| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2017/0601/Э |
| Дугаар | 544 |
| Огноо | 2017-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 544
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Эын Эод холбогдох 1708016690162 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
- урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 371 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоосон,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 371 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялын зарим болох 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жил хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 6 жил 05 сар 06 хоногийн хорих ялаас чөлөөлсөн, И овогт Эын Э, РД:...,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро төвийн “Хас” банкны үүдэнд иргэн Д.Ог ямар нэгэн шалтгаангүйгээр толгойн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро төвийн “Хас” банкны үүдэнд иргэн Д.Ог ямар нэгэн шалтгаангүйгээр толгойн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-2-3/
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31/
- хохирогч Д.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 25-ны орой 18 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн автобусны буудлын хойд талын Хас банкны салбарт зээлийн төлөлтөө хийх гээд банк хаахаас өмнө гүйгээд Хасбанкны үүдэнд 2 залуутай зөртөл малгай өмссөн залуу нь “миний толгой руу гарынхаа араар нэг удаа цохичихоод явсан. Би толгойгоос цус гарахаар нь нөгөө 2 залуугийн араас нь очоод “яагаад чи намайг цохиж байгаан” гэхэд зугтаасан. Цагдаад дуудлага өгсөн ба тэнд жимс зардаг эмэгтэй толгой хагалсан хүнийг олж өгсөн. эмчилгээнд 100.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Мөнгөө авсан тохиолдолд гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-11/
- гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро үйлчилгээний төвийн урд 18 цагийн үед жимс зарж байхад Хас банкны урд 2 залуу 1 эмэгтэйн толгой руу нь гараараа цохичихоод зугатаачихсан. Тэр эмэгтэйн толгойноос цус гараад эхэлсэн. Цагдаа нар ирэхээр нь цохисон залууг зааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-12/
- гэрч Н.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро үйлчилгээний төвд байрлах Начин заан ломбарданд хамгаалагчаар ажиллаж байсан. 18 цагийн үед үйлчилгээний төвийн үүдэнд 2 залуу зөрж байсан 1 эмэгтэйн толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэр цохиулсан эмэгтэй толгойгоо бариад ёолоод байсан...гэх мэдүүлэг /хх-13/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12251 дугаартай:...Д.Огийн биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-19/
- шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 12251 дугаартай дүгнэлт дээрх Д.Огийн хуйханд үүссэн шарх ирмэг бүхий бөгжтэй гараар цохиход үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-14-15/
- шүүгдэгч Э.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд: ял шалгах хуудас /хх-34/, Баянгол дүүргийн 2008 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоол, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 149 дугаартай “ялаас өршөөн хасах тухай” шүүгчийн захирамж
- шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зочид буудалд Хосбаяр ахтай архи уугаад найз нартай нь маргалдаад тэд нар намайг зодох гээд байхаар нь тэндээс 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн автобусны буудлын Хас банкны урд талд зочид буудалд хүнд зодуулсан уурандаа хажуугаар явж байсан эгчийн толгой руу бөгжтэй гараараа нэг удаа цохисон. Тэгээд харих замдаа цагдаад баригдсан...Би тухайн өдөр бөгжөө гээгдүүлсэн, одоо олдохгүй байгаа. Хохирогчийн нэхэмжилсэн 100.000 төгрөгийг яаралтай барагдуулна...гэх мэдүүлэг /хх-27-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд Э.Эыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Э.Эыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсонгүй.
Хохирогч Д.О нь 100.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх ба уг хохирлыг түүний ар гэрийн амьдрал ахуйн байдлыг нь харгалзан хохирлыг төлөх хугацааг 1 сарын хугацаанд тогтоов.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Эыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохирол болох 100.000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгаж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР