Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2024/0326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өнгөттулга хоршоо

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

Хэргийн индекс: 128/2024/0090/3

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Өнгөттулга хоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 290 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч Өнгөттулга хоршоонд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт орших Цорж толгой нэртэй, 29 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглалтын MV-010196 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 924 дүгээр шийдвэрээр олгосон.

2.2. Нэхэмжлэгч нь дээрх тусгай зөвшөөрлийн 19 дэх жилийн төлбөрийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байжээ.

2.3. Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11/3797 дугаар албан бичгээр Өнгөттулга хоршоонд хандан ... 19 дэх жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна гэж мэдэгдлийг Ашигт малтмал газрын тосны газарт бүртгэлтэй хаягаар шуудангаар хүргүүлсэн. Уг мэдэгдлийг нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шуудангаас гардаж авсан байна. /хх-11, 12, 7 тал/

2.4. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 290 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй тул Өнгөттулга хоршооны MV-010196 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. /хх-54 тал/

2.5. Ийнхүү цуцалсан болохыг Ашигт малтмал, газрын тосны газар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10/4198 дугаар албан бичгээр Өнгөттулга хоршоонд мэдэгдсэн. /хх-70 тал/ Уг мэдэгдлийг мөн шуудангаар хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шуудангаас хүлээн авсан. /хх-6 тал/ Мөн хариуцагчаас 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Өнөөдөр сонинд нийтлүүлжээ. /хх-86-87/

2.6. Өнгөттулга хоршооноос 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1/5 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалд хандан ... 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож лицензийг эргэн олгож өгнө үү гэж гомдол гаргасан.

2.7. Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4452 дугаар албан бичгээр Өнгөтулга хоршоонд хандан ...танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье гэх хариуг өгснийг нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шуудангаас гардан аваад /хх-8 тал/ тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

3. Нэхэмжлэгч Өнгөттулга хоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Өнгөт тулга хоршоо ХХК нь анх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Цорж толгой гэх газарт тухайн үеийн Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 924 дүгээр шийдвэрээр 29 гектар талбайд "хүрмэн чулуу" олборлох ашиглалтын 10196A/MV-010196 / тоот лиценз авсан билээ.

3.2. Энэ хугацаанд хуульд заасан үүргээ биелүүлэн, 18 жил тасралтгүй тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөөр ирсэн. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 290 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч тус газрын даргад гомдол гаргасан боловч хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байх бөгөөд тус хариу өгсөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 09 дүгээр арын 20-ны өдрийн 1/4452 тоот албан бичгийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сумын шуудангаас хүлээн аваад шүүхэд гомдол гаргаж байна.

3.3. Анх Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11/3797 тоот төлбөр төлөх, лиценз цуцлах тухай мэдэгдэл нь манай суманд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шуудангаар ирсэн байх бөгөөд нутгийн иргэн н.Отгоо 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаасаа хойш 3 хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 07-ны өдөр надад хэл хүргэснээр мэдсэн. Миний бие мэдэгдлийг хүлээн авмагц 09 дүгээр сарын 08-ны өдөр лицензийн төлбөрөө төлөхөөр танай газар луу, өөрийн төлөөлөгчөө явуултал "төлбөр төлөх боломжгүй, лицензийг цуцалсан" талаар олж мэдсэн.

3.4. Миний бие хугацаандаа төлбөрөө төлөх ёстой хэдий ч, 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мориноос унаж хөлөө хугалсан бөгөөд хөдөө гэртээ эмчилгээ хийж байгаад 9 сар дөнгөж гаргаад хүүхдийн хичээл сургууль эхэлсэн тул хөл сайн эдгээгүй хэдий ч аргагүйн эрхэнд сумын төв орж ирснээр энэ тухай мэдсэн болно, Миний бие хүрмэн чулуугаа олборлож, сум орон нутагтаа ажлын байр гаргахаар өдий олон жил нэг нэгээр нь техник авч зардал гаргасан, мөн энэ жил хөрөнгө оруулагч түнш олж хамтран үйл ажиллагаа явуулахаар хэлцэл хийж байтал лицензээ цуцлуулсандаа гомдолтой бөгөөд хохиролтой байна. Манай хоршооны хувьд төв суурин газар тодорхой хаяг бүхий өврийн албан өрөөгүй бөгөөд миний бие Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2-р багт оршин суудаг малчин хүн юм. Хөдөө орон нутагт утасны сүлжээ хязгаарлагдмал, интернэт байхгүй, сонин хэвлэл ирдэггүй зэрэг бэрхшээл одоо болтол байсаар байна.

3.5. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу оролцогчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах эрхээр хангаагүй. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон талаар миний бие мэдэгдлийг хүлээн авмагц 09 дүгээр сарын 08-ны өдөр лицензийн төлбөрөө төлөхөөр танай газар луу, өөрийн төлөөлөгчөө явуулж мэдэхээс өмнө ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "хүчингүй болгох" гэж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах", 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй манай хоршоонд шийдвэр гаргахаасаа өмнө мэдэгдэж, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт заасан шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь зөрчиж явагдсан. Дахин хэлэхэд Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох, нотлох баримт бүрдүүлэх, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5-д заасан нөхцөл байдлыг тогтоох, 25.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд зааснаар сөрөг үр дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл манай хоршоонд сөрөг нөлөө бүхий захиргааны шийдвэр болох 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 290 дүгээр шийдвэр гаргаx үйл ажиллагаанд уг намайг татан оролцуулж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэрийг гаргах ёстой байсан.

3.6. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл, үндэслэлийг зөвшөөрөлгүй талаар мэдэгдээгүй ба ийнхүү мэдэгдээгүйн улмаас тусгайг Зөвшөөрөл цуцлах үндэслэлийг зөвшөөрөхгүй талаарх үндэслэл, түүнийг нотлох баримтыг гаргах боломжоор хангаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хийлгүйгээр 2023 оны 290 дүгээр шийдвэрийг гаргажээ Манай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй байхад бодит болон хууль зүйн үндэслэлгүйгээр, шийдвэр гаргах журам зөрчиж гаргасан дээрх шийдвэр нь бүхэлдээ хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Өнгөт тулга" хоршооны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

4.2. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт орших "Цорж толгой" нэртэй, 29 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглалтын MV-10196 дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 924 дүгээр шийдвэрээр "Өнгөт тулга хоршоонд олгосон байна.

4.3. "Өнгөт тулга" хоршоо нь ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй мөн хуулийн 34.6-д "Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна" 34.7-д "Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу 56.1.2-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална" гэсэн хуулийн заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 290 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-10196 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

4.4. Ашигт малтмалын ашиглалтын МV-10196 дугаартай тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11/3797, цуцалсан тухай мэдэгдлийг 2023 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 10/4198 дугаартай "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгүүдээр хүргүүлсэн байна.

4.5. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43,1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. 43.3-т "Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно" гэж заасан байна.

4.6. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын MV-10196 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсаар, Өнөөдөр сонинд зар гаргаж тус тус нийтэлсэн байна.

4.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр 14.1. Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаprax ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол; гэж заасан байна.

4.8. Нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж 1/5 дугаартай гомдлыг гаргасан байх бөгөөд тус газраас гомдлын хариуг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4452 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Өнгөттулга хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс ... Миний бие хугацаандаа төлбөрөө төлөх ёстой хэдий ч, 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мориноос унаж хөлөө хугалсан бөгөөд хөдөө гэртээ эмчилгээ хийж байгаад 9 сар дөнгөж гаргаад хүүхдийн хичээл сургууль эхэлсэн тул хөл сайн эдгээгүй хэдий ч аргагүйн эрхэнд сумын төв орж ирснээр энэ тухай мэдсэн болно... Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5-д заасан нөхцөл байдлыг тогтоох, 25.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээгүй... гэж маргажээ.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална гээд 56.1.2-т тусгай зөвшөөрлийн эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж тус тус заасан.

4. Нэхэмжлэгч нь ашигт малтмал ашиглалтын MV-010196 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтаар тусгай зөвшөөрлийн 19 дэх жилийн төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөөгүй нь нотлогдож байна. Мөн нэхэмжлэгчээс төлбөр төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ..2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мориноос унаж хөлөө хугалсан... хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байгаа нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээс чөлөөлөх, хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй.

6. Тодруулбал, хуулийн дээр дурдсан заалтаар тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг хадгалахын тулд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн үүрэг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно. гэж зааснаар нэхэмжлэгч Өнгөттулга хоршооны төлөөлөгч М.Ганбаатар нь өвчний улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай байлаа ч хуульд заасан хугацааны дотор өөрт ойр байрлах банкинд төлбөрөө төлж, баримтаа ирүүлэх боломжтой байхад энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана. 56.3.Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. 56.4.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ. гэж тус тус заажээ.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Монголын үндэсний өдөр тутмын сонин Өглөөний сонины 116 (3917) дугаарт тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж бүртгүүлэхийг аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн, үүнд нэхэмжлэгч хоршооны нэр багтсан, түүнчлэн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11/3797 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн болохыг мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдлийг захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн зэргээр захиргааны байгууллага нь дээрх хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

9. Дээрх байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, цуцлах харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хариуцагч захиргааны байгууллагаас хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан тул нэхэмжлэгчийн алс зайдуу амьдардаг, өвчтэй байсан, мэдэгдлийг шуудангаас сүүлд авсан зэрэг шалтгаанаар маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй юм.

10. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2 дахь заалтыг тус тус баримтлан Өнгөттулга хоршооноос Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 290 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ