Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/938

 

 

 

 

 

      2022             9              22                                       2022/ДШМ/938                     

 

Э.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

хохирогч Б.Л,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/525 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Лгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Бд холбогдох эрүүгийн 2210 00223 0710 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Бш овгийн Эын Б, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл З, эхнэр, хүүхдийн хамт ....................... дүүргийн ..... дүгээр хороо, ........................ тоотод оршин суух хаягтай, /РД:......................./;  

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал Сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 375 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 22 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.

            Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Лтэй 77-58 УБН улсын дугаартай “Соната 6” загварын тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан өөртөө шилжүүлэн, бусдад худалдан борлуулсан атлаа төлбөрийг төлөлгүй, Б.Лг хуурч, бодид байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бш овогт Эын Бг бодит байдлыг нуух замаар бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Мөнхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б нь миний 77-58 УБН улсын дугаартай “Соната 6” загварын автомашиныг 7.500.000 төгрөгөөр худалдаж авахаар 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ээж Б.Туяа гэх хүнтэй хамт ирж авч явсан. Э.Б нь тухайн үед өөрийгөө Сүхбаатар дүүргийн прокурорын газар, ээж Б.Туяа нь Нийслэлийн прокурорын газарт ажилладаг гэсэн. Хожим сонсоход тэр 2 тухайн үед ажилгүй байсан ба Э.Б нь 2018-2019 онд 1 жил Сүхбаатар дүүргийн прокурорын газарт бичиг хүргэгчээр, ээж Б.Туяа нь Нийслэлийн прокурорын газарт бичиг хүргэгчээр ажиллаж байжээ. Э.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр авто ломбардад машин барьцаалан 5 хоногийн хугацаагаар 1.500.000 төгрөг авчээ. Удалгүй иргэн Мөнх-Эрдэнэ гэгчид машинаа зарсан байна. Ломбардын эзэн С.Янжинцэвэл нь Э.Бг 2021 оны 4 дүгээр сард олж аваад хохирлоо барагдуулан авчээ. Э.Б нь машины эзэн болох надтай өнөөдрийг хүртэл бүтэн 2 жилийн хугацаанд худлаа хэлж уулзахаас зугтаж, мөнгө өгөөгүй ба гар утасны дугаараа өөрчлөх, солих зэргээр хаана яваа нь мэдэгдэхгүй сүүлдээ сураггүй болсон. Бид өмгөөлөгч авч түүний зөвлөснөөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж шалгуулахад шүүхээс түүнд цахим бугуйвч зүүлгэсэн хөдөлгөөн нь хяналттай байгаа гэсэн. Э.Б нь дахин залилангийн гэмт хэрэг үйлдэж, 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, ялыг хөнгөрүүлж цахим бугуйвчаар сольсон байна. Мөн Э.Б нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б, С нарын автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэрэг нээж, арга хэмжээ авагдсан байна. Зам тээврийн ослын улмаас машины копут, урд талын гупер хагарч бүрэн эвдэрсэн, машины гадна хэсэг зурагдаж сэвтсэн ба зам тээврийн ослын дараа ямар ч засвар хийгдээгүй. Э.Бгоос Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Э.Мөнхбатаар дамжуулан автомашиныг хүлээн авах үед 2 жилийн өмнө аваад явсан үетэй харьцуулахад машины эдэлгээ, чанар нь эрс дордсон байлаа. Үүнд, 4 ширхэг дугуй хуучирч муудсан, запас дугуй нь урагдаж, хагарсан, ар талын багаж, зарим эд анги нь тоногдсон, суудлын бүрээс, шалавчууд нь байхгүй, аккумлятор нь хуучирч муудан дахин ашиглах боломжгүй байна. Мөн автомашины гэрчилгээ байхгүй, хаяж үрэгдүүлсэн гээд надад хүлээлгэн өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Э.Б нь бусдад төлөх өр төлбөргүй, хохирогч Д.Бын саналыг үндэслэсэн, шүүгдэгч Э.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг үндэслэн шийдвэрлэв гэжээ. Миний аав Д.Б нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй. Уг нь гэрч юм. Гэтэл шийтгэх тогтоолд “хохирогч Д.Б” гэж ташаарч бичжээ. Иймд иргэн Э.Бгоор машинаа засуулж хохирлоо барагдуулан авах, сүүлийн 2 жилийн хугацааны татвар, торгууль, төлөгдөөгүй бол нөхөн төлүүлэх, элэгдэл, ашиглалтын төлбөрийг гаргуулах, засвар, үйлчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүх хуралдаанд намайг оролцуулаагүй, хурлын тов мэдэгдээгүй.” гэв.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Хохирогчийн гомдолд “шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй эрхийг хязгаарласан” гэж дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Иймд хохирогч Б.Лгийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Мөн хохиролтой холбоотой асуудлаар хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад 77-58 УБН улсын дугаартай “Соната 6” загварын тээврийн хэрэгслийг байгаа газрыг олж тогтоож, хохирогчид өгсөн. Эвдрэл, гэмтэлтэй холбоотой зардлыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн анхан шатны шийтгэх тогтоолд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хэрэгсэхгүй болгоогүй тул хохирогчийн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Лгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Лтэй 77-58 УБН улсын дугаартай “Соната 6” загварын тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан өөртөө шилжүүлэн, бусдад худалдан борлуулсан атлаа төлбөрийг төлөлгүй, Б.Лг хуурч, бодид байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Лгийн “...би өөрийн эзэмшлийн 77-58 УБН улсын дугаартай хар өнгийн “Соната 6” загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Э.Б гэх хүнд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулан 7.500.000 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн. Тэгээд мөнгөө авах гэтэл машиныг маань ББСБ-д барьцаанд тавиад мөнгийг нь өгнө гэж байсан боловч тээврийн хэрэгслийг задлаад зарсан юм шиг байсан...” /хх 7-10/

шүүгдэгч Э.Бгийн “...би тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 7.500.000 төгрөгөөр худалдан авсан. Ломбардад 1.500.000 төгрөгийн барьцаанд тавиад түүнээс 920.000 төгрөгийг Лд өгсөн. Тэгээд өөр өгөх мөнгө байхгүй байсан учир өнөөдрийг хүртэл өгч чадаагүй. ...тухайн машиныг Мөнх-Эрдэнэ гэдэг хүнд зарсан, урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь сар болгон 400.000 төгрөгөөр өгнө гэж байсан боловч өгөөгүй...” /хх 29-39/,

гэрч С.Ялийн “...2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тухайн тээврийн хэрэгслийг манай ломбардад авчирч 1.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Зээл авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй ба шүүхээр эрэн сурвалжилж байгаад олсон. ...2022 оны 3 дугаар сард зээлээ хаасан...” /хх 11-14/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ХУ1-22-455 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 23-25/,

тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх 82-83/,

хохирогчийн гаргасан гомдол /хх 6/

эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 153/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Бг бодит байдлыг нуух замаар бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

            Анхан шатны шүүхээс Э.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг буруутган дүгнэх боломжгүй байна.

            Хохирогч Б.Л “...автомашины сүүлийн 2 жилийн хугацааны татвар, торгууль төлөгдөөгүй бол нөхөн төлүүлэх, элэгдэл, ашиглалтын төлбөр, засвар, үйлчилгээний зардлыг гаргуулж өгнө үү, ...намайг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болон хохирогчоор тогтоогдоогүй манай аав Д.Бгыг хохирогч гэж шийтгэх тогтоолд заасанд гомдолтой...” гэх давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдож байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын нэг хэсэг нь “...хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог...” ба уг зорилтод нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүр /мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх/-т тус хуулийг хэлбэрэлтгүй сахих ёстой.

            Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;” мөн хэсгийн 1.9-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах...” зэрэг хохирогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан ноцтой зөрчилд тооцогдох ба шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна.

            Хэдийгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй тул хохирогч Б.Л нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Э.Бгоос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нэмэлт заалт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт “...гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа...”-г тусгана гэж заасан ба тухайн хэрэг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн байтал шийтгэх тогтоолд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэж цаг, хугацааг буруу бичсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бус этгээд Д.Бгын гаргасан “...гомдол, саналгүй...” гэх хүсэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс гадна шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Л.Мөнхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай...” гэж алдаа гаргасан байгааг зөвтгөж, цаашид ийм хайнга хариуцлагагүй алдаа гаргахгүй байхыг анхааруулж тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/525 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Хохирогч Б.Л нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Э.Бгоос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Л.Мөнхсайханд...” гэснийг “...Э.Бд...” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Лгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                     Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                     Б.БАТЗОРИГ