| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00472/И |
| Дугаар | 152/ШШ2024/00434 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 152/ШШ2024/00434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Н-ийн,
Хариуцагч: Хяргас сумын ЭМТ-д холбогдох,
Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Н,
Хариуцагч: Д.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Н нь Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-дхолбогдуулан Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/21 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. С.Н миний бие Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-д2017 оны 02 дугаар сард анх эх баригчаар ажилд орсон. Анх ажилд орох үедээ туршилтын хугацаагаар түр тушаалтайгаар орсон. 2017 оноос хойш тасралтгүй ажиллаж ирсэн боловч намайг үндсэн ажилд томилсон тушаалыг өмнөх дарга маань гаргаж чадаагүй байж байгаа бурхан болсон. Д.М гэдэг хүн манай байгууллагын дарга болсноос хойш тушаалыг маань гаргаж өгөхгүй би хүний эрхийн үндэсний комисст хандаж байж үндсэн ажилд томилсон тушаалаа гаргуулан авсан болно. Шинэ дарга ажлаа авсан цагаас хойш намайг ажлаа өг эсхүл багийн эмчээр ажил гэх зэргээр байнга дарамтлах болсон. Намайг ажлаа өгөхгүй гэхээр байнга өө сэв хайж, алдаа зөрчил гаргасан сахилгын шийтгэл авна гээд шийтгэл ногдуулдаг болсон. Анхандаа даргатайгаа хэл үг болж муудалцаад яахав гээд сахилгын шийтгэл ногдуулсан ч хүлээгээд л чимээгүй өнгөрдөг байсан. Гэтэл одоо байн байн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж миний эрхийг зөрчих боллоо. 2023 онд надад хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан. Ингээд Дөнгөж сахилгын шийтгэлийн хугацаа дуустал дахин зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчөөгүй тул надад ногдуулсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/21 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн дарга Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 4 дүгээр сарын 27-нд А/12 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, ажил үүргийн хуваариар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн эх баригч С.Н-д үндсэн цалинт 3 сарын хугацаатаар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 25-нд А/03 тоот тушаалаар эх баригч С.Н нь мэдээ тайлангаа тогтоосон хугацаанд үнэн зөв өгөөгүй, Эрүүл мэндийн сайдын 318 дугаар тушаалын дагуу жирэмсний хяналт хийгээгүй, жирэмсний хожуу хяналт гаргасан, Өсвөр насны охидыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаагүй, сургалт сурталчилгаа зөв дадал хэвшил сургаагүй, өсвөр насны охины жирэмслэлт гаргасан нь 2022 оны эмнэлгийн үзүүлэлтийг бууруулсан, албан тушаалын тодорхойлолтын дагуу үүрэгт ажлаа хийгээгүй үндэслэлээр хамт олны дунд нээлттэй хэлбэрээр сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. 2023 оны 7 дугаар сарын 03-ны А/21 тоот тушаалаар Эрүүл мэндийн сайдын 318 дугаар тушаалын дагуу жирэмсний хяналт хийгээгүй, жирэмсний гэрийн төрөлт гаргасан, жирэмсний ноцтой хүндрэл гаргасан, хөх умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэг хамрагдалтын хувь нь 50%-с доош хувьтай гүйцэтгэсэн гэх зэрэг алдаа дутагдал гаргаж 2023 оны хагас жилийн байдлаар эмнэлгийн чанарын үзүүлэлтийг бууруулсан, албан тушаалын тодорхойлолтын дагуу үүрэгт ажлаа хийгээгүй үндэслэлээр эх баригч С.Н-д үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/21 тоот тушаалаар эх баригч С.Н-д өөрийн хариуцсан ажил хөх умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийг эхний 6 сарын байдлаар гүйцэтгэлийн төлөвлөгөө болон гэрээнд тусгасан хувь үзүүлэлтдээ хүрээгүй үндэслэлээр цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан болно. Манай байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй. Миний гаргасан тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/21 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн Хяргас сумын Сонгуулийн хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр Сумын сонгуулийн хэсгийн хороодыг байгуулах тухай тогтоол, Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/129 дүгээр албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл тооцох тухай тушаал, Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/03 дугаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/21 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, албан тушаалын тодорхойлолтын маягт, Хяргас сумын ЭМТ-ийн эх баригч С.Н-гийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан бичиг танилцуулах хуудас, Увс аймгийн Эрүүл мэндийн газраас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар Эрт илрүүлгийг эрчимжүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн долоо хоног бүрийн 3 дахь өдрийн хурлын тэмдэглэл, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн долоо хоног бүрийн 3 дахь өдрийн хурлын тэмдэглэл, Увс Хяргас ЭМТ Хөхний үзлэгийн эрт илрүүлэг 2024, Умайн хүзүүний үзлэгийн эрт илрүүлэг 2024, статистик үзүүлэлт 2024 оны 07 дугаар сарын байдлаар, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №5 хөдөлмөрийн гэрээ, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 316 дугаар албан бичиг, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 340 дүгээр албан бичиг, Эрүүл мэндийн статистикийн мэдээлэл 2024 оны 7 сар гэх баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчөөгүй тул надад ногдуулсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/21 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү...гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/21 тоот тушаалаар эх баригч С.Н-д өөрийн хариуцсан ажил хөх умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийг эхний 6 сарын байдлаар гүйцэтгэлийн төлөвлөгөө болон гэрээнд тусгасан хувь үзүүлэлтдээ хүрээгүй үндэслэлээр цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан болно. Миний гаргасан тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/21 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЭМТ-ийн эх баригч С.Нг өөрийн хариуцсан хөх умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийг эхний 6 сарын байдлаар, гүйцэтгэлийн төлөвлөгөө болон гэрээнд тусгасан хувь үзүүлэлтдээ хүрээгүй үндэслэлээр цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заажээ.
Гэтэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нэхэмжлэгч С.Н-д мэдэгдэж, тайлбар аваагүй болох нь зохигчдыг тайлбараар мөн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн долоо хоног бүрийн 3 дахь өдрийн хуралд нэхэмжлэгч С.Н оролцоогүй болох нь Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 2/129 дүгээр Хяргас сумын ЭМТ-ийн эх баригч С.Н нь УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулах Хяргас сумын Хангай багийн буюу 18-18-1 дэх хэсгийн хороонд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл томилогдож ажилласан нь үнэн болно гэх албан бичгээр тус тус тогтоогдож байна.
5. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Н-д үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан нь нотлогдож байх тул Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/21 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-өөс70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
7. Хариуцагчаас гаргаж ирүүлсэн Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл тооцох тухай тушаал, Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/03 дугаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-ийн даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/21 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалууд нь хэрэгт хамааралгүй байх тул тус тус үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5-д зааснаар Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/21 дүгээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Хяргас сумын ЭМТ-өөс70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР