| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0001/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/01 |
| Огноо | 2018-01-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Д.Наранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Наранчимэгт холбогдох эрүүгийн 1736000700079 дугаартай, 178/2018/001/Э/ индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1961 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, ПЭ61012406 регистрийн дугаартай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 9-8 тоотод оршин суух, Цагаан туг овогт Дамдинжамцын Наранчимэг
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Наранчимэг нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн О.Амарзаяаг Батлан хамгаалах их сургуульд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Б.Туяагаас 3000000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Наранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Туяа гэдэг 3 хүүхэдтэй, нөхөр нь нас барчихсан хүний хүүхэд О.Амарзаяаг Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд оруулчихъя гээд хөөцөлдсөн боловч бүтээгүй.Надад Батлан хамгаалах их сургуульд таньдаг багш байхгүй, өөрөө олон жил багш хийсэн болохоор арга нь олдох байх гэж бодсон.О.Амарзаяагийн оноо дээд сургуулийн босго оноонд хүрээгүй учраас өнчин юм тус болчихъё гэж бодсон. Б.Туяа надад цувуулаад 3 сая төгрөг өгсөн. Сургууль нь бүтэхгүй болохоор би тухайн төлбөрийг нь буцаагаад өгчихье гээд амжилгүй явж байтал цагдаад өгчихсөн байсан.Уг мөнгөнөөс 1500000 төгрөгийг өөрийнхөө хүүхдийн сургалтын төлбөрт өгсөн. Би гэм буруугаа ойлгон зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.Туяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:Миний охин О.Амарзаяа 2017 оны 06 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтанд орсон боловч улсын сургуульд оноо нь хүрээгүй. Би охинтойгоо Их засаг их сургуульд орох талаар ярьж байхад хажууд Д.Отгончимэг сууж байснаа “ чи олон жил төлбөр төлж байхаар Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн курсэнд оруулчих, манай эгч Д.Наранчимэгт тухайн сургуульд оруулаад өгөх таньдаг хүн байдаг гэхээр нь би Д.Отгончимэгээр дамжуулж Д.Наранчимэгтэй 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Д.Отгончимэгийн гэрт уулзсан.Д.Наранчимэг танай хүүхдийг Батлан хамгаалах их сургуульд оруулаад өгье, чадна гэхээр нь хүүхдийнхээ холбогдох бүх материалыг хуулбарлаад 3000000 төгрөгийг цувуулаад өгсөн.Тэгээд Д.Наранчимэгтэй утсаар холбогдоход ”бүтээж өгнө” гээд яваад байсан, сүүлдээ утсаа авахаа больсон гэжээ. / хх-8-9-р хуудас/
Гэрч Д.Отгончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Б.Туяа бид хоёр ЭСБА 24 айлын 5 тоотод өрөө хөлсөлж оёдол хийдэг. 06 дугаар сарын сүүлчээр ажил дээрээ байж байтал Б.Туяа “би охиноо цагдаагийн сургуульд бүртгүүлсэн. 4 жил сургалтын төлбөр төлж чадахгүй, 1 жил сураад ажлын байран дээр гарах сургуульд оруулмаар байна” гэхээр нь тийм сургууль гэвэл Батлан хамгаалах их сургууль байна, манай эгч Д.Наранчимэгт таньдан хүн байдаг юм байна лээ гэж хэлсэн. 2017 оны 07 сарын эхээр Б.Туяа над руу залгаад “ манай охинд цагдаагийн сургуулийн хуваарь оногдсонгүй, чи Д.Наранчимэг эгчтэйгээ холбогдуулж өгөөч гэхээр нь би 3 дугаар сургуулийн гадна Б.Туяаг Д.Наранчимэг эгчтэй уулзуулсан.Түүний дараа Б.Туяа цувуулаад 3000000 төгрөгийг Д.Наранчимэг эгч рүү шилжүүлсэн гэж ярьж байсан.Тэгтэл Д.Наранчимэг нь Б.Туяагийн охин О.Амарзаяаг Батлан хамгаалах их сургуульд оруулж чадаагүй гэжээ. /хх 10-11-р хуудас/
Гэрч О.Амарзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: би 2017 оны 05 дугаар сард 2 дугаар сургуулийг төгсөөд элсэлтийн шалгалтанд ороод Их засаг их сургуульд орох гэж байснаа ээж Д.Наранчимэг гэдэг хүнтэй яриад Батлан хамгаалах их сургуульд оруулж өгнө гэхээр нь больсон.Тэгээд Д.Наранчимэг намайг Батлан хамгаалах их сургуульд оруулж чадаагүй, ээж тэр хүнд 3000000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо би Ховд их сургуулийн эрх зүйн ангид сурч байгаа гэжээ./ хх-12-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Д.Наранчимэг нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн О.Амарзаяаг Батлан хамгаалах их сургуульд оруулж өгнө гэж хуурч иргэн Б.Туяагийн өмчлөгчийн эд хөрөнгө 3000000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Туяа, гэрч О.Амарзаяа, Д.Отгончимэг нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Наранчимэг нь Батлан хамгаалах их сургуульд ажиллаж байгаагүй, тэр сургуульд таних багш болон бусад хүнгүй байхад иргэн Б.Туяагийн охин О.Амарзаяагаа Батлан хамгаалах их сургуульд оруулъя гэсэн хүсэл сонирхлыг далимдуулан “ хүүхдийг чинь сургуульд оруулж өгнө” гэж мөнгийг нь авч өөртөө ашигласан байдал нь бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Наранчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу 3 сая төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Наранчимэг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хх-33/ тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.Туяагийн “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д.Наранчимэгээс 1500000 төгрөг хүлээн авлаа”/хх-51/,” би Д.Наранчимэгээс 1200000 төгрөг авлаа”/хх-52/,” үлдэгдэл 300000 төгрөгөө авлаа, одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй” /хх-56/ гэх хүсэлтүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдэж хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлээ болгож, улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Наранчимэгийн эзэмшлийн TCL брендийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цагаан туг овогт Дамдинжамцын Наранчимэгийг хүнийг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цагаан туг овогт Дамдинжамцын Наранчимэгийг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наранчимэг нь 450000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
4.Эрүүгийн 1736000700079 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн TCL брендийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Наранчимэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС