Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/928

 

   2022            9              21                                       2022/ДШМ/928                           

 

 

А.Пхолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч А.А.Пгийн өмгөөлөгч Г.Тамир,

хохирогч Б.М

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/948 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А.Пгийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2208011095 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 А.П, 

Шүүгдэгч А.А.П нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 21-07а тоот гэртээ хохирогч Б.Б.М маргалдаж улмаар түүнийг түлхэж унаган цээжний баруун 8, 9 дүгээр хавирганы хугарал, мөр, бугалга, өгзөгт цус хуралт бүхий гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.А.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Алтанцоожийн А.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч А.А.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б.М нэхэмжлэлийн шаардлагаас 320.002 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.А.П нь хохирогчид 300.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Пгээс 347.750 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б.М олгож, хохирогч Б.Б.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан бусад зардал, дутуу авсан цалин хөлс орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.А.Пгээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А.Пгийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт шүүгдэгч А.А.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд хэдийгээр шүүгдэгч А.П400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч миний үйлчлүүлэгч болох шүүгдэгч А.А.Пгийн хувийн байдлын хувьд 3 настай охин П.Анхилууны хамт ам бүл хоёулаа амьдардаг бөгөөд шүүгдэгч А.А.П нь хувиараа компьютер ланд худалдааны төвд лангуу түрээслэн компьютерийн засвар үйлчилгээ эрхэлдэг. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй анх удаагаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Мөн үйлдсэн гэмт хэргээ ойлгож ухамсарлан гэм буруу дээрээ маргадаггүй, хохирлын тухайд сайн дураараа хохирлыг барагдуулж, үлдэгдэл хохирлыг төлнө гэдгээ илэрхийлдэг. Миний үйлчлүүлэгч А.Пг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тохиолдолд шүүгдэгч А.А.П ажил хөдөлмөр эрхэлж, орлого олж охин Т.Анхилуунаа тэжээхэд эдийн засгийн хувьд үнэхээр хүндхэн нөхцөл байдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг А.Пүрэнцэрэн нь өдөр 8 цаг хийхэд 50 хоног буюу 2 сарын хугацаанд эдлэхээр байгаа учраас энэ хугацаанд шүүгдэгч А.А.П ажил хөдөлмөр эрхэлж, орлого олоход хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгааг харгалзан үзэж өгч шүүгдэгч А.Поногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Б.М давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.А.П нь 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг өөрчилж торгууль болгож өгөөч гэж гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн үндэслэл бүхий түүний гэм бурууд, ааш араншин, догшин ширүүн байдалд, хүнийг тэр тусмаа эмэгтэй хүнийг хайрлах ойлгох нинжин сэтгэлгүйд, хүнийг, (хадам эхээ) барьж аваад зодохдоо юман чинээ бодохгүй 2 хавирга хугалж хүндэвтэр гэмтэл учруулсан этгээдийн учруулсан хохирол, хор уршиг гэм бурууд нь тохирсон шийтгэл гэж үзэж байна. Нэгэнт одоо хүртэл гэм буруугаа ойлгож ухамсарлаагүй эмчилгээний зардалд төлөхөөр шийдвэрлэгдсэн 647.000 төгрөгийн 300.000 төгрөгийг шүүх хурал дээр төлснөөс хойш үлдэх 347.000 төгрөгийг ч төлж чадахгүй одоо болтол хохирлыг барагдуулж чадахгүй байна. Тийм санхүүгийн чадваргүй байж шүүхэд худал үнэн ажил хийдэг болж баримт бүрдүүлж ирсэн заль мэх ихтэй хүн юм. А.А.П нь миний охин Цэнгэлмааг 14-15 настай байхад нь танилцаж хоргоож уруу татсаар байгаад бэлгийн амьдралд оруулж зан араншинг нь эвдсэн, хар нялхаараа байсан охины минь амьдралыг буруу замаар хөтөлж, өөрөө 11 насаар ах байж хүүхдийн толгой эргүүлж амьдралыг нь алдуулсан, улмаар жирэмсэн болгож орхиод амьдрах нэртэй хамт 5 сар амьдарч үзээд охиныг минь зодож нүдэн хөөж явуулж салсан. А.А.П нь угаасаа эхнэрээ зоддог байдал нь засраагүй улмаар намайг ялимгүй зүйлээр шалтаглан өс хонзонгоор зодсон юм. Охины маань юмны учир мэдэхгүй байдлыг далимдуулан зээ охин Анхилууныг шүүхийн шийдвэрээр булааж авсан. Өөрөө асарч харж чадахгүйгээ мэдсээр байж хүүхдийг минь авчихаад одоо харах хүнгүй, ах дүү, хаа таарсан хүндээ орхиж явдаг сурагтай. Охины ээж Цэнгэлмаа нь одоо жирэмсэн өөрийн охиноо өөр дээрээ байлган харж байх боломжтой байхад шүүхийн шийдвэрээр надад өгсөн гэж А.П түрүү барьж охиныг надаас өөр харж хандах, хүн байхгүй, нийтэд тустай ажил хийхэд 3 настай охиноо харж асрах шаардлагатай, хүүхдийн эрх зөрчигдөнө гэж тайлбарлан давж заалдаж байгаа нь үндэслэлгүй. Хүүхдээ харж асрах тэжээн тэтгэхэд хүндрэл үүсэх гээд байна гэж бодож байгаа бол ялыг биечлэн эдлэх хугацаанд болон цаашдаа зээ охин Анхилууныг эх Цэнгэлмаа болон миний бие харж асрах боломжтой юм. Одоогоор хүүхэд эх дээрээ Тахилтын 188 дугаар цэцэрлэгт сурч байгаа. Түүнчлэн зээ охиныгоо өөрийнхөө асрамжинд авах нэхэмжлэлээ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч хэрэг үүсгэн хянагдаж байгаа болно. Иймд А.Поногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр нь үнэн зөв тохирсон ял шийтгэл өгсөн тул хэвээр үлдээж, түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Пяагаад торгуулийн ял оногдуулж болохгүй талаар дүгнэлт хийсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.А.Пгийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А.П нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 21-7а тоот гэртээ хохирогч Б.Б.М маргалдаж улмаар түүнийг түлхэж унаган цээжний баруун 8, 9 дүгээр хавирганы хугарал, мөр, бугалга, өгзөгт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б.М: “...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрээсээ гараад зээ охинтойгоо уулзах гээд манай хүргэн байсан А.А.Пгийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 21-7а тоот хашааны гадна очиход хашааны хаалга нь цоожгүй байхаар нь онгойлгож ороход манай зээ охин 3 настай Анхилуун нүцгэн орилоод босоод ирсэн. Тэгэхээр нь би авч үнсээд хувцаслах гэсэн чинь хувцас нь байхгүй байна гэж хэлээд шүүгээ ухаад хувцас аваад А.П хувцаслаад цай уулгаад байж байтал урд хашаанаас хүн машинаа холдуул гээд орилсон. Тэгэхээр нь би “за" гээд гарах гэхэд зээ охин Анхилуун дагаж орилохоор нь би зээ охиноо хөтлөөд босох гэтэл А.П надад хандаж “чамд хүүхэд өгч гаргахгүй” гэж хэлээд үгийн зөрүүгүй намайг орон дээр түлхэж унагаасан. Тэгээд би босож ирээд А.Пхандаж “миний хувцас цүнх байна, гараад машинаа холдуулаад ирье” гэхэд чиний хувцас цүнхээр яадаг юм гэж хэлээд дахин намайг түлхсэн. ...Тухайн үед А.П надтай ноцолдоод миний хоолойг багалзуурдаад ноцолдож байгаад гэрийн зүүн ур талд байрлах тавиур руу хавсарсан, шалан дээр унагаагаад дээрээс өвдгөөрөө дарсан, гадаа гэрийн хаалганы төмөр бариултай хавсарч цээжээрээ түлхээд байсан. Ингэх үед миний хавирга эвгүй болж хамаг бие хөндүүр болсон байсан. ...Би эмчилгээ, шатахуун, дутуу авсан цалин хөлс гээд 2.810.388 төгрөг нэхэмжилж байна.”  /хх 23, 26-27/

яллагдагчаар А.А.Пгийн: “...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчний 21-7а тоот гэртээ охиныхоо хамт унтаж байсан. Салсан эхнэрийн ээж Б.М гэрийн хаалга тогшихоор нь сэрсэн. Тэгээд би “хэн бэ” гэхэд “хэн байвал чи онгойлгох юм” гээд зандарсан аястай хэлэхээр нь би хоолойг нь таниад хаалгаа онгойлгосон. Тэгэхэд манай 3 настай охин Анхилуун сэрээд Б.Мыг хараад уйлаад эхэлсэн. ...урд айлаас машинаа холдуулаад өгчих гэхээр нь би Б.М хэлэхэд охиныг аваад гарах гэхээр нь гаргахгүй гэхэд охиныг аваад гарах гээд хаалга руу зүтгээд дайраад байсан. Тэгэхээр би гаргахгүй гээд Б.М зууралдаад манай гэрт ноцолдоод би охиноо салгаж авсан. Тэгээд над руу дайраад байхаар нь би Б.М араас тэвэрч аваад өргөөд хаалгаар шидэхэд босгон дээр тээглээд газар арагшаа саваад унасан. Тэгээд босож ирээд дахиж ноцолдоод гэр рүү орох гээд дайраад байхаар нь би хаалганы 2 талаас оруулахгүй тэгнээд зогссон. Тэгээд би ээжийгээ дуудаад ээж, эгч, дүү 3 орж ирээд охиныг аваад би өөрөө 102-т дуудлага өгсөн...” /хх 50-51/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 6276 дугаартай “...Б.Б.М биед цээжний баруун 8, 9-р хавирганы хугарал, мөр, бугалга, өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 37-38/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.А.Пг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.А.Пг хохирогч Б.Б.М биед “цээжний баруун 8, 9-р хавирганы хугарал, мөр, бугалга, өгзөгт цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, А.А.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир “...400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй гэж хуульчилсан бөгөөд А.А.П нь дээрх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй байна.

Мөн шүүгдэгч А.А.П нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/948 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ