Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0776

 

2023 10 24 128/ШШ2023/0776

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: Жэй траст кредит ББСБ ГХОХХК

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэнд-Очир

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт зах зээлийн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Эгшиглэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Гэрэлцэцэг, У.Халиунаа

 

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Жэй траст кредит ББСБ ГХОХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт зах зээлийн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002216 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Банк бус санхүүгийн байгууллагуудад хяналт, шалгалт хийх тухай 01/21 дүгээр хяналт шалгалтын удирдамжаар ажлын хэсэг байгуулагдсан байна.

2.2.Дээрх удирдамжийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Эгшиглэн нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Жэй траст кредит ББСБ ГХОХХК -д холбогдуулан 2202000326 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

2.3.Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Эгшиглэн нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0002216 дугаартай шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч Жэй траст кредит ББСБ ГХОХХК-д холбогдуулан гаргажээ.

2.4.Тус шүүх гомдол гаргагч Жэй траст кредит ББСБ ГХОХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Эгшиглэнгийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0002216 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Эгшиглэнд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар "банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина гээд тус зүйлийн 6.7-д "Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдээс тогтоосон бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд энэ тухайгаа нийтэд мэдээлэх эрхтэй байна" гэж тус тус зааснаар зээлийн шимтгэлтэй холбоотой харилцаанд банк бус санхүүгийн салбарын зохицуулагч этгээд буюу Санхүүгийн Зохицуулах Хороо /цаашид "СЗХ" гэх/ хяналт тавихаар тусгайлан зохицуулсан.

Хэрэв банк бус санхүүгийн байгууллага /цаашид "ББСБ" гэх/ нь өөрийн бүтээгдэхүүний шимтгэлтэй холбоотой зөрчил гаргасан гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 11.5, 11.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээх үндэслэл болох бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18 дахь хэсэгт зааснаар уг зөрчлийг СЗХ-ны Хянан шалгагч шалгаж тогтоох онцгой харьяалалтай болно. Жэй Траст Кредит ББСБ ХХК нь дээрх хуульд заасны дагуу СЗХ-ны хяналт шалгалтад хамрагдаж байсан бөгөөд тухайн хяналт шалгалтын үр дүнд тус ББСБ-ын тогтоосон "бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлгүй хэмээн бууруулахыг санал болгох" ямар нэгэн шийдвэр гарч байгаагүй. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтаар үндэслэлтэй гэж эрх бүхий байгууллагаас үзсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Төрийн хяналт шалгалт хийхэд дараах зарчмыг баримтална гэж заагаад, тус зүйлийн 4.1.2-т "хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах", 4.1.6-д "хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх", 4.1.7-д "хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх" гэж тус тус заасан.

Аливаа хууль тогтоомжоор тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан бол түүнийг баримтлах эрх зүйн зарчимтай. Тиймд "ББСБ-ын бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоосон эсэхийг хянан шалгах эрхийг салбарын хуулиар СЗХ-нд олгосон бөгөөд хэрэв үндэслэлгүй тогтоосон бол хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд энэ тухайгаа нийтэд мэдээлэх зэрэг арга хэмжээгээр тус асуудлыг шийдвэрлэхээр тусгайлан журамлажээ.

Гэтэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны улсын байцаагч нь өөрийн харьяаллын бус, өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хяналт шалгалт явуулж, үүн дээрээ үндэслэн шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан нь хууль бус юм. гэжээ.

4.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өрсөлдөөний хууль тогтоомжийн хэрэгжилтэд хандалт тавих эрх байгаа. Тэр хүрээндээ удирдамжаа гаргаад хяналт шалгалтаа хийгээд явсан гэж ойлгож байгаа. Тэр дунд санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн шимтгэл нь үндэслэлтэй, үндэслэлгүй гэдэг дээр хэмжээ байгаагүй гэдэг үндэслэлийг гаргаж байна Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан зарчим байдаг. Захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтална гээд гол зарчмуудын нэг байгаа. Үүнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын салбарын гэх юм уу гол хууль байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль байдаг. Банк бус байгууллагуудын зээлийн үйл ажиллагааг зохицуулж байгаа гол баримт бичиг эрх зүйн эх сурвалж нь энэ хууль.

Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 6.7-д зааснаар шимтгэлийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоосон эсэхийг зохицуулагч байгууллага буюу санхүүгийн зохицуулах хороо шалгана. Үүн дээр санхүүгийн зохицуулах хороо тусгайлан хяналт тавина гээд зохицуулаад өгчихсөн. Тэгээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас буюу хариуцагчаас Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн эсэхийг шалгаж байна, Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж байна гэж тайлбарладаг. Уг нь салбарын хуулиараа салбарын зохицуулагч байгууллагад нь зээлийн шимтгэлтэй холбоотой асуудлыг нь шалгах чиг үүргийг нь хариуцуулчихсан байгаад байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулна. Гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ, хяналт шалгалтыг давхардуулахгүй гээд хяналт шалгалтын үндсэн зарчмууд байгаа юм. Энэ хуулийн зарчмууд яаж хэрэгжих вэ? Хэрэгжилт нь яаж гарч ирэх вэ гэдэг том асуудал гарч ирж байгаа.

Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.4.7-д заасан зөрчлийг үйлдээгүй гэж бид нар үзэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.4.7-д Өрсөлдөөний тухай хууль зөрчих гээд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байна. Танайх юуг хэлж байна гэхээр зээлийн шийтгэлийг үндэслэлгүй тогтоосон байна гэдэг үндэслэлээр манайхыг торгосон. Бид нарыг буруутгасан зөрчил дээр хохирогч байхгүй, хохирогчгүй зөрчил. Гомдол гаргагч манай банк бус, санхүүгийн байгууллагын хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны хэрэглэсэн зөрчил үйлдсэн байна гэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-д зөрчлийн улмаас эрх, хууль, ёсны, ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн хуулийн этгээдийг хохирогч гэж заасан байна. Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.4.7-д заасан хууль бус судалгааны аргыг хэрэглэсний улмаас хохирсон хэрэглэгч гэдэг нь шууд утгаараа гомдол гаргагч банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгч, харилцагч, үйлчлүүлэгч гэдэг дээр маргаан байхгүй, ойлгомжтой асуудал гэж бодож байгаа.

Гомдол гаргагч Жей Траст кредит банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээ байгуулсан зээлдэгч нь хэрэглэгч болох ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл гомдол гаргагч байгууллагын нэг ч зээлдэгч хохирсон талаар гомдол мэдээлэл байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ч тэр, бид нарын хэлэлцэж байгаа хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд ч тэр Жей Траст кредит банк бус санхүүгийн байгууллага ийм огноотой, ийм дугаартай, ийм зээлийн гэрээний энэ гэдэг одоо зээлдэгч ийм хэмжээний төгрөгөөр хохирчихлоо гэдэг нэг ч баримт байхгүй, тийм үйл баримт тогтоогдоогүй. Хохирогч байхгүй хэн хохирчихсон гээд байгаа нь ойлгомжгүй. Хохирогч байхгүй хэрэг дээр банк бус санхүүгийн байгууллагыг буруутгасан илтэд хууль бус шийдвэр болсон гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор хууль хэрэглээний ямар алдаа гарсан гэхээр манайхыг торгосон 10.7-ийн 4 дэх хэсгийн 4 7 7-д заасан шийтгэлийн хуудас нь 20 сая төгрөгөөр торгох гэж байгаа. Гэтэл хуулийн 4.7-д заасан оногдуулах шийтгэлийн санкцаа харах юм бол торгоод нэмээд давхар хэрэглэгдэх санкц нь хууль бусаар олсон хөрөнгө орлогыг нь хураагаад нэмэлтээр нөгөө хэрэглэгчид учруулсан хохирол нөхөн төлбөрийг нь гаргуулна гэж байгаа юм.

Хэрвээ ингээд хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзсэн юм бол хэн нэгэн хэрэглэгч хууль бусаар хохирсон байх бөгөөд түүнд учруулсан хохирол нөхөн төлбөрийг тухайн хэрэглэгчид нь төлүүлэх ажиллагаа хийгдэх шаардлагатай. Ийм учраас хууль тогтоогчоос дээрх зөрчил оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээг энэ байдлаар хуульчилсан. Гэтэл хариуцагчаас давхар хэрэглэгдэх албадлагын арга хэмжээг хэрэглээгүй зөвхөн 20 саяар торгосон шийтгэл оногдуулсан. Энэ нь өөрөө юуг хэлж байна гэхээр хариуцагч зөрчлөө нотолж чадаагүй, хохирогчоо тогтоож чадаагүй байна. Тийм учраас нөхөн төлбөр гаргуулах, хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа хийх боломжгүй болчихсон.

Хорооны шалгах ёстой шимтгэл тогтоосон асуудал чинь үндэслэлтэй юм уу? Үгүй юм уу гэдгийг шалгах эрх байгаа юм уу? Үүнтэй чинь холбоотой бид нар захиргааны маргаан үүсгэчихсэн байгаа. Захиргааны маргаанаа шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт шалгалт хийх тухай удирдамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгох, зээлийн шимтгэлийн асуудлаар хяналт шалгалт явуулах эрх хэмжээ байхгүй болохыг тогтоолгох гээд ийм шаардлага бүхий захиргааны хэрэг үүсчихсэн явж байгаа. Шимтгэлийн асуудал дээрээ хяналт шалгалт хэрэгтэй эсэхийг нь шүүхээр шийдсэний дараа асуудлаа шалгуул гэдэг байр сууриас оролцож байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар удаа дараа шаардаад та нар баримт өгсөнгүй хяналт шалгалтаас зугтлаа зайлсхийлээ гэдэг зүйл байхгүй. Мэдээлэл өгсөн, албан тоот, ирсэн албан тоотод хариу өгсөн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт намайг нэг удаа дуудсан би очиж тайлбар өгсөн. Тэгэхдээ манайх зээлийн шимтгэлийн үндэслэлээ тогтоодоггүй ч гэдэг юм уу баримт материал байхгүй, гаргаж өгөхгүй гэдэг талаар нэг ч үг үсэг хэлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос авсан тайлбар мэдүүлэг гээд хэрэгт авагдчихсан авагдчихсан байгаа. Миний зүгээс танайд ийм эрх хэмжээ байхгүй, наад асуудлыг чинь шүүхээр шийдүүлнэ. Түүний дараа шалга гэдэг байр суурьтай оролцож ирсэн.

Энэ нь өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ. Нотлох баримтад үзлэг хийнэ, эд зүйл баримт бичгийг хурааж авна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.15-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээд зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, зөрчлийн хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг шалгаж тогтоосон байна. Зөрчлийн тухай хуульд хохирол нөхөн төлүүлэх нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох нөхцөл байдлыг нь тогтооно. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах шийдвэртэй зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдалд шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийн талаар тусгана гэсэн. Эдгээр заалтуудыг зөрчиж өөрийн үүсгэсэн зөрчлийн хэргийн дагуу гомдол гаргагч байгууллагын зөрчил үйлдсэн гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагын хүрээнд нотлох баримтаа цуглуулаад бэхжүүлээд гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг бол нотолж чадаагүй гэж үзэж байгаа.

Хариуцагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасны дагуу шийдвэр гаргаад торгуулийн акт үйлдэхдээ хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зүйлийнх нь нэр нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа. Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байна гэж байгаа юм. Тэгэхээр хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга чинь өөрөө өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх ёстой гэдэг нь энэ хуулийнхаа зүйл заалтаас ойлгомжтой харагдаж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь хэсэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-ыг хэлж байгаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас танайх өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрччихсөн байна гэдэг үндэслэлээр торгоод байна. Торгуулсантай холбоотойгоор бид нар шүүхийн практик судалж үзлээ. Манайхтай адилхан зүйлээр цементийн үнэ нэмсэн гэдэг дээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасны дагуу 20 сая төгрөгөөр торгуулсан хэрэг шийдэгдсэн. Манайхтай адилхан асуудал яригдаад байгаа юм. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн нэр нь өөрөө өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа буюу аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг ойлгоно гээд заачихсан байдаг. Жишээ нь өрсөлдөгчийнхөө болон түүний зарж байгаа бараа бүтээгдэхүүнийх нь нэр хүндийг нь гутаах, худал мэдээ тараах, өөрийнхөө зарж байгаа барааныхаа талаар худал зөрөөтэй мэдээлэл өгөх гэдэг юм уу эсвэл өрсөлдөөнд харш зар сурталчилгаа реклам явуулах гэдэг юм уу Өрсөлдөөний тухай хуулиар хамгаалагдсан харилцаа буюу хуулиар хориглогдсон харилцааг үйл ажиллагааг явуулсан байх нь өөрөө Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасны дагуу бид нарыг торгосон хуулийн гол урьдчилсан нөхцөл нь болох гээд байгаа. Системчлэл логикийн хувьд нь аваад үзэх юм бол Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан хууль бус худалдааны арга гээд байгаа чинь ялгаагүй өрсөлдөөнд харш шинжийг агуулах ёстой болчхоод байгаа юм.

Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга гэдэг нь өрсөлдөөнд харш буюу шударга бус өрсөлдөөний аргыг хэлнэ гэж тайлбарлаад байгаа. Танайх хэрэглэгчийг хууль бус худалдааны арга хэрэглээд хохироочихсон байна гээд байгаа. Худалдааны аргын агуулга нь өөрөө өрсөлдөөнд харш байх тэр шинжийг заавал агуулсан байх ёстой болчхоод байгаа. Үүнээс авч үзвэл Жей транс кредит банк бус санхүүгийн байгууллага нь маргаад байгаа маргаан бүхий торгуулийн хуудас дээр гомдол гаргагч зээлийн шимтгэл тогтоогоод зээлдэгч харилцагчаас авахдаа ямар нэгэн өрсөлдөөнд харш арга хэрэглэсэн байна уу, үгүй юу гэдэг нь өөрөө чухал ач холбогдолтой факт болох гээд байгаа. Өрсөлдөөн тухай хуулийн 11 дүгээр зүйл болон 12 дугаар зүйлд хориглочихсон үйл ажиллагаанууд байдаг. Тэгээд үнээ хэлэлцэж тогтоож болохгүй, зохиомол хомсдол үүсгэж болохгүй, зах зээлдээ хувааж эзэмшиж болохгүй гэдэг хориглочихсон үйл ажиллагаанууд байдаг. Зээлийн шимтгэл тогтоосон үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дугаар зүйл, 12 дугаар зүйлүүдээр хориглогдчихсон үйл ажиллагаа байх хэрэгтэй болчхоод байгаа. Гэтэл бид нар ямар нэгэн байдлаар өгсөн хуйвалдаад зээлийн шимтгэлийг 1% болгочихсон асуудал байхгүй. Зах зээлийн хомсдол үүсгэсэн зээлээ хаачихсан гэдэг асуудал байхгүй. Нэг ёсондоо өрсөлдөөнд харш гэдэг шинж харагдахгүй байна. Харилцагчтай харилцан тохиролцоод байгуулчихсан гэрээнийхээ дагуу хууль тогтоомжоо зөвшөөрсөн хүрээнд нь бодит гарсан зардлаа шимтгэл хэлбэрээр тооцож авах нь ямар байдлаар өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх юм бэ? Энэ асуудлыг шалгаж тогтоогоогүй, тогтоох боломжгүй гэж бид үзэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасны дагуу Бид нарыг торгосон нэг нөхцөл нь хууль бус худалдааны арга гэж байгаа.

Гэтэл бид нарын зээлийн шимтгэл аваад байгаа үйл ажиллагаа хуулиар зөвшөөрөгдчихсөн үйл ажиллагаа. Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6, 6.7-д гэрээнд тусгасан шимтгэлийг харилцагчаар төлүүлэхийг, өөрийн үйлчилгээндээ шимтгэл тогтоож авахыг хуулиар зөвшөөрчихсөн. Шимтгэл нь үндэслэлээ тогтоосон эсэхэд нь хороо нь хяналтаа тавих юм байна. Хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд хороо нь шимтгэлийн хувь хэмжээ нь хэт өндөр бодит зардалтай уялдаагүй байх юм бол бууруулахыг санал болгох юм байна. Саналыг нь банк бус нь хүлээж аваагүй бол шимтгэл тогтоосон шийдвэрийг хүчингүй болгоод олон нийтэд зарладаг. Ингээд хууль тогтоомжоор зөвшөөрөгдчихсөн үйл ажиллагааг хууль бус худалдааны арга гэдэг хуулийн заалт руу оруулаад торгосон нь үндэслэлгүй байна.

 

Бид нарын зээлдэгчтэй байгуулсан гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу талууд гэрээ байгуулсан. Гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк бус болон иргэн хоорондын зээлийн гэрээ. Гэрээний талууд хоорондоо харилцан тохиролцоод би приус авах хэрэгтэй болчихлоо, урьдчилгаа 10 сая төгрөг надад хэрэгтэй байна гэхэд ойлголоо, сарын 1,5%-ийн хүүтэй өгье. Манайх ийм үйл ажиллагаа явуулаад 1 хувийн шимтгэл авдаг. Гэрээнд заачихсан байгаа. Зээлдэгч харилцагч нь хүлээн зөвшөөрлөө, 2 тал харилцан тохиролцож гэрээндээ гарын үсэг зурсны дараагаар албажуулж мөнгөө шилжүүлээд түүний дараагаар машинаа авдаг. Хяналт, шалгалт, мэдээлэл хийж болно. Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн байна уу, үгүй юу, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн байна уу, үгүй юу манай улсын байцаагч нар шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шалгачихна. Гэхдээ хяналт шалгалт чинь хэмжээ хязгаартай, өөрт хамааралгүй зүйл руу ороод байдаггүй байх нь хуулийн зарчим. Нэмэлтээр баримтууд би манайхаас гаргаж өгсөн байгаа Тэгэхээр нэгэнт танайх зээлийн шимтгэлээ үндэслэлгүй тогтоосон байна гэж үзээд торгочихсон асуудал дээр бид нар маргаж байгаа учраас үндэслэлтэй тогтоосон юм уу, үндэслэлгүй тогтоосон юм уу гэдэг үйл баримтаа шалгаж тогтоох хууль ёсны байх зарчмыг хангах хөшүүрэг болох болов уу гэж ойлгож байгаа. Тэр хүрээндээ манайхаас бодитоор ийм зардал гараад байна гэдэгтэй холбоотой гэрээнүүд, төлбөр төлсөн баримтуудыг нэг бүрчлэн гаргаж өгсөн. Торгуулийн хуудас буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 11 дүгээр сард хийгдсэн. 2022 оны 11 дүгээр сараар нь жишээ болгоод баримтаа бүрдүүлсэн. Санхүүгийн зохицуулах хороонд хэрэгт хийсэн байгаа тайлангаа 2022 оны 11 дүгээр сард гомдол гаргагч байгууллага нь 1 тэрбум 848 сая 830 мянган төгрөгийн зээл олгосон байдаг. Энэ зээлийн шимтгэл 16 сая 700 мянган төгрөгийн шимтгэл авсан. 1,8 тэрбумын зээл олгосон. Гэрээнд заасны дагуу 16 сая төгрөгийн шимтгэлд авсан. 2022 оны 11 дүгээр сард гомдол гаргагч байгууллага ямар хэмжээний зардал гаргасан бэ гэдгийг хүснэгтээр үзүүлсэн. Хүснэгтийг дэмжих гэрээ болон төлбөрийн баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Нийтэд нь авч үзвэл 33 төрлийн нэр бүхий зардлууд гардаг. Шуудан, харилцаа холбооны зардлууд, барьцаа хөрөнгө, хяналт үйлчилгээний зардал. Гомдол гаргагч нэг л зээлийн бүтээгдэхүүн гаргадаг. Авто машин барьцаалаад зээл олгодог. Зээлийн үйл ажиллагаа явуулах ганцхан зөвшөөрөлтэй. Зээлийн бүтээгдэхүүнтэй уялдаж бүх зээлүүд барьцаатай хөдлөх хөрөнгө буюу автомашины барьцаалдаг. Барьцаатай холбоотой агуулахын зардал, GPS хяналтын зардал гэх мэт 7 нэр бүхий зардал байдаг. Зар сурталчилгааны зардал, зээлийн судалгаа, шинжилгээтэй холбоотой Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас лавлагаанууд авах, удирдлагын зардал гэх мэт зардлуудын 11 сарын дүнг авч үзвэл 89 сая төгрөгийн зардал гаргасан. Удирдлагын зардалд хамаарах зардлыг хамааралгүй гээд голлох зардлыг нь хасчхаж байгаа юм. Зөвхөн шуудан харилцаа холбоо, барьцаа хөрөнгө, зар сурталчилгаа, зээлийн судалгаа шинжилгээ гэх категориор нь шүүгээд авч үзвэл 11 сарын байдлаар 34 сая төгрөгийн зардал гарсан. Миний яриад байгаа 89 сая, 34 сая гэдэгт бусад хуулийн дагуу төлөх татвар хураамж, ажилчдын цалин хөлс ороогүй. Оруулах боломж байхгүй. Гадны байгууллагаас авсан зээлийн хүү, аудитын төлбөр, даатгал хамааралгүй учир гэрээ, хуулийн дагуу төлөх төлбөрүүдээ оруулахгүй байгаа. Үндэслэлтэй, үндэслэлгүй гэдэг асуудал дээр хамгийн энгийн 3 хүснэгтийг харьцуулаад харахад 2022 оны буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн 11 сард 16 сая төгрөгийн шимтгэл авсан байдаг бол бодит зардал нь бүх зүйлээ хасаад 34 сая төгрөгийн зардал гарсан байх жишээтэй. Энэ маань зээлийн шимтгэлээ үндэслэлгүй тогтоосон гэж буруутгаж байгаа үйл ажиллагааг үгүйсгэж байна. гэв.

5.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ганцхан Өрсөлдөөний тухай хууль биш Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийг бүхэлд нь улсын хүрээнд хэрэгжилтийг нь хангаж, хяналт тавьж ажилладаг төрийн байгууллага. Манай агентлагийг банк бус санхүүгийн байгууллагыг хянан шалгах харьяалалгүй гэж гомдол гаргагч үзэж байна. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүрэн эрхийг зааж өгсөн байгаа. Тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах бүрэн эрхтэй. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд агентлагийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/21 дугаартай удирдамжийн дагуу банк бус санхүүгийн байгууллагаас аж ахуй эрхлэлтийн иргэдэд олгож буй зээлийн шимтгэл хураамжийг өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд 2 сарын хугацаанд хяналт шалгалт хийхээр удирдамж батлагдаад энэ хүрээндээ бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан. Банк бус санхүүгийн байгууллага банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар санхүүгийн зохицуулах хороо бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэлд хяналт тавихаар зохицуулсан боловч энэ шүүх хурал шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Өрсөлдөөний тухай хуульд хяналт тавих бүрэн эрхийг хязгаарлах боломжгүй гэж манай зүгээс үзэж байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хууль тогтоомжоо хангуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.16-д заасан шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг тогтоосон. Тиймээс манай улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү хяналт шалгалтыг хийсэн. Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.7-д заасан зөрчлийг нотолж чадаагүй гэж гомдол гаргагч хэлж байна. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн 10 үйл ажиллагаа байдаг. 12 дугаар зүйлийн 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж заасан. Мөн хэрэг хянан шалгахад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтооно. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмын 3.3-т банк бус санхүүгийн байгууллагын зээлийн ерөнхий нөхцөл болон дараах зүйлээр тусгасан баримт бичгийг баталж мөрдөнө гэж заасан байдаг. 3.3.2-т зээлийн бүтээгдэхүүнтэй уялдсан хүү, шимтгэл, хураамж гэж тус тус зааж өгсөн байдаг. Банк бус санхүүгийн байгууллага өөрөө өнөөдөр иргэдэд зээл олгохдоо зээлийн шимтгэл 1 хувь гэж авч байгаа. Үүнийгээ өөрсдөө бүтээгдэхүүнтэй уялдуулсан хүү, шимтгэл авна гээд өөрсдийг нь хянах ёстой гээд байгаа Санхүүгийн зохицуулах хороо журамлаад өгчихсөн. Гэтэл энд зардлаа яриад байна. Жишээ нь би иргэний хувиар энэ компаниас авто машины зээл авахдаа яагаад би энэ компанийн бүх зардалтай уялдсан хүү төлөх ёстой вэ? Үүнийхээ үндэслэлийг өөрсдөө гаргах ёстой. Стандарт гэрээнийхээ нөхцөлөөр гэрээ байгуулж байгаа. Би танай зээлийн шимтгэлийн хүүг 0,9 болгоод зээл авъя гэсэн энэ компани зөвшөөрөхгүй. Ийм нөхцөлтэй. Иргэдэд шимтгэл 1% шүү гэдэг мэдээлэл л өгч байгаа ч ийм зардал гаргаад шимтгэл нь нэг хувь байна гэдгээ нотолж чадаагүй. Ямар ч тооцоолол аргачлал байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад энэ тооцооллоо гаргаж өгөөч гэдэг шаардлага тавьсан. Манай улсын байцаагчийн шийтгэлийн хуудаст тайлбар өгөөгүй учраас торгосон гэж яриад байна. Тийм зүйл байхгүй. Шийтгэлийн хуудас өөрөө төрийн байгууллагын үнэт цаас гэж явдаг. Үүн дээр нэг ч тайлбар өгөөгүй гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Тэгэхээр шүүхэд үнэн зөв тайлбар өгөх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн ганцхан энэ компани торгуулсан асуудал байхгүй. Хяналт шалгалтын 56 банк бус санхүүгийн байгууллага дээр явуулсан. 2 аж ахуй эрхлэгч дээр өөрсдөө тооцоолол, аргачиллаа гаргаж ирж чадаагүй учир шийтгэл оногдуулсан.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Гомдол гаргагчаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн шимтгэлийн хувь хэмжээ үндэслэлтэй эсэхийг хянах эрх хэмжээ байхгүй, манай байгууллага нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан зөрчлийг үйлдээгүй, эрх бүхий албан тушаалтан зөрчлийг нотолж чадаагүй гэж, хариуцагчаас Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт заасан хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж тус тус маргажээ.

3.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагуудад хяналт, шалгалт хийх тухай 01/21 дүгээр хяналт шалгалтын удирдамж баталсан байна.

4.Дээрх удирдамжийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Эгшиглэн нь гомдол гаргагч Жей траст кредит ГХОХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002216 дугаар шийтгэлийн хуудсыг гаргажээ.

5.Маргаан бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002216 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Жей траст кредит ГХОХХК-ийг хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу 20000 нэгж буюу 20,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

6.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т ... зөрчлийн хэрэг бүртгэлт гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг; ойлгоно гэж, 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ: гээд мөн хэсгийн 6.16-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 16.7 дахь заалт, 19 дэх хэсэгт заасан зөрчил-ийг гэж, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд мөн зүйлийн 1.1-д хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, 1.2-д зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, 1.3-д хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх, 1.4-д зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргах, 1.5-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, 1.6-д шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх, 1.7-д прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх гэж, 1.9-д хуульд заасан дэслэл, журмын дагуу эрх хязгаарлах арга хэмжээг авах, 1.10-д хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах 1.11-д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх, 1.12-д зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах, 1.13-д шүүхээс зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох 1.14-д хуульд заасан бусад гэж тус тус заажээ.

7.Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох ... гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдсан байна. гэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрхтэй. гэж зааснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, Өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд хяналт, шалгалт хийж, шийтгэл оногдуулж, албан даалгавар гаргах эрхтэй байх тул хуулиар тусгайлан олгогдоогүй асуудлаар хяналт шалгалт явуулсан гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй байна.

8.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйлчилгээ үзүүлэх журам, 6.6.Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох. , Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 160 дугаар тогтоолоор батлагдсан Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа журам-ын 3.3.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөл болон дараах зүйлийг тусгасан баримт бичгийг баталж, мөрдөнө:, 3.3.2.зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулсан хүү, шимтгэл, хураамж, хугацааны нөхцөл; гэж тус тус заажээ.

9.Хуулийн болон журмын дээрх заалтуудаас үзвэл, банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн бүтээгдэхүүний шимтгэлийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоох үүрэгтэй байна.

10.Банк, бус санхүүгийн байгууллага нь дээрх зээлийн бүтээгдэхүүний шимтгэлийн хувь хэмжээг тооцоо судалгаагүйгээр тогтоосон хэмжээний дээд хязгаараар тогтоосон тохиолдолд тухайн аж ахуй эрхлэгчийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх. гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

11.Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Мэдээлэл хүсэх тухай 01/1477 дугаар албан бичгийг банк бус санхүүгийн байгууллагуудад хүргүүлжээ.

12.Уг албан бичгээр банк бус санхүүгийн байгууллагуудыг зээлийн бүтээгдэхүүний шимтгэл, хураамжтай холбоотой тайлбар, баримтуудаа ирүүлэхийг хүссэн байна.

13.Гомдол гаргагч Жей Траст кредит ББСБ ГХОХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний Хариу хүргүүлэх тухай 22/1502 дугаар албан бичгээр дээрх албан бичгийн хариуг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлжээ.

14.Уг албан бичигт өөрийн банк бус санхүүгийн байгууллагын зээл олгох дараалал, журмыг дурдаад бүх төрлийн зээлийн хураамжид ижил 1 хувийн шимтгэл авдаг талаар тайлбарыг хүргүүлсэн байна.

15.Гомдол гаргагч Жей Траст кредит ББСБ ГХОХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнд-Очир зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн тайлбартаа ... Асуулт:Танайх зээл олгосны шимтгэлийг бүх зээлийн үйлчилгээний хувьд авдаг уу? Тийм бол зээл олгосны шимтгэлийг зээлийн төрөл тус бүрд ямар хувь, хэмжээтэйгээр тогтоосон байдаг вэ?, Хариулт:Зээлийн шимтгэлийг 1% гэж зээлдэгчтэй харилцан тохиролцож, зээлийн гэрээнд тусгаснаар 1%-ийн шимтгэлийг авдаг. ... Асуулт:Зээлийн шимтгэлийн хувь хэмжээг юунд үндэслэж тогтоосон бэ?, Хариулт: ... Зээлийн шимтгэл 1% тооцож авдаг нөхцөлийн тухайд 1-т Гэрээгээр тохирсон тохиролцсон буюу, зээлдэгч төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийм учраас хэн нэгэн хохирсон тухай асуудал гарч ирэх ёсгүй. ... . гэжээ.

16.Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, гомдол гаргагч Жей Траст кредит ББСБ ГХОХХК нь маргаан бүхий хяналтын шалгалтын ажиллагаанд зээлийн шитгэлийн 1 хувийн шитгэлийг хэрхэн тооцож, тогтоодог талаарх тайлбар баримтыг гаргаж өгөөгүй байна гэж үзэхээр байна.

17.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл.Өрсөлдөөний тухай хууль зөрчих, 10.7 дугаар зүйлийн 4.7.хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заажээ.

18.Хуулийн дээрх заалтаас үзвэл, аж ахуй эрхлэгч нь Өрсөлдөөний тухай хуулийн зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахаар байна.

19.Маргаан бүхий тохиолдолд, гомдол гаргагч нь зээлийн бүтээгдэхүүний шитгэлийн хувь хэмжээг 1 хувиар үндэслэлгүйгээр тогтоож Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэв.

20.Гомдол гаргагчаас маргаан бүхий хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгөөгүй маргаан бүхий үйл баримттай холбоотой гэх анхан шатны баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд гомдол гаргагчаас хяналт шалгалтад хамрагдахад гаргаж өгөөгүй, маргаан захиргааны актын үйл баримтад дүгнэгдээгүй баримтууд байх тул шүүх уг баримтуудад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

21.Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч Жей Траст кредит ББСБ ГХОХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйл 6.6, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Жей Траст кредит ББСБ ГХОХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ