Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/937

 

 

 

 

 

      2022            9             22                                         2022/ДШМ/937                     

 

Б.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ж.Баасанжав,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/1179 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Хт холбогдох эрүүгийн 2206 01352 1590 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            С овогт Бы Х, ..... оны .... дугаар сарын ...-ны өдөр .................. аймгийн ................ суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа машин зардаг, ам бүл 2, ........................... аймгийн ....... сум, ... дугаар багийн .................... гэх газарт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................../;  

            Шүүгдэгч Б.Х нь:

            - 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн 3 дугаар гудамжны 83 тоот хашааны гадна байрлуулсан байсан хохирогч Г.Эбын эзэмшлийн 82-58 УАР улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн урд гупер, 2 ширхэг их гэрэл зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.460.000 төгрөгийн,

            - 2022 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 756 байрны гадна талын автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Б.Нгийн эзэмшлийн 58-57 УБВ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн,

            - 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75/8 дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Н.Дийн эзэмшлийн 70-64 УАО улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын автомашины 2 ширхэг урд их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.900.000 төгрөгийн,

            - 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75/7 дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Ц.Сн эзэмшлийн 45-66 УНН улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын автомашины 2 ширхэг обуд, дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 600.000 төгрөгийн,

            - 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 303 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч С.Хын эзэмшлийн 88-27 УБӨ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 500.000 төгрөгийн,

            - 2022 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх 2 худалдааны төвийн урд зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Г.Бгийн эзэмшлийн 14-28 ДУА улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.040.000 төгрөгийн,

            - 2022 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 302 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч О.Бмаагийн эзэмшлийн 56-63 УАХ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Бы Хыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Хоос 3.460.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Эбт, 1.900.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Дид, 50.000 төгрөг гаргуулан хохирогч С.Хт, 1.040.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Бд тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдолдоо: “...Миний бие Сүхбаатар аймгийн Онгон сумын Шар бүрд гэх газар 2001 оны 5 дугаар сарын 6-ны өдөр төрсөн. Би одоогоор ээж Г.Буянчимэгийн хамт амьдардаг. Ээж минь 60 настай. Ээж минь малаа маллан амьдарч байгаа. Би ээждээ нэмэр тус болж, их дээд сургуульд суралцаж, Улаанбаатар хотод ээжтэйгээ хамт амьдрах гэр, оронтой болж, ээжийнхээ ачийг хариулна гэж боддог. Би өөрийн болчимгүй тэнэг зан, хуулийн мэдлэггүйгээсээ болж энэ хэрэгт холбогдон гэмт үйлдэл хийсэндээ үнэхээр харамсан гэмшиж байна. Үүнээс болж өөрийнхөө амьдралд хар толбо суулгаж ээжийнхээ итгэлийг эвдсэндээ туйлын их гэмшиж сууна. Би энд хоригдохоосоо өмнө Баянзүрх дүүргийн Амгалан авто плазагийн зүүн талын хашаанд хувиараа авто кузов засвар ажиллуулж, кузов засвар авто будаг, нимгэн төмрийн ажлуудыг дангаараа хийж 4-5 жил болсон. Саяхныг болтол уг засварын газрыг түрээслэн ажиллуулж байсан. Эрхэм шүүгч минь та амьдралын аргагүй байдал, гэмшиж байгаа зэргийг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, амьдралд минь нэг удаа боломж олгож өгнө үү. Би өөрийн үйлдсэн хэргийн үлдсэн хохирлыг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдвэл ажлаа сайн хийж бүрэн төлж барагдуулах болно. Би өөрийн үйлдсэн энэ хэрэгтээ огт маргахгүй.” гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хыг гэм буруутайд тооцож хорих ял оноохдоо түүний хувийн байдал, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бага хэмжээний хохирол учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал, хохирлоо нөхөн төлөхөөр чармайсан зэрэг хөнгөрүүлэх талын нөхцөл байдлуудыг харгалзалгүй хэт яллах талыг баримтлан хорих ял оноосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Түүний хувьд хувиараа, хөдөлмөр эрхэлж орлого олдог ба учруулсан хохирлоо төлж барагдуулах хүсэлттэй байгаа төдийгүй анхан шатны шүүх хуралдаанаас хохирол төлөхтэй холбогдуулан завсарлага авсан боловч түүнд оногдсон ажлын хөлс хугацаандаа төлөгдөөгүй байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн бол цээрлүүлэх, эрхээ сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлж, урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн ба тус хуулийн үзэл санаа нь цээрлүүлэхээс илүүтэй хохирол төлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн байгааг анхаарч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүсч гомдол гаргаж байна.

            Иймд Б.Хт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/1179 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв. 

            Прокурор Б.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн санаачлагаар хохирлыг төлж оролцоогүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт завсарлага авч 2 хохирогчийн хохирлыг л төлсөн байдаг. Бусад хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Х нь:

1. 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн 3 дугаар гудамжны 83 тоот хашааны гадна байрлуулсан байсан хохирогч Г.Эбын эзэмшлийн 82-58 УАР улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн урд гупер, 2 ширхэг их гэрэл зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.460.000 төгрөгийн,

2. 2022 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 756 байрны гадна талын автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Б.Нгийн эзэмшлийн 58-57 УБВ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн,

3. 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75/8 дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Н.Дийн эзэмшлийн 70-64 УАО улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын автомашины 2 ширхэг урд их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.900.000 төгрөгийн,

4. 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75/7 дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Ц.Сн эзэмшлийн 45-66 УНН улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын автомашины 2 ширхэг обуд, дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 600.000 төгрөгийн,

5. 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 303 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч С.Хын эзэмшлийн 88-27 УБӨ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 500.000 төгрөгийн,

6. 2022 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх 2 худалдааны төвийн урд зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Г.Бгийн эзэмшлийн 14-28 ДУА улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.040.000 төгрөгийн,

7. 2022 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 302 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч О.Бмаагийн эзэмшлийн 56-63 УАХ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

1. Хохирогч Г.Эбын “...Би өөрийн 82-58 УАР улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын хар өнгийн тээврийн хэрэгслээ 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 00 цаг өнгөрч байх үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 83 тоот хашааны гадна байрлуулсан. Улмаар өдөр 13 цагийн үед машинаа харахад урд гупер 2 их гэрэл, 2 нэмэлт гэрэл, 2 аваарын гэрэл, урд хөмсөг байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2 хх 35-36/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 хх 24/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 25-31/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн БЗД2-22-305 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 46-47/,

2. Хохирогч Б.Нгийн “...Би 2022 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 2 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн 58-57 УБВ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын автомашиныг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 756 байрны автомашины зогсоолд байрлуулсан. Өнөөдөр 2022 оны 2 дугаар сарын 15-ны өглөө 7 цаг 45 минутын үед машин дээрээ ирэхэд урд гуперыг хагалж, хоёр их гэрэл хулгайд алдагдсан байна. Би машины 2 их гэрлийг 1.000.000 төгрөгөөр, харин урд гуперыг 450.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх 103-104/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 93/,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 94-98/,

3. Хохирогч Н.Дийн “...Би 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 12:00 цагийн үед машинаа байрныхаа гадаа зогсоол дээр тавьсан. Оройн 23:10 минутын орчимд дэлгүүр гарахдаа машинаа харахад хэвийн зүгээр байсан. Өглөө 06:00 цагийн үед гараад ирэхэд машины 2 их гэрлийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх 13/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-10/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн БЗДЗ-22-286 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 14-15/,  

4. Хохирогч Ц.Сн “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 6 цаг 47 минутад танихгүй эрэгтэй залгаад “чиний машины 2 дугуй байхгүй болсон байна, чи тайлсан юм уу, хүн авсан уу” гэхээр нь би гарч үзэхэд миний машин баруун талын 2 дугуй байхгүй болсон байсан. 45-66 УНН улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын саарал өнгийн автомашин. 17 инчийн “Жи сток” обудтай дугуй, дугуйн размер 217, 60, 17 хэмжээтэй 2 дугуй алдсан...” гэх мэдүүлэг /хх 146/ ,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 137/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 138-142/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн БЗДЗ-22-284 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 159-160/,

5. Хохирогч С.Хын “...Би өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн үед гэрийнхээ гадаа буюу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 303 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд машин зам дагуу өөрийн эзэмшлийн 88-27 УБӨ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг байршуулж тавьсан. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 8 цагийн үед ажилдаа явахаар гараад иртэл миний машин зүүн урд болон ар хэсгийн обуд, дугуй алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдагдсан обуд дугуй нь 215:55:17 хэмжээтэй “Тоёота Приус-30” машины “Жи сток” гэдэг нэртэй үйлдвэрийн обуд байсан...” гэх мэдүүлэг /хх 70-71/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 62/,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 63-67/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн БЗДЗ-22-276 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 77-78/,

6. Хохирогч Г.Бгийн “...2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 44 дүгээр сургуулийн баруун талын шороон зогсоолд өөрийн эзэмшлийн 14-82 ДУА улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг байршуулсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэлд тоосго ивээд 4 ширхэг обудтай дугуйг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх 194-195/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 189/,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 199-202/,

 “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 710 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 204-205/,

7. Хохирогч О.Бмаагийн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 3 цагийн орчимд цагдаагийн байгууллагаас залгаад гарч ирж машинаа шалгаарай машины чинь 4 ширхэг дугуй хулгайд нь алдагдсан байна гэхээр нь гарч харахад урд талын 2 дугуй нь байхгүй, хойд талын 2 дугуйг нь машинаас салгаад машины хажууд түшүүлээд тавьсан байсан...” /хх 247-248/,

гэрч Д.Мийн “...2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 17:30 цагийн үед 07-65 УАР улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгсэлтэй 20-25 орчим насны залуу ирж “17-той “Жи сток” дугуй худалдаж авах уу” гэхээр ...нь “чи дугуйгаа зарж яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “өөрийн 15-тай обуд, дугуйгаа машиндаа тавьчихсан, 17-той обудаа зарж машинаа янзлуулах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь ...өөрийн хаан банкны 5400605369 тоот данснаас тэр залуугийн данс руу 670.000 төгрөг шилжүүлсэн. ...дараа буюу 2022 оны 4 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагийн үед тухайн залуу над руу залгаад “17-той “Жи сток” байна, авах уу” гэж ярьсан. ...15 цаг 30 минутын үед тэр залуу над дээр ирээд би найзынхаа обудыг танд зарах гээд аваад ирлээ гэж хэлсэн. ...17-той “Жи сток”-ыг надад 600.000 төгрөгөөр зарсан...” /хх 148-149/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 233/,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 235-238/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 239-241/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн БЗДЗ-22-285 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 8-9/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Хыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Хт тухайн зүйлд зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын “...хорихоос өөр төрлийн ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх...” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс уг заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

            Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Хоос хохирогч нарт учруулсан эд хөрөнгийн хохирлыг гаргуулахаар заахдаа Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан буюу бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах заалтыг удирдлага болгосон байх тул зохих өөрчлөлтийг оруулав.

Шүүгдэгч Б.Х нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/1179 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 49 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/1179 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 4 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар...” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

                   

                                 ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ

                                

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ