Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1410

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01076 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан гаргасан “А-” ХХК-ийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/663 дугаар тушаал, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/555 дугаар тушаалыг хүчингүй болгуулах ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “А-” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Таян нуурын уурхайд 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Дампын оператороор ажилласан. Энэ хугацаанд үүрэгт ажлаа биелүүлж, ёс зүйн хувьд алдаа дутагдал гаргаагүй, ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй. 2019 оны 06 дугаар сарын 07-ны орой ажлаас буугаад хоол идэж байхдаа хэдэн нөхөдтэйгээ тоглоом тохуу болгож талх шидсэн нь үнэн. Компанийн зүгээс хүндээр тусгаж авч, намайг ажлаас халах үндэслэл болгосон гэж үзэж байна. Хүний нөөцийн хэлтэсээс 6 дугаар сарын 08-ны өдөр намайг дуудсан. Ямар нэгэн өчиг тайлбар авахгүйгээр ажлаас халж явуулна гэж хэлээд, ажлаас халах саналын хуудсанд гарын үсэг зур гэхэд би хүлээн зөвшөөрөөгүй, ажлаас халагдмааргүй байна гэж бичсэн. Тухайн үед 6 дугаар сарын 16-ны орой өөрийг чинь ажлаас халахаар шийдвэрлэсэн байна. Тойрох хуудсандаа гарын үсэг зуруулаарай гэж хэлээд надад үлдээгээд явсан. Тэр өглөө намайг ажилд гаргаагүй. 06 сарын 17-ны өглөө хүний нөөцийн ажилтан н.З-тай очиж уулзсан. Хамгийн сүүлд уурхайн дарга н.Галбаатар гэдэг хүн дээр хүний нөөцийн ажилтны хэлсэнээр уулзах гээд ороход өмнөөс шууд яв гэдэг хариу өгсөн. 6 дугаар сарын 17-ны орой аялалд хамрагдаад гэр рүүгээ явсан. 6 дугаар сарын 26-ны үед Улаанбаатар хотын оффиссын хүний нөөцийн ажилтан н.Отгонжаргал гэдэг хүнтэй холбогдсон. Намайг  талх шидсэн үндэслэлээр ажлаас хална гэсэн, Нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмжээ авмаар байна. Ажлаас халсан тушаалаа авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэтэл 6 дугаар сарын 28-ны өдөр тушаал чинь гарах байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэнд ажилладаг таньдаг хүнээ  6 дугаар сарын 28-ны өдөр миний тушаал гарсан байх аваад ирээрэй гэж хэлсэн. Гэтэл чиний тушаалыг өгөөгүй. Хойшилсон гэж хэлээд явуулсан байсан. Тэгээд холбоо бариагүй байж байгаад 07 дугаар сарын 04-05-ны үед н.Отгонжаргал над руу ярьсан. Хотоос таныг буцаагаад ажилд авахаар шийдвэрлэж байгаа юм байна. Танд сануулах хуудас ирннэ, та ажиллах юм байна. Би аялал харж байгаад танд хэлнэ гэж хэлсэн. Түүнээс хойш байнга утсаа чагнаад хүлээж байсан. 7 дугаар сарын 08-ны өдөр мал байдаг айл руугаа яваад өдөртөө ирэх хооронд тэр өдөр миний утас руу залгасан байсан. Манай эхнэр авахад “А-” ХХК-аас ярьж байна. Г.Б-ыг өөрийнхөө  хүсэлтээр ажлаасаа  гарсан гэдэг өргөдөл дээр гарын үсгээ зурж өгөөрэй гэж хэлсэн байсан.  Түүнээс хойш холбоо бариагүй. Ямар нэгэн асуудал гарвал н.З-ыг ярих байх гэж бодож байсан ч н.З- болон ажлаас яриагүй. Наадмын дараа н.З-тай утсаар яриад юу болсон бэ гэхэд таныг ажиллуулахгүй гэж хэлсэн. Ямар нэгэн тушаал шийдвэр ирээгүй. Тэгээд би 7 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгчид хандсан. Шүүхэд гомдол гаргах эрхтэй юм байна гэсэн үүднээс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр уурхайн Хуулийн хэлтсийн дарга Баттүвшиг гэдэг хүн надтай ярьсан. Манай компанийн зүгээс эвлэрэх саналтай байна гэхэд нь би шаардлагаа хэлсэн. Гэтэл цалин тэтгэмж олгохгүйгээр ажилдаа эргээд орохыг санал болгосон. Тийм учраас би эвлэрэх саналыг хүлээж аваагүй. Дараа нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахиж ярьсан. Тэр үед Хуулийн хэлтсийн дарга Б- гэж хүн эвлэрэх талаарх өөрийн чинь саналыг сонсоод хэрэгтэй чинь танилцмаар байна гэж хэлсэн би өмнөх шаардлагаа хэлэхэд мөн хүлээж аваагүй. Түүнээс хойш 2020 оны 02 дугаар сарын 10-ны үед Б- өөрөө над руу ярьсан. Бас л эвлэрэх саналаа хэлэхэд би өмнөх шаардлагаа хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө тушаал шийдвэр гаргаагүй байсан мөртлөө 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/663 дугаар тушаалаар надад сануулах шийтгэл ногдуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг ажилдаа ор гэж огт дуудаагүй мөртлөө гэнэт ажлаас халсан ташаал шүүхэд гаргаж ирсэн. Иймд “А-” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Б/663 дугаар тушаал, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/555 дугаар тушаалыг хүчингүй болгуулах ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Т.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр уурхайн орой ээлжийн хоолны үеэр нийт 50 гаруй хүн хооллож байхад Г.Б- нь талх бөөрөнхийлөөд шидсэн, уг талх нь тогоотой хоолонд орсон тул бүгдийг нь асгаад дахиад шинээр 50 хүний хоол хийсэн. Уурхайн дарга ийм зөрчил гарлаа гээд баримтжуулсан. Тухайн үеийн камерын бичлэг, баримтуудыг үндэслээд арга хэмжээ авхуулах материалыг төв оффисс руу ирүүлсэн нь хэргийн материалд авагдсан байгаа. Ажилтнуудын 50 хүний хоолны материалын зардал гарсан. Тогтооч нар цаг сунгаж ажилласан учраас сахилгын арга хэмжээ авагдсан байгаа. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр сахилгын арга хэмжээ авсан тушаалаа өөрт нь танилцуулаад гаргасан. Тийм учраас энэ сахилгын арга хэмжээ авсан тушаал нь үндэслэлгүй байх боломжгүй. Г.Б- нь 06 дугаар сарын 17-ны өдрийн аялалаар буцсан. Уурхайн ажилтнууд  28 хоног ажиллаад 14 хоног амардаг болохоор буцахад нь бүгдээрэнгээр нь тойрох хуудас зуруулаад ажил хүлээлцдэг байсан. Г.Б- нь ингэж тойрох хуудсаа зуруулаад 7 дугаар сарын 02-ны өдрийн аялалаар буцаж ирэх ёстой байсан. Ирэх ёстой хүмүүс  рүүгээ  ирэхээс  нь  өмнө утастаж сануулдаг. Төв оффиссоос А- Б-той холбогдох гээд бүртгэлтэй байсан утас руу нь хэд хэдэн удаа залгахад өөртэй нь ярих боломжгүй байсан. Увсад билүү Ховдод өөр ажилд орсон гэсэн ойлголт өгсөн. Тухайн үед аль аймагт ажиллаж байсан гэдгийг нь санахгүй байна. Эхнэр нь өөр газар ажиллаж байгаа учраас надтай ярьж болно гэж эхнэр нь хэлсэн байсан. 07 сарын 02-ны өдөр ажилдаа ирэх хүмүүсийн нэрс өгөхөд Г.Б-той холбогдож чадаагүй учраас нэрсийн жагсаалтад оруулаагүй. Яагаад гэхээр хоосон суудал ирэхэд компани мөнгө төлдөг учраас тэр суудал дээр өөр хүний нэр өгсөн. Тийм болохоор энэ хүнийг бид нар 07 сарын 05-ны өдөр хүртэл харсан. Утастаад холбогдохгүй байсан. Эхнэртэй нь холбогдоод ирэх боломж байна уу, ямар хаягаар өөртэй нь холбогдох вэ, гэхэд эхнэр нь өөр ажилд орсон гэж хэлсэн. 07 дугаар сарын 02-05-ны өдөр ажилдаа ирээгүй болохоор хөдөлмөрийн гэрээнд зааснаар 3 хоног ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэж үзээд хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр гаргасан. Дээрх 2 тушаал үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/663 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, “А-”  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/555 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, Г.Б-ыг “А-” ХХК-ийн Таяннуурын уурхайн Кат дампын албанд Дампын операторын ажилд нь эгүүлэн тогтоож, “А-” ХХК-иас 14 162 777 /арван дөрвөн сая нэг зуун жаран хоёр мянга долоон зуун далан долоон/ төгрөгийг гаргуулж Г.Б-од олгож, Г.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч “А-” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А-” ХХК-иас 228 763 /хоёр зуун хорин найман мянга долоон зуун жаран гурван/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна Сахилгын шийтгэл ногдуулах тухай “А-” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/663 тоот тушаалыг хүчингүй болгосонтой холбоотойгоор “А-” ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл суманд Уулын баяжуулах Таяннуурын уурхайд төмрийн хүдрийн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уурхайд ростерийн хуваариар ажилтнууд ажилладаг. Уурхайн уулын карьерээс кемп хүртэл 5 км орчим байдаг ба ажилтнуудыг нийтээр нь микро автобусаар зөөж кемпэд хүргэж, уурхайн ажилтнууд хоолны цагаар яг тогтсон цагт ирж хоол идээд тогтсон цагт буцдаг. Г.Б- нь компанийн КАТ Дамп албаны оператороор ажилладаг байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хоолны цагаар ажилтнуудын цайны газрын зааланд талх бөөрөнхийлж шидсэн нь 50 хүний тогоотой хоол руу орсон. Энэ зөрчил дээр ажил олгогчийн зүгээс сануулах сахилгын арга хэмжээг 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр авсан байдаг. Г.Б- нь Таяннуурын уурхайн кемпед мөрдөх журмын 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан “Кемпийн үйлчилгээний газар /бие засах газар, халуун ус, цайны газар, үзвэр үйлчилгээ, биеийн тамирын танхим/-д хувийн ба нийтийн ариун цэвэр, эрүүл ахуйг дээд зэргээр сахиж, үйлчилгээний ажилтнуудад ажилд хүндрэл учруулахгүй байх” гэсэн зөрчил гаргасан бөгөөд Г.Б-ын энэхүү үйлдлээс үүдэн хоол хүлээж зогссон нийт 50 орчим ажилтнуудын 20 литр хоолыг дахин хийсэн байдаг. Хоол дахин хийсэнтэй холбоотой тухайн үеийн Кемп менежер хийж байсан кемп зохицуулагч Б.О-ийн тайлбар болон фото зургууд мөн хэрэгт авагдсан байгаа. Гал тогооны ажилтнууд 50 хүний хоол дахин хийхэд уурхайн ажилтнуудын цайны цагаас сэтэрч мөн үйлчилгээний ажилтнуудын хувьд дахин хоол хийхтэй холбоотой хоол бэлдэх, буцалгах гэх мэт урьдчилан тооцоолоогүй хүндрэлүүд гарсан тул Г.Б-ын гаргасан
зөрчлийн талаар уурхайн харуул хамгаалалтын нэгжээс 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өөрт нь танилцуулж, гарын үсэг зуруулсан “зөрчлийн хуудас” хэрэгт авагдсан байдаг. Мөн Г.Б-ын нэгжийн удирдлага Б.Х-өөс ирүүлсэн сахилгын шийтгэлийн
хуудсанд тухайн үед хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан /шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан/ Б.З- Г.Б-од өөрөө танилцуулж гарын үсэг зурсан сахилгын шийтгэлийн хуудас хэрэгт авагдсан байдаг бөгөөд нэхэмжлэгч тал сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар мэдээгүй байх боломжгүй юм. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай “А-” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/555 тооттушаалыг хүчингүй болгосонтой холбоотойгоор Таяннуурын уурхайн ажилтнууд нь нь ростерийн хуваариар ажилладаг бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ВАХТ-ын амралтаар амарсан ажилтнууд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн аяллаар уурхай дээр ирсэн байх ёстой байсан. Энэ аяллаар Г.Б- ирээгүй бөгөөд Г.Б-ын удирдлага болох КАТ Дамп албаны дарга Б Х-өөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Уурхайн даргад хандсан хүсэлтэд “...Г.Б- нь вахтын амралтаас 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ирэх ёстой байсан ирээгүй, утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан“ тухай дурдсан байгаа. Мөн Г.Б-ыг ажилдаа ирэх талаар хүний нөөцийн мэргэжилтэн М.А-/гэрчээр асуугдсан/2-3 удаа утас руу нь холбогдсон боловч Г.Б-ын эхнэр утсыг нь авч өөр ажилд орсон тухай мэдэгдсэн талаар, 3 хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдэхэд хүлээн зөвшөөрсөн талаар гэрчээр асуугдах үедээ тайлбар өгсөн байдаг. Говь-Алтай аймгийн Цээл сум өөрөө газар зүйн байршлын хувьд алслагдмал бөгөөд уурхай руу ирж, очих аяллын нэрсийг уурхайн хүний нөөцийн хэлтсээс ажилтнуудтай урьдчилан холбогдож боловсруулж гаргадаг тул аяллын мэдээллийг өгч бүртгэл хийж баталгаажуулдаг. Г.Б-ын хувьд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш утас нь холбогдоогүй тухай дээр дурдсан ажилтнуудын өгсөн мэдүүлэг болон хүсэлтэд тодорхой дурдсан байгаа атал хэрэгт авагдсан Б.Х-ийн Уурхайн даргад хүргүүлсэн хүсэлт болон М.А-ийн гэрчийн мэдүүлэг зэргийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйгээр Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг Г.Б-од гардуулж өгөөгүй гэсэн үндэслэлээр шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд Г.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан “А-” ХХК-ийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/663 дугаар тушаал, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 555 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч компанид 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Дампын оператороор ажилласан болон 2019 оны 06 дугаар сарын 07-ны орой ажлаасаа бууж, ажилчдын хамт хооллох үедээ өөрийн идэж байсан талхыг 50 гаруй ажилчдын хоол болох 25 литрийн савтай хоол руу шидэж бохирдуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Харин нэхэмжлэгч уг зөрчлийн улмаас хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч түүний уг үйлдэлд тус компанийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/663 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хэргийн 39 дүгээр тал/ Улмаар тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/555 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдөр ажил таслан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хэргийн 30 дугаар тал/

 

Гэвч хэрэгт авагдсан ажилчдын цагийн бүртгэл, нарядын дэвтэр, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ТНУ-ГАА чиглэлд явах ажилтнуудын нэрс, гэрч Д.Болдбаатарын “Г.Б-ыг ажлаас нь чөлөөлж байгаа тул тойрох хуудсыг өөрөөр нь зуруулна...” гэх, гэрч Б.З-ын “н.А- над руу 7 дугаар сарын 05-ны өдрийн орчим утсаар ярьж, Хуулийн албанаас Г.Б-ыг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн, тийм учраас сануулах арга хэмжээ аваад буцаагаад аялалд хамруулан Таяннуурын уурхайд ирүүлэх юм байна шүү гэж хэлсэн, ...үүнээс хойш 2-3 хоногийн дараа төвөөс н.А- над руу утасдаж, Г.Б-ыг ажилд нь авахааргүй болсон гэж хэлсэн, ...би 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ажлаас буусан. Энэ хугацаанд Г.Б-той холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр уурхай дээр ирүүлээгүй” гэх, гэрч М.А-ийн “Би 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн аялалд хамруулахаар 2 хоногийн өмнө Г.Б-ын 88-тай утасны дугаар луу залгахад эхнэр нь авсан. Өөр ажилд орсон юмуу гэж асуухад өөр ажилд ороод хөдөө Ховд аймаг руу явсан гэж хэлсэн. Дараа нь залгахад Г.Б- ирээгүй гэсэн” гэх, гэрч Н.Д-гийн “”А-” ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 08-ны үед нэг эмэгтэй хүн яриад Г.Б-ыг өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэсэн өргөдөл дээр гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн” гэх, мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд дээрх хариуцагч компанийн нэхэмжлэгчид ногдуулсан сануулах сахилгын шийтгэл, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг түүнд танилцуулж, гардуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /хэргийн 53-63, 107-109, 133-136 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх сануулах сахилгын шийтгэл, ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулж, гардуулан өгөөгүй байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар ажлаас буруу халсан тухай гомдол гаргах 1 сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Нөгөө талаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч түүний талх шидсэн үйлдэлтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй байх тул ажил тасалсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь хууль бус гэж үзнэ. Тодруулбал, хэргийн баримтаар нэхэмжлэгчийг ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч Г.Б-ыг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлын байрандаа ирж, ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байсан, энэ тухайгаа мэдэж байсан гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б-ыг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 5-ны өдрийг хүртэл ажил тасалсан гэж үзэж, хариуцагч “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/555 тоот ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, түүнийг “А-” ХХК-ийн Таяннуурын уурхайн Кат дампын албаны дампын операторын ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хариуцагч нь дээрх сахилгын шийтгэл, ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид танилцуулж, гардуулаагүй буруутай боловч нэхэмжлэгч нь өөрийг нь 2019 оны 7 сард ажлаас чөлөөлсөн болохыг мэдэж байсан талаар нэхэмжлэл, тайлбар гаргасан нь дээрх гэрч нарын мэдүүлгээр давхар тогтоогдож байна. Гэтэл шүүхэд гомдлоо 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргах хүртэл ажил, үүргээ гүйцэтгэх буюу сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг авах талаар хариуцагчид хүсэлт, шаардлага гаргаагүй байх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 5 сарын хугацаанд түүний ажилгүй байсанд зохигч хэн аль нь буруутай гэж үзнэ. Үүнийг дээрх үйл баримттай харьцуулан дүгнэвэл, анхан шатны шүүх цалин хөлстэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ хариуцагчаас 14 162 777 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй гэж үзэхээр байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байхаар зохицуулсны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх 1 сар, нэхэмжлэл гаргаснаас хойш хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх 4 сар, нийт 5 сарын хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгч нь сард 1 500 000 төгрөгийн цалин авдаг болох нь хэрэгт авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, Нийгмийн даатгалын дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа зэргээр тогтоогдож байна./хэргийн 3-4, 7 дугаар тал/

 

            Тодруулбал, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх 1 сар, шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоолж, нийт 5 сарын цалин хөлс болох 7 500 000 төгрөгийг хариуцагч “А” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хэргийн үйл баримт, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ.

 

Түүнчлэн, хариуцагч “А-” ХХК-д тухайн хугацааны нэхэмжлэгч Г.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасанд нийцэх юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01076 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “14 162 777 төгрөг” гэснийг “7 500 000 төгрөг” гэж,

2 дах заалтын “228 763 төгрөг” гэснийг “134 950 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 763 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                     С.ЭНХТӨР