| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00549/ |
| Дугаар | 152/ШШ2024/00453 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 152/ШШ2024/00453
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: С ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О-д холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 1,500,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ/1521200106 тоот зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээл нь цахим зээл тул Нiрау аппликейшнээр дамжуулан зээл төлж авах боломжтой бөгөөд анх зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 11 удаа буюу 5,166,000 төгрөгийн зээл авч, зээл болон хүүгийн төлбөрт 15 удаагийн төлөлтөөр 3,865,638.28 төгрөгийн төлөлт хийсэн /зээлийн дансны хуулга хавсаргав/. 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээл төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 95134279 дугаарын утсаар холбогдож болон цахим хаягаар мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд хариуцагч Д.О-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,300,361.73 /нэг сая гурван зуун мянга гурван зуун жаран нэгэн төгрөг далан гурван мөнгө/ төгрөг, хүүгийн төлбөр 183,523.27 /нэг зуун наян гурван мянга таван зуун хорин гурван төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6,990 /зургаан мянга есөн зуун ерэн/ төгрөг, нотариатын хураамж 9,500 /есөн мянган таван зуун/ төгрөг, нийт 1,500,375 /нэг сая таван зуун мянга гурван зуун далан таван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж С ББСБ-г хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,375 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор үлдэгдэл 700,375 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.О-ийн гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн дүнгээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 800,000 төгрөгийг, үлдэгдэл төлбөр болох 700,375 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төлж барагдуулна гэж тайлбар гаргаж өгсөн байна, үүнийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь хариуцагч Д.О-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,500,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,500,375 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Д.О үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,956 төгрөгөөс 19,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 19,478 төгрөгийг, хариуцагч Д.О-гаас 19,478 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.О нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,500,375 /нэг сая таван зуун мянга гурван зуун далан таван/ төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 800,000 төгрөгийг, үлдэгдэл төлбөр болох 700,375 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 38,956 /гучин найман мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгөөс 19,478 /арван есөн мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 19,478 /арван есөн мянга дөрвөн зуун далан найм/ төгрөг, хариуцагч Д.О-гаас 19,478 /арван есөн мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-нд олгож, 19,478 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР