлж,  хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.Аурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүйд гомдолтой байна. Мөн шүүгдэгч Х.А нь хохирогч болох миний 2022 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төвд хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 140.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын З0-ны өдрийг хүртэл эм тарианы зардал болох 220.000 төгрөгийн зардлыг одоог хүртэл барагдуулахгүй байна. Хохирогч миний бие одоог хүртэл бүрэн эдгэрээгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна. Шүүгдэгчтэй огт холбогдож чадахгүй байгаа. Утсаа авдаггүй, салгадаг, эхнэрээр нь дамжуулж холбогддог. Шүүгдэгч хариуцлагаа хүлээхгүй байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдааны үед би хүний асаргаанд байсан бөгөөд санал, гомдлоо бүрэн илэрхийлж чадаагүй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1074 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухайгаа илэрхийлсэн, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хохирогчийн эрхийг зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.А нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Шинэ Монгол” сургуулийн хойд талын замд “Hyundai Sonata” маркийн 2-8 УБОулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бийн: “...2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн өглөө зээ хүүгээ аялалаар явахад нь автобусанд суулгаж өгөх гээд нөхөртэйгээ бид 3 гэрээсээ гараад Натурын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй манай нөхөр, зээ 2 түрүүлээд би араас нь явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэтэл 1 дүгээр эгнээнд нэг машин зогсчихсон байхаар нь зам хөндлөн гарч байтал зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан машин ирээд миний зүүн талын хэсэг рүү мөргөөд би газар унасан. Би түүнээс хойш юм санахгүй байгаа, нэг мэдэхэд 103-н машин ирчихсэн байсан...” /хх 13/,

гэрч Т.Ан: “...би түрүүлээд явган хүний гарцаар зээ хүүтэйгээ хамт, манай эхнэр Б.Б араас зам хөндлөн гарч байтал ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгсэл манай эхнэрийг явган хүний гарц дээр мөргөчихсөн. тэгээд манай эхнэр газар унаад жолооч нь машинаас бууж гарч ирээд түргэн болон цагдаад дуудлага өгсөн...” /хх 56/,

гэрч Ө.: “...Би осол болсон өдрөөс хойш 3 хоногийн дараа Х.Аоос өөрөөс нь сонссон. Надад хэлэхдээ явган хүний гарц дээр хүн шүргэчихсэн гэж хэлсэн...” /хх 59/,

гэрч Д.С: “...Тухайн осол болсон өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Х.А машин барьж явж байгаад хүн мөргөчихлөө гэж хэлэхээр нь мэдсэн...” /хх 62/,

иргэний нэхэмжлэгч Ч.Э: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.563.000 төгрөгийг гаргасныг яллагдагч Х.Аоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” /хх 47/,

иргэний хариуцагч Л.Б: “...Тухайн тээврийн хэрэгслийг манай нөхөр жолооддог юм. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” /хх 35/,

яллагдагчаар Х.Аын: “...Натурын замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал явган хүний гарц ойртон ирж байхаар нь хурдаа сааруулаад явж байтал хүүхэдтэй эрэгтэй хүн гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй гарсан. Тэгээд би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд цааш явж байтал гэнэт хүн гарцаар хурдан алхаад гараад ирэхээр нь тоормосоо гишгэтэл машин бүрэн зогсож чадаагүй, тухайн хүнийг машиныхаа урд талын хэсгээр мөргөчихсөн. Тэгээд би буугаад цагдаа, түргэнд дуудлага өгсөн.” /хх 97/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 7477 дугаартай: “...Б.Бийн биед зүүн зулайн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн талын умдаг ясны далд хугарал, зүүн чихний ар, шанаа, эрүү, зүүн бугалга, ташаа гуяыг хамарсан, шилбэ, баруун бугалга, тохойн дотор тал, сарвууны ар, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн чамархайн хуйх, эрүүний зүүн доод булан, баруун сарвуу, зүүн шуу, сарвуунд зулгаралт, зүүн чих түнх орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлтэд /хх 69-71/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1138551611 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 78-83/,

Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 609 дугаартай “...Жолооч Х.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хх 86/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх /хх 21-32/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Аыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.    

Хохирогч Б.Б “...анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүйд гомдолтой байна. Шүүгдэгч Х.А нь миний 2022 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төвд хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 140.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын З0-ны өдрийг хүртэл эм тарианы зардал болох 220.000 төгрөгийн зардлыг одоог хүртэл барагдуулахгүй байна. Хохирогч миний бие одоог хүртэл бүрэн эдгэрээгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Х.Аоос 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт олгож, 1.563.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэнд нийгмийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлж, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хохирогч нь өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах;” эрхтэйг хуульчилсан ба хохирогч Б.Б нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож, өмгөөлөгчгүй оролцох талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул шүүхээс хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.   

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1074 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой” гэсэн нөхцөлийг шүүхийн шийдвэр нь хангасан байх ёстой ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Х.Аоос 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт олгож, 1.563.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэнд нийгмийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлж...” хэмээн заасан атал тус шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “...Х.А нь бусдад төлөх төлбөргүй...” хэмээн зөрүүтэй бичсэн байх тул цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1074 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР                  

 

                        ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ