Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 152/ШШ2024/00443

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Б.Б-ийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгч: Б.Б /цахимаар/,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

        1.1. Миний бие 1970 онд төрсөн, 54 настай. 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Бага сургуульд бага ангийн багшаар ажилд орсон. 1998 оны 8 дугаар сард Улаангом сумын Бага сургуульд бага ангийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн юм. Би 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарсан ба тухайн үед 1991-1994 онуудад ажилласан жил маань хасагдаж тооцогдсон гэж мэдээгүй. Сүүлд мэдээд шүүхэд хандсан. Эдгээр жилийг нэмбэл миний тэтгэвэрт тодорхой хэмжээний өөрчлөлт орох юм. Би өмнө нь 1996 оноос миний ажилласан жилийг тооцсон юм байна гэж ойлгосон ба Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн баримтаар 1995 оноос эхэлж миний ажилласан хугацааг тооцсон юм байна. Тухайн үед Улаангом сумын Бага сургуулийг Улиасны хэвийн бага сургууль ч гэж нэрлэж байсан. Албан ёсны нэр нь Увс аймгийн Улаангом сумын Бага сургууль юм. Иймд миний Увс аймгийн Улаангом сумын Бага сургуульд 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

        2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 255 дугаар тодорхойлолт, Улаангом хотын бага сургууль, цэцэрлэг 1991-1992 оны хичээлийн жилд ажиллах багш нарын цалин тогтоолтын баримт, Увс аймгийн Улаангом сумын Бага сургуулийн захирлын 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаар Багш Б.Б-г ажлаас чөлөөлөх учир нь гэх тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б.Б-д өгсөн зөвлөмжийн хуудас, П.С-ийн иргэний үнэмлэхийин болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Ц-ийн иргэний үнэмлэхийин болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 563 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1, маягт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1673 дугаар захирамжийн дагуу Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 294 дүгээр албан бичиг, Б.Б-гийн тэтгэвэр тогтоолын хуудсыг ирүүлсэн, гэрч П.С, Д.Ц нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Нэхэмжлэгч Б.Б-гийн Увс аймгийн Улаангом сумын Бага сургуульд 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

          2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Б-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

        Нэхэмжлэгч Б.Б нь 2020 онд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон ба тухайн үед 1991-1994 онуудад ажилласан хугацаа тооцогдоогүй үндэслэлээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

         Нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1995 оноос хойш хугацаагаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан материал дотор 1991-1994 онуудад ажиллаж байсан баримт байхгүй, зөвхөн 1995 оноос хойших хугацаагаар тэтгэвэр тогтоолгосон байна. 1995 оны баримтыг баталгаажуулж хүргүүлэв гэх албан бичиг, тэтгэвэр тогтоолтын хуудсаар тус тус тогтоогджээ.

          3. Улаангом хотын бага сургууль, цэцэрлэг 1991-1992 оны хичээлийн жилд ажиллах багш нарын цалин тогтоолт, түүний 2-рт Б.Б бага ангийн багш гэж бичигджээ.

        Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Б.Б-гийн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарт Б.Б, Эрдэм-Оргил ц/с багш, 1991 он гэж тэмдэглэжээ.

       3.1. Шүүхээс гэрч П.С, Д.Ц нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч П.С Би 1981 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. 1981-1982 онд Увс аймгийн Тариалан сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж, 1982-1983 онд Улаангом хотын бага сургуульд ажиллаж байгаад, 1987 онд гуравдугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. 1990 оны 1 дүгээр сараас Улиасны хэвийн бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. 1990 оны хавар Б.Б оюутан байхдаа над дээр ирж дадлага хийж байсан. 1991 онд сургуулиа төгсөж ирээд Улиасны хэвийн бага сургуульд бага ангийн багшаар ажилд орсон. Б.Б Улиасны хэвийн бага сургуульд бага ангийн багшаар 1995 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Улаангом хотын Бага сургуульд ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Д.Ц Би 1985 онд Архангай аймгийн багшийн сургуульд суралцаад 1989 онд бага ангийн багш мэргэжлээр төгсөж ирээд 1989 оны намар Чандманы 5 дугаар сургуульд бага ангийн багшаар 1 жил ажиллаад, 1990 онд Улиасны хэвийн бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Б.Б 1991 онд Архангай аймгийн багшийн сургуулийг төгсөж ирээд Улиасны хэвийн бага сургуульд бага ангийн багшаар ажилд орсон. Бид хамт ажиллдаг байсан тул нэгнээ мэднэ. Б.Б Улиасны хэвийн бага сургуульд бага ангийн багшаар 1995 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Улаангом хотын Бага сургуульд ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

       4. Нэхэмжлэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын Бага сургуульд 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь Улаангом хотын бага сургууль, цэцэрлэг 1991-1992 оны хичээлийн жилд ажиллах багш нарын цалин тогтоолтын баримт, Эрдэм-Оргил ц/с-д багш, 1991 он гэж бичигдсэн ХААТР-1 маягт, гэрч П.С, Д.Ц нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

        5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Б-гийн Увс аймгийн Улаангом сумын Бага сургуульд 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          7. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Увс аймгийн Улаангом сумын Бага сургуулийн захирлын 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаар Багш Б.Б-г ажлаас чөлөөлөх учир нь гэх тушаал нь хэрэгт хамааралгүй байх тул үнэлээгүй болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жиндүү ургийн овогт Б.Б-гийн Увс аймгийн Улаангом сумын Бага сургуульд 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                            ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.БОЛОР