| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/01240/И |
| Дугаар | 182/ШШ2024/03875 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2024/03875
2024 09 23 182/ШШ2024/03875
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..... байранд байрлах, Т /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... тоотод оршин суух, Ц.Б /РД:00000000/-т холбогдох,
Төрд учирсан хохиролд 14,243,344 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д
Хариуцагч Ц.Б
Иргэдийн төлөөлөгч Т.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ц.Бад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан.
Ц.Б нь ... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаалаар Ш.А-ыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас халсан байна.
Иргэн Ш.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу ... аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 109/ШШ2022/0107 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2023/0137 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар тогтоолоор ... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.А-ыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу ... аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нийт 14,243,344 төгрөгийг Ш.А-д ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалд тооцож олгосон байна.
Т нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Ц.Б-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,243,344 төгрөгийг Тийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Ц.Б-аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Аливаа байгууллагын ерөнхий нягтлан бодогч, төрийн сангийн мэргэжилтнүүдийг тухайн төсвийн захирагч шийдвэр гаргахдаа төрийн сантай зөвшилцдөг. Ийм хууль байгаа. Төсвийн тухай хууль болон бусад хуулиар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хүнийг ажилд авахдаа төсвийн захирагч төрийн сангийн удирдлагатай зөвшилцөж авдаг. Үүний дагуу Ш.А-ыг яг ингэж авсан. Хамтын шийдвэр гаргаад хариуцлага хүлээх болохоор нэг хүн нь хариуцах ёстой гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй.
Тухайн үед хамт олноороо маш олон удаа хуралдсан. Энэ хамт олон өөрөө энэ хүнтэй ерөөсөө харилцаж чадахгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Тиймээс нэг хүнд хариуцлага хүлээлгэх нь шударга бус гэж бодож байна.
Мөн Т-өөс энэ талаар надад мэдэгдээгүй байж шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудлаа анхаараасай гэж хүсэж байна гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Уг маргаан төрийн албан хаагч буюу хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэж бодож байна. Хариуцагч тал гэм буруутай гэв.
4. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, Тийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 15 тогтоол /хх-5/, ... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Б/86 тушаал /хх-6/, ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 109/ШШ2022/0107 дугаар шийдвэр /хх-12/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2023/0137 дугаар магадлал /хх-13-15/, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 227 дугаар тогтоол /хх-16/, ... аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/115 тушаал /хх-17/, төлбөрийн баримтууд /хх-18-20/, Цалингийн тооцооны хүснэгт /хх-21/
5. Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архиваас ирүүлсэн баримт /хх57-75/, ... аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн баримт /хх76-80/, хариуцагч талын хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамжийн дагуу ... аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн баримт /хх34-49/-ыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан төрд учирсан хохиролд 14,243,344 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Хариуцагч Ц.Б нь ... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх үедээ тус газарт Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Ш.А-ыг хууль бусаар төрийн албанаас халсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Уг шийдвэрийг биелүүлж төрөөс Ш.А-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд нийт 14,243,344 төгрөгийг гарган олгосон байх тул төрд учирсан дээрх хохирлыг буруутай этгээдээс шаардах үндэслэлтэй гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...тухайн албан тушаалтныг ажилд томилоход төсвийн захирагч нь Төрийн сангийн удирдлагатай зөвшилцөж авах хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд хамтын шийдвэр гаргасан байтал 1 хүнд хариуцлага хүлээлгэнэ гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.
4.1 Ц.Б нь ... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Б/86 дугаар тушаал гарган Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.А-ыгмөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан байна.
4.2 Ш.А-аас дээрх тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж, шүүхэд тушаал хүчингүй болгуулах, ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 109/ШШ2022/0107 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
4.3 Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Ш.А-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2023/0137 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгон, Ш.А-ыг... аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулахыг хариуцагчид даалган шийдвэрлэжээ.
4.4 Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар тогтоолоор магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.5 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2023/0137 дугаар магадлалд ...дахин зөрчил гаргасан талаарх үйл баримт тогтоогдоогүй байхад хариуцагчаас өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээрээ нэхэмжлэгчид дахин хариуцлага хүлээлгэн үүрэгт ажлаас нь халснаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ..., ...Иймд 400,000 төгрөгийн гүйлгээний залруулга бичилтийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хийгээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас халсан гэж үзвэл энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулах тухай зохицуулалттай нийцэхгүй, зөрчлийн шинж байдалтай тохироогүй хүндэдсэн хариуцлага болно. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн албан үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан талаарх нотлох баримтуудыг үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл түүнийг огт зөрчил гаргаагүй гэж дүгнээгүй, гагцхүү сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан болно гэж дүгнэсэн.
5. Хэрэгт авагдсан дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар ажилтан Ш.А-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байхаас гадна хариуцагч Ц.Б нь ажилтанд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан, мөн Ш.А-ын үйлдэлд хариуцлага тооцсон нь зөрчлийн шинж байдалтай тохироогүй хүндэдсэн, сахилгын шийтгэл ногдуулах тухай хуулийн зохицуулалттай нийцээгүй хууль хэрэглээний алдаатай хууль бус тушаал гаргасан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.
6. ... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлж Ш.А-ыг урьд эрхэлж байсан албан тушаал болох аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон ба уг тушаалыг үндэслэн байгууллагаас 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ш.А-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,912,466 төгрөгийг олгож, түүний нийгмийн даатгалын шимтгэлд 1,235,724 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1,095,154 төгрөг нийт 14,243,344 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан даргын тушаал, төлбөрийн хүсэлтүүдээр тогтоогдож байна.
7.Зохигч талууд дээрх үйл баримтуудад маргаагүй боловч хариуцагч Ц.Б-ын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан Б/86 дугаар тушаалын улмаас төрд 14,243,344 төгрөгийн хохирол учирсан эсэх, хохирлыг буруутай этгээдээс гаргуулах үндэслэл бүрдсэн эсэх талаар маргажээ.
8.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан.
Т нь дээрх хуулийн зохицуулалтаар төрд хохирол учруулсан буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд мэдүүлэх эрх хуулиар олгогдсон, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.
9. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу ажиллаж буй этгээд нь хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хэрхэн арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан.
Тодруулбал, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана,
мөн зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэжээ.
10. Дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч Ц.Б нь төрийн албан хаагчийг төрийн албанаас халсан үйлдэлдээ Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай байхаас гадна Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу гэм буруугийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан байхыг шаардана.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Б нь гаргасан зөрчилдөө шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.
11. Нэхэмжлэгч талаас хариуцагч Ц.Б нь шууд санаатай субьектив үйлдлээр ажилтны сахилгын зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулсан гэж, хариуцагч талаас бүх гүйлгээ зогсох гээд асуудал үүссэн учир дахин сахилгын шийтгэл ногдуулсан, хамтын хариуцлага хүлээнэ гэж мэтгэлцсэн.
12. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзвэл хариуцагч Ц.Б нь Ш.А-ыг албан тушаалаас халах тухай 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаартай тушаалыг гарган төрд 14,243,344 төгрөгийн гэм хорыг шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр учруулсан гэх нөхцөл тогтоогдохгүй байна.
13.Захиргааны анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ажилтны сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон, гагцхүү зөрчилд давхардуулан арга хэмжээ авсан нь буруу, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэн шийдвэр гаргасан албан тушаалтны тушаалыг хүчингүй болгожээ.
Хариуцагч Ц.Б нь ажилтныг ажилд авах, зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу чөлөөлөх эрх хэмжээтэй, үүний хүрээнд зөрчил гаргасан ажилтныг ажлаас халсан байх боловч түүний гаргасан шийдвэр хууль хэрэглээний алдаатай байсны улмаас хүчингүй болж, зөрчил гаргасан нь тогтоогдсон албан хаагч ажилдаа эргэн орж байгууллагаас ажилтны цалин хөлсөд 14,243,344 төгрөг төлсөн үйлдэл болон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тодруулбал хариуцагчийн хууль бус үйлдэл эс үйлдлийн улмаас учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхаас гадна хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байх нь хохирол шаардах үндэслэл болно.
Харин дээр дурдсан захиргааны шүүхийн шийдвэр, магадлалаар хариуцагчийн хууль бус үйлдлийг тогтоосон гэж үзэхгүйн дээр түүнийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг хууль бусаар чөлөөлсөн үйл баримт тогтоогдсонгүй. Улмаар байгууллагад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар 14,243,344 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
14. ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 109/ШШ2022/0107 дугаар шийдвэрт ...хариуцагч захиргааны байгууллагаас ... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаартай тушаалаар Ш.А-ыг ажлаас халахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл, шаардлага, мэдэгдэх журмыг хангасан байна... гэж дүгнэснээс үзвэл хариуцагч Ц.Б-аас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаартай тушаалыг гаргахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар авах, санал гаргах боломжоор хангаж сонсох ажиллагааг явуулах, захиргааны актыг мэдэгдэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
15.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Тийн хариуцагч Ц.Б-д холбогдуулан гаргасан төрд учирсан хохиролд 14,243,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Т.Э нь Уг маргаан төрийн албан хаагч буюу хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэж бодож байна. Хариуцагч тал гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
17. Тийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.Б-д холбогдох төрд учирсан хохиролд 14,243,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Тийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ