Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0348

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, П.С*******ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн П.С*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа билээ. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа П.С*******ийн өмчлөлийн нэгж талбарын 1864431200******* дугаартай, Улсын бүртгэлийн 0000******* дугаартай гэрчилгээ бүхий газарт байрлах байшингийн шатыг Сүхбаатар дүүргийн газрын албанаас Засаг даргын захирамж, шийдвэргүйгээр албадан чөлөөлүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн газар албадан чөлөөлөх үйл ажиллагааг зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Гэвч иргэн П.С*******ийн өмчлөлийн нэгж талбарын 1864431200******* дугаартай, Улсын бүртгэлийн 0000******* дугаартай гэрчилгээ бүхий газарт байрлах байшингийн шатыг нарийсгаж орох гарах гарцыг нээсэн боловч Сүхбаатар дүүргийн газрын албанаас албадан чөлөөлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, дээрх байшингийн шатыг нураасан үйл явдал болсон байна. Нэхэмжлэгч нь тус шатыг дахин барьж, дахин нураалгаж санхүү болон цаг хугацаагаар дахин хохирохгүй гэж үзсэний үүднээс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ илэрхийлсэн. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөрт олгогдсон эрх болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

П.С*******ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох П.С*******ийн өмчлөлийн нэгж талбарын 1864431200******* дугаартай, Улсын бүртгэлийн 0000******* дугаартай гэрчилгээ бүхий газарт байрлах байшингийн шатыг Сүхбаатар дүүргийн газрын албанаас Засаг даргын захирамж, шийдвэргүйгээр албадан чөлөөлүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн газар албадан чөлөөлөх үйл ажиллагааг зогсоохыг даалгах тухай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******аас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Уг хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ, 28.2.3-д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч П.С*******ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан П.С*******ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох П.С*******ийн өмчлөлийн нэгж талбарын 1864431200******* дугаартай, Улсын бүртгэлийн 0000******* дугаартай гэрчилгээ бүхий газарт байрлах байшингийн шатыг Сүхбаатар дүүргийн газрын албанаас Засаг даргын захирамж, шийдвэргүйгээр албадан чөлөөлүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн газар албадан чөлөөлөх үйл ажиллагааг зогсоохыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч П.С******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч П.С*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Ө.БОЛОРЧИМЭГ