Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/895

 

 

 

 

  2022       9         13                                2022/ДШМ/895

            

   Г.М-д холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

иргэний хариуцагч Г.Ариунболдын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/689 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.М-д холбогдох эрүүгийн 2103002480112 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ийн М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ................... төрсөн, .. настай, эрэгтэй, ................. боловсролтой, ............ мэргэжилтэй, ........................... ажилтай, ам бүл ..., ...................... дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

Шүүгдэгч Г.М нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 20 цаг 00 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн зам, Монсуль шатахуун түгээх станцын урд замд Hyundai Sonata 6 маркийн 81-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, з/ Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих, мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын тэмдэглэлийн ажил гүйцэтгэж байсан Ц.Т-ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.М-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 90 хоног буюу 3 сарыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.М-ийн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийн биечлэн эдлэх 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийн цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ээс 3.619.741 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц-т олгож, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч Г.М-ийн 355287 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Г.М-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшилийн автотээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээсээ болж хохирогч Ц.Т-ийг үүрэгт ажлаа гүйцэтгэж байх үед нь мөргөж, Ц.Т-ийн биед хүнд гэмтэл учруулсан. Одоогоор хохирогчийн биеийн байдал дээрдэн эмчлүүлж байгаа.

Мөн миний бие мөрдөн байцаалтын явцад хохирогчийн эмчилгээний зардал мөнгийг төлж байсан, цаашид хохирогч Ц.Т-ийн эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно. Өөрийн гэм буруугаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрч, зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргасан, мэтгэлцсэн зүйл байхгүй. Хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байгаа бөгөөд алдаагаа ухамсарлаж буруу зүйл хийхгүйг үргэлж хичээж явах болно.

Миний бие эхийн хамт амьдардаг бөгөөд ар гэр болон амьдрал ахуйгаа авч явдаг өрхийн ганц тэжээгч нь юм.

2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс цагдан хоригдож, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон учраас хохирогчийн ар гэр болон хохирогчид хохирол мөнгийг төлөх боломжгүй болоод байна. Миний ар гэр, хамаатан садан, ах, дүү нар боломж бололцоо муу, би өөрөө барилгын туслах ажил хийж ар гэр болон хохирогчийн зардал мөнгийг төлж барагдуулж байсан. Цаашид өөрийн ажил үүргээ гүйцэтгэж хохирогчийн нэхэмжилж байгаа хохирол мөнгийг бүрэн барагдуулах боломжтой тул надад оноосон хорих ял шийтгэлийг харгалзан үзэж тэнсэн харгалзах, зорчих эрхийг хязгаарлах, мөн торгууль болон нийтэд тустай ажил хийлгэх ял зэрэг хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/689 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Г.М нь өөрийн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч мэдүүлэг, тайлбарыг өгч байсан ба шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт хэсгийн 2.1-т ...шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хх 197-198, шүүх хуралдааны тэмдэглэл хоорондоо зөрүүтэй байдалгүй гэж дүгнэсэн байдаг.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад хохирол хор уршигийн талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгч үл марган тухайн хохирлуудыг төлж барагдуулахдаа илэрхийлсэн байх ба нийт 2.900.000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн байдаг. Мөн хохирогч Ц.Т-ийг ажиллуулж байсан гэх “Гэрэлт зам ундрага” ХХК-д зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон /2-р хх 67/, мөн компани нь тухайн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар зарим зөрчил гаргасан, түүнчлэн тухайн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдох зэрэг асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсан байх /1-р хх 178-187/ тул, ажилтан ба ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хүрээнд хамаарах хууль тогтоомжийн дагуу иргэний хариуцагчийн хувьд тус хохирогчид учирсан гэм хорын зарим хохирол, зардлыг арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж зөв дүгнэсэн атлаа иргэний хариуцагчаас хохирол төлбөрийг гаргуулаагүй шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.М нь анх удаа санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос сайн дураараа 2.900.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн хохирол цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн гэмт хэрэг гарахад иргэний хариуцагчийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсөнөөс тэмдэг, тэмдэглэлгээ тавиагүй болон хамгаалах хэрэгсэл өмсгөөгүй зэрэг нь хохирогчид гэмтэл хор уршиг учирахад нөлөөлсөн байх боломжтой зэрэг нөхцөл байдлуудыг анхаарч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/689 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц-ийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.М нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж байна. Энэ талаар маргахгүй байгаа боловч хэргийн газраас зугтааж, хохирогчийг амь нас аюултай нөхцөл байдалтай байхад орхиж явсан. Азаар цуг байсан хүмүүс цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлснээр хохирогчийн амь нас аврагдсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж байгаа боловч гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...орой болж харагдах нөхцөл байдал байхгүй байсан тул үхэр дайрчлаа, мал дайрчлаа, хэргийн газар буцаж ирэхэд хүн ч, мал ч байгаагүй” гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгээс үзэхэд, өөрийн үйлдсэн гэм буруудаа үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч Г.Ариунболдын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Гэрэлт зам ундарга” ХХК-ийн хувьд дүрэм, журам зөрчсөн асуудал тусдаа юм. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Гэрэлт зам ундарга” ХХК хариуцахгүй. Тээврийн хэрэгслийг жолоодогч Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу хохирлыг хариуцах нь зүйтэй. Мөн “Гэрэлт зам ундарга” ХХК-ийн аюулгүй ажил, дүрэм журам, заавартай холбоотой асуудал нь Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх асуудал юм. Иймд “Гэрэлт зам ундарга” ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын давж заалдах гомдолтой танилцлаа. Шүүхээс шүүгдэгч Г.М-ийг автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Мөн автотээврийн гэмт хэргийг үйлдэж зугтаасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 ялыг нэмж нэгтгэн 2 жил 3 сарын хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Г.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 2.900.000 төгрөг төлсөн. Мөн шүүхээс 3.619.740 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц-т олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Г.М нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 20 цаг 00 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн зам, Монсуль шатахуун түгээх станцын урд замд Hyundai Sonata 6 загварын 81-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, з/ Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зөрчих мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын тэмдэглэлийн ажил гүйцэтгэж байсан Ц.Т-ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 6/,

шуурхай удирдлагын дуудлага лавлагааны хуудас /1-р хх 7/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 8-15/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, илтгэх хуудас /1-р хх 16-19/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /2-р хх 29/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц-ийн “...Миний хүү Төгөлдөр 2021 оны 8 дугаар сарын 30-нд гэртээ ирж хоноод дараа нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө ирчихээд ажилдаа явсан. Тухайн хэрэг осол болсон өдөр 14 цагийн үед би хүү Төгөлдөр рүү утсаар залгаж ярихад, би 22-ын товчооны зам руу ажилд гарсан, энд ажил хийж байгаа, орой 20-21 цагийн үед ажил тарна, маргааш нь ажиллах уу, амрах уу шийд гарна, орой 20-21 цагийн хооронд яръя гэж хэлсэн. Осол, хэрэг гарсан өдөр 20 цаг 45 минутын орчимд ажлынх нь хүн залгаад Төгөлдөр аваарт ороод, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн, та хурдан хүрээд ир гэж хэлсэн. Хүү Төгөлдөр ухаангүй байдалтай хүлээн авах дээр байж байсан, тэгээд эмчтэй нь уулзахад яаралтай тархины хагалгаанд орно гэж хэлсэн. Тархиндаа хүнд гэмтэл авсан, тархины гол судас задралттай тархины няцрал ихтэй, цус харвалт өгсөн байсан. Би гомдолтой байна, тухайн жолооч нь хэргийн газар дээр анхны тусламж үзүүлээгүй, хэргийн газрыг орхиж зугтаасан, эмнэлэгт хэвтсэнээс хойш одоог хүртэл биечилж уулзаагүй, утсаар ярьсан. Хүүхдээ эрүүл саруул болох хүртэлх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар цаашдаа эмчилгээгээ хийлгээд хөл дээрээ босох юм бол хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай гэж хэлсэн. Одоогийн байдлаар хэвтрийн асаргаанд байгаа. Юм ярьж хэлж чадахгүй, хагас унтаа байдалд, зүүн талын гар хөл нь хүрэхэд бага зэрэг хариу үйлдэл үзүүлнэ, баруун тал бол ямарч мэдээгүй. Одоо гуурсаар хооллож байгаа. Одоо байнгын нэг хүний асаргаанд байгаа. Биеийн байдал нь ер нь хүнд байгаа. Эмч нар хэлэхдээ эмчилгээ, асаргаа, сувилгаа хэрхэн нөлөөлөхөөс хамаарна, их хугацаа шаардагдана гэж хэлсэн...” гэх /1-р хх 29, 31/,

гэрч У.Ж-ны “...Тухайн үед тэнд ажиллаж байсан хүмүүсийн аюулгүй байдлыг манай тумбачин, дохиочин 2 хариуцаж байсан. Үндсэн хувцастай 3 хүн байсан, бусад нь энгийн хувцас дээр цацруулагчтай хантааз өмссөн байсан. ...зааварчилгаа танилцуулж, ажилд гарахаас өмнө гарын үсэг зуруулдаг...” гэх /1-р хх 107/,

гэрч Б.Л-гийн “...20 цагийн орчим Төгөлдөр миний урд талд замын голын цагаан зураасны шороог багажаар үлээлгээд явж байсан. Харин би араас нь үлээлгэсэн хэсэгт цавуу түрхээд зам руу харчихсан явж байсан чинь урд Төгөлдөрийг нэг машин мөргөх шиг болоод би харсан чинь Төгөлдөр баруунаас зүүн тийш чиглэлийн зорчих хэсэг рүү шидэгдсэн. Тэгэхэд нь би машинаас зугтаж зүүн урагшаа алхах үед тухайн машин миний баруун хөлийг дугуйгаараа шүргээд цааш явсан. Тэгээд би Төгөлдөр рүү очиход Төгөлдөрийн үүрч явсан шороо үлээгч багаж нь зам дээр шидэгдчихсэн, өөрөө ухаангүй 2 дугаар эгнээнд тасархай шугамны хажууд ухаангүй хэвтэж байсан...” гэх /1-р хх 99-100/,

гэрч Г.Г-ын “... М нь над руу залгаад 22-ын товчооны замд мал дайрчих шиг боллоо, та хэд хүрээд ирэх үү гэж хэлсэн...” гэх /1-р хх 117-118/,

гэрч Б.М-гийн “...20 цагийн орчимд Тээврийн цагдаагийн албаны жижүүрээс надад мэдэгдэхдээ зүүн тийш жоохон уруудаад зам засварын хүмүүсийг автомашин мөргөсөн байна, машин зугтаачихсан, номер дугаар нь тодорхойгүй байна, очоод хариу мэдэгд гэхээр нь би хувийн машинтайгаа тухайн осол үйлдэгдсэн газарт очиход, машин байхгүй, мөргүүлсэн хүн ч байгаагүй. ...Тухайн газарт тээврийн хэрэгслийн эд ангийн хагархай зүйл байхгүй байсан. ... Тухайн үед мөргүүлсэн гэх нэг хүнийг нь Гэмтлийн эмнэлэг рүү аваад явчихсан байсан. ... Тэгээд би Тээврийн цагдаагийн албаны жижүүр болон бүрэлдэхүүнд хариу мэдэгдсэн. Бүрэлдэхүүн намайг хэргийн газар дээр байж бай гэсэн тул би замын хажууд машиндаа сууж байхад хажуугаар нэг залуу гараад явахад нь араас “хөөе гэж дуудахад” намайг сонсохгүй алхаад байсан. Тэгэхээр нь араас нь гүйж очиж барьж аваад хаашаа явж байгаа талаар болон ямар ажилтай, жолооч мөн эсэх талаар нь асуухад, би жолооч биш, машин барьдаггүй гэж хэлэхээр нь багаж дээр регистрийн дугаараар нь шүүж үзэхэд, тухайн үед иргэний мэдээлэл гарч ирээд, жолоочийн мэдээлэл гарч ирээгүй, тэгэхээр нь гэрийнх нь хаягийг тэмдэглэж аваад утсаар нь өөр рүүгээ залгуулж дугаарыг нь тэмдэглэж авсан. ...Тухайн хүнийг явуулсаны дараа бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийгээд явсан. Тэгээд би пост дээрээ очоод ажлаа хийж байхад Тээврийн цагдаагийн албаны жижүүрээс саарал ангийн Sonata маркийн ... дугаартай тээврийн хэрэгсэл тухайн хэргийн холбоотой байж болзошгүй гэж зарласан. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгслийн дугаарыг нь багаж дээрээ хийж шүүхэд миний хаягийг нь тодруулж уулзсан хүн болох Мөнх-Эрдэнийн нэр дээр тухайн тээврийн хэрэгсэл гарч ирсэн...”  гэх мэдүүлгүүд /1-р хх 120-121/,

хохирогч Ц.Т-ийн өвчний түүх /2-р хх-31-62/, хохирогч Ц.Т-ийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 21-22/,

Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №ХАБ-31/21 тоот дүгнэлт /1-р хх 178-179/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №8817 тоот “...Ц.Т-ийн биед зүүн дух, зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн зулай орой, духны хэсэгт тархины эдэд няцрал, зүүн эгэм яс дунд 1/3 хэсгийн цөөн тооны хэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй хугарал, зүүн шанаа, хоёр бугуй, баруун сарвуу, зүүн гарын эрхий хуруу, зүүн гуянд зулгаралт гэмт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...” дүгнэлт /1-р хх 133-136/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №999112 тоот “...Нyundai маркийн Sonata-6 загварын 81-62 УАС дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, урд копут баруун баруун хэсгээрээ хонхойсон, иж бүрдэл байхгүй, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5000сd эвдрэл гэмтэл байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 10.2 мм гэх гэмтэл байна. Нyundai маркийн Sonata-6 загварын 81-62 УАС дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, урд копут баруун хэсгээрээ хонхойсон гэх гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 10.2 мм байгаа нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн байх боломжтой...” дүгнэлт /1-р хх 149-152/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бөхбаярын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн магадлагаа /1-р хх 158-160/,

Техникийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №11/01 тоот “...Нyundai Sonata-6 маркийн 81-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодож явсан жолооч Гүүрүүхүүгийн Мөнх- Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 з/ “ Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих, гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Зам дээр ажил гүйцэтгэж байсан ажилтан Цэрэнлхүндэвийн Төгөлдөр, Батсайханы Лувсанцэрэн нар Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. Зам дээр ажил гүйцэтгэж байсан “Хайрхан бар” ХХК нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоогдоохгүй байна...” гэх дүгнэлтүүд /1-р хх 169-170/, шүүгдэгч Г.М гэм бурууг хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.М-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Г.М-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, жолооч хэргийн газрыг орхиж зугтаасан гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Шүүгдэгч Г.М-ээс “...Хохирол төлбөрөө төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “...Анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирлоос 2.900.000 төгрөг төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй байна.  

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нийт 106 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/689 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийнцагдан хоригдсон 106 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                М.АЛДАР

 

                                         ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                            ШҮҮГЧ                                Б.ЗОРИГ