Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2024/00351

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: * аймаг, * сум, *баг, *тоотод оршин суух, М*овогт С*С*,

Хариуцагч: *аймаг, *сум, *р баг, *тоотод байрлах И*ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 58,664,400 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Э*,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С*,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.О* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С*, И**ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манайх И*ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 60,645,000 төгрөгийн үнэ бүхий 46,65 мкв 2 өрөө орон сууцыг захиалж, урьдчилгаа 24,258,000 төгрөгийг хоёр хувааж буюу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөө 14,258,000 төгрөгийг, 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус компанийн дансанд шилжүүлсэн. Ингээд гэрээний 2.3 дахь заалтын дагуу үлдсэн төлбөрийг 60 сарын хугацаанд сар бүрийн 03-ны өдөр төлж байхаар тусгасны дагуу сар бүр 606,450 төгрөгөөр төлж нийт төлбөр 43,664,400 төгрөгийг 2024 оны 03 дугаар сар хүртэл төлсөн байна.

Ингээд барилга хугацаандаа баригдахгүй эхний 1 жил ковид гээд, сүүлдээ бол банкнаас зээл хүсэж байгаа гэдэг байдлаар ярьсаар байсан ч барилга баригдахгүй, дорвитой арга хэмжээ авагдахгүй байсан тул 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр гэрээгээ цуцалж, төлсөн төлбөрийг маань 3 сарын хугацаанд буцаан олгохоор тохиролцож, бичиг хийсэн боловч уг хугацаа өнгөрсөн ч төлбөрөөс 1 ч төгрөг барагдуулаагүй байгаа тул бид гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр болон хүүг нэхэмжилж шүүхэд хандахаас аргагүйд хүрсэн.

Хариуцагч талын сая ярьсан гэрээний 2.5 дахь заалтын дагуу бол гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг байдлаар гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэвэл гэрээ байгуулагдсанаас хойш төлбөрийг сар бүр буюу 2024 оны 3 сарын 24 хүртэл төлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтууд, урьдчилгаа төлбөрийг 2 хувааж төлсөн баримт зэргээр тогтоогдож байгаа. 2024 оны 3 сарын 24-ний өдөр Их тугчин говь компанид хүсэлтээ гаргаад гэрээг 2024-ний 3 сарын 24-ний өдөр цуцалчихсан байгаа учраас бид нар төлсөн төлбөр болон алданги нэхэмжлэхдээ гэрээг тухайн компанитай тохиролцсоны дагуу 2024 оны 3 сарын 24-нд дуусгавар болсон цаг хугацаанаас хойших алдангийг нэхэмжлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа 1,200,000 төгрөгөөр илүү тооцож нэхэмжилснийг шүүх сая тооцоо гаргаад үзчихсэн илүү тооцчихсон байна. Тэгэхлээр төлбөр төлсөн 42,452,450 төгрөг энэ дээр алданги 15 сая төгрөг гэж тооцоод нийт 57,452,450 төгрөгийг И* компаниас гаргуулж нэхэмжлэлд олгох нь бол зүйтэй байна. 15 сая төгрөгийн алдангийг яаж тооцсон гэдгээ шүүхэд тайлбарлая. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтрэхгүй гээд хуульд заачихсан байгаа иргэний хуулийн 232.4-д заачихсан. Тэгэхлээр гүйцэтгээгүй үүрэг гэдгээ яаж тооцсон юм гэхлээр гүйцэтгэх ёстой үүрэг бол тухайн бүхэлдээ байр байгаа. Тэгэхлээр байрны нийт үнэ буюу 60,645,000 төгрөгөө гүйцэтгээгүй үүрэг гэж үзэж байгаа. Тэрнээс нэхэмжлэгч талын компанид төлчихсөн байгаа мөнгийг бол гүйцэтгээгүй үүрэг гэж үзэхгүй учраас байраа нийт бүхэлдээ гүйцэтгээгүй үүрэг гэж үзээд 60,645,000 төгрөгийн 0,1% нь 60,645 төгрөг байна гэж үзээд энийгээ гэрээний 5.10-д заасны дагуу 31 дэх хоногоос гэж тооцоод 4 сарын 1-ээс хойш тооцоод 2022 оны 4 сарын 1-ээс хойш гэрээ цуцлагдсан 2024 оны 3 сарын 24 хүртэлх хугацаагаар тооцоод үзэхлээр 43 сая болчхоод байгаа юм. Тэгэхлээр 232.4 дэхэд зааснаараа нэг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй гэдэг заалтаар хасахаар бараг 30 саяын алданги болохоор байгаа. Гэхдээ энийгээ дахиад 50% багасгаад 15 сая гэдэг байдлаар л нэхэмжилсэн юм. Яг хуулиараа явах юм 30 сая 320 мянган төгрөгийг нэхэмжлэх боломжтой боловч 15 сая л гэдэг байдлаар тооцож нэхэмжлээд нийт 57,452,450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шүүхэд хүсэж байна. Энэ 243.1-д заасан компани эрхийн доголдолгүй, биет байдлын доголдолгүй орон сууцыг хугацаандаа хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Хариуцагч тал гэрээнд заасны дагуу урьдчилгаа болон сар бүрийн төлбөрийг төлөх бол үүргийг хүлээсэн. 2 тал үүрэг хүлээсэн хугацаагаа бол гэрээнд маш тодорхой заачихсан. Өөрөөр хэлэх юм компани 2022 оны 1 дүгээр улиралд буюу 22 оны 4 сарын 1-ний дотор ашиглалтад өгнө гээд хугацаагаа тодорхой заачихсан. Харин хариуцагч тал үүрэг гүйцэтгэх хугацаагаа урьдчилгаа төлбөрийг ингэж төлнө, үлдэгдэл төлбөрийг 5 жилийн хугацаанд буюу 60 сарын хугацаанд хувааж төлнө гээд заачихсан байгаа учраас И** компани гэрээнд заасан үүргээ зөрччихсөн байна гэдэг үүднээс Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хувьд шаардах эрх үүсэж байгаа. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.С*н нэхэмжлэлтэй танилцлаа. Манай компани нь нэхэмжлэгч С.С*2021 оны 07 дугаар сард Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокийн ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээний алданги болох 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харилцан гэрээг тохиролцож хийсэн боловч давагдашгүй хүчин зүйлээс болоод ажил зогссон. Тэгээд дээр нь захиалагч нар нь цаг тухайн үедээ мөнгөө төлж байсан бол бага багаар ч гэсэн цаашаа явагдах байсан болов уу гэж би бодож байгаа. Гэтэл аль аль талдаа гэрээнийхээ үүргийг биелүүлж цаг тухайд нь мөнгөө өгч байгаагүй. Иймэрхүү байдлаас энэ доголдолт холбоотой гэж үзэж байгаа болохлоор би алдангийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Ерөөсөө алдангийг нь хүлээн зөвшөөрөхгүй л гэж үзээд байгаа. Гэрээний 2.5-ын заалтыг үндэслээд хүчингүй гэж үзэж байна. Урьдчилгаа өгөөд урьдчилгаагаа 2 тасалж өгсөн болохлоор гэрээнийхээ заалтыг 2.5-ыг үндэслэх болов уу гээд байсан чинь 2 удаа гэрээ хийсэн гээд тэгж байгаа юм. Хамт хийсэн нөгөө гэрээ нь хаана байгаа юм бол? Давхар гэрээ тохиролцож хийсэн гээд байгаа. Надад тийм баримт нь байхгүй болохлоор би тэр гэрээг нь давхар 2 удаа хийсэн гэсэн зүйл байхгүй болохоор урьдчилгаа мөнгөө тасдаж хийсэн болохоор гэрээний заалтаа зөрчсөн гэсэн үг гэв.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2-3х/, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1428 дугаартай итгэмжлэл /хх-х4/, 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ цуцлах тухай хүсэлт /хх-5х-6х/, нэхэмжлэгчийн дансны хуулганы баримт /хх-8-30х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-39х/, итгэмжлэл /хх-40х/, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ /хх-47-51х/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-53х/, И*ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-72х/, барилгын гэрэл зураг /хх-73х/, * аймгийн Засаг даргын А* дугаартай захирамж /хх-74-78х/, хариуцагч талын дансны хуулга /хх-100х/, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх-101-105х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

2.Нэхэмжлэгч С.С* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а.И* ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсны дагуу шилжүүлсэн 43,664,400 төгрөг, алданги 15,000,000 төгрөг нийт 58,664,400 төгрөг гаргуулна гэж,

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С*татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а. Нэхэмжлэгч С.С* 2021 оны 07 дугаар сард Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокийн ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, гэрээний алданги болох 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

И* ХХК болон С.С* нар 2021 оны 07 сарын 29-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй гэрээ байгуулж * аймгийн * сумын 8 дугаар баг Авто тээврийн үндэсний төвийн хойд талд 40 апартмент орон сууцны 5 давхарт 506 тоот бүхий 46,64 м2 орон сууцыг И* ХХК 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, С.С*60,645,000 төгрөгийг 24,258,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдэл мөнгийг гэрээ байгуулснаас хойш дараа сараас эхлэн сар бүрийн 03-ны өдөр 60 сар буюу 5 жилийн хугацаанд хуваан төлөхөөр тохиролцжээ. /хх 101-105 тал/

С.С* гэрээний дагуу

2021 оны 07 сарын 29-ний өдөр 14,258,000 төгрөг,

2021 оны 09 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг,

2021 оны 11 сарын 01-ний өдөр 606,450 төгрөг,

2021 оны 11 сарын 30-ны өдөр 606,450 төгрөг,

2022 оны 03 сарын 31-ний өдөр 606,450 төгрөг,

2022 оны 05 сарын 01-ний өдөр 606,450 төгрөг,

2022 оны 06 сарын 02-ны өдөр 606,450 төгрөг,

2022 оны 11 сарын 30-ны өдөр 606,450 төгрөг,

2022 оны 12 сарын 30-ны өдөр 606,450 төгрөг,

2023 оны 01 сарын 31-ний өдөр 606,450 төгрөг,

2023 оны 02 сарын 28-ны өдөр 606,450 төгрөг,

2023 оны 03 сарын 10-ны өдөр 5,459,000 төгрөг,

2023 оны 03 сарын 31-ний өдөр 606,450 төгрөг,

2023 оны 05 сарын 01-ний өдөр 606,450 төгрөг,

2023 оны 05 сарын 31-ний өдөр 606,450 төгрөг,

2023 оны 06 сарын 30-ны өдөр 606,450 төгрөг,

2023 оны 07 сарын 31-ний өдөр 606,450 төгрөг,

2023 оны 08 сарын 31-ний өдөр 606,450 төгрөг,

2023 оны 09 сарын 30-ны өдөр 606,450 төгрөг,

2023 оны 11 сарын 01-ний өдөр 606,450 төгрөг,

2023 оны 12 сарын 01-ний өдөр 606,450 төгрөг,

2024 оны 01 сарын 01-ний өдөр 606,450 төгрөг,

2024 оны 02 сарын 01-ний өдөр 606,450 төгрөг,

2024 оны 03 сарын 02-ны өдөр 606,450 төгрөг нийт 42,452,450 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, /хх 7-30, 79-100 тал/

Гэрээний талууд 2024 оны 03 сарын 24-ний өдөр харилцан тохиролцож уг гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байна. /хх-6 тал/

И*ХХК нь * аймгийн *сумын*баг *тоот хаягт байршилтай 2800.67 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн*дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /хх-72 тал/

Талуудын хооронд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

Захиалагч нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр урьдчилгаа төлбөр 14,258,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг дараа сараас эхлэн сар бүрийн 03-ны өдөр 60 сарын хугацаанд хуваан төлөхөөр, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд ажлын 1 хоногтоо хэвээр хадгалж уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээг хүчингүйд тооцохоор, захиалагч нь төлбөрөө гэрээний 2.7-д заасан 14 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцжээ.

Хариуцагч И*ХХК нэхэмжлэгчийн төлсөн 42,452,450 төгрөгийг төлнө, маргаан бүхий орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй, нэхэмжлэгч төлөлтөө хугацаандаа төлөөгүй, ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг шалтгаанаар алданги төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр, төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчлэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-343.4 дэх хэсгүүдэд зохицуулсан.

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний зүйл нь 506 тоот орон сууц байхаар тохиролцжээ.

Ажил гүйцэтгэгч уг орон сууцыг 2022 оны 1 дүгээр улирал дуустал буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтанд ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн буюу 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагч талд төлөхөөр талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт заасан байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж,

222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч С.С*н захиалан бариулахаар тохиролцсон 506 тоот орон сууцны барилга нь 85 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ авсан тул энэ хэмжээгээр үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна.

Гэрээний зүйл болох 506 тоот орон сууцны хувьд гэрээний хугацаа дууссаны дараа орон сууцны гүйцэтгэлээр үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.

Учир нь нийтийн зориулалттай орон сууцыг Барилгын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэдэг, тухайн орон сууцыг ашиглалтад оруулаагүй байхад нэхэмжлэгчид тусад нь салган гүйцэтгэсэн үүргийн хэмжээнд хүлээлгэн өгөх боломжгүй юм.

Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зохицуулсан.

Талууд 2024 оны 03 сарын 24-ний өдөр харилцан тохиролцож гэрээгээ цуцалсан.

Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасан.

Нэхэмжлэгч гэрээний дагуу 42,452,450 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул энэ мөнгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Түүнчлэн гэрээ цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдэг.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсний улмаас талууд гэрээ цуцалсан байх тул гэрээ цуцлах хүртэлх хугацааны алданги шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Гүйцэтгэгч тал гэрээг зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг орон сууцны үнэ болох 60,645,000 төгрөг гэж тооцон 1 хоногийн алданги 60,645 төгрөг болно. 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл 694 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Алдангийн хэмжээ 42,087,630 төгрөг болсон. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгч 30,322,500 төгрөгийн хэмжээн алданги нэхэмжлэх эрхтэй байх тул алдангид 15,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангийг гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч ковид-19 цар тахал өвчний улмаас нөхцөл байдал өөрчлөгдсөн, давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн, нөхцөл байдал өөрчлөгдсөн гэрээг шинэчлэн байгуулахаар захиалагч нартай уулзах гэсэн боловч ирээгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагч талын шүүхэд ирүүлсэн *аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 20-ны өдрийн А/323 дугаар захирамжийг хэрэгт хавсаргасан. Дээрх захирамжид заасан хязгаарлалтын арга хэмжээнээс хойш гэрээ байгуулагдсан байх тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчаас 57,664,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,211,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар С.Сумъяабазараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451,272 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж Их тугчин говь ХХК-иас 446,272 төгрөгийг гаргуулж С.Сумъяабазарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан хариуцагч И*ХХК-иас 57,664,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С*т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,211,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.С*с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 446,272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ