| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00305/И |
| Дугаар | 152/ШШ2024/00426 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2024/00426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Ц-ын,
Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
Гуравдагч этгээд Я.М-т шүүх хуралдааны товыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Ц нь хүү С.О, охин С.Г нарын эцэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие С.Ц нь Я.Т-тай 2011 оноос гэр бүл болж хамтдаа амьдрах болсон. Бидний дундаас 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү С.О, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин С.Г нар төрсөн. Бид гэр бүл болж хамтдаа 13 жил амьдарсан боловч гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй. Одоо ч гэрлэлтийн бүртгэлгүй амьдарч байна. Учир нь миний бие эхнэртэйгээ гэр бүл болохоос өмнө нь өөр хүнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн байсан бөгөөд 2009 онд шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцалсан асуудал маань 2009 онд шүүхийн шийдвэр гарсан ч цуцлалтын бүртгэл нь хийгдээгүй байсан гэдгийг миний бие тухайн үед мэдээгүй бөгөөд 2012 онд хүүгээ төрөх үед энэ талаар мэдэж гэр бүл цуцлалтын бүртгэлээ хийлгэж авсан. 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү маань төрөх үед эхнэр бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул хүү, дараа нь охиноо ээж болох Я.М-ын нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан. Миний бие гэр бүл цуцлалтын бүртгэлээ хийлгэж, бичиг баримтаа бэлэн болгоод хүү, охин хоёроо өөрийн нэр дээр болгож, гэрлэлтээ шинээр бүртгүүлэх гэтэл эхнэр болох Я.М нь хүүхдүүдийг маань миний төрсөн хүүхдүүд биш, би өрх толгойлсон ганц бие эх чамтай гэрлэлтээ бүртгүүлэхгүй, хүүхдүүдээ чиний нэр дээр болгохгүй гэж хэлээд огт бүртгэл хийлгэхгүй байна. Гэтэл одоо эхнэр болох Я.М нь гэр орондоо тогтохгүй гэрээс гараад олон хоног, сараар нь хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй алга болчихдог. Би хүүхдүүдтэйгээ хамт байдаг бөгөөд хааяа ирээд хэдэн хоноод л гараад явчихдаг болсон. Одоо миний бие хүүхдүүдээ өөрийн нэр дээр болгож авах хүсэлтэй байгаа бөгөөд ингэхийн тулд хүүхдүүдийн эцэг гэдгийг тогтоосон баримт байх ёстой гэж байгаа тул шинжилгээ хийлгэж хүү С.О, охин С.Г нарын эцэг мөн эсэхийг тогтоолгох шаардлагатай байна. Иймд Я.М бид хоёрын хамтын амьдралын явцад төрсөн хүү С.О, охин С.Г нарыг эцэг нь С.Ц миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Гуравдагч этгээд Я.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Я.М нь С.Ц-ын гаргасан хүсэлттэй танилцлаа. Бид хамт амьдарч байсан хугацаанд их дарамталдаг, хэл амаар доромжилдог, хөөж тууж, архи ууж зоддог. 2 хүүхдийг их заналхийлдэг, архи ууж айлгадаг. С.Ц нь өмнөх эхнэрээсээ салаагүй байгаа. Ах дүү нарыг хүн гэж үзэхгүй, дарамталж хэл амаар доромжилдог. Иймд би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 2 хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна... гэжээ.
3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулиар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, С.Д, Б.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар, С.Г-гийн төрсний гэрчилгээний хуулбар, С.О-ын төрсний бүртгэлийн лавлагаа, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхээс С.Д, Т.О нараас гэрчийн мэдүүлэг, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1297 дугаар Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар шинжээч томилж Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4783 дугаартай дүгнэлт гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.1. Нэхэмжлэгч С.Ц нь 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү С.О, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин С.Г нарын эцэг мөн болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4783 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...1. Хүний геномын микросателлитын локусын аллелиар С.Ц нь С.О-ын биологийн эцэг байх боломжтой байна. С.Ц нь С.Оын биологийн эцэг байх боломжийг тооцоолж үзэхэд 99,99% байна. 2. Хүний геномын микросателлитын локусын аллелиар С.Ц нь С.Г-гийн биологийн эцэг байх боломжтой байна. С.Ц нь С.Г-гийн биологийн эцэг байх боломжийг тооцоолж үзэхэд 99,99% байна гэх дүгнэлтээр С.Ц нь хүү С.О, охин С.Г нарын эцэг болох нь тогтоогдож байна.
Шүүхээс С.Д, Т.О нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Д, С.Ц, Я.М нар 2011 оноос өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа. Хамт амьдарч байх хугацаандаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд төрүүлсэн гэж, Т.О, С.Ц, Я.М нар 2011 оноос хойш хамт амьдарч байгаа. Хамт амьдарч байх хугацаандаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд төрүүлсэн. Том хүүхэд нь 6 дугаар анги, бага хүүхэд нь 4 дүгээр ангид суралцдаг гэж тус тус мэдүүлжээ.
4. Нэхэмжлэгч С.Ц нь 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү С.О, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин С.Г нарын эцэг мөн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4783 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч С.Д, Т.О нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, РД:ОЮ12300539, хүү С.О, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, РД:ОЮ14221401, охин С.Г нарын эцэг нь Х ургийн овогт С.Ц мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, РД:ОЮ12300539, хүү С.О, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, РД:ОЮ14221401, охин С.Г нарын эцэг нь Х ургийн овогт С.Ц мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР