Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 396

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хуралд холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Х.Батсүрэн

                         Д.Мөнхтуяа

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” тогтоолын 1 дэх хэсгийн хавсралтад заасан Улсын тусгай хамгаалалтад авах “Гутайн” орчмын газрын Батширээт, Биндэр сумын хэсгийн зураглалаас “П” ХХК-ийн лицензит талбайн 779.32 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 127/ШШ2018/0006 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0421 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Т.Б, Д.Н,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, өмгөөлөгч Ц.Э нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, Т.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 127/ШШ2018/0006 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг тус тус баримтлан Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд оруулах тухай” 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн хавсралтад заасан “Гутай” орчмын газрын Батширээт, Биндэр сумын зураглалаас “П” ХХК-ийн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0421 дүгээр магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 127/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд оруулах санал уламжлах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Магадлалын Хянавал хэсэгт “...Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар тогтоол нь тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр биш, харин байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай санал бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нийтийн эрх зүйн гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон, захирамжилсан шинжийг агуулаагүйгээс гадна үйлчлэлийн хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагаас эрх бүхий этгээдэд шийдвэр гаргуулахаар санал уламжилсан дотогшоо чиглэсэн шинжтэй байх тул уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэхгүй” гэжээ.

4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар тогтоол нь “тухайн байгууллагын хувийн санал бодол биш бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмаар гаргах, Засгийн газар болон Улсын Их Хурлын шийдвэрийн үндэслэл болох, тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахуулахаар эцэслэн шийдвэрлэсэн бүс нутгийн удирдлагын байгууллагын шийдвэр”, Захиргааны актад байх үндсэн шинжийг агуулсан, тодорхой нэг тохиолдолыг зохицуулахаар, Гутайн Даваа орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах газрын хилийн цэс, үндэслэлийг батлаад дүгнэлт гаргасан байна.

5. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг Засаг даргадаа даалгасан захирамжилсан шийдвэр бөгөөд “П” ХХК-ийн МҮ-013023 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамруулсан нь төр, аж ахуйн нэгжийн хоорондын газрын харилцаатай холбоотой асуудлыг хөндөж, нийтийн эрх зүйн үйлчлэлээрээ гадагш чиглэсэн, уг тогтоолыг үндэслэн Засгийн газраас улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн тул нэхэмжлэгчийн хувьд тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжтэй, тогтоол буюу актыг гаргасан субьект нь захиргааны байгууллага, албан тушаалтан гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Улсын Их Хурал, Засгийн газар нь өөрийн санаачлагаар улсын тусгай хамгаалалтад газар нутгийг авах шийдвэр гаргах эрх олгогдоогүй бөгөөд тухайн орон нутгаас ирүүлсэн саналын дагуу шийдвэр гаргах процесс, журамтай байна. Өөрөөр хэлбэл, орон нутгаас санал гаргаагүй тохиолдолд улсын тусгай хамгаалалтад газар нутгийг авах эрх зүйн үндэслэл үүсэхгүй юм. Иймээс 03 тоот тогтоол нь захиргааны акт мөн байтал давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

6. Мөн хариуцагч талаас 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 205 тоотоор шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 127/ШЗ2017/0652 дугаар захирамжид гомдол гаргахдаа захиргааны акт биш гэдэг асуудлыг хөндсөн бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/ШТ2017/0764 дүгээр тогтоолд маргаан бүхий актыг захиргааны акт мөн үзэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтын талаар дахин адил шатны шүүх акт биш гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0421 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 127/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7. Тодруулах нь, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авахуулах газар нутгийн хилийн цэс үндэслэлийг тогтоож батлахдаа нэхэмжлэгч байгууллагын эзэмшлийн тусгай зөвшөөрлийн солбилцол бүхий талбайг хамруулсан тул нэхэмжлэгч этгээд Ашигт малтмалын
тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, тусгай зөвшөөрөл эзэмших эрх хязгаарлагдаж байгаа тул эс зөвшөөрч шүүхэд хандсан
билээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох” гэжээ. Хариуцагч байгууллага нь өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, дур мэдэн байгалийн нөөц газрын хил заагийг тогтоон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна. Тэгэхээр хариуцагчийн өөрийнх нь тайлбарлаж буйгаар ямар ч эрх зүйн үйлчлэлгүй, гэм хоргүй санал биш ээ.

8. Бид Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.4-т заасан эрх бүхий байгууллагаар өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, түүнд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн болон мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, энэ хуулийн 18.4-т заасан саналыг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар манай компани хэрэгжүүлэх төсөл нь тухайн орчныг Улсын тусгай хамгаалалтад авахаар байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй гэдгийг баталгаажуулсан.

9. М\/-019023 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн лавлагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 066/5801 тоотоор авсан. Ойн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага огтолсон нэг модны оронд арав буюу түүнээс дээш тарьц суулгацыг ойд тарьж ургуулж, улсын ойн санд хүлээлгэж өгнө” гэсэн нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн Байгаль орчны менежментийн
төлөвлөгөөний жил бүрийн нөхөн сэргээлтэд тусгагдсан болно. Мөн техник, эдийн засгийн үндэслэл болон ордын хэмжээнд хийсэн гидрогеологийн хайгуулын ажлын тайлан, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас “далд уурхайгаар олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээр орших” гэсэн шаардлагад нийцэж байна гэсэн.

10. Нэхэмжлэгч байгууллага нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль журмын дагуу эзэмшихийн тулд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 , Үйлдвэр худалдааны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 291, Уул уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар тушаалуудыг үндэслэн 31 нэр төрлийн тайлан, төлөвлөгөө, паспорт бүртгэл, акт, орон нутагтай хамтран ажиллах гэрээ хэлцэл судалгаа зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлдэг билээ. Бичиг баримт нэг тус бүр нь байгууллагын ажилчдын нөр хөдөлмөр, ажиллагаа, хөрөнгө, зардлын үр дүнд бий болдог. Бид хууль журамд нийцүүлэн тусгай зөвшөөрөл эзэмшсэн, хууль зөрчөөгүй, энэ тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж ашиг орлого олно гэсэн бат итгэлтэйгээр бүх анхаарал хүчин чармайлтаа төвлөрүүлэн ажиллаж байсан, орон нутагт ч мөн хүссэн үед нь дэмжпэг тусалцаа үзүүлж ирсэн. Гэтэл төрийн нэг байгууллага нь зөвшөөрч тусгай зөвшөөрөл өгдөг хамаг хүч хөрөнгөө нөөц бололцоогоо дайчлан хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж үр ашгаа хүртэх гэтэл Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий тогтоол гарсан. Энэ нь бид нарын их хичээл зүтгэл, асар өндөр үнээр олдсон, орон нутгийн иргэд, нутгийн байгууллагууд, хөрөнгө оруулагч нарын манай байгууллагад итгэх итгэл үнэмшил, дэмжлэгийг байхгүй болгож, хөрөнгө оруулагч нарыг үргээн “...хэзээ мөдгүй улсад хураагдах газарт хөрөнгө оруулалт хийхгүй, мөнгөө газарт булахгүй” гэх болж, нутгийн зарим иргэд болохоор “...орон нутгийн удирдлагын шийдвэр гарсан байхад та нар юу хийгээд байгаа юм бэ, явцгаа, гарцгаа” гэх мэт хандлага үйл ажиллагаанд саад болж байна. Бодит цаасан дээр гарсан шийдвэр байтугай цуу яриа хүртэл аливаа үйл ажиллагаанд ямар хор нөлөөлтэй байдаг билээ. Тэр тусмаа уул уурхайн компаний хувьд орон нутгийн иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаа амжилтын үндэс болдог.

11. Хариуцагчаас яагаад манай байгууллагын эзэмшил нутаг дэвсгэрийг хамруулж шийдвэр гаргасныг тодруулахад “...Хэнтий аймгийн зарим сумд буюу Биндэр, Норовлин, Дадал сумдаас “Гутайн даваа” ХХК-ийн лицензийг цуцлуулах хүсэлтүүд ирсэн. Хүсэлтийн дагуу авч байгаа арга хэмжээ...” гэж тайлбарладаг. “Д М Н н” төрийн бус байгууллага нь Ашигт малтмалын газраас манай компанид олгосон ашиглалтын лицензийг цуцлуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 539 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Манай байгууллагын зүгээс ямар ч буруугүй, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байтал ийнхүү лиценз цуцлагдах нөхцөл байдал үүссэнд гомдолтой байна. Тэгээд ч манай эзэмшлийн газар нутгийн 5 км радиус дотор гол горхи, ус байхгүй байтал усны амьтдыг хамгаалах зорилгоор байгалийн нөөц ангиллаар манай эзэмшил нутгийг хамруулан улсын тусгай хамгаалалтад авахуулах шийдвэр гараад байгаа нь төрийн бодлого, шийдвэр үр нөлөөтэй, зорилгод нийцсэн, бодит байдалд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

12. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү ажиллагаа нь Улсын Их Хурлын зарим гишүүдийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа. Энэ талаарх баримтуудаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хавтаст хэрэгт хавсаргуулсан. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулах зорилготой, зорилгодоо хүрэх шаардлагатай арга хэмжээнүүдийг хариуцагч тал бүрэн авч хэрэгжүүлж байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв байна.

14. Маргаан бүхий Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” 03 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулахгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

15. Учир нь, хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2/-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг дээд шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу Засгийн газарт уламжлах” гэж заасны дагуу “Гутайн” орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах газрын хилийн цэс, үндэслэлийг баталж, уг газар нутгийг улсын тусгай хамгаалалтад хамруулах санал дүгнэлтийг Засгийн газарт уламжлахыг аймгийн Засаг даргад даалгасан нь нэхэмжлэгчийн хувьд шууд эрх зүйн үр дагавар үүсгээгүй байна.

16. Тодруулбал, газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоол буюу “санал” нь тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2/-т заасны дагуу Улсын Их Хурал нь Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамруулах,... газрын хилийн заагийг батлах, өөрчлөх гэсэн эцсийн шийдвэр гаргах эрхтэй этгээд юм.

17. Мөн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал нь эцсийн шийдвэр гаргагч Улсын Их Хурлын шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг шууд тодорхойлохгүй, өөрөөр хэлбэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийг улсын тусгай хамгаалалтад авах санал гаргасан л бол Улсын Их Хурал түүнийг нь шууд хүлээн авах эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

18. Иймд, маргаан бүхий Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай эцсийн шийдвэр биш учир нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн хүрээнд ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, бусад этгээдээс саад хийх үндэслэл болохгүй, иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-6-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

19. Нэгэнт маргаан бүхий тогтоол нь захиргааны акт биш тул түүнийг хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргах боломжгүй, энэ утгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хууль зөрчиж гарсан тухай болон бусад үндэслэлд /Тодорхойлох хэсгийн 7-12/ хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

20. Харин давж заалдах шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0421 дүгээр магадлалын Тогтоох хэсэгтээ хүчингүй болгож буй анхан шатны шүүхийн шийдвэрийн дугаарыг буруу бичсэн, мөн нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг бичилгүйгээр анхны гаргасан шаардлагыг бичсэн алдаа гаргасан, гэхдээ энэ нь магадлалыг хүчингүй болгох хэмжээний хэрэг хянан шийдвэрлэх журмын зөрчил биш байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

21. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0421 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...127/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг...” гэснийг “...127/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг...” гэж, “...“Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд оруулах санал уламжлах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг...” гэснийг “...“Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” тогтоолын 1 дэх хэсгийн хавсралтад заасан Улсын тусгай хамгаалалтад авах “Гутайн” орчмын газрын Батширээт, Биндэр сумын хэсгийн зураглалаас “П” ХХК-ийн лицензит талбайн 779.32 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг...” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ