Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00077/И |
Дугаар | 153/ШШ2024/00113 |
Огноо | 2024-03-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 153/ШШ2024/00113
2024 03 12 153/ШШ2024/00113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* эрэг багт оршин суух, ******* овогт *******гийн ******* хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч А.Кизанбай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А.Кизанбай нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн Кизанбай миний бие оны 12-р сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* сумын *******-Эрэг багт *******гийн 5 дахь хүүхэд болон төрсөн ******* сумын *******-Эрэг сумын 8 жилийн дунд сургуульд 1976 онд 1-р ангид орж 1983 онд 7-р анги төгсөөд 1983 оны 06 сарын 10 ны өдөр Ховд аймгийн ******* сумын соёл нэгдлийн *******-Эрэг багт эцэг эхийн хамг мал маллаж байгаад 1987 оны 10 сарын 15-ны өдөр Хугацаат цэргийн албанд татагдаж 1989 оны 10 сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд одоо хүртэл мал маллаж амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Ховд аймгийн ******* сумын соёл нэгдэлийн *******-Эрэг багт 1983 оны 06 сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 сарын 15-ныг дуустал хүртэл мал маллаж ажиллаж байсан байдалаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд *******гийн Кизанбай намайг Ховд аймгийн ******* сумын соёл нэгдэлийн *******-Эрэг багт 1983 оны 06 сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 сарын 15-ныг дуустал хүртэл мал маллаж ажиллаж байсан мань тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч А.Кизанбайгаас: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, овог,эцэг,/эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, өргөмжлөл, Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэн М.*******, Ч. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1149 дугаартай Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* эрэг буюу 4 дүгээр бригадын 1982 оноос 1985, 1989 оноос 1990 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, батламжийн хуулбар, өргөмжлөлийн хуулбар, зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
4. Шүүхээс: Гэрч Ч., М.******* гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 166 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн А.******* ХААТР 1, 21 маягтын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, хавсралтын хамт зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч А.Кизанбай нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2. Хүсэлт гаргагч А.******* 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* эрэг бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн дэвтэр
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-ыг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1985 оноос 1990 онуудад А.Кизанбайд цалин хөлс олгосон тухай бичилт хийгджээ. Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт нь ажил олгогчийн гарын үсэг, тэмдгээр, цалин хөлс олгосон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр тус тус албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагч А.******* ажилласан хугацааг тооцож, тогтоох үндсэн баримт гэж үзнэ.
2.2. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1149 дугаартай Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* эрэг буюу 4 дүгээр бригадын 1984 оноос 1985 оны 70 дугаар дансны хуулбар, цалин хөлсний түүвэрт К.******* нэрээр бичилт хийгдэж цалин хөлс олгосон болохыг тусгасан нь тухайн үед малчнаар ажиллаж, цалин авч байсныг нотлох бөгөөд К.*******н хүсэлт гаргагч А.******* төрсөн эцэг болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
2.3. Улсын бүртгэлийн лавлагаа:
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2011 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А.******* ХААТР-1А маягтад эрхэлдэг ажил-малчин, эрхэлж эхэлсэн он 1990, оршдог сум район ******* гэж, тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр 1990 онд ******* суманд малчнаар ажиллаж байсан нь нотлогдов.
2.4. Цэргийн алба хаасан лавлагаа:
Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд ******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Н/507 дугаар тушаалаар Ховд аймгаас 198 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 256 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 626976 дугаарын цэргийн батлахтай халагдсныг тодорхойлсон.
2.5. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаартай архивын лавлагаагаар А.Кизанбай нь ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал 11 жил 0 сарыг ажилласанаар тооцуулсан болох нь тогтоогдож байна.
2.6. Гэрчийн мэдүүлэг
2.6.1. М.*******ын ... А.******* аавыг нь *******, ээжийг нь гэдэг. Эцэг эх нь насаараа Ховд аймгийн ******* сумын ******* эрэг багт малчнаар ажиллаж байсан. А.******* нь 1983 оноос эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1987 оноос 1989 оныг хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн малчнаар ажиллаж эхэлсэн. Одоо ч гэсэн нутагтаа мал маллаж байна. 2024 оны 02 дугаар сард аймгийн аварга малчин болсон. Мал маллахаас хийж байгаагүй. Бид нэг нутаг усанд олон жил айл саахалт явсан учраас сайн мэдэж байна... гэх мэдүүлэг,
2.6.2. Гэрч Ч.ын ... А.******* аавыг нь *******, ээжийг нь гэдэг. Манайх олон жил А.Кизанбай болон түүний эцэг эхтэй айл саахалт явсан. А.******* нь ах дүү олуулаа. 1983 оноос эхлэн мал маллаж эхэлсэн санагдаж байна. Ямар ч байсан 1987 оноос 1989 оныг хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдлийн малчнаар үргэлжлүүлэн ажиллаж эхэлсэн. А.******* 2024 оны 02 дугаар сард аймгийн аварга малчин болсон. Мал маллахаас хийж байгаагүй. Одоо ч гэсэн нутагтаа мал маллаж байна... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч А.******* 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* эрэг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4. Хүсэлт гаргагч А.******* 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал:
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1149 дугаартай Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* эрэг буюу 4 дүгээр бригадын 1982 оноос 1983 оны 70 дугаар дансны хуулбар, цалин хөлсний түүвэрт А.******* нэр тусгагдаагүй, тухайн онуудын Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн даргын тушаал олдоогүй байна.
Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1987 онд Ховд аймгаас цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад А.Кизанбайг 1981 оноос эцэг эхийн хамт ******* эрэг бригадад малчнаар ажиллаж байсан гэх боловч А.Кизанайг 1981 онд ******* суманд 3 дугаар ангийн сурагч байсныг мөн тусгажээ.
А.Кизанбай нь онд төрсөн бөгөөд 1984 онд 16 нас хүрсэн байна. Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3 дугаар зүйлийн 3.6.-д Даатгуулагч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан малчнаар ажилласан бол түүний ажилласан хугацааг 15 наснаас эхэлж тооцно гэжээ. Мөн Сайд нарын зөвлөлийн 1973 оны 276 дугаар тогтоолоор баталсан Бүгд найрамдах Монгол ард улсын хөдөө аж ахуйн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм-ийн Гуравдугаар зүйлд Нэгдлийн нийгмийн үйлдвэрлэлд өөрийн биеэр оролцож, хөдөө аж ахуйн нэгдлийн дүрмийн шаардлагыг дагаж биелүүлэхээ хүсэж илэрхийлсэн, 16 нас хүрсэн иргэн бүр яс үндэс, шашин шүтлэг ялгаварлалгүйгээр хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүн байж болно, Дөрөвдүгээр зүйлд ...Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн хүүхэд 16 нас хүрмэгц хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүн болох бөгөөд түүнд нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг ёслолын байдалтайгаар гаруулна. гэж тус тус заасан бөгөөд дээрх тогтоол, журамд зааснаар малчин А.Кизанбайгийн хөдөлмөрийн гэрээ байгуулан малчнаар ажилласан талаарх нотлох баримт олдоогүй, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүнээр 16 нас хүрснээр элсэн орох эрхтэй болохыг тухайн үед үйлчилж байсан дүрмээр зохицуулсан тул хүсэлт гаргагч А.Кизанбайг 15 наснаас эхэлж мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.******* 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн Кизанбайг 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* эрэг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН