Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар Харах 128/ШШ2024/0280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О******* ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/1057/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний А/321 дүгээр захирамж (Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай)-ийн хавсралтын 85-д эрэмбэлэгдсэн, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 49 дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлах тоосгон гарааш буулгах, газар чөлөөлөх тухай заалт хууль бус байсан болохыг тогтоолгож, тухайн газар дээр ашиглагдаж байсан, О******* ХХК-ийн өмчлөлийн автомашины тоосгон 20 ширхэг авто гараашны үнэ 300 000 000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай шаардлага гаргажээ.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжаар нэхэмжлэгч О******* ХХК-д Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах 300 м.кв газрыг 4 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 8027-0030 дугаар Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ байгуулжээ.

2.2. Улмаар 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 259,2 м.кв талбайтай 22,000,000 төгрөгийн үнэ бүхий 20 автомашины гараашны өмчлөгчөөр О******* ХХК-ийг бүртгэж, 0081836 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

2.3. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.19 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. 4.1.5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл-ийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 116 дугаар тогтоолыг тус тус үндэслэн газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар тогтоож, үүнд О******* ХХК-ийн 20 гараашийн газар багтсан.

2.4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06/6933 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанид ... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан байх тул танаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэж хариу хүргүүлсэн.

2.5. Нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч О******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Нэхэмжлэгч О******* ХХК-ийн захирал Д******* овогтой О******* миний бие 1999 онд тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд гэр бүлээрээ О******* нэртэй хувиар эрхлэх аж ахуй үүсгэн байгуулж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байхдаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр (Нисэх)-т 300 ам метр газарт автомашины гарааш барих хүсэлтийг эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар 31-ний 656 дугаар захирамжаар 300 ам метр газрыг ашиглах эрх баталгаажин, мөн өдрөө Нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газартай газар ашиглах гэрээ байгуулж, тухайн газар дээрээ банкнаас бага бус хэмжээний зээлийг сар бурийн 5 хувийн хүүтэйгээр авч, багагүй хөрөнгө хуч, цаг хугацаа зарцуулан, зохих хэмжээний чанар, өнгө үзэмжтэйгээр 20 автомашины тоосгон нэгдсэн гарааш барьж ашиглалтад оруулан, иргэдэд хөлслүүлэх уйл ажиллагаа явуулж ирсэн.

3.2. Анх гарааш барихын тулд тухайн газар дээр хуримтлагдаж овоорсон барилгын хог хаягдал, их хэмжээний овоолгоотой шороо заргийг өөрийн зардлаараа зайлуулан цэвэрлэж байж зөвшөөрөгдсөн, хотын төвөөс алслагдсан нутаг дэвсгэр дээр 20 автомашины нэгдсэн гарааш (урагш харсан 10, хойш харсан 10) барьж байгуулсныг маань Нийслэлийн Засаг дарга Д.С*******ын гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн 2.1-д дурдсанчлан "иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гэсэн заалтад хамааруулан буулгаж газрыг чөлөөлсөн байсан юм. Энэ захирамжид заасан зөрчилд хамруулсан дээрх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дурдах нь зүйтэй.

3.3. Миний бие О******* хувиар эрхлэх аж ахуйгаа хууль тогтоомжийн өөрчлөлтийн дагуу ХХК болгон өөрчлөн байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2002 оны 05 дугаар сарын 27-нд бүртгүүлсэн. Ийнхүү хууль ёсоор ашиглах газар дээрээ барьж байгуулсан 20 автомашины тоосгон гараашийг 2003 онд Хөрөнгийн үнэлгээний төвөөр тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар үнэлүүлэн 22 000 000 төгрөгийн үнэ ханштай болохыг тогтоолгож, 2003.05.16-нд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэн О******* ХХК-ны 22 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө болохыг хууль ёсоор баталгаажуулж 0081836 тоот гэрчилгээ авсан. Гэвч тус аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулагчийн хувьд тодорхой хугацаагаар гадаадад ажиллаж амьдарсны улмаас газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулах явдал алдагдсан ч 2016 оноос эхлэн газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг удаа дараа зохих байгууллагуудад гаргаж хөөцөлдсөн боловч шат дамжлага бүртээ саад хүндрэлүүд тохиолдон, төрөл бүрийн бичиг баримт бүрдүүлэх гэж явсаар өдийг хүрсэн нь үнэн юм.

3.4. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/321 дугаар захирамж гарч түүнийг биелүүлэх хүрээнд. О******* ХХК-ийн өмч болох, түүний үүсгэн байгуулсан иргэн Д.О******* миний өөрийн хөдөлмөр, хөрөнгөөр барьж байгуулсан, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 49 дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлаж байсан 20 автомашины тоосгон гараашийг 2023 оны 06 дугаар сард буулгаж газрыг нь тэгшилснийг хожим мэдэж, тухайн А/321 дүгээр захирамжийн хувийг авч танилцах шаардлагын үүднээс хүсэлт гарган, дээрх захирамжийн хуулбарыг 2023.09.15-ны өдөр хүлээн авсан. Тухайн тоосгон нэгдсэн гарааш нь миний үүсгэн байгуулаад, улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлэн, улсын тоо бүртгэлд хамрагдаад, хэвийн явж байгаа О******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд албан ёсоор хүчин төгөлдөр байсаар байтал өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр буулгаж устгасан нь хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглох тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Нийслэлийн Засаг дарга газрын эзэмшил, ашиглалтад хяналт тавьж, зөрчлийг арилгах шийдвэр гаргах бүрэн эрхтэй ч Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлийн 24.1, 24.2-д заасанчлан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 26-р зүйлийн 26.1, 26.2-т зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тухайн асуудлаар сонсох ажиллагаа явуулсны эцэст шийдвэрээ гаргах ёстой билээ. Тухайн буулгаж устгах авто гараашнуудын өмчлөгчийн мэдээлэл үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өнөөг хүртэл байсаар ирсэн ч, түүнийг судалж тогтоон, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр буулгаж устгасан явдал захиргааны шийдвэр гаргахдаа баримтлах, Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг биелүүлээгүйтэй холбоотой тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04- ний А/321 дүгээр захирамжийг эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

3.5. О******* ХХК-ийн хууль ёсоор ашиглаж байгаа газрын Газар ашиглах эрхийн хугацаа сунгагдаагүй байсан нь үнэн боловч дээрх захирамжийн агуулгаас харахад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гэсэн хоёр өөр үйлдэл явагдах ёстой мэт байна. Гэвч захиргааны энэхүү шийдвэрийг гаргахад Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудын дагуу бодит нөхцөл байдлыг судлан тогтоосон, сонсох ажиллагаа явагдсан бол буулгаж устгасан дээрх 20 автомашины тоосгон нэгдсэн гарааш О******* ХХК хууль ёсны өмч гэдэг нь улсын бүртгэлд баталгаажсан байгаа тул компанийн үүсгэн байгуулагч болох Д.О******* надад мэдэгдэж, хуулийн зохицуулалтын дагуу аль аль талдаа хохиролгүйгээр шийдвэрлэгдэх боломжтой байсан нь эргэлзээгүй юм.

3.6. Дээр дурдсанчлан А/321 дугаар захирамжийн агуулгаас харахад нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан авто гараашнуудын асуудалд манай компани дээрх 20 автомашины нэгдсэн гарааш хамрагдах үндэсгүй бөгөөд эхнээс нь зохих зориулалтын дагуу газар ашиглах зөвшөөрлийг авч барьсан болох нь зохих баримтуудаар нотлогдоно. Харин газар ашиглах хугацаа сунгуулаагүйгээрээ газрын зөрчил арилгах агуулгад хамрагдах ёстой байсан мэт харагдаж байна. Харин хотын хөгжлийн өнөөгийн төлөвлөлтөөрөө 20 гаруй жилийн өмнө баригдсан тоосгон гараашнуудын хотын өнгө төрхөд тохирохгүй гэж шийдвэрлэн буулгах шаардлага гарсан бол энэ нь манай О******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө тул өмчлөгчид нь албан ёсоор мэдэгдэн, Захиргааны ерөнхий хуулийн 104-р зүйлийн 104.1-д заасны дагуу нөхөн олговор олгон буулгаж газар чөлөөлөх ёстой байсан. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2023.04.04-ний А/321 дугаар захирамжийг биелүүлэх хүрээнд ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 49 дүгээр цэцэрлэгийн хойд талд байршилтай, О******* ХХК-ийн өмчлөлийн 20 автомашины нэгдсэн гараашийг буулгаж газрыг тэгшилсэн байгаа тул дахин тийм хэмжээний барилга байгууламж босгох эдийн засгийн чадавх манайд байхгүй билээ.

3.7. Иймд О******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, компанийн захирал Д.О******* миний бие Монгол улсын Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.9, МУ-ын Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, мөн хуулийн 101.2; 102.1, 104 дүгээр зүйлийн 104,1-д заасан заалтуудыг үндэслэн компанид учирсан хохирол 300 000 000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байна гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Нэхэмжлэгч "О*******" ХХК-ийн Нийслэлийн засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамж (Газрын зөрчил арилгах тухай)-ийн хавсралтын 85-д эрэмбэлсэн, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 49 дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлах тоосгон гараашнуудыг буулгах, газар чөлөөлөх тухай заалт хууль бус байсан болохыг тогтоолгож, тухайн газар дээр ашиглаж байсан, "О*******" ХХК-ний өмчлөлийн автомашины тоосгон 20 ширхэг авто гараашны үнэ 300,000,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

4.2. Нэхэмжлэгч "О*******" ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар (Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай) захирамжаар "О*******" ХХК-ийн өмчлөлийн автомашины тоосгон 20 ширхэг автомашины гарааш нь газрын гэрчилгээ байх тул уг захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. "О*******" ХХК-ийн нэхэмжлэл нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн маргаан биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дэх хэсэгт тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул Иргэний шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.

4.4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшүүлэхийн хориглоно гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар гараашнуудыг дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар гараашнуудыг чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

4.5 Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дэх хэсэгт заасны дагуу харьяаллын дагуу хэргийг буцааж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг үндэслэл болгон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих хууль журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан, захирамжийн хавсралтын 85 дугаарт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 49 дүгээр цэцэрлэгийн хойд талд байршилтай 22 тоосгон гарааш багтсан бөгөөд нэхэмжлэгчээс 20 гараашийн хувьд маргаж байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 595 дугаар захирамжаар О******* ХЭАА-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйлчилгээний зориулалтаар 300 мкв газрыг 4 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрх олгож, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээг 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 4 жилийн хугацаагаар байгуулж, 8027/0030 дугаартай гэрчилгээ олгосон. Уг газар ашиглах эрхийн хугацаа дууссан, сунгагдаагүй үйл баримтад талууд маргаагүй болно.

3. Тухайн аж ахуйн нэгж нь ашиглах эрхтэй газар дээрээ 20 авто машины гарааш барьж, 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт О******* ХХК-ийн өмчлөлд бүртгүүлж, гэрчилгээ авчээ.

4. Нэхэмжлэгчээс ...А/321 дугаар захирамжийн агуулгаас харахад нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан авто гараашнуудын асуудалд манай компани дээрх 20 автомашины нэгдсэн гарааш хамрагдах үндэсгүй бөгөөд эхнээс нь зохих зориулалтын дагуу газар ашиглах зөвшөөрлийг авч барьсан болох нь зохих баримтуудаар нотлогдоно. ...20 гаруй жилийн өмнө баригдсан тоосгон гараашнуудын хотын өнгө төрхөд тохирохгүй гэж шийдвэрлэн буулгах шаардлага гарсан бол энэ нь манай О******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө тул өмчлөгчид нь албан ёсоор мэдэгдэн, Захиргааны ерөнхий хуулийн 104-р зүйлийн 104.1-д заасны дагуу нөхөн олговор олгон буулгаж газар чөлөөлөх ёстой байсан. ...Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлийн 24.1, 24.2-д заасанчлан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 26-р зүйлийн 26.1, 26.2-т зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тухайн асуудлаар сонсох ажиллагаа явуулсны эцэст шийдвэрээ гаргах ёстой билээ. ...авто гараашнуудын өмчлөгчийн мэдээлэл үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өнөөг хүртэл байсаар ирсэн ч, түүнийг судалж тогтоон, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр буулгаж устгасан нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг биелүүлээгүй, ...эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзнэ... гэсэн үндэслэлүүдээр маргаж байна.

5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж, 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-д Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасан.

6. Хуулийн дээрх заалтаас үзэхэд газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах эрхгүй бөгөөд газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн тохиолдолд Засаг дарга нь газрыг чөлөөлөх арга хэмжээ авах бүрэн эрхтэй байна.

7. Ийнхүү газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж, ашиглуулдаг байхад нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацаа 2006 онд дуусахад газар эзэмших, ашиглах эрхийг сунгуулахгүйгээр газрыг ашигласан энэ тохиолдолд төрийн өмчийн газарт гарааш барьж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь газрыг эзэмших, ашиглах эрхийг хугацаагүйгээр олгосон эрх биш юм.

8. Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий гараашийг ч албадан буулгасан захирамжийг хуульд нийцсэн, тухайлбал Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олж аваагүй этгээдийн хувьд хүн өөрийн хувийн өмчийн автомашины гараашийг төрийн өмчийн газар дээр бэхэлснээр тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх шууд дагаж үүсэхгүй, төрийн өмчийн газар дээр баригдсан хувийн өмчийн гараашийг өмчлөх, эзэмшихдээ хуульд заасан журмын дагуу төрийн өмчийн газрын эзэмших, эрхийг олж авах, хадгалах үүрэгтэй гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тохиолдолд тухайн гараашны доорх газрыг эзэмших, ашиглах эрх хамгаалагдахгүй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

9. Иймд газрыг нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх зорилгоор гарсан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамж хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох; гэж шүүхийн шийдвэрийн төрлийг хуульчилж өгсөн.

11. Дээр дүгнэснээр Нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд, газар чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан захиргааны шийдвэр нь хууль ёсны байх тул газар чөлөөлсөн ажиллагааг хууль бус үйл ажиллагаа гэж үзэж хохирол гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

12. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О******* ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний А/321 дүгээр захирамж (Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай)-ийн хавсралтын 85-д эрэмбэлэгдсэн, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 49 дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлах тоосгон гарааш буулгах, газар чөлөөлөх тухай заалт хууль бус байсан болохыг тогтоолгож, тухайн газар дээр ашиглагдаж байсан, О******* ХХК-ийн өмчлөлийн автомашины тоосгон 20 ширхэг авто гараашны үнэ 300 000 000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ