Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/952

 

      2022             9              28                                     2022/ДШМ/952                         

 

Р.Жхолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/1768 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Р.Жын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Р.Жхолбогдох эрүүгийн 1903011557 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Р.Ж, 

Шүүгдэгч Р.Ж нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн талбайд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Р” ХХК-ийн ээлжийн ахлах инженерээр ажиллаж байх хугацаандаа “Р” ХХК-ийн U-8811 бүртгэлийн дугаартай r-19 загварын агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгч хэсгийн бүтээлгийг хучих буюу өндөрт ажил гүйцэтгүүлэхдээ “Р” ХХК-ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам”-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулж уналтаас хамгаалах бүс, малгайг ашиглуулах үүргээ хэрэгжүүлээгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас механикч О.Мэргэншагай нь онгоцны зүүн хойд хэвтээ тэнцвэржүүлэгчээс унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Р.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №05-092/44 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” үүргээ ээлжийн ахлагч,

“Р” ХХК-ийн агаарын хөлгийн механикчийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн үүрэгт “Агаарын хөлөг дээр аливаа ажил үүргийг гүйцэтгэхдээ үйлдвэрлэгчийн заавар, зөвлөмж, компанийн заавар, стандартыг дагаж мөрдөх ба зохих багаж, тоног төхөөрөмжийг ашиглана”, мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны хуудас”-ын 2-д өөрийн ажиллах ажлын байрны эмх цэгц, ариун цэвэр, аюулгүй байдал, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн эсэхийг шалгах ба аль нэг байдалд зөрчилтэй зүйл илэрвэл боломжтой бол өөрөө засаж цэвэрлэх, тийм боломжгүй аваас тухайн хэсгийнхээ удирдлагад мэдэгдэж “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг осолдогч тус тус зөрчсөн байна гэж дүгнэж байна.  Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт “хөдөлмөрийн аюулгүй 5айдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан “ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн тул үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон “Р” ХХК-ийн ээлжийн ахлагчийн ажлын байрны тодорхойлолтод “Агаарын хөлгийн болон эд ангийн цаг үеийн хугацаат бус техник үйлчилгээ хийх”, “Бүх техник үйлчилгээний болон засварын ажлуудыг зөвшөөрөгдсөн бичиг баримтын дагуу явуулах“ гэж тус тус заасан тул ээлжийн ахлагч нь embraer-190 загварын ju-8811 дугаартай агаарын хөлгийн зүүн хойд тэнцвэржүүлэгч хэсгийг бүтээлгээр хучих, буюу өндөрт ажил гүйцэтгүүлэхдээ “Р” ХХК-ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам”-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулж уналтаас хамгаалах бүсийг ашиглуулах үүрэгтэй байсан байна. Мөн ээлжийн ахлагч Р.Ж тухайн өдрийн нислэг, техникийн аюулгүй ажиллагааг хангаж, ажлыг биечлэн гүйцэтгэж өндөр ачаалалтай байсан учир 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн аюулгүй ажиллагааны зааварт тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн эсэхийг шалгаж, боломжгүй бол тухайн хэсгийнхээ удирдлагад мэдэгдэж зохих шаардлагыг хангуулсны дараа ажлаа эхлүүлэх зааварчилгааг ажилчдаа өгөөд осол гарсан үед агаарын хөлөг дотор ажил үүрэг гүйцэтгэж байсны улмаас агаарын хөлгийг хучих ажлын гүйцэтгэл дээр хяналтыг бүрэн тавьж зогсоож чадаагүй гэж дүгнэж байна...” гэж дүгнэсэн буюу Р.Жыг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилчиддаа өгөх ёстой байсан буюу хуульд, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэжээ. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч эмч “...иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Ганболдын шинжээчээр ажиллах тогтоолын хүрээнд буюу тавьсан асуултын хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн үед 1 хавтаст материал байсан. ...хэрэгтэй танилцахад зориулалтын бус техник хэрэгсэл ашигласан байсан. ...миний хувьд баримт дээр үндэслэж дүгнэлт гаргасан. Түүнээс тухайн үед ажлын байрны тодорхойлолт хуурамч эсэх нь надад хамаагүй. Хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтод үндэслэж гаргасан. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар Р.Ж нь хүлээх үүрэгтэй. ...хучихдаа өндөрт ажиллах журмын дагуу ажлыг хийх ёстой байсан. Аюулгүй байдлыг хангаж ажиллуулна гэж ээлжийн ахлахын ажлын байрны тодорхойлолтод байгаа. Аюулгүй байдлын тодорхойлолтыг нь хангаж ажиллаагүйн улмаас хүн осолд орсон байна. Үүнээс болж энэ хэрэг үүссэн байна...” гэж мэдүүлжээ. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 926 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...шинжилгээнд ирүүлсэн 2014 оны 7 дугаар сарын 29 гэсэн огноотой ажлын байрны тодорхойлолт гэсэн 6 хуудас баримтын 6 дугаар хуудасны дунд хэсэгт “ээлжийн ахлах” гэсний дор, “Р.Ж” гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Р.Жын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон объект буюу 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ажлын байрны тодорхойлолт нь хуурамч болох нь тогтоогдсон, нөгөөтэйгүүр шинжээч тухайн дүгнэлтийг хэрэг 1 хавтас байх үед гаргасан байх тул шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэхэд эргэлзээ төрөхөөр байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд “...Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.1 дэх заалтыг зөрчсөн байна” гэж дүгнэжээ. Гэтэл дээрх хуулийн заалт нь ажил олгогчийн үүрэгт хамаарах заалт бөгөөд Р.Ж нь “Р” ХХК-нд ээлжийн ахлах инженер албан тушаалд ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдлоо. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ойлгоно гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Р.Ж нь дээрх хуулийн заалтад хамаарах ажил олгогч биш байна. Улмаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч Кадирбекийн зүгээс дахин шинжилгээ хийлгэхээр прокурор, дээд шатны прокурорт хүсэлт гаргаж байсан боловч уг хүсэлтийг хангахаас татгалзсан байгаа нь үндэслэлгүй байна.

2. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.1-д ажил олгогч дараах үүрэгтэй “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэж,

27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, уг заалтын дагуу тухайн хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг “Р” ХХК-ийн захирал, удирдлагуудад байжээ.

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч “Р” ХХК нь тухайн үед хөдөлмөр хамгааллын ажилтан байсан боловч осол гарах үед ажлаасаа гарсан байсан талаар мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хууль сануулж авсан гэрч нарын дээрх мэдүүлгээс дүгнэхэд “Р” ХХК нь ажилтнууддаа хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар сургалт ордоггүй, орсон ч чанаргүй буюу ажилтнууддаа аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг бодитой өгдөггүй, ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй бөгөөд хавтаст хэрэгт тухайн байгууллагад өндрийн бүс, хамгаалах малгай зэрэг аюулгүй ажиллагааг хангах техник хэрэгсэл, хувцас, тоног төхөөрөмж байсан эсэхийг тодруулах ажиллагаа бодитоор хийгдээгүй. Үнэхээр байсан бол хэдэн ширхэг ажлын хувцас, өндрийн бүс, хамгаалалтын малгай байсан, агуулахад нь үнэхээр дээрх аюулгүй ажиллагаанд хэрэглэгдэх эд зүйлс, хувцас, хэрэглэл байсан эсэхийг тогтоогоогүй байна.

Дээрхээс дүгнэхэд “Р” ХХК-ийн захирал, удирдлагууд ажилтнуудынхаа техник хэрэгсэл, аюулгүй ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөөгүй буюу өндрийн бүс, хамгаалах малгай зэргээр хангаагүйгээс болж тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй ба Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасаар байхад ямар үндэслэлээр “Р” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг яллагдагчаар татаагүй нь ойлгомжгүй байх тул уг асуудлыг шалгах нь зүйтэй. Дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь гэмт хэргийг хэн, яаж үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хэн, ямар хэмжээгээр хариуцах болон гэмт хэрэг гарсан нөхцөл шалтгааныг тогтоох, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх тул дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Р.Жхолбогдох эрүүгийн 19011770557 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр буюу 105 хоногийн дараа хүлээн авч танилцаад хэрэгт хийвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж дүгнэж, дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Р” ХХК-ийн ээлжийн ахлах Р.Ж2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, гарын үсэг зуруулж авсан байсан. Дээрх 2 ажлын байрны тодорхойлолт нь цаг хугацааны хувьд зөрүүтэй боловч ажлын байрны тодорхойлолт байх ээлжийн ахлахын үүрэг, зорилт, ажлын байран дээр дагаж мөрдөх дүрэм журам нь үг үсгийн зөрүүгүй адилхан байдаг. Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05-092/44 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжээч гаргасан дүгнэлтээ үндэслэлтэй тайлбарласан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд "Р" ХХК-ийн ээлжийн ахлагчийн ажлын байрны тодорхойлолтод “Агаарын хөлгийн болон эд ангийн цаг үеийн, хугацаат бус техник үйлчилгээ хийх”, “Бүх техник үйлчилгээний болон засварын ажлуудыг зөвшөөрөгдсөн бичиг баримтын дагуу явуулах" гэж тус тус  заасан тул ээлжийн ахлагч нь Еmг-19 загварын J-8811 дугаартай агаарын хөлгийн зүүн хойд тэнцвэржүүлэгч хэсгийг бүтээлгээр хучих буюу өндөрт ажил гүйцэтгүүлэхдээ “Р" ХХК-ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам”-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулж уналтаас хамгаалах бүсийг ашиглуулах үүрэгтэй байсан ба ээлжийн ахлагч Р.Ж тухайн өдрийн нислэг, техникийн аюулгүй ажиллагааг хангаж, ажлыг биечлэн гүйцэтгэж өндөр ачаалалтай байсан учир 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аюулгүй ажиллагааны зааварт тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн эсэхийг шалгаж, боломжгүй бол тухайн хэсгийнхээ удирдлагад мэдэгдэж зохих шаардлагыг хангуулсны дараа ажлаа эхлүүлэх зааварчилгааг ажилчиддаа өгөөд осол гарсан үед агаарын хөлөг дотор ажил үүрэг гүйцэтгэж байсны улмаас агаарын хөлгийг хучих ажлын гүйцэтгэл дээр хяналтыг бүрэн тавьж зогсоож чадаагүй, ээлжийн ахлагч, “Р" ХХК-ийн агаарын хөлгийн механикчийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн үүрэгт “Агаарын хөлөг дээр аливаа ажил үүргийг гүйцэтгэхдээ үйлдвэрлэгчийн заавар, зөвлөмж, компанийн заавар, стандартыг дагаж мөрдөх ба зохих багаж, тоног төхөөрөмжийг ашиглана”, мөн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилганы хуудас”-ын 2-д “өөрийн ажиллах ажлын байрны эмх цэгц, ариун цэвэр, аюулгүй байдал, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн эсэхийг шалгах ба аль нэг байдалд зөрчилтэй зүйл илэрвэл боломжтой бол өөрөө засаж цэвэрлэх, тийм боломжгүй аваас тухайн хэсгийнхээ удирдлагад мэдэгдэж зохих шаардлагыг хангуулсны дараа ажлаа эхэлнэ” гэж заасныг ээлжийн ахлах зөрчсөн байна гэх үндэслэлээр түүнийг буруутгасан. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх хуудас”-ыг ээлжийн ахлах Р.Ж тухайн үед ажил гарах ажилтан нарт танилцуулж, ажил гаргасан баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Уг зааварчилгааг ажилтан нар нэг бүр танилцаж гарын үсэг зурсан ба зааварчилгааны шаардлагыг хангуулж ажиллах үүрэг нь ээлжийн ахлах Р.Жбайсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон санхүүгийн баримтаар “Р" ХХК-нд хөдөлмөр хамгаалал, инженер техникийн ажилчид механикч нарыг ажилд гарахад нь ажлын онцлогт тохируулсан ажлын тусгай хувцас ялангуяа өндөрт ажиллах механикч нарт өндөрт ажиллах зориулалт бүхий хамгаалалтын тусгай хэрэгсэл, хамгаалалтын малгай, бүс, зориулалтын гутал олгодог, өндөрт ажиллах шаардлагатай үед Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний албанд захиалга өгч өндрийн төхөөрөмж, өндөрт ажиллах зориулалт бүхий тээврийн хэрэгсэл түрээслэн авч ашиглан ажилладаг байсан. Уг байгууллагатай авто тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу шаардлагатай үед өндөрт ажиллах зориулалт бүхий тээврийн хэрэгсэл түрээсээр авч ажилладаг талаар дурдсан байх ба аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж буй ээлжийн ахлах тухайн хийгдэх ажлын онцлогт тохируулж ажилчдын ажлын хувцас өндөрт ажиллах бол хамгаалах бүс, малгайг хэрэглүүлэх, бэлэн байлгах, дээрх хувцас хэрэгсэлтэй тохиолдолд ажилд гаргах, хамгаалалтын хувцас, малгай, өндрийн бүс, өргөгч машин бусад хэрэгслийг шаардах эрх нь ээлжийн ахлах Р.Жбайсан болох нь ажлын байрны тодорхойлолт болон бусад баримтаар нотлогддог ба хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Р.Жхолбогдох хэргийг хэлэлцэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба шүүх шийдвэрийн үндэслэлийг захирамжинд дурдсан 1 дэх заалтаар буцаасан талаар тайлбарласан ба 2 дахь заалтын талаар огт дурдаагүй атлаа 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирүүсэн захирамжинд нэмж бичсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэхээр байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/1768 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Р.Ж гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед намайг хэрэгт буруутгаж ирсэн шинжээчийн дүгнэлт хууль бус хуурамч нотлох баримт бүрдүүлж, түүнд үндэслэж гарсан гэдэг нь тогтоогдсон, гэрч нар худал мэдүүлэг өгсөн, энэхүү худал мэдүүлэг өгүүлэхэд "Р” ХХК-ийн захирал болон бусад удирдах албан тушаалтнууд нөлөөлж, зохион байгуулалттай гэрч нарт худал мэдүүлэг өгүүлсэн байдаг. Энэ талаар шүүх хуралдаанд оролцсон гэрч Л.Баярхүү, Б.Алтансүх, Б.Буд нар шүүхэд үнэн зөв мэдүүлсэн. Түүнчлэн прокурор хэрэгт авагдсан эд мөрийн баримтад үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, хэрэг хожим мөрдөн байцаалтын шатнаас прокурорт шилжиж ирсний дараа хөндлөнгийн гэрч нарт нөхөж гарын үсэг зуруулсан, нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлж, цуглуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад намайг буруутгаж буй хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг хууль бусаар хэрэг гарсны дараа нөхөж үйлдэн, энэ хэрэгт намайг гүтгэж, хилсээр яллаж байгаа талаарх бүх үйл баримт тогтоогдсон байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр хэргийг прокурорт буцаасныг зөвшөөрөхгүй байна. Иймд Давж заалдах шатны шүүхээс Р.Ж надад холбогдох эрүүгийн 1903011770557 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдсон нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Д.Агарын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Р.Жын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.  

Анхан шатны шүүхээс Р.Жхолбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор, өмгөөлөгч нар хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд оролцох, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

               Прокурор Д.Агарын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.   

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Иймд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасны дагуу шүүгчийн захирамжид заасан ажиллагааг прокурорын шатанд хийх шаардлагагүй байх тул шүүгдэгч Р.Жхолбогдох эрүүгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлтээ дахин үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулан хэргийг дахин шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр прокурорт буцаах захирамж гаргасан ба тус захирамжийг хэргийг оролцогч нарт хуулийн хугацаанд гардуулаагүй, прокурор Д.Агарын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Р.Жын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, хэргийн оролцогч нарт 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр танилцуулсан боловч хэргийг Давж заалдах шатны шүүхэд хуулийн хугацаанд ирүүлээгүй, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн зөрчил гаргасан болохыг анхааруулвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/1768 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                   ШҮҮГЧ                                                      Б.БАТСАЙХАН

 

                       ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ