Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2024/00118

 

 

 

 

 

 

 

2024 03 18

 

153/ШШ2024/00118

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, Ерөнхий шүүгч Х.Тасхын, шүүгч М.Эрдэнэ-Оюун нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох

Гэм хорын хохиролд 5,308,006 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Замын зардал 224.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Д,Эрдэнэчимэг, иргэдийн төлөөлөгч С.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нь Ш.*******д холбогдуулан гэм хорын хохирол 5,532,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

2. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багт өөрийн гэртээ байж байхад Ш.******* нь согтуу ирээд намайг ална гээд дайраад миний хамар луу цохиод хэл амаар доромжилсон. Ингээд шүүх шинжилгээний дүгнэлтээр хамар ясны дотогш цөмөрсөн далд хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Үүнээс хойш миний хамар өвдөөд аймгийн эмнэлэгт ирээд үзүүлэхэд Улаанбаатар хотоос Мэндсайхан гэдэг эмч ирсэн байсан тул тэр эмч хамрын чихээсийг гаргаж өгсөн. Үүнээс хойш 10 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн. Тухайн өдөр Ховд аймгийн ******* сумын цагдаа дуудаж дуудлага өгсөн. Эмчилгээ хийлгэснээс хойш дахиж өвдөөд болохгүй болохоор нь Улаанбаатарт очиж ЭМЖЖ эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгэхэд тухайн эмнэлэг засвартай байна 10 сард ирж хагалгаанд ороорой гэсэн. Тэгээд Ховд аймагт буцаж ирсэн. Ингээд 10 сард буцаж Улаанбаатарт очиж 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ЭМЖЖ эмнэлэгт хамарны яс нөхөн хагалгаанд орсон энэ хагалгаа нь маш хэцүү хүнд хагалгаа бөгөөд зүүн чихний мөгөөрс, зүүн гуяны хальс, шөрмөсийг нь авч нөхсөн. Энэ хагалгаа нь нийт 3,899,900 төгрөгийн төлбөртэй бөгөөд ЭМД-аас хөнгөлөөд 1,535,400 төгрөг төлж хагалгаанд орсон. Энэ хагалгааны дараа хүндрэл үүсч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр босч чадахгүй болж цусны бөглөрөл үүссэн байна гээд гэмтэл согог судлалын эмч үзүүлээд хөлний оёдол задалж цэвэрлээд дахиад 8 хоног эмнэлэгт хэвтсэн. Үүнээс гадна 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орой хамарнаас цус алдаж дахиад гар мэс ажилбарт орсон. Ингээд 2023 оны 10 дугаар сарны 18-ны өдөр Улаанбаатар яваад 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирсэн. Ховд аймагт ирээд одоо хүртэл боолт хийлгэж эмчийн хяналтанд байна. Уг нь манай гэр ******* суманд хөдөө байдаг боловч малаа маллаж чадахгүй ажлаа алдаж байна. Ш.*******ы энэ үйлдлээс болоод миний бие эрүүл мэнд санхүү ажил гэх мэт олон зүйлээр хохирч байна. Ховд аймгаас Улаанбаатар хот явахад өөрийн охиныг дагууулж явьсан бөгөөд эмнэлэгт хоол цай зөөлгөх, сахиур хийлгэхээр аваад явсан. Очоод 2 сарын хугацаанд /1 сарын 750.000 төгрөг\ байр түрээслэж байсан. Уг байр нь түрээснээс гадна тог, ус, СӨХ- ийн мөнгө нэмж төлсөн байдаг. Энэ явдал гарсанаас хойш Ш.******* нь нэг ч удаа надтай холбогдоогүй эмчилгээний зардалд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй болно. Одоо миний бие дахиад он гараад дахиад Улаанбаатар явж дахин үзүүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэхүү хэрэгтэй холбоотой Эрүүгийн хэргийн маргааныг 2023 оны 08 сарын 24- ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023\Ш*******1 дугаартай шийтгэх тогтоол гарсан бөгөөд уг тогтоолд хохирогч нь цаашид Улаанбаатар хотод очиж хамар ясны дотогш цөмөрсөн далд хугарлыг эмчлүүлэхээр хагалгаа хийлгэх шаардлагтай байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилаагүй гэж үзнэ. Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдврэлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв гэсэн байна. Иймд нэхэмжлэгч С.******* миний биеийн 2023 оны 10 сарын 18-ны өдрөөс эхлэн өдий хүртэлхи хугацааны буюу Улаанбаатар хот явж хагалгаанд орсон холбогдох эм тариа авсан, ирж очих унааны зардал, Улаанбаатарт эмчилгээ хийлгэх үеийн байрны түрээсийн төлбөр 4.308006, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн хөлс 1.000.000 төгрөг нийт 5.308,006 төгрөгний хохиролыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжлэж байна гэв.

3. Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 12 ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот явж 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ирсэн. Миний бие дУлаанбаатар хотод очин дахин эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Иймд тухайн унааны зардалд нийт 224.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Иймд Ш.*******аас нийт 5,532,006 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Хариуцагч Ш.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын баримтаар нотлогдож байгаа хэсгийг төлнө. Нотлогдохгүй байгаа хэсгийг төлөхгүй гэв.

5. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: С.*******гийн мэс ажилбар болон хүний биед хүнд гэмтэл учруулсан тул гэм хорыг арилгах шаардлагатай. Гэхдээ хүний гоо сайханд халдана гэдэг уг нь маш муухай гэм юм. Ш.*******аас 650,000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

6. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 99,878 төгрөг төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хохиролын e баримтууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эмнэлэгийн хяналтын картын хуулбар, ЭМЖЖ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 86/04 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоол, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

7. Хариуцагчаас 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ

1. Шүүх нэхэмжлэгч С.*******гийн гэм хорын хохирол 5,532,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 4,728,611 төгрөгийг гаргуулж, 803,395 төгрөг гаргуулах тухай үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 5,532,006 төгрөгийн гэм хорыг гаргуулахыг шаардсан.

2. Нэхэмжлэгч С.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2.1. 2023 оны 06 сарын 05-ны өдөр Ш.*******д зодуулсаны улмаас эрүүл мэнддээ хөнгөн гэмтэл авсан. Тухайн үед эмчилгээ хийлгэсэн боловч эдгэрээгүй тул 2023 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод очиж хамарны яс нөхөн хагалгаанд орсон. Одоо хүртэл эмчилгээ хийлгэж байна. Ш.*******ы буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол 5,532,006 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

3. Хариуцагч Ш.******* нэхэмжлэлийн зарим шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

3.1. Нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг нотлох баримтыг үндэслэн төлөхийг зөвшөөрч байна. Харин нотлох баримтгүйгээр илүү нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч С.******* нь 2023 оны 06 сарын 05-ны өдөр Ш.*******д зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан. Уг үйлдлийн улмаас Ш.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. С.******* нь Ховд аймагт эмчилгээ хийлгэж, улмаар Улаанбаатар хотод очиж хамрын хагалгаанд ороход гарсан хохирлыг нэхэмжилжээ.

4.2. Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгчид учирсан хохирлоос нотлох баримтаар нотлогдсон хэмжээнд хохирлыг төлөхийг зөвшөөрсөн.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээдэг. Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүргийг хуульчилжээ. Гэм хор учруулсан этгээд Ш.*******ы санаатай үйлдлээр хохирогч С.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулсан үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул хохирогч гарсан хохирлыг гэм хор учруулсан этгээдээс нөхөн төлүүлэхийг дээрх хуулийн зохицуулалтаар шаардах эрхтэй.

5.1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоол-оор Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч С.******* нь гарсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.

5.2. Нэхэмжлэгч С.******* нь хамрандаа гэмтэл авснаар 2023 оны 10 сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 сарын 01-ний өдрүүдэд мэс засал хийлгэж, 2023 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл эмчийн хяналтад байсан нь чих, хамар, хоолойн эмнэлэг ЭМЖЖ ХХК-ийн тодорхойлолт, хяналтын картаар нотлогдов.

5.3. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

5.3.1. Нэхэмжлэгчийн худалдаж авсан эм тариа, байрны хөлс, байрны СӨХ-ийн төлбөр, замын зардал, хагалгааны зардал, өмгөөлөгчийн хөлс, хамт явсны охиныхоо замын зардлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

С.******* нь 2023 оны 10 сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод хамрын хагалгаанд орж, цаашлаад эмчийн хяналтад байсан нь өвчтөний хяналтын картаар тогтоогдсноор тухайн үед байрласан байрны хөлс, СӨХ-ийн төлбөр, хагалгаанд ороход асран сувилах шаардлагаар хамт явсан охиныхоо замын зардлыг шаардсан нь үндэслэлтэй. Энэ нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарах зардалд хамаарна. Тэрээр 83-р байрны 43 тоотод 11 сарын түрээс, 12 сарын хөлс төлсөн нь ХААН банкны дансны хуулгаар, БЗД-ийн IX ДЕНВЕР 83 I-43 тоот байрны СӨХ-ийн төлбөрийг төлсөн нь НӨАТ-ын баримтаар тус тус нотлогдов. Энэ талаар маргасан хариуцагчийн ... байр хөлсөлж аваагүй, оюутнуудын хамт байсан гэх татгалзал үндэслэлгүй бөгөөд хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй юм (Хавтаст хэргийн 12-13 дахь тал)

5.3.2. Хохирогчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ердийн хүнсний бүтээгдэхүүнээс тусгай нэмэгдэл хоол өгөх зайлшгүй шаардлага гараагүй бөгөөд хүн эрүүл мэндэд нь хохирол учраагүй ч өдөр тутам хоол хэрэглэдэг нь хүнсний зардлыг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсныг тайлбарлах нь зүйтэй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид гарсан зайлшгүй зардалд нэмэгдэл хоол өгөх зардал хамаардаг ч өдөр тутмын хэрэглэдэг хүнсний зүйлийг нэмэгдэл хоол өгөх зайлшгүй шаардлага гарсан гэж үзэхгүй.

5.4. Нэхэмжлэгчид учирсан 4,728,611 төгрөгийн хохирлын тооцоолол:

- 2,364,000 төгрөгийн төлбөртэй хамрын хагалгаанд ороход эрүүл мэндийн даатгалаас 828,600 төгрөгийг хөнгөлсөн бөгөөд С.******* 1,535,400 төгрөгийг ЭМЖЖ эмнэлэгт төлсөн болох нь НӨАТ-ын баримт, ХААН банкны депозит дансны хуулгаар,

- 2023.12.04-ний өдөр 42,650 төгрөгийн, 2023.11.01-ний өдөр 25,000 төгрөгийн, 2023.12.26-ны өдөр 58,628 төгрөгийн, 2023.11.04 өдөр 168,600 төгрөгийн, нийт 294,878 төгрөгт эм, тариа хэрэглэсэн нь НӨАТ-ын баримтаар,

- Байрны хөлсөнд 2023 оны 11 сарын хөлс 670,000 төгрөг, 2023 оны 11 сарын хөлс 750,000 төгрөг, нийт 1,420,000 төгрөг төлсөн нь ХААН банкны депозит дансны хуулгаар,

- 2023.11.21-ний өдөр 88,129 төгрөг, 2023.12.15-ны өдөр 154,204 төгрөг, нийт 242,333 төгрөг байрны СӨХ-ийн төлбөр,

- Өмгөөлөгчийн хөлс 700,000 төгрөг төлсөн нь ХААН банкны дансны хуулгаар,

- Улаанбаатар-Ховд хоорондын нийтийн тээврийн 2 удаагийн замын зардал (нэг талын зардал 110,000х3=330,000 төгрөг, нэг удаад Дарви дээр буусан 96,000 төгрөг, хамт явсан охиныхоо зардал 110,000) нийт 536,000 төгрөг байна. (Хавтаст хэргийн 5-15, 62-63 дахь тал)

5.4. Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргасан зарим НӨАТ-ын баримт нь арилсан тул нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа үндэслэлээр 803,395 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

6. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч С.*******д учирсан хохирлын тодорхой хувийг Ш.*******аас гаргуулах хүсэлтэй гэх дүгнэлт гаргасан. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6.-т шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэхээр заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 4,728,611 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 90,608 төгрөгийг хариуцагч Ш.*******аас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг. Харин нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 99,878 төгрөгийг төлсөн байх тул улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ш.*******аас гэм хорын хохирол 4,728,611 (Дөрвөн сая долоон зуун хорин найман мянга зургаан зуун арван нэг) төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, 803,395 (Найман зуун гурван мянга гурван зуун ерөн тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,878 (ерөн есөн мянга найман зуун далан найм) төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, хариуцагч Ш.*******аас 90,608 (ерөн мянга зургаан зуун найм) төгрөг гаргуулан (100160000941 тоот) улсын орлогод оруулсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН

ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН