Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/02

 

 

                                 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Н.Буджав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Буджавт холбогдох эрүүгийн 1736000000110 дугаартай, 178/2018/003/Э/ индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Алтай Строй” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-61 тоотод  оршин суух, ПЮ92093019 регистрийн дугаартай, Ойрд овогт Нарангэрэлийн Буджав

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Н.Буджав нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант  сумын Алаг толгой багийн  нутаг дэвсгэрт иргэн Д.Элдэв-Учралтай маргалдаж, улмаар түүнийг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Д.Элдэв-Учрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр найз Б.Оюунбаатар, Г.Бат-Эрдэнэ нарын хамт 21 цагийн үед Кроун бааранд орсон. Тэгтэл араас орж ирж байсан Б.Оюунбаатар алга болчихоор нь би буцаж гартал Б.Оюунбаатарыг 6,7 залуу 3 хүний хөшөө рүү хөөж ирээд Н.Буджав гэх залуу түлхээд унагачихаар нь би очиж салгахад Н.Буджав гэх согтуу залуу над руу дайрч “ чи намайг Алтай суманд очиход дарамталсан” гэж хэлэхээр нь би “ эрүүл болчихоод надтай ярь “ гэсэн чинь надтай заамдалцаж авах үед миний хүзүүнд зүүж явсан гинж тасарчихаар нь би тонгойгоод гинжээ авах гэтэл миний нүүр лүү өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй.Миний баруун талын нүд хавдаж, үүдэн 3 шүдний паалан хагарч сэтэрсэн, ломботой шүдний ломбо хөдөлсөн   гэжээ./хх 28-29-р хуудас/  

Гэрч Б.Оюунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... 3 хүний хөшөөний тэнд ирээд тэд нар надтай маргалдаад мөн тэр ширээний 2,3 залуу ирээд хөл гар луу өшиглөлцөөд зууралдаад байж байтал Кроун баарнаас Д.Элдэв-Учрал гарч ирээд намайг салгах гэхэд Н.Буджав Д.Элдэв-Учралтай заамдалцаад зогсож байснаа “ миний гинж тасарлаа” гээд тонгойгоод гинжээ авах гэтэл нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн. Нөгөө 2 залуу нь намайг тавихгүй байсан.Д.Элдэв-Учралын нүүр нь хавдсан, 2 шүдний паалан хагарсан, утасны ар тал нь хагарсан байсан гэжээ. /хх-6-7-р хуудас/

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.Элдэв-Учрал, Б.Оюунбаатар нарын хамт Кроун бааранд суух гэж ирээд Д.Элдэв-Учрал бид хоёр түрүүлээд орсон. Тэгээд ширээнд суух гэтэл Б.Оюунбаатар, Д.Элдэв-Учрал хоёр ирэхгүй болохоор Кроунаас  гартал баарны хойт талд 3 хүний хөшөөний тэнд Б.Оюунбаатар нэг өндөр залуутай маргалдаад хажууд хэдэн залуучууд тойроод зогсчихсон, Д.Элдэв-Учрал тэдэн рүү явж байсан.Намайг очихын хооронд Д.Элдэв-Учирлыг нэг өндөр залуу нь өшиглөсөн.Д.Элдэв-Учралын ам хамраас цус гараад нүүрээ дараад сууж байхад нь би очиж салгасан.Салгахын хооронд нөгөө өндөр залуу дахиад өшиглөөд байсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан.Д.Элдэв-Учралын нүүр нь хавдсан, 2 шүдний паалан хагарсан, гар утасны ар тал нь хагарсан байсан.Самсунг S-6 маркийн утас, сарын өмнө шинээр авсан бүрэн бүтэн утас байсан, гинж нь мөнгөн гинж байсан гэжээ. /хх 8-9-р хуудас/

Гэрч Б.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 02-ны орой Баяржаргал, Н.Буджав, Гансүх, Пүрэвжамц, Энх-Амгалан бид нар Кроун бааранд орж архи пиво ууж байгаад тэкний тэнд зогсож байсан Б.Оюунбаатартай очиж мэндэлсэн .Тэгээд Ц.Баяржаргал бид хоёр гадаа гарч тамхи татаж байтал Оюунбаатар Н.Буджав хоёр барилцаж аваад 3 хүний хөшөөний тэнд цэцгийн мандалд уначихсан байхаар Баяржаргал бид хоёр очиж салгасан.Тэгж байтал Д.Элдэв-Учрал хаанаас гараад ирснийг мэдэхгүй Н.Буджав Д.Элдэв-Учрал руу дайраад “ чи Алтай суманд яалаа “ гээд барилцаж авсан.Би согтсон байсан болохоор Д.Элдэв-Учралыг Н.Буджав цохиж байгааг хараагүй.Д.Элдэв-Учралын хамар амнаас цус гараад “ шүд уначихлаа” гэж хэлэх шиг болохоор нь утасны гэрэл тусгаад байж байтал цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан гэжээ. /хх 32-р хуудас/

Гэрч Ц.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... бид нар Кроун бааранд архи пиво ууж байгаад Б.Ганболд бид хоёр тамхилах гээд гарахад Ганболд, Н.Буджав хоёр 3 хүний хөшөөний тэнд заамдалцаад зогсож байхаар нь бид хоёр очиж салгасан. Тэгтэл Д.Элдэв-Учрал хүрч ирэхэд Н.Буджав түүн рүү дайраад “ чи Алтай суманд яалаа” гээд нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн.Д.Элдэв-Учралын хамар амнаас цус гараад зогсож байтал цагдаа нар ирээд “найзаа олж өг” гэхээр нь баар луу орсон чинь Н.Буджав байхгүй байсан. Тэгээд Б.Ганболд бид хоёрыг цагдаа руу авч явж эрүүлжүүлсэн гэжээ. / хх-33-р хуудас/

            Гэрч Б.Энх-Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Н.Буджав бид хоёр тамхи татах гээд гадаа гарч яваад Б.Оюунбаатар гэх залуутай тааралдаж Н.Буджав Б.Оюунбаатартай маргалдсан.Тэр хоёрыг хэрэлдэж байхад зарим найзууд ирсэн.Д.Элдэв-Учрал ирээд “ больцгоо” гэхэд Н.Буджав Д.Элдэв-Учралтай маргалдсан. Тэгээд бид нар холдоод явсан. Нэг харахад Д.Элдэв-Учрал тонгойгоод суучихсан Н.Буджав ар нуруунд нь өшиглөж байхаар нь би очиж Н.Буджавыг татаж салгаж автал Д.Элдэв-Учралын нүүрэнд өшиглөсөн.Би Н.Буджавыг чирээд Кроун бааранд оруулчихаад гараад иртэл Д.Элдэв-Учралын амнаас цус гарчихсан сууж байсан.Тэгээд цагдаа дуудаад тарцгаасан гэжээ./ хх-37-38-р хуудас/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-р хуудас/

            Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг / хх-19-21-р хуудас/

            2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Д.Элдэв-Учралын биед тархи доргилт,хамрын хянга ясны хугарал,таславчийн муруйлт,12,13,21,36-р шүднүүдийн паалан, цөгцний эмтрэл, духанд 3х3 см өнгөц зулгаралт, зүүн талын хацар, шанаанд хаван хавдар, зүүн нүдний дээд зовхинд 1х1 см, доод зовхинд 1х1 см тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.2. Д.Элдэв-Учралын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Дээрхи гэмтлүүд нь шинээр үүсгэгдсэн байх боломжтой.3. Д.Элдэв-Учралын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан,шинжээч Б.Цэндхүү гэжээ./хх -42-43-р хуудас/

            Эд зүйл үнэлсэн тухай тайлан / 55-р хуудас/

Шүүгдэгч Н.Буджав мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Элдэв-Учралтай маргалдаад түүнийг 2 удаа өшиглөсөн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэх мэдүүлэг зэрэг баримт болно. 

Шүүгдэгч Н.Буджав нь  Д.Элдэв-Учралыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Элдэв-Учралын мэдүүлэг, гэрч Б.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ, Б.Ганболд, Ц.Баяржаргал, Б.Энх-Амгаланбаатар нарын мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Буджавыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Буджав нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-64-р /-аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч нь хохирол төлбөргүй болох нь шүүгдэгч Н.Буджавын “ миний бие нь хохирогч Д.Элдэв-Учралд мөнгөн гинжний 250000 төгрөг, Galagxy S-6 гар утасны арын шилний 20000 төгрөг, шүдний эмчилгээний 250000 төгрөг,нийт 520000 төгрөг төлсөн” гэх хүсэлт, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.

            Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон прокурорын саналыг үндэслэн торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгч Н.Буджавын хөрөнгө, цалин хөлс болон өөрийнх нь саналыг үндэслэн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Буджав нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй  болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг мөнгөн гинжний тасархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Элдэв-Учралд буцаан олгох, шүүгдэгч Н.Буджавын эзэмшлийн Самсунг маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/67 дугаартай Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ойрд овогт Нарангэрэлийн Буджавыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ойрд овогт Нарангэрэлийн Буджавыг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Буджавт оногдуулсан 450 нэгж буюу 450000 төгрөгний торгуулийн ялыг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Буджав нь 450000 / дөрвөн зуун тавин мянга /    төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Шүүгдэгч Н.Буджавт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Н.Буджавын эзэмшлийн Самсунг маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/67 дугаартай Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн 1736000000101 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1 ширхэг мөнгөн гинжний тасархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Элдэв-Учралд буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Буджавт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form