Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 547

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Ж.Энхжаргал,

            шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Мын Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010069 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол 2 дугаар баг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Мын Н /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч М.Н нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 01:50 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 52-ын давааны замд Hyundai Sonata маркийн ... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, уг автомашинд сууж явсан зорчигч П.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл, 

 М.Н нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 01:50 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 52-ын давааны замд Hyundai Sonata маркийн ... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд сууж явсан зорчигч П.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг /хх-ийн 8-14х/

 

Хохирогч П.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын шөнө 23:00 цагийн үед би хамт ажилладаг Энхтуяа, Тоотор, Алтантуяа нарын хамт Тооторын нөхрийн ... ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн автомашинтай Дарханаас Улаанбаатар хот орохоор явсан. Би машины хойд суудалд баруун хаалган талд суугаад явж байсан ба би машинд явах замдаа унтчихсан байсан. Тэгтэл гэнэт машин юм мөргөх шиг “түс тас” хийгээд явчихсан. Нэг мэдсэн би машинаас гарчихсан байсан ба миний нуруу өвдөөд байсан. Тэгээд жолооч 103, 102-луу дуудлага өгч түргэн тусламж ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд дараа нь Мөнгөн гүүр эмнэлэг дээр очиж томографийн зураг авахуулахад нуруу хугарсан байна гэсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт нуруундаа хагалгаа хийлгэсэн. ...Жолооч миний эмчилгээнд 1.235.000 төгрөг, цалингийн зээлд 750.000 төгрөг өгсөн, надад гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10112 дүгнэлтэд: “П.Дгийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын бяцарч шахагдсан хугарал, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний гадна хэсэгт зулгаралт гэмтэл, нурууны бүсэлхийн 1-р нугалмын хугарлыг бэхлэх мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 39х/

 

Гэрч Д.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шөнө 00:00 цагийн үед хамт ажилладаг Энхтуяа, Д, Тоотор бид нар Тооторын нөхрийн ... ДАХ улсын дугаартай Х.Соната-6 маркийн автомашинтай Дарханаас Улаанбаатар хот орох гээд гарсан. Би хойд суудлын голд сууж явсан би Баянчандмань өнгөрөөд зүүрмэглээд унтчихсан байсан. Тэгтэл гэнэт машин дэвхцээд юман дээгүүр харайх шиг болоод тоос шороо болоод зогссон. Би буугаад хартал 52-ын даваанаас уруудаж яваад замаас гарсан байсан ба машины зүүн хойд дугуй хагарчихсан жолооч дугуй буудаад замаас гарчихлаа гэж байсан. Тэгтэл Дгийн нуруу нь өвдөөд байна гээд дээш харуулаад хэвтүүлсэн. Миний биед учирсан гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/

 

Гэрч Д.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шөнө 00:00 цагийн үед хамт ажилладаг Алтантуяа, Д, Тоотор бид нар Тооторын нөхрийн ... ДАХ улсын дугаартай Х.Соната-6 маркийн автомашинтай Дарханаас Улаанбаатар хот орох гээд гарсан. Тэгээд би хойно зүүрмэглээд явж байтал гэнэт машин дэвхцээд юман дээгүүр харайх шиг болоод тоос шороо болоод зогссон. Тэгээд буугаад хартал 52-ын даваанаас уруудаж яваад замаас гарсан байсан. Тэгтэл Дгийн нуруу нь өвдөөд байна гээд дээш харуулаад хэвтүүлсэн. Тэгээд түргэн тусламж ирээд Дг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/

 

Гэрч О.Тооторын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 02-ны орой Аптантуяа, Энхтуяа, Д бид дөрөв Хөвсгөл аймагт амраад буцаж явахдаа Дархан дээрээс манай нөхрийн ... ДАХ улсын дугаартай Х.Соната-6 маркийн машинд шилжиж суугаад манай нөхөр Н машинаа жолоодоод 23:00 цагийн үед бид нар Дарханаас хот руу гарсан. Би урд суудалд суусан байсан ба манай нөгөө гурав хойд суудалд суугаад явж байсан ба 52-ын даваанаас уруудаж яваад замаас гараад машин дотор шороо бужигнаад зогссон. Би тухайн үед зүүрмэглээд явж байсан ба нэг мэдсэн чинь замаас машин гараад шороо бужигнаад зогссон. Тэгтэл Д нуруу эвгүй болчихлоо гээд босч чадахгүй байсан ба манай нөхөр 103-луу дуудлага өгч түргэн тусламж ирээд манай нөхөр машин дээрээ үлдэж бид нар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь нуруу нь хугарсан байна гээд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31х/

 

                 Техникийн шинжээчийн №455 дүгнэлтэд: “Hyundai Sonota маркийн ... ДАХ улсын дугаартай автомашины жолооч М.Н нь МУЗХД-ийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 41х/

 

                 Шүүгдэгч М.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 03-ны орой 23:00 цагийн үед би Дархан-уул аймагт байж байхад манай эхнэр ажлынхаа хүмүүстэй Хөвсгөлд аймагт амраад буцаад ирж байна гээд би Хараагийн гүүрний орчим эхнэрээ тосч авсан. Тэгтэл манай эхнэртэй цуг ажилладаг Д, Алтантуяа, Энхтуяа гурав манай эхнэртэй цуг миний машинд суугаад хот руу гарсан. Тэгээд Улаанбаатар хот орох гээд 52-ын даваанаас уруудаад явж байтал түс, тас дугараад машин замын хажуу талын шороо руу ороод овгор шороон дээр цохиод хариагаад газар буусан. Тэгээд би тоормосоо гишгээд баруун дараад төв замын шороо руу жолоогоо дарж машинаа зогсоосон. Тэгээд машин дотор байсан хүмүүсийг буулгаад байж байтал Д нуруу эвгүй болчихлоо, нуруу өвдөөд байна гэсэн. Харин нөгөө хэд зүгээр гэж байсан. Тэр үед тэнд явж байсан хүмүүс түргэн тусламж дуудаж өгсөн. Түргэн тусламж ирээд миний машинд сууж байсан зорчигч нарыг аваад явсан харин би ослын газар үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50х/

                 Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тула нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

                 Тодруулбал; шүүгдэгч М.Н нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа өөрийн болгоомжгүй байдлаас үүдэн аюул саад/овгор шороо/ бий болоход тээврийн хэрэгслийн хурдыг хасах, эсхүл тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл осолдож, зорчигч П.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 10112 тоот дүгнэлт зэргээр давхар нотлогдох тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч М.Нг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

М.Нгийн хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52х/

М.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч М.Н нь хохирогч П.Дгийн эрүүл мэндийн хохиролын төлбөрт 1.645.194 төгрөг, түүний цалингийн зээлээс 2 сарын төлбөрийг төлсөн буюу 1.500.000 төгрөг төлсөн, нийт 3.145.194 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24х/, хохирол төлсөн тухай баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон бөгөөд хохирогч П.Д нь одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч М.Н нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.

 Харин хохирогч П.Д нь шүүгдэгчийн үйлдлээс болж учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Нгийн бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс, шүүгдэгч М.Нн хувийн байдал, хохирол төлөгдсөн байдал, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

  

Шүүгдэгч М.Нгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Мын Нг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч П.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхэйт болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ