Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 136/ШШ2024/00365

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: * аймаг,* сум, *баг, *тоотод оршин суух А* овогт Б*М*

Хариуцагч: * аймаг, * сум, * баг, * тоотод байрлах, “И*” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 83,970,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э*,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С*,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Г*,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М*, “И*” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б* М*миний бие “И*” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж, * аймгийн** сумын*хэсэг, * баригдаж байгаа “40 Апартмент” хотхоны байрны 3 давхарт 303 тоот хаягт байрлах 46,65 мкв 2 өрөө орон сууцыг хүлээн авахаар тохирсон. Тус барилга нь гэрээний 2.1-т зааснаар 2022 оны 02 дугаар улиралд дуусах, гэрээний 2.2-т зааснаар орон сууцны нийт төлбөр 55,980,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон.

Миний бие гэрээний үүргийн дагуу “И*” ХХК-ний * банкны * тоот данс руу 2021 оны 04 сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 07 сарын 31-ны өдөр 32,980,000 төгрөг нийт төлбөр 55,980,000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Тухайн барилга баригдах гэрээнд заасан хугацаа өнгөрсөн өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй, цаашид баригдах нь тодорхойгүй зогсонги байдалтай болсон тул “И*” ХХК-тай 2021 оны 04 сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, байрны төлбөрт шилжүүлсэн 55,980,000 төгрөг, тус гэрээний 5.10-д зааснаар алданги 27,990,000 төгрөг нийт 83,970,000 төгрөгийг “И**” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч тал цар тахлын улмаас ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа бол үүнийгээ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан журмын дагуу сертификат авч хэрэгт өгөөгүй, 2023, 2024 оны алдангийг тооцоход л 600 хоногт 33,000,000 төгрөгний алданги гарч байна. Ковидын нөхцөл байдлыг даваад гарсны дагаа тухайн барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад орохгүй зогсонги байдалтай 2 жил гаруй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв. 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэгч Б.М*2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокын ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээний алданги болох 27,990,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  Хамгийн гол нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хийгдэх ёстой ажлын 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа болох нь *аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон албан ёсны гэрчилгээгээр нотлогдох тул гэрээний 5.10-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй ажлын 15 хувь болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалдан шүүх түүнийг багасгаж болно гэсэн байх тул дэлхий нийтийг хамарсан цар тахал, захиалагч нар нь төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй, барилгын материалын үнэ нэмэгдсэн зэрэг бүх байдлыг харгалзан үзээд алдангийг 15 хувьд нь оногдох хэмжээгээр гаргуулах шийдвэр гаргахыг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2-2х/, Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3х/,  2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0338 дугаартай итгэмжлэл /хх-х4/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга  2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр /хх-5х/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга  2021 оны 04 дугаар сарын 23-ны өдөр /хх-6х/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга  2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр /хх-7х/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга  2022 оны 04 дугаар сарын 14-ний өдөр /хх-8х, 2021 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ  /хх-9-13х/,  зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-22х/, “И*” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-48х/, Барилгын гүйцэтгэлийн зураг /хх-49х/, 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/336 дугаартай засаг даргын захирамж /хх-50-51х/, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/349 дугаартай засаг даргын захирамж /хх-52х/, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/184 дугаартай засаг даргын захирамж /хх-53х/, 2021 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн А/233 дугаартай засаг даргын захирамж /хх-54х/, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/206 дугаартай засаг даргын захирамж /хх-55-56х/, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/173 дугаартай засаг даргын захирамж /хх-57-58х/, Дансны хуулга 2021 оны 04 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ныг хүртэл /хх-59-62х/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр /хх-77-78х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

2.Нэхэмжлэгч Б.М* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а.“И*ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 13 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсны дагуу шилжүүлсэн 55,980,000 төгрөг, алданги 27,990,000 төгрөг нийт 83,970,000 төгрөг гаргуулна гэж,

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С* татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а. Нэхэмжлэгч Б.М* 2021 оны 07 дугаар сард Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокийн ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, гэрээний алданги болох 27,990,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

“И*” ХХК болон Б.Мөнхсаруул нар 2021 оны 04 сарын 23-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй гэрээ байгуулж *аймгийн **сумын *баг * * орон сууцны 3 давхарт 303 тоот бүхий 46,65 м2 орон сууцыг “И*ХХК 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, Б.М*55,980,000 төгрөгийг 23,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдэл мөнгийг гэрээ байгуулснаас хойш дараа сараас эхлэн сар бүрийн 30-ны өдөр 60 сар буюу 5 жилийн хугацаанд хуваан төлөхөөр тохиролцжээ.  /хх 9-13 тал/

Б.М* гэрээний дагуу

2021 оны 04 сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөг,

2021 оны 06 сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг,

2022 оны 04 сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөг,

2023 оны 07 сарын 31-ний өдөр 17,980,000 төгрөг,

нийт 55,980,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлжээ. /хх 5-8 тал/

“И* ХХК нь * аймгийн *айршилтай 2800.67 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /хх-48 тал/

Талуудын хооронд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

Захиалагч нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилгаа төлбөр 23,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг дараа сараас эхлэн сар бүрийн 03-ны өдөр 60 сарын хугацаанд хуваан төлөхөөр, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд ажлын 1 хоногтоо хэвээр хадгалж уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээг хүчингүйд тооцохоор, захиалагч нь төлбөрөө гэрээний 2.7-д заасан 14 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцож төлөхөөр,  

Ажил гүйцэтгэгч уг орон сууцыг 2022 оны 2 дугаар улирал дуустал буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтанд ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн буюу 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагч талд төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ.

Хариуцагч “И*ХХК нэхэмжлэгчийн төлсөн 55,980,000 төгрөгийг төлнө, маргаан бүхий орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй, нэхэмжлэгч төлөлтөө хугацаандаа төлөөгүй, ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг үндэслэлээр алдангийн хэмжээ илт их байвал шүүх багасгах боломжтой тул алдангийг багасгуулна гэж маргаж байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр, төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчлэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-343.4 дэх хэсгүүдэд зохицуулсан.

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний зүйл нь 303 тоот орон сууц байхаар тохиролцжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж,

222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн байна. 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.М*н захиалан бариулахаар тохиролцсон 303 тоот орон сууцны барилга нь 85 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ авсан тул энэ хэмжээгээр үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна.

Гэрээний зүйл болох 303 тоот орон сууцны хувьд гүйцэтгэсэн ажлын хувиар орон сууцны гүйцэтгэлээр үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.

Учир нь нийтийн зориулалттай орон сууцыг Барилгын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэдэг, тухайн орон сууцыг ашиглалтад оруулаагүй байхад нэхэмжлэгчид тусад нь салган гүйцэтгэсэн үүргийн хэмжээнд хүлээлгэн өгөх боломжгүй юм.

Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зохицуулсан.  

Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасан.

Нэхэмжлэгч гэрээний дагуу 55,980,000 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул энэ мөнгийг гаргуулах үндэслэлтэй байна. 

Түүнчлэн гэрээ цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдэг.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсний улмаас гэрээ цуцлах шаардлага гаргаж байх тул тэдний гэрээг цуцлах үндэслэлтэй байна.  

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Гүйцэтгэгч тал гэрээг зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг орон сууцны үнэ болох 55,980,000 төгрөг гэж тооцон 1 хоногийн алданги 55,980 төгрөг болно. 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл 602 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул алдангийн хэмжээ 33,699,960 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн шаардсан 27,990,000 төгрөгийн алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх тул алдангид 27,990,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангийг гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч ковид-19 цар тахал өвчний улмаас нөхцөл байдал өөрчлөгдсөн, давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн, нөхцөл байдал өөрчлөгдсөн гэрээг шинэчлэн байгуулахаар захиалагч нартай уулзах гэсэн боловч ирээгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагч талын шүүхэд ирүүлсэн * аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 20-ны өдрийн *3 дугаар захирамжийг хэрэгт хавсаргасан.

Хариуцагч 2022 оны 07 дугаар сард орон сууцыг 85 хувийн гүйцэтгэлтэй гэж улсын бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш 2 жил гаруй хугацаанд нэмж ажил гүйцэтгээгүй байх тул хариуцагч талын алдангийн хэмжээг багасгах санал үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчаас 83,970,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Б.М*н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 577,800 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж “И*” ХХК-иас 577,800 төгрөгийг гаргуулж Б.М*д олгох нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 236 дугаар зүйлийн 236.2, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан хариуцагч “И*” ХХК-иас  83,970,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М*д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М*с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 577,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 577,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АРИУНЗУЛ