| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2210002510575 |
| Дугаар | 2022/ДШМ/930 |
| Огноо | 2022-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ДШМ/930
2022 9 22 2022/ДШМ/930
Д.С, Б.А, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Түмэн-Өлзий,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/547 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, шүүгдэгч Б.Бнарын өмгөөлөгч Ч.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.С, Б.А, Б.Бнарт холбогдох эрүүгийн 2210002510575 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. С овгийн Д-гийн С, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....................... аймагт төрсөн, .. настай, ...гтэй, ....................... боловсролтой, ....................... их сургуулийн оюутан, ам бүл .., ........................ нарын хамт ................... дүүргийн .. дугаар хороо, ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........................../;
2. Б............... овгийн Б-ийн А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................... аймагт төрсөн, .. настай, ..гтэй, ............. боловсролтой, ................. мэргэжилтэй, “.....................” ХХК-д .............. ажилтай, ам бүл .., .................. хамт, ................. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....................../;
3. Б.................. овгийн Б-ийн Б................, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр ................. аймагт төрсөн, .. настай, ..гтэй, ... боловсролтой, ............... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ................... хамт, .................... дүүргийн .. дүгээр хороо, ... дүгээр хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;
Шүүгдэгч Д.С нь 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт хохирогч Б.А-тай үл ялих зүйлээс маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа олон удаа цохиж, хамар ясны ил хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт хохирогч С.Х-той үл ялих зүйлээс маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод 3-4 дүгээр шүдний буйлны цус хуралт, доод уруулын салстад шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Бнь 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Т-гийн үснээс зулгаан газарт унагаж, толгойн оройн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Д.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.С, Б.А, Б.Бнарыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Д.С, Б.А, Б.Бнарын 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-аас 337.124 төгрөгийг гаргуулан хохирогч Б.А-т олгож, хохирогч нар нь эмчилгээ үйлчилгээнд хамрагдан холбогдох эмнэлгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С, Б.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч, хохирогч Б.А, шүүгдэгч Б.Б нарын өмгөөлөгч Ч.Энхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/547 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Б.Бнь тухайн үед 4 сартай жирэмсэн байсан ба эх, эцэг, эгч, дүү нарын хамт амралтанд амарч байсан. Жирэмсэн байсан тул согтууруулах ундааны зүйл хэрэглэх боломжгүй байсан. Гэтэл мөрдөгч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй байж согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн мэт тогтоолдоо дурдсан.
Хэрэг явдал болж байх үед Б.Бнь өөрийн төрсөн дүү А-ыг бусдад, тухайлбал олон тооны хүмүүст тал талаасаа өшиглүүлэн, зодуулж байсныг хараад цочрон давчдаж, дүүгийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд бусдын үснээс зулгаах үйлдэл хийсэн нь гэмт хэрэг мөн үү, биш үү гэдэгт шүүх анхааран үзэх ёстой байсан.
Мөн шүүх эмнэлгийн дүгнэлтэд Б.Б нь хохирогч Т-гийн толгойн орой хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэж үзжээ.
Гэтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдсан” байхыг хөнгөн гэмтэл гэж үздэг.
Хохирогчийн биед учруулсан толгойн оройн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт тогтоогдсон нь үйл ажиллагааны хямрал хэдэн долоо хоног, хэд хоногоор үргэлжилсэн бэ, үргэлжлэх вэ, мөн ерөнхий хөдөлмөрийн чадварыг ямар хэмжээтэй алдсан бэ гэдгийг нарийн тогтоогоогүй байхад хөнгөн гэмтэл учруулсан байна гээд ял халдаасанд гомдолтой байна.
Б.А-ыг олуулаа бүлэглэн зодсоныг гэрчүүд гэрчлээд байхад зөвхөн С-ыг зодож гэмтэл учруулсан гэж байгаа нь эргэлзээтэй байна. Учир нь, Аын биед олон тооны гэмтэл учруулсан нь тогтоогдсон, энэ гэмтлийг олон удаагийн үйлдлээр учруулсан байх магадлалтай, хэргийн газрын үзлэг, хүний биед болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт дээр Х-ийн өмсөж явсан гутлын хоншоор дээр цус мэт хүрэн өнгийн толбо их хэмжээгээр тогтоосныг мөрдөгч тэмдэглэлдээ тусгаагүй, түүнд шинжилгээ хийлгээгүй зэрэг мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийгдсэн байсныг анхан шатны шүүх хүлээж аваагүй болно.
Гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан, уг зодоонд хэн хэн гэгч ямар этгээдүүд оролцсон, хэн нь ямар үйлдэл гаргасныг үнэн зөвөөр тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завшаад байна уу, ял шийтгэгдсэн этгээд хэлмэгдээд байна уу гэдгийг нэг мөр тогтоож шийдвэрлэх шаардлагатай байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/547 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжээч томилж эргэлзээг арилгах, Ханддоржийн өмсөж явсан гуталны хоншоор дээр байх толбо юуны толбо байсан зэргийг тогтоох шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Ч.Түмэн-Өлзий шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан гэрч Анударь, шүүгдэгч Д.С, хохирогч Т.Т нарын мэдүүлгээр Т.Т нь тухайн цаг хугацаанд хохирогч Б.А-ын биед халдсан үйлдлийг гаргаагүй. Шүүгдэгч Б.Б-ын гаргасан үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэлд хамаарахгүй гэж үзэн прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлсэн. Өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хэрэгт авагдсан бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Мөн шүүгдэгч Д.С-ын Б.А-т хөнгөн хохирол учруулсан үйлдлийн тухайд шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад “намайг олон хүмүүс зодсон” гэж мэдүүлдэг боловч гэрч Анударийн мэдүүлгээр “Д.С, Б.А нарын хооронд маргаан үүсэж, Б.А нь Д.С-ыг цохисны дараа Д.С нь хохирогч Б.А-ын нүүрэн тус газар нь цохиж, гэмтэл учруулсан талаар мэдүүлдэг. Энэ нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэж техникийн шинжтэй алдаа гарсан байх гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.С нь 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт хохирогч Б.А-тай үл ялих зүйлээс маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа олон удаа цохиж, хамар ясны ил хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт хохирогч С.Х-той үл ялих зүйлээс маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод 3-4 дүгээр шүдний буйлны цус хуралт, доод уруулын салстад шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Т-гийн үснээс зулгаан газарт унагаж, толгойн оройн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Б.А-ын “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр амралтын өдөр байсан тул би ээж Сарангэрэл, аав Бүтэмж, эхнэр Гэрэлчимэг, хүү Цэг, мөн миний төрсөн эгч Баярзул, түүний нөхөр Няман-Иш нарын хамт Чингисийн хүрээ амралтын газарт ирж, хоногоор 207 дугаартай ариун цэврийн өрөөний хажуу талын гэрийг түрээслэн авч амарсан. Гэтэл 00 цаг өнгөрч байхад би дүү Содоншүр, дүү Цэлмэнгийн хамт ариун цэврийн өрөөнд орох гээд явж байхад танихгүй 2 залуу ариун цэврийн өрөөнөөс гарч явах замд зөрөхдөө хоорондоо биенээ түлхэхэд манай дүү Цэлмэг газар унасан. Тухайн үед би охин дүү Цэлмэгийг өмөөрөөд танихгүй 2 залууд хандан яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний баруун шанаанд гараа атгаж байгаад цохиод зугтахаар нь би араас нь барьж авахаар хөөхөд миний өөдөөс 4-5 эрэгтэй хүн гарч ирээд үгийн зөрүүгүй шууд зүүн шанаанд цохиход нь би газар унасан. Гэтэл хамт байсан хүмүүс нь миний нүүр рүү өшиглөж, миний хамрыг гэмтээсэн. ...” /хх 11/,
хохирогч С.Х-ийн “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн хүрээ амралтын газар циркийн жүжигчин найзуудтайгаа амарч байсан. Орой 00 цаг өнгөрч байхад гадаа С хүнтэй муудалцаад байна гэж хэн нь мэдэхгүй хэлсэн тул би хамгийн түрүүнд гэрээс гарахад миний араас Х, Мөнгөн-Од, Цолмон, Билгүүнтөгс нар гарч ирсэн бөгөөд бид нар найз С дээр очиход цээж нүцгэн, танихгүй залуугийн цээж рүү баруун хөлөөрөө өшиглөж байсан тул бид нар тэр хоёрыг салгах үед цээж нүцгэн залуутай хамт байсан туранхай залуу туслахгүй хөндлөнгөөс хараад зогсоод байсан тул би тус залууд хандан чи наад цээж нүцгэн залуугаа аваад яв гэхэд тоохгүй хараад зогсоод байсан. Мөн хажуу талд эмэгтэй хүн орилоод байхаар нь манай найз Т танихгүй эмэгтэйд үсдүүлсэн газар хэвтэж байсан тул би хоёр тийш салгах гэж дундуур нь ороход танихгүй эмэгтэйн гар нь Т-гийн үстэй нь орооцолдсон салахгүй байсан. Тухайн үед С нь цээж нүцгэн залуутай, харин Түмэнхүслэн нь танихгүй эмэгтэйд үсдүүлсэн хоёр талд байсан бөгөөд би алийг нь түрүүлж салгахаа мэдэхгүй байхад цээж нүцгэн залуутай хамт байсан залуу дээрх зодооныг салгахгүй хараад зогсож байсан тул би дахин очиж чи найзуудаа аваад явахгүй яагаад хараад зогсож байгаа юм бэ гэж хэлэхэд, миний араас цээж нүцгэн залуу гараа атгаж байгаад уруул орчимд нэг удаа цохиж, үүдэн дээд баруун шүдийг гэмтээхэд хажууд Энх-Учрал намайг тэврээд гэр рүү явсан. Удалгүй цагдаа нар манай гэрт орж ирсэн. ...” /хх 14-15/,
хохирогч Т.Т-гийн “...2021 оноос 2022 оны шинэ жилийн арга хэмжээнд Мадгаскар циркийн хүмүүстэй хамтарч тайзны жүжигчилсэн тоглолт хийсэн бөгөөд ингээд тухайн тоглолт нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингисийн хүрээ гэх газар руу Мадгаскар цирк болон СУИС-ийн найзуудын хамт шинэ жил тэмдэглэхээр 19 орчим хүнтэй хамт очиж амрахаар болсон. Тэгээд бид Чингисийн 3 гэр авч амарсан юм. Тухайн гэрийг Амараа гэх хамт явж байсан ах төлбөрийг нь хийж авсан. Бид эхлээд нэг гэрт олуулаа ойр зуурын юм ярьж, хөзөр тоглож, мөн хажуугаар нь цагаан архи ууж, зарим нь пиво ууж байсан. Тэгээд бид нар хэсэг хугацааны дараа 3 гэрт хуваагдаж амрахаар болсон юм. Тэгээд би ертөнцийн зүгээр баруун гар талд байрлах гэрт амрахаар болоод тухайн гэрт орж байж байгаад ганцаараа ариун цэврийн өрөө орохоор явж байтал 2 бага насны эмэгтэй хүүхэд явган хүний зам дагуу зогсож байсан. Тухайн үед 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шөнийн 00 цаг өнгөрч байсан. Би тухайн хоёр хүүхдээс юу болсон талаар асуутал бид хоёртой хамт явж байгаа томчууд хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд хоёр охины эгч нь хүмүүс зодолдож байсан тухай хэсэг рүү гүйж очсон. Би хойноос нь дүү охиныг нь дагуулаад хойноос нь салгах гээд нэг хүнийг тэвэрчихсэн зогсож байсан. Би тухайн охиныг чи цохиулчихна гэж хэлээд татаж аваад холдуулаад хоёуланг нь бариад зогсож байсан. Тэгээд бид нэг харахад надтай хамт амарч байгаа найзууд болох Хангай, Амараа, Ханддорж нар дээгүүрээ нүцгэн, нүүр ам нь цус болчихсон эрэгтэй хүнтэй барилцаад зогсож байсан. Тэгээд байж байтал 20-оос 30 орчим насны 1.50 см орчим өндөртэй, гадуураа хар куртиктэй, дотуураа цагаан ноосон үсэрхэг цамцтай, махлагдуу эмэгтэй хэл амаар доромжилж байгаад миний толгойн зулай хэсгийн үснээс хоёр гараараа зуурч гарандаа атгаад газарт унагаад чирсэн. Тухайн эмэгтэй ямар шалтгаанаар намайг унагаж үснээс зулгааж чирснийг би мэдэхгүй байна. ...” /хх 18/,
гэрч С.Анударийн “...Анх манай найз Стай маргалдах үед Б.А гэх залуугийн хамар нь зүгээр байсан бөгөөд шууд Сыг гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед нь С зөрүүлээд гараа атгаж байгаад Б.А гэх залууг цохих үед Б.А-ын хамраас нь цус гарсан. Б.А гэх танихгүй залуу нь хамраас нь цус гарах үед улам их орилж, өмсөж байсан хувцсаа тайлж шидээд байсан. ...” гэх мэдүүлгүүд /хх 24/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1226 дугаар “... Б.А-ын биед хамар ясны ил хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 43-44/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1357 дугаар “...С.Х-ийн биед баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, доод 3-4-р шүдний буйлны цус хуралт, доод уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хх 48-49/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1355 дугаар “...Т.Т-гийн биед толгойн оройн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх толгойн оройн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь үснээс зулгаагдах үед, зүүн шууны цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлтүүд /хх 51-52/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 65, 148/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 77-84/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.С, Б.А, Б.Бнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.С нь хохирогч Б.А-ын , шүүгдэгч Б.А нь хохирогч С.Х-ийн, шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Т-гийн тус тус эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.С, Б.А, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.А, Б.Б нарын өмгөөлөгч Ч.Энхбаяраас “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжээч томилж эргэлзээг арилгах, Ханддоржийн өмсөж явсан гуталны хоншоор дээрх толбо юуны толбо байсан зэргийг тогтоох шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, Б.Бнарын өмгөөлөгч Ч.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.С, шүүгдэгч Б.А, шүүгдэгч Б.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх боловч ял оногдуулахдаа хэргийн зүйлчлэлийг буруу бичиж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж техникийн шинжтэй бичиглэлийн алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/547 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, Б.Бнарын өмгөөлөгч Ч.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ