| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00457/И |
| Дугаар | 152/ШШ2024/00427 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2024/00427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Б-ийн,
Мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б нь мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. М.Б миний бие 1969 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. 1977 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын дунд сургуульд элсэн орж 1985 он 8 дугаар анги төгсөж суурь боловсрол эзэмшсэн. 8 дугаар ангиа төгсөөд Цагаанхайрхан сумын Хулж багт эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1988 онд хугацаат цэргийн албанд татагдсан. Хугацаат цэргийн албаа 0165 ангид хаагаад 1990 онд халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Цагаанхайрхан сумын Хулж багт эцэг эхийн хамтаар үргэлжлүүлэн мал маллаж байгаад 1991 онд өрх тусгаарлаж гэр бүлтэй болсон. Түүнээс хойш одоог хүртэл Цагаанхайрхан сумын хулж багт тасралтгүй мал маллаж байна. 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 55 нас хүрж малчнаар тэтгэвэр тогтоолгохоор Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт хандсан. Гэтэл таны нийт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил тэтгэвэр тогтоолгох болзлыг хангаж байгаа боловч малчнаар ажилласан жил хүрэхгүй байгаа тул тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй байна гэсэн хариуг ирүүлсэн. Өмнө нь 2021 онд ажилласан жилийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж байхад нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх зорилгоор Увс аймаг дахь архивын тасгаас лавлагаа авахад Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн 1990, 1992, 1994-1995, 1997, 1999 оны мал тооллогын баримт тус архивт шилжиж ирээгүй тул Мөнхөө овогтой Баяраатай холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй гэсэн тодорхойлолт өгсөн.Намайг Цагаанхайрхан сумын Хулж багт 1991 оноос эхлэн одоог хүртэл тасралтгүй мал маллаж байгаа гэдгийг сумын иргэд, тэр дундаа Хулж багийн иргэд бүгд сайн мэдэж байгаа. Иймд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт 1995, 1997, 1999 онд малчнаар ажиллаж, мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт мал маллаж байгаад 1996-2000 онд манай багийн Засаг дарга хийж байсан А.С, тухайн үед надтай хамт манай багт мал маллаж байсан О.Ч нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1988 онд хугацаат цэргийн албанд татагдсан. Хугацаат цэргийн албаа 0165 ангид хаагаад 1990 онд халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт эцэг эхийн хамтаар үргэлжлүүлэн мал маллаж байгаад 1991 онд өрх тусгаарлаж гэр бүлтэй болсон. Түүнээс хойш одоог хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын хулж багт тасралтгүй мал маллаж амьдарч байгаа хүн юм. 2024 оны 8 дугаар сард 55 нас хүрж малчнаар тэтгэвэр тогтоолгохоор Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт хандсан. Гэтэл түүний нийт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил тэтгэвэр тогтоолгох болзлыг хангаж байгаа боловч малчнаар ажилласан жил хүрэхгүй байгаа тул тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй байна гэсэн хариуг өгсөн юм байна. Учир нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн зарим онуудын тухайлбал 1995, 1997, 1999 онуудын А дансны баримт архивт огт шилжиж ирээгүй, хохирч байна. Иймд С.Б-гийн 1995, 1997, 1999 онуудад Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт мал маллаж байсан болохыг нь тогтоож өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Б.А-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, баталгаажилтын хуудас, Увс аймгийн Архивын тасгаас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан малчинд олгох малын тооны лавлагаа, С.Б-гийн малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан цэргийн алба хаасан тухай лавлагаа, Увс аймгийн Цагаанхайрхан сумын нийгмийн даатгалын байцаагчаас 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар зөвлөмжийн хуудас, А.С-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Цагаанхайрхан сумын засаг даргын 1996 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаар Багийн засаг дарга томилох тухай захирамж, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тодорхойлолт, О.Ч-ийн иргэний үнэмлэхийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 616 дугаартай тодорхойлолт, өвчтөний түүх №547, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 122 дугаар тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 594 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1А маягт, гэрлэснийг бүртгэх анкет №10, гэрч А.С, О.Ч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б-гийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт 1995, 1997, 1999 онуудад мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч С.Б-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох /мал маллаж байсан болох/ тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Б нь 1995, 1997, 1999 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны баримт Увс аймгийн Архивын тасаг, Увс аймгийн Цагаанхайрхан сумын архивт байхгүй тул тухайн онуудад мал маллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн 1990, 1992, 1994,1995, 1997, 1999 онуудын мал тооллогын баримт Увс аймгийн Архивын тасагт шилжиж ирээгүй болох нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 616 дугаартай тодорхойлолт, мөн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 122 дугаар Тус сумын Хулж багийн 1995, 1997, 1999 онуудын мал тооллогын баримт сумын архивт байхгүйгээс шалтгаалан М.Б-ын малын А данс олдохгүй байгаа нь үнэн болно. Мөнхөө овогтой Баяраа нь тус сумын Хулж багт 1991 оноос одоог хүртэл тасралтгүй мал маллан амьдарч байна гэх тодорхойлолтуудаар тус тус тогтоогдсон.
3. С.Б-гийн өвчтөний түүх №547-д С.Б, ажлын газар Хулж баг, албан тушаал малчин, эмнэлэгт хэвтсэн 1995 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэж тэмдэглэжээ.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, С.Б-гийн гэрлэснийг бүртгэх анкет №10-д М.Б, Сүхбаатарын зам нэгдэлд үхэрчин гэж 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэж бүртгэгджээ.
3.1. Шүүхээс гэрч А.С, О.Ч нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч А.С Би 1980-1985 онд Улаанбаатар хотод Барилгын техник мэргэжлийн сургуульд багшилж байгаад Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1990 оноос малчин, 1996 оноос Хулж багийн даргаар 2000 он хүртэл ажилласан. 1990 онд намайг Увс аймгийн Цагаанхайрхан суманд мал малладаг байхад С.Б хулж багт мал малладаг байсан. С.Б 1988 онд цэрэгт яваад 1990 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Би 1996 оноос Хулж багийн даргаар ажиллаж байсан тул С.Бг мэднэ. Намайг багийн даргаар ажиллаж байх хугацаанд С.Б мал малладаг байсан. Би Хулж багийн малчин иргэдийг бүртгэдэг дэвтэртээ С.Б-г бүртгэж авсан байдаг. С.Б одоог хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт мал малладаг гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн Засаг даргаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын засаг даргын 1996 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаар Багийн засаг дарга томилох тухай захирамж, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч О.Ч Би 1983-1986 онд 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. 1987 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт бргигадын даргаар ажиллаж байсан. 1990 оноос эхлэн мал маллаж одоог хүртэл мал маллаж байна. С.Б 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Миний мэдэхээр цэргээс халагдаж ирээд 1990 оноос Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт мал маллаж байна. Бид Хулж багт мал малладаг тул С.Б-г сайн мэднэ. С.Б 1990 оноос одоог хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт мал маллаж байна гэж мэдүүлсэн байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч С.Б нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт 1995, 1997, 1999 онуудад мал маллаж байсан болох нь С.Б, ажлын газар Хулж баг, албан тушаал малчин, эмнэлэгт хэвтсэн 1995 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэж тэмдэглэсэн С.Б-гийн өвчтөний түүх №547, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, М.Б, Сүхбаатарын зам нэгдэлд үхэрчин гэж 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэж бүртгэгдсэн гэрлэснийг бүртгэх анкет №10, гэрч А.С, О.Ч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч С.Б-гийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт 1995, 1997, 1999 онуудад мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бух ургийн овогт М.Б-ийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт 1995, 1997, 1999 онуудад мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР