Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш ХХК

Хариуцагч: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ш.Х, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Ш.Х, А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

Хэргийн индекс: 128/2024/0138/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 26 өдрийн 07/******* дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам нь Ш ХХК-д ажилладаг нэр бүхий иргэдээс гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 07/21 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай Хяналт шалгалтын удирдамж гаргасан байна.

2.2. Мөн Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11/2140 дугаар албан бичгээр дээрх иргэдийн гомдлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Уг албан бичигт ...Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/4131 тоот гомдол шалгуулах тухай албан бичгийг манай газарт ирүүлээд байна. Тус албан бичигт Дундговь аймгийн Баянжаргалан, ******* сумдын нутагт MV-0******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ш ХХК нь Монгол Улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 14 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйл 43.1.1, 43.1.2, 43.2 дахь заалтуудыг зөрчиж байгаа тухай гомдлыг нэр бүхий иргэдээс ирүүлснийг уламжилсан байна. Дээрх гомдол нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрхлэх асуудлын хүрээнд байх тул дээрх асуудлыг судлан, шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

2.3. Улмаар нэхэмжлэгчээс маргаж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын ахлах байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 07/******* дугаар Хуульд заасан хэмжээнээс илүү орон тоонд ажиллуулсан гадаад иргэдийн ажлын байрны төлбөрийг нөхөн төлүүлэх тухай акт гарсан.

2.4. Тус яамны хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2023/20730 дугаартай Улсын байцаагчийн төлбөр тогтоосон актын гүйцэтгэлийг шүүхээр баталгаажуулах тухай захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигджээ.

2.5. Нэхэмжлэгч Ш ХХК-иас дээрх актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд анх 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан.

3. Нэхэмжлэгч Ш ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Нэхэмжлэгч Ш ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 26 өдрийн 07/******* дугаартай акт нь Ш******* ХХК-д 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийж Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2, 43.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж... Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйл Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, 10.1.19. Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ, 11 дүгээр зүйл. Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, 11.1 дэх заалт Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ, 11.1.14. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих; гэж хуульд тусгайлан заасан заалтыг зөрчин өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10 12.2 дахь заалтыг үндэслэн акт тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.3 дахь заалт захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Иймд Захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

4. Хариуцагч Ш.Х, А.У нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/956 дугаартай Нэхэмжлэлийн хувь хүргүүлж, хариу тайлбар авах тухай албан бичигтэй танилцаж, дараах тайлбарыг хүргүүлж байна.

4.2. Ш ХХК-д ажиллаж байсан нэр бүхий 5 ажилтнаас 2023 оны 08 дугаар сарын 07-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандаж гомдол ирүүлсэн. Тус гомдол мэдээллийн дагуу Ш ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 07/21 дугаартай удирдамжийг Салбарын улсын ерөнхий байцаагч баталсан.

4.3. Ш ХХК-д 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эхлүүлсэн. Ш ХХК /РД:*******/ нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, ашигт малтмал ашиглалтын МѴ- 0******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч, Дундговь аймгийн ******* сумын Хонгор багийн нутагт байрлах Хараат-Уул гэх газарт цайр, төмрийн хүдэр олборлох, ашиглах чиглэлээр ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага байна.

4.4. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг үргэлжлэх хугацаанд гомдол гаргагч нарын 2023 оны 08 дугаар сарын 07-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж гаргасан гомдол нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/4131 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11/2140 тоот албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шилжин ирсэн. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 05/1066 дугаартай Гомдол нэгтгэн шалгуулах тухай албан бичиг шилжин ирсэн. Төлөвлөгөөт бус шалгалтаар тус компанийн 2022, 2023 оны санхүүгийн тайлан, касс, харилцахын баримт, цагийн бүртгэл, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн даатгалын НД 7,8 тайлан зэрэг шаардлагатай материалыг шалгуулагч этгээдээс гаргуулан авч, магадлан шалгасан. Шалгалтаар Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлүүдээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2, 43.3 дахь заалтыг зөрчсөн буюу гадаад ажилтны тоог нийт ажилтны 10 хувиас хэтрүүлсэн, илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг тухайн сум, орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй зөрчил илэрсэн.

4.5. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсний төлөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр нэмэгдүүлсэн мөнгөн төлбөр төлдөг. Мөн энэхүү зүйлээр гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх, төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэлийг хөтлөхтэй холбоотой асуудлыг зохицуулсан. Тухайлбал, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан тохиолдолд ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг уг бодлогын баримт бичгээр тогтоосон хэмжээгээр хөнгөлдөг. Харин ашигт малтмал, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага буюу байгалийн баялгийг ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг төлдөг болно.

4.6. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжилтэд Улсын Их Хурал, Засгийн газар, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, эрх бүхий улсын байцаагч хяналт тавихаар хуульчилсан болно. Мөн гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх суурь хэм хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан тогтоодог. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн хэрэгжилтэд мөн хяналт тавин ажилладаг. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчийн нийт ажилтны хувь хэмжээнд нийцүүлэн гэрээгээр ажиллуулж буй гадаад ажилтны ажлын байрны төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 /гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр/-т заасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нэг эх үүсвэр юм. Харин хууль тогтоомжид хувь хэмжээнээс хэтрүүлэн ажиллуулсан гадаад ажилтны төлбөр нь тухайн сум, орон нутгийн төсөвт төвлөрч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, соёл, боловсролын болон эрүүл мэндийн салбарт зарцуулагддаг болно. Иймд илэрсэн зөрчлийг арилгуулахаар Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалтад заасан эрхийнхээ хүрээнд хуульд заасан хэмжээнээс илүү орон тоонд ажиллуулсан гадаадын иргэдийн ажлын байрны төлбөр нийт 229.200,0 мянган төгрөг (хоёр зуун хорин есөн сая хоёр зуун мянга)-ийг сумын төсөвт нөхөн төвлөрүүлэх хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн актыг үйлдэн хүргүүлсэн болно.

4.7. Захиргааны актыг батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд болох Ш ХХК-д ХНХЯ-ны 2023 оны 13/2189 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэн. Ш ХХК-ийн оролцогчдоос нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, хугацааг сунгах зэргээр боломжит хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар олгосон. Тогтоосон хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хариу тайлбар, санал ирүүлээгүй тул шийдвэрт тухайн байгууллагын санал тусгалгүйгээр хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 07/******* тоот "Хуульд заасан хэмжээнээс илүү орон тоонд ажиллуулсан гадаадын иргэдийн ажлын байрны төлбөрийг нөхөн төлүүлэх тухай" актыг Ш ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн.

4.8. Ш ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 /Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана/-д заасан хугацаанд Салбарын улсын ерөнхий байцаагчид гомдлоо гаргаагүй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/2937 дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Акт баталгаажуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн.

4.9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн 07/******* дугаартай акт нь хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн чиг үүрэгт хамааралтай буюу өөрийн үндсэн чиг үүргийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд тогтоосон захиргааны акт болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ш ХХК-ийн ажилчдаас ирүүлсэн гомдлын[1] дагуу Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны салбарын улсын ерөнхий байцаагчаас 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 07/21 дугаар хяналт шалгалтын удирдамж[2] гарсны дагуу тус яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Х, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У нар нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 07/******* дугаар Улсын ахлах байцаагчийн акт-ыг[3] гаргажээ.

3. Тус актаар ашигт малтмал ашиглалтын MV-0******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч Ш ХХК нь 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 07 дугаар сарыг дуустал сар бүр 11-16 ажилтан тогтмол цалин авч ажилласан нь цалингийн баримт, цагийн бүртгэлээр, харин нийгмийн даатгалын тайланд сар бүр 50-75 ажилтан ажилладаггүй байхад ажилладаг мэтээр тайлагнаж байсан нь НД-8, НД-7 тайлан холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Мөн 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сарыг дуустал сар бүр 3-6 гадаадын иргэд тогтмол ажиллаж байсан нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 07/1061 тоот албан бичиг болон тус компанийн цалингийн баримтаар тогтоогдож байна. Энэхүү 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сарыг дуустал сар бүр 3-6 гадаадын иргэд ажиллаж байсан нь нийт ажилтны хувиас хэтэрсэн, илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг тухайн сум, дүүргийн төсөвт төвлөрүүлээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2, 43.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл аван ажиллаж байгаа гадаад ажилтны тоо нь 2022 оны 4 дүгээр сарын 20-оос 2023 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт ажилтны 10 хувиас хэтэрсэн, илүү хэмжээг гадаад иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөр нийт 229,200.0 мянган төгрөг (хоёр зуун хорин есөн сая хоёр зуун мянга)-ийг Төрийн сан банкны Дундговь аймгийн ******* сумын нэмэлт санхүүжилтийн 100080355401 дансанд нөхөн төлөхийг Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал Z*******-д хариуцуулж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчээс дээрх актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.19 дэх заалт Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ, 11 дүгээр зүйлийн 11.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ, 11.1.14. хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих; гэж хуульд тусгайлан заасан заалтыг зөрчин өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалтыг үндэслэн акт тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.3 дахь заалт захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байна... гэж маргасан. Харин актаар тогтоосон зөрчил, актын тооцоололд маргаагүй.

5. Хариуцагч улсын байцаагч нараас ...Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжилтэд Улсын Их Хурал, Засгийн газар, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, эрх бүхий улсын байцаагч хяналт тавихаар хуульчилсан болно. Мөн гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх суурь хэм хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан тогтоодог. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн хэрэгжилтэд мөн хяналт тавин ажилладаг. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчийн нийт ажилтны хувь хэмжээнд нийцүүлэн гэрээгээр ажиллуулж буй гадаад ажилтны ажлын байрны төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 /гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр/-т заасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нэг эх үүсвэр юм. Харин хууль тогтоомжид хувь хэмжээнээс хэтрүүлэн ажиллуулсан гадаад ажилтны төлбөр нь тухайн сум, орон нутгийн төсөвт төвлөрч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, соёл, боловсролын болон эрүүл мэндийн салбарт зарцуулагддаг болно. Иймд илэрсэн зөрчлийг арилгуулахаар Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалтад заасан эрхийнхээ хүрээнд акт гаргасан... гэж тайлбарлан маргаж байна.

6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээс судлан үзэхэд, маргаж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 26 өдрийн 07/******* дугаар актыг Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ...47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасан илт хууль бус акт гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

7. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.19-д Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ. гэж зааснаас үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлээгүй зөрчилд салбарын яам болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага аль аль нь хяналт тавих эрхийг хууль тогтоогчоос хуульчилж өгсөн байна.

8. Харин Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид хяналт шалгалтын байгууллага гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна. гэж заасан.

9. Маргаж буй актаар нэхэмжлэгч компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх ба тухайн хуулийн этгээдийн ажиллах хүчний бүрэлдэхүүнд дараах шаардлага тавигдана: 43.1.1.гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтрэхгүй байх;, 43.1.2.Монгол ажилтнуудын 5-аас доошгүй хувь нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа тухайн сум, дүүргийн иргэд байх., 43.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 43.1.1-д зааснаас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, 43.1.2-т зааснаас бага хэмжээгээр орон нутгийн иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө., 43.3-т Энэ хуулийн 43.2-т заасан төлбөрийг тухайн сум, дүүргийн төсөвт төвлөрүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, соёл, боловсролын болон эрүүл мэндийн салбарт зарцуулах бөгөөд энэ талаархи журмыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.

10. Ашигт малтмалын хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах буюу хөдөлмөрлөх эрхийг хангахын тулд гадаад ажилтныг зохистой тоо, хувь хэмжээнд ажиллуулах, хэтрүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төсөвт төлбөр төлөх, энэ төлбөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, соёл, боловсролын болон эрүүл мэндийн салбарт зарцуулагдах зорилготой харилцааг зохицуулсан Монгол Улсын иргэд болон гадаад иргэдийн хөдөлмөрлөх, нийгмийн асуудлыг зохицуулсан шинжтэй заалт юм.

11. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарч байгаа Засгийн газрын гишүүн Засгийн газраас баталсан журмын дагуу олгож, цуцална. гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ: ...17/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд: -хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого; -Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал гэж тус тус заасны дагуу Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого; -Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал зэрэг эрхлэх асуудлын хүрээнд тус сайдын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/50 дугаар тушаалаар[4] эрх олгогдсон хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нараас салбарын хяналт шалгалтыг явуулах чиг үүрэгтэй байна.

12. Иймд хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар нь дээр дурдсан хуулиар олгосон хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд акт гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.19-д заасан хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гэж заасанд хамаарч байх тул нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс удирдамжид Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн эсэхийг шалгах чиглэл байхгүй байхад энэ асуудлаар акт гаргасан гэж маргах боловч энэ үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх илт хууль бус болохыг тогтоох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар дүгнэх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.5, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.19, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасныг тус тус баримтлан Ш ХХК-ийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ш.Х, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У нарт холбогдуулан гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 26 өдрийн 07/******* дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ