Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/953

 

   2022             9             28                                      2022/ДШМ/953                          

 

Б.Дхолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

хохирогч А.А,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/547 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Дхолбогдох эрүүгийн 5000001272 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б.Д, 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 716 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 493 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Аийн цүнхийг хүч хэрэглэн авч 388.300 төгрөгийн, мөн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Оцүнхийг хүч хэрэглэн авч 490.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Оонон овгийн Баатарын Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Дийн биечлэн эдлэх 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дийн цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүнд дээрэмдүүлж эд зүйл, бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирсон. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2022/ШЦТ/547 тогтоолоор төлбөр барагдуулсан гэж шийдвэр гаргаж, намайг хохироож байна. Миний бие нь мөнгө төгрөг эд зүйлээ аваагүй. Анхан шатны шүүх хуралдаан болох үед өвчтэй байсан. Шүүгчийн туслах шүүх хуралдаан болох өдрийн өмнөх өдөр утсаар ярьсан. Тухайн үед ханиад хүрээд, зогсоо зайгүй ханиалгаад, короно вирус ч юм уу туссан байсан. Мөн миний хөл хавдсан учраас очиж чадахгүй гэж хэлсэн. Шүүхийг ном журмаар нь шүүх хуралдаан хийж, зохих ёсоор нь хүнийг ялладаг юм байх гэж бодсон. Би Б.Д гэдэг хүнээс юу ч аваагүй гээд анхан шатны шүүх дээр очиж, шүүгчийн туслахтай уулзахад “харин тиймээ, энэ хүн гомдол барагдуулаагүй байсан. Тэгсэн гомдол барагдуулсан гэж шүүх хуралдаанд хэлсэн байсан” гэж хэлсэн. Шүүгдэгч Б.Даас мөнгө аваагүй. Ямар үндэслэлээр худлаа бичиж, шүүх хуралдаан хийснийг гайхаж байна. Би тэтгэвэрт байдаг, хүнд өвчтэй. Би өдрийн 90.000 төгрөгийн эмчилгээнд явж байсан. Маш их гомдолтой байна.” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Дхолбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн материалыг хохирогчид танилцуулахад гомдол, саналгүй гэсэн байдаг. Иргэний журмаар баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрх нь хохирогчид нээлттэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч А.Аийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Аийн цүнхийг хүч хэрэглэн авч 388.300 төгрөгийн, мөн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Оцүнхийг хүч хэрэглэн авч 490.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

хохирогч Н.Огийн: ”...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээсээ гараад Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны хойд талд 10 цаг өнгөрч байхад ганцаараа явж байхад араас нэг хүн миний амыг гараараа дарах шиг болсон, би амьсгаа авч чадахгүй байсан, боосон хүний гараас хазсан. Тэгсэн уг хүн гараа тавихаар нь би эргээд хартал нэг шар царайтай залуу байсан. Уг залуу намайг дахиад гараараа түлхээд газар унагаасан. Би хүмүүсээс “туслаарай” гэж орилоход байрны гадаа бараа буулгаж байсан гурван залуу над руу чиглээд алхаж явахад уг залуу миний цүнхийг аваад шууд зугтсан. Тэгсэн над руу алхаж явсан гурван залуугийн 1 нь араас гүйгээд миний цүнхийг аваад ирсэн. ...” /хх 19-20/,

хохирогч А.Аийн: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... 11 цагийн үед найзын дэлгүүр рүү очих гээд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ган-Зам 20 дугаар сургуулийн ард талын гараашнуудын дунд явж байхад танихгүй залуу миний гартаа барьж явсан цүнхийг булаах гэж оролдохоор нь би цүнхээ өгөхгүй гэж тэмцэлдээд, тэгээд намайг түлхэж унагаасан уу, өшиглөсөн үү санахгүй байна. Тухайн үед маш айдастай байсан. Намайг газар унагаагаад миний цүнхийг булаагаад зугтсан. ...” /хх 106-107/,

яллагдагчаар Д.Б.Дийн өгсөн: “...тухайн гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ... “ /хх 134-135/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-4, 98-99/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 34-37/, хохирогч Н.Огээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 32-33/, хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3902 дугаартай үнэлгээний тайлан /хх 86-88/, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс” сургалтын төвийн хяналтын камерын бичлэг /хх 6-7/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн БГ2-22-766 дугаартай үнэлгээний тайлан /хх 118-119/, хохирогч А.Аээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 121-127/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Дийг бусдын эд хөрөнгийн авахаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байхаар хуульчилсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.ДЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байна.  

Хохирогч А.А “...миний хохирлыг барагдуулж өгөөгүй, би мөнгө төгрөг эд зүйлээ аваагүй...”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Аийн “...Намайг газар унагаагаад миний цүнхийг булаагаад зугтсан...” /хх 106-107/ гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Самсунг А-30” маркийн гар утас 240.000 төгрөг, бэлэн 100.000 төгрөг, иргэний үнэмлэх, бичиг баримт 48.300 төгрөг нийт 388.300 төгрөгөөр үнэлсэн БГ2-22-766 дугаартай үнэлгээний тайлан /хх 118-119/ зэргээр хохирогч А.Ат учирсан хохирол тогтоогдсон, шүүгдэгч Б.Д хохирогч А.Ат эд зүйлийг хүлээлгэн өгөөгүй, хохирлыг төлж барагдуулсан баримт хэрэгт авагдаагүй байхад прокурор ажилдаа хайнга хандаж яллах дүгнэлтийн хавсралтад “хохирогчдоос нэхэмжилсэн төлбөргүй” гэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэснээр хохирогчийн эрх ашиг зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Даас 388.300 төгрөг гаргуулан хохирогч А.Ат олгохоор заав.

Мөн шүүгдэгч Б.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53/ хэрэгт авагдсан ба шүүгдэгч Б.Д нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 493 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан гэх боловч түүнийг ямар хугацаанд хянан харгалзсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч Б.Д нь ялтай байх хугацаандаа буюу тэнсэн хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдсон эсэхэд дүгнэлт хийх, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаартай хугацаанаас өмнө тэнсэн суллах шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүйгээс ял нэмж нэгтгэх эсэхийг шийдвэрлэх боломжгүй нөхцөлд хүрчээ.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул дээрх зөрчлийг арилгуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/547 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч А.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/547 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/547 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Даас 388.300 төгрөг гаргуулан хохирогч А.Ат олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Хохирогч А.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР                      

           

 

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ