Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/936

 

 

 

 

 

      2022             9              22                                       2022/ДШМ/936                     

 

Ц.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч Ц.Гийн өмгөөлөгч Э.Тэнгис,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, 

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Гт холбогдох эрүүгийн 2206 00000 0848 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овогт Цын Г, ..... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “.........................” ХХК-д засварчин, жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................ дүүрэг .... дугаар хороо, .......................... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:............................./;  

            Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотод хувийн таарамжгүй харьцааны буюу хардалтын улмаас эхнэртэйгээ хамт байсан Д.Гтыг зодож эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх тархмал цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дээд, доод уруулд няцарсан шарх, зүүн эгэм, 1, 2, 3 дугаар хавирга, мөрний урд хэсэг, баруун хавирганы нум, баруун, зүүн шилбэнд цус хуралт, духны баруун хэсэг, зулайн ар, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун хэсэг, зулайн ар, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, дээд уруул, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

            мөн эхнэр Л.Эыг мөн газар, цаг хугацаанд зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун дал, бүсэлхий нуруунд зулгаралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Цын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж, нийт эдлэх торгох ялын хэмжээг 10.450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.450.000 төгрөгөөр тогтоож, торгох ялыг 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар Ц.Гийн цагдан хоригдсон 88 /найман найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 нэгжээр тооцон, шүүхээс оногдуулсан 10.450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс 1320 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хасаж, 9130 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.130.000 төгрөгийн торгох ялыг эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гөөс 3.315.360 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Од олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ц.Гөөс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Гтын эрүүл мэндийн хохиролд 6.400.000 төргөг төлөгдсөн, хохирогч Л.Эаас эрүүл мэндийн хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн зэргийг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Гт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах”, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж заасан байдаг бөгөөд энэ хүрээнд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцуулахаар 11.591.360 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндийн хохирол хор уршгийг нөхөн сэргээхтэй холбоотой 9.715.410 буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гтын биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас тэрээр хөдөлмөрийн чадвараа алдаж ажил хөдөлмөр хийх боломжгүй болсон ба үүнтэй холбоотой хор уршиг болох Д.Гтын 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлс болох 6.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхийн зүгээс энэхүү хэсгийг орхигдуулсан байна. Энэ талаар хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг болох “Гтын дарга нь утсаар холбогдоод ажил эхлэх гээд байна, Гтыг ажилдаа ир гэсний дагуу түүнийг ажилдаа яв гэж хэлэхээр очсон” гэх мэдүүлэг, түүний ажлын газрын тодорхойлолт, ажлын хөлсөө өөрийн эгчийн дансаар “Гта цалин” гэх зэрэг байдлаар гаргасан баримтуудаар Д.Гта нь ажил хийдэг байсан, түүний ажлын хөлс нь 1.500.000 төгрөг байсан нь тогтоогдсоор байтал түүнийг хэлэлцэлгүй орхисон нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан бөгөөд бусдад зодуулсны улмаас биедээ хүнд хохирол авснаас болж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Үүнээс болж хэвийн ажлаа хийж байсан бол сар бүр /улирлын чанартай ажил/ авах цалингаа авч чадахгүй болсон нь хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршиг гэж үзэхээр байна.

            Дээр дурдсанчлан түүний сар бүр олох ёстой байсан орлогыг алдагдуулсан этгээд нь шүүгдэгч Ц.Г бөгөөд түүнээс Д.Гтын цалин хөлсийг гаргуулах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх ёстой байсан.

            Мөн тухайн хор уршгийг хуульд зааснаар шийдвэрлүүлэхийн зэрэгцээ Иргэний хуулийн 509.1-т “Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө” гэж заасанчлан шүүгдэгчээс сар бүр 1.500.000 төгрөг буюу өмнө нь авдаг байсан цалин хөлсийг гаргуулан авахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

            Миний хүү надад “өмнө нь гэртэй байхад дүүтэйгээ ирж зодсон” гэж хэлсэн. Дараа нь нь 2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө хүү маань унтаж, амарч байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед Ц.Г нь байшингийн хаалгаар бус эд хөрөнгийг нь эвдэж цонхоор орж насанд хүрсэн дүүтэйгээ нийлж миний хүүг зодсон. Иймд би уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж бодож байна. Уг гэмт үйлдэл нь нэг удаа бус хоёр удаа давтагдсан. Мөн хүүгийн минь эрүүл мэнд, гоо сайхан хохирсон бөгөөд цаашлаад сэтгэц, мэдрэлд нь нөлөөлж, хэвийн бус болох байх гэж бодож байна. Хүүгээ эмчид үзүүлсэн бөгөөд хэсэг хугацаанд хүү минь инээдээ тогтоож чадахгүй байсан. Одоогийн байдлаар өөрийгөө ямар байдалд орсныг мэдсэн байх гэж бодож байна. Учир нь, маш их уурлаж, уцаарладаг болсон бөгөөд бидэнд байж суухын аргагүй хэцүү байна. Хүүдээ эмчилгээ хийлгэмээр байгаа боловч бидэнд мөнгө байхгүй. Миний хүү 1991 оноос хойш өрх толгойлж явж байгаа бөгөөд ар гэрээ тэжээдэг, ганц цалин авдаг хүн байсан.” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оы өмгөөлөгч Т.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Цалин хөлстэй холбоотой баримт нь тухайн ажиллаж байсан компанид хичнээн төгрөгийн цалин авдаг байсан талаар тогтоосон баримт юм. Мөн анхан шатны шүүхэд хэлэлцүүлсэн баримт болох дансны хуулганд цалин хөлсний гүйлгээгээр орлого нь нотлогдож байна гэж үзэж байна. Иймд дээрх хохирол, төлбөрийг гаргуулж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

            Шүүгдэгч Ц.Гийн өмгөөлөгч Э.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Г өөрийн буруутай үйлдлээс болж хохирогч Д.Гтад хүнд гэмтэл учирсан гэж хүлээн зөвшөөрдөг. Өмгөөлөгч миний зүгээс үзэхэд уг хэрэгт эргэлзээ бүхий зүйл байдаг. Би шүүхэд хандаж хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ.” гэсэн үндэслэлээр хэргийг хянуулах хүсэлтэй байна. Ц.Г нь санаа, сэтгэл хүчтэй цочирдсон үед Д.Гтад гэмтэл учруулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж гэм буруутайд тооцож 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр заасан тул бид гомдол гаргаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оы “урьд нь нэг удаа ирээд, энэ үйл баримт болж байсан” гэж тайлбарласнаар урьд энэ нөхцөл байдалд хүүтэйгээ ирэхэд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр нь хохирогчтой архи, согтууруулах ундаа хэрэглэж байсан тохиолдол байдаг. Энэ үед эхнэртээ уурлаж, Д.Гтатай маргалдаж, зодоон үүсгэлгүйгээр гараад явсан байдаг. Энэ нь шалтгаант холбоотой юм. Өмнө хүүтэйгээ очдог үйл баримтын хувьд эхийг нь маргааш нь оршуулах гэж байхад алга болсон тул хайж яваад тэр айлд очсон. 3 хоногийн дараа дахин хайж явахад Д.Гтын гэрт энэ 2 хүн нүцгэн байдалтайгаар орноос босож ирсэн байдаг. Уг байдлыг хараад Д.Гта нь “тухайн цаг хугацаанд би юу болоод Д.Гтад гар хүрсэн талаараа бүрэн сайн мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Шинжлэх ухааны ойлголтоор цочирдон, давчидсан үеийг шууд тодорхойлдоггүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан шинжтэй үйлдэл байгаа эсэх талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.” гэв.

            Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О тухайн 2 баримтыг гаргаж өгсөн. Тухайн албан газраас бичиг авахдаа он, сар, өдөр тавигдаагүй байсан бөгөөд тогтвор суурьшилтай ажилласан болох нь тодорхойгүй, өөрийн дансаар бус эгчийнхээ дансаар 2-3 удаагийн гүйлгээгээр мөнгө авсан байдаг. Анхан шатны шүүхээс Д.Гтын цалин хөлсний асуудлыг шийдвэрлээгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд цаашид нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Мөн Ц.Гийг ажилтай байх үед эхнэр нь “энэ хүнтэй хамтран амьдарч байгаа” гэж видео чатаар хоёулаа хоорондоо ярилцсан гэж шүүгдэгчийн зүгээс мэдүүлсэн байдаг. Иймд шүүгдэгч анх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд сэтгэл, санаа нь цочрон давчдахаар үйл баримт болсон гэж үзэхгүй байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотод хувийн таарамжгүй харьцааны буюу хардалтын улмаас эхнэртэйгээ хамт байсан Д.Гтыг зодож эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх тархмал цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дээд, доод уруулд няцарсан шарх, зүүн эгэм, 1, 2, 3 дугаар хавирга, мөрний урд хэсэг, баруун хавирганы нум, баруун, зүүн шилбэнд цус хуралт, духны баруун хэсэг, зулайн ар, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун хэсэг, зулайн ар, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, дээд уруул, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн эхнэр Л.Эыг мөн газар, цаг хугацаанд зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун дал, бүсэлхий нуруунд зулгаралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Эы “...2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шөнө манай нөхөр Г нь Гтын гэрт цонхоор орж ирээд намайг үсдэж, 1 удаа гараараа миний баруун талын шанаа дух хэсэгт алгадаад, гар зайл гэж хэлээд босгосон. Би босоод хувцсаа өмсөөд гарах хооронд араас 1 удаа хөлөөрөө баруун талын бөөр бүсэлхий хэсэгт өшиглөсөн. ...Би тэр үед явахгүй гэж өөрөөс нь зугтаах гэж оролдсон боловч намайг тас зуураад машиндаа суулгаад аваад явсан. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11-64 тоот гэртээ очоод хашаанд оруулаад 2 удаа баруун талын хацар хэсэгт алгадаад газарт унагаагаад цохиж зодоод байсан...” /хх 24-25/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оы “...Гтатай утсаар ярихад Эы ...нөхөр ирж зодсон талаар хэлж байсан, ...биеийг нь үзэхэд 2 хөлийн шилбэ хэсгээр хөхрөөд няцарчихсан байсан ба биеийн өөр бусад хэсгийг нь үзэж чадаагүй тэр үедээ тоогоогүй. ...Анх очиход тэр Э гэх эмэгтэй Гтатай гэрт нь хамт байсан ...явахад хамт үлдсэн. ...Манай охины хүүхэд Ганаа ахын нүд сонин хараад байна шүү дээ гэж хэлэхээр нь дээш эргүүлээд хартал нүүр хэсэг нь цус болчихсон, ухаангүй ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь шууд түргэн тусламж дуудсан...” /хх 21/,

гэрч О.Мийн “...миний хүү Тэмүүлэн надад хандан ээж Гта ах сэрлээ нүдээ нээсэн гэхээр нь би Гтыг очоод бос гэхэд хөдлөхгүй байхаар нь хөнжлийг нь сөхөхөд нүүр хэсэг нь цус болсон, зүүн талынх нь гарын салаа цус болсон, өмдөндөө шээсэн байхаар нь өмд болон хувцсыг нь тайлж үзэхэд хамаг бие нь хөхөрсөн, хөх няц болсон байдалтай байсан. ...Гта нь Л.Э гэх эмэгтэйтэй хамт байсан...” /хх 27-30/,

гэрч Г.Эийн “...Аав бид хоёрыг гэрт нь ороход ээж танихгүй залуутай хамт архи уучихсан согтуу унтаж байсан. ...аав надад хандаж ээжийгээ аваад гарч бай гэж хэлсний дагуу ээжийг аваад гарахдаа хальт эргээд харахад аав ээжтэй хамт байсан залуугийн хөл хэсэг рүү өшиглөж байгаа харагдсан. ...Тэр айлаас гарч ирээд ажил явдал болж байхад ганц өдөр тэсэж болдоггүй юм уу гээд аав ээжид хандаж хэлж байсан...” /хх 40-41/,

шүүгдэгч Ц.Гийн “...яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2022 оны 3 дугаар сарын 10-ны шөнийн 00 цагийн үед дахиж очсон. ...хойд талын орон дээр Э, Гта 2 унтаж байхаар нь цонхны поорчигийг нь түлхэж онгойлгоод орчихсон. Ингээд эхнэр Эыг босгоод хувцсыг нь өмсүүлээд гаргасан. ...Тэндээс эхнэрээ аваад шууд харьсан. Тэр үед зүрх салгалаад балмагдаад байсан. ...Бачуурч уурласан үедээ гар хүрсэн байхыг үгүйсгэхгүй...” /хх 82, 84/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4254 дугаартай “...Д.Гтын биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх тархмал цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дээд, доод уруулд няцарсан шарх, зүүн эгэм, 1, 2, 3 дугаар хавирга, мөрний урд хэсэг, баруун хавирганы нум, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун хавирганы нум, баруун шуу, гуя, шилбэнд түлэгдсэн шарх, духны баруун хэсэг, зулайн ар, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун хэсэг, зулайн ар, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, дээд уруул, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс тархин гэмтэл, биеийн няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, түлэгдсэн шарх нь өндөр хэмийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, биеийн няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна.” /хх 47-49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4287 дугаартай “...Л.Эы биед зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун дал, бүсэлхий нуруунд зулгаралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” /хх 51-52/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 468 дугаартай “...Ц.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.” гэх дүгнэлт /хх 70-71/,

хохирогч Д.Гтын өвчний түүхийн хуулбар /хх 125-145/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эмчийн үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /хх 144/,

Ц.Г, Л.Э нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 102/,

хохирлын талаарх баримтууд /хх 150-208/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4-5/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-16/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Гийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс Ц.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангиудад заасан торгох ял оногдуулсаныг буруутгах үндэслэлгүй байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О “...Д.Гта хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан шүүгдэгчээс сар бүр 1.500.000 төгрөг буюу цалин, хөлсийг гаргуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

            Хэргээс үзэхэд, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр Д.Гтад “306 Гавал доторх гэмтэл” онош, өвчний жагсаалтын 1-10-2 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 6 сарын хугацаагаар тогтоосон акт /2 хх 66/, Д.Гта нь “Юпорт ХХК-д 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл,  “СТБЛ” ХХК-д 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ковшийн оператораар ажиллаж байсан талаарх тодорхойлолт /2 хх 34-35/, дансны хуулга /2 хх 36-37/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх боловч уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхаас гадна анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь шүүгдэгч Д.Гөөс хохирогч Д.Гтын цалин хөлстэй холбоотой хохирлыг нэхэмжлээгүй ба анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдахаар хуульчилсан бөгөөд хохирогч Л.Эы “...Өмнө нь би нөхөртөө Гта гэх ийм залуутай уулздаг болсон гээд видео дуудлага хийгээд Гтыг Гтэй яриулж байсан. Тэр үед Г ямар нэг буруу зөрүү үйлдэл гаргаагүй, аан за, за надаас сайхан залуутай болсон юм байна. Наад хүнээ цаашдаа хүн шиг авч яваарай гэж Гтатай ярьж байсан...” /хх 35/, гэрч Г.Эийн “...Ээж тэр 2 сүүлийн хагас жил гаран тусдаа амьдарч байгаа, бараг салсан гэхэд болно. ...Ээжийн хувьд сүүлийн 10 жил гаран архи ууж архинд орсон. Энэ байдлаасаа болоод байнга гадуур болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд орон гэрээсээ явчихдаг болсон...” /хх 40-41/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд санаа, сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас энэ хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул тус шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оы гаргасан “...хүү надад өмнө нь гэртээ байхад дүүтэйгээ ирж зодсон гэж хэлсэн...” гэсэн агуулга бүхий гомдолд давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1129 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

                   

                                 ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ

                                

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ