Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0366

 

Прокурор дүгнэлтийн зарим хэсгээсээ

татгалзсаныг, хариуцагч үлдэх хэсгийг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа, дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******, хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М******* нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гийн дүгнэлттэй, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М*******т холбогдох зөрчлийн хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.М*******ийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст хохирол нөхөн төлбөрийн 920,000 төгрөг төлөхийг даалгасан хэсгийн 820,000 гэж өөрчлөлт оруулах хэсгээсээ зөрчлийн холбогдогч Б.Б******* нь уг төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн талаарх баримтыг ирүүлсэн байх тул энэхүү өөрчлөх дүгнэлтээсээ татгалзаж байна. Харин Б.Б*******од оногдуулсан шийтгэлийн хуудас Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу өөрчлөлт оруулах хэсгийг дэмжиж байна. гэв.

2. Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.М*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтийн үлдэх шаардлага болох ...Б.Б*******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу 300 нэгжээр торгох шийтгэх оногдуулсугай.гэж өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* нь Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М*******ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №0612188 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт ...Б.Б******* нь агнахыг хориглосон хугацаанд 1 ширхэг тарвагыг тээвэрлэсэн болох нь... Б.Б*******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул... гэж, шийдвэрлэх нь хэсэгт ...Б.Б*******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу 300 нэгжээр торгох шийтгэх оногдуулсугай. ...хохирол нөхөн төлбөрийн 820,000 төгрөгийг ...төлж биелүүлэхийг даалгасугай... гэж өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлт шүүхэд гаргасан.

2. Тус зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад прокурор нь дээрх дүгнэлтийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №0612188 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар оногдуулсан нөхөн төлбөр болох 920,000 /есөн зуун хорин мянга/ төгрөгийн төлбөрийг 820,000 /найман зуун хорин мянга/ төгрөг болгон өөрчлөлт оруулах хэсгээс татгалзаж байгаагаа, харин хариуцагч нь прокурорын дүгнэлтийн үлдэх хэсэг болох шийтгэлийн хуудаст шийдвэрлэх нь хэсэгт ...Б.Б*******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу 300 нэгжээр торгох шийтгэх оногдуулсугай.гэж өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус тус илэрхийлж, бичгээр тайлбараа өгсөн байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. гэж, 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гийн тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийн зарим хэсгээсээ прокурор татгалзсаныг баталж, дүгнэлтийн үлдсэн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор дүгнэлтээс татгалзсан асуудлаар дахин дүгнэлт гаргах эрхгүй, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагавартай болохыг хэргийн оролцогчдод тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.3, 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн Байгаль орчны Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М*******т холбогдуулан гаргасан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтийг дүгнэлт гаргагч зарим хэсгээсээ татгалзаж, хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ