Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2024/00435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Т.О-ийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд оролцогчид:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.О,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Нэхэмжлэгч Т.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

      1.1. Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. 1986 онд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажилд орсон. Улмаар 1987 оны 10 дугаар сарын 15-аас 1989 оны 6 дугаар сарын 08-ны өдөр цэргийн албаа хаасан. Ирээд 1989 оноос үргэлжлүүлээд Туяа нэгдэлд малчнаар 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Одоо тэтгэврийн нас болоод тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр тушаал баримт байхгүй хөдөлмөрийн дэвтэр усанд орж алга болсон. Иймд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Туяа нэгдэлд мал маллаж байсныг нотлохын тулд шүүхэд хандаж байна. Иймд тухай үед мал маллаж байсныг нотлох гэрч Ж.Ж гэрчээр асууж өгнө үү гэжээ.

        2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.О бид хоёр нэг ангийн хүүхдүүд тул би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байна. Т.О Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн 1989 оны 9 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал мөн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажилласан. Одоо түүнд тухайн ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд байхгүй тул шүүхэд хандсан. Иймд Т.О-ийн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, мөн нэгдэлд 1989 оны 9 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү... гэжээ.

        3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, М.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Увс аймгийн Архивын тасгаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Т.О-ийн Ув аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1986 оны 1-5, 8-12, 1987 оны 1-6, 9, 1989 оны 9, 1990 оны 1-12, 1991 оны 1-12, 1992 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Ж.Ж-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Тариалан сумын Нийгмийн даатгалын байцаагчаас 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        4. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 609 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1, иргэний хаягийн хуудас №7, гэрлэснийг бүртгэх анкет №32, гэрч Ж.Ж-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Нэхэмжлэгч Т.О-ийн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1989 оны 9 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

        2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Т.О-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч Т.О нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

         3. Увс аймгийн Архивын тасгаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Т.О-ийн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1986 оны 1-5, 8-12, 1987 оны 1-6, 9, 1989 оны 9, 1990 оны 1-12, 1991 оны 1-12, 1992 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

        Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Т.О-ийн Монгол улсын хүн амын регистрийн картын хуулбарт Т.О, нийгмийн бүлэг малчин гэж, иргэний хаягийн хуудас №7-д 1-р бригадад малчин, 1986 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэгдсэн, гэрлэснийг бүртгэх анкетад Т.О, Туяа нэгдэлд хоньчин гэж 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус тэмдэглэжээ.

        3.1. Шүүхээс гэрч Ж.Ж-аас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Ж Би 1985 оноос Увс аймгийн Наранбулаг суманд мал маллаж байгаад, 1989 онд Увс аймгийн Тариалан суманд ирж айл өрх болж, Туяа нэгдэлд мал маллаж 1992 он хүртэл ажилласан. Т.О манайхтай нэг айл хошой болж мал маллаж байсан тул Т.О-ийг сайн мэднэ. Т.О 1986 оноос мал маллаж 1992 онд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэл тартал мал малласан. Тухайн үед Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар н.Б гэх хүн ажиллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул гэрч Ж.Ж-ийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

         4. Нэхэмжлэгч Т.О нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1989 оны 9 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Т.О-ийн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1986 оны 1-5, 8-12, 1987 оны 1-6, 9, 1989 оны 9, 1990 оны 1-12, 1991 оны 1-12, 1992 оны 1-12 дугаар саруудад саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, нийгмийн бүлэг малчин гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, 1986 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 дүгээр бригадад малчин бүртгэгдсэн иргэний хаягийн хуудас №7, 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Туяа нэгдэлд хоньчин гэж бүртгэгдсэн гэрлэснийг бүртгэх анкет, гэрч Ж.Ж-ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

        5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Т.О-ийн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1989 оны 9 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б ургийн овогт Т.О-ийн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1989 оны 9 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БОЛОР