Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/894

 

 

 

 

 

 

   2022             9             13                                        2022/ДШМ/894

 

 Ч.Л-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Ч.Л-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн,    

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор С.Батсүрэнгийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ч.Л-д холбогдох эрүүгийн 2209000001202 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ч-ийн Л, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..................... төрсөн, .. настай, эрэгтэй, ................ боловсролтой, ................ мэргэжилтэй, “........................” ХХК-д ...................... дарга ажилтай, ам бүл ..., ............ дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ..................../; 

Шүүгдэгч Ч.Л нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангри-Ла малл”-ын 1 давхарт иргэн Б.А-г үл ялих зүйлээр буюу “тус төвөөс гарах хаалгыг гараараа зааж өгсөн” гэж шалтаглан зодож, эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөг, духанд цус хуралт, баруун ташаа, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чулуундоржийн Лг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Ч-ийн Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, хохирогч Б.А нь шүүгдэгч Ч.Л-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор С.Батсүрэн эсэргүүцэлдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.Л-г ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Л нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангри-Ла малл”-ын 1 давхарт иргэн Б.А-г үл ялих зүйлээр буюу “Тус төвөөс гарах хаалгыг гараараа зааж өгсөн” гэж шалтаглан түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож, эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөг, духанд цус хуралт, баруун ташаа, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж хуульчилсан байхад шүүгдэгч Ч.Л-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Н.Булганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Учир нь, хэрэгт авагдсан 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хохирогчийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...бүгдээрээ согтуу байсан болохоор зориг ороод зодсон байх...” гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Ч.Л шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар мэдүүлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан хуулийн заалтыг зөрчиж, түүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Л-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүх асуудал нь эрүүгийн хариуцлагад орно. Шүүх эрх, хэмжээнийхээ хүрээнд хэргийг дүгнэж, шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ч.Л-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Ч.Л нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангри-Ла малл”-ын 1 давхарт иргэн Б.А-г үл ялих зүйлээр буюу “тус төвөөс гарах хаалгыг гараараа зааж өгсөн” гэж шалтаглан зодож, эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөг, духанд цус хуралт, баруун ташаа, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.А-н “...2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла малл” төвийн 1 давхарт явж байхад Ч.Л гэх залуу нь баруун хөмсөг болон баруун нүд шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. Мөн намайг явж байхад зүүн хөл рүү өшиглөж, хавирч унагаасан ба тэр үед би баруун ташаа хэсгээрээ газар унасан. Тэр үед үүссэн гэмтэл. Тухайн үед Ч.Л нь өөрийн найз А.Наранбат гэх залуутай явж байсан ба тэр найз нь миний баруун бугалга хэсэг рүү нэг удаа түлхсэн. Гэхдээ гэмтэл учрах хэмжээнд түлхээгүй болно. Харин Ч.Л нь нүүрэн тус газарт 2-3 удаа, зүүн шилбэ рүү нэг удаа өшиглөсөн. Бас дээр дарж унасан. Эмчилгээнд 80.000 төгрөгийг зарцуулсан. Би тухайн эрэгтэй хүнд зодуулчихаад ажлаа хийгээгүй, ажил маань 5 хоног цалгардсан...” гэх мэдүүлэг /хх 14/,

Гэрч А.Н-ын “...Тэгээд гарах гэж байгаад тухайн барилгын 1 давхарт нэг хүнтэй үл ойлголцох шалтгааны улмаас муудалцсан. Тэгээд би тухайн хүний мөр хэсэг рүү нэг удаа цохисон ба манай найз Ч.Л нь тухайн хүнтэй муудалцаж нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиод, зүүн хөл рүү нь өшиглөөд газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх 22/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №7619 дугаартай шинжээчийн “...Б.А-н биед баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөг, духанд цус хуралт, баруун ташаа, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 24-25/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх 59/, шүүгдэгч Ч.Л гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Дээд шатны прокурор Ч.Батсүрэнгээс “...Ч.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан, мансуурсан үед гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан байхад Ч.Л-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Л-г согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хэрэгт хангалттай нотлоогүй бөгөөд Б.А-н гэрчээр өгсөн “бүгдээрээ согтуу байсан болохоор зориг ороод зодсон байх” гэх мэдүүлгээс өөрөөр нотолж тогтоогоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид ашигтай байдлаар буюу анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул дээд шатны прокурор С.Батсүрэнгийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор С.Батсүрэнгийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               М.АЛДАР

                         ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

                         ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ