Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/799

 

 

2022                 8             10                                      2022/ДШМ/799

 

Н.Л холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч Н.Л өмгөөлөгч Ө.О ,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/503 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Л гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2203001880274 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн Н-ийн Л,  ...........  оны ... дугаар сарын ... -ний өдөр...........  аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ........... аймгийн ...........  сум, 6 дугаар баг, ...........  тоотод оршин суух бүртгэлтэй боловч ...........  дүүргийн ...........  тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД: .............. /;

Шүүгдэгч Н.Л нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар “ДЦС”-ын урд замд Тоуоtа prius загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 4 дүгээр хавсралтын 3.6.”Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;” мөн дүрмийн 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.А жолоочтой КТМ загварын ............ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Т.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Л үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Н.Л автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л 6.291.402 төгрөгийг гаргуулан хохирогч Т.А олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Л давж заалдах гомдолдоо: “...Миний бие тухайн осолд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогч Т.А 3.500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн ба шүүх хохирогчийн хохирлыг дүгнэхдээ нотлох баримтыг бус хохирогчийн гараар бичсэн дүнгээр хохирлыг тооцож 3.739.102 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд тус хохирлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. Шүүгдэгч миний бие Архангай аймгийн Хангай сумын харъяат бөгөөд тус суманд оршин суух өндөр настай эцэг, эхийгээ эргэж тойрохоор байнга ирж очдог, мөн орон нутаг болон Улаанбаатар хотын хооронд явж барилгын компаниудад ажиллаж, цалин мөнгө олдог болно. Гэтэл анхан шатны шүүхээс оноосон зорчих эрхийг хязгаарлах төрлийн ял нь хэтэрхий урт байгаа нь миний ажил хийж орлого олох, хохирогчийн хохирлыг төлөх болон өөрөө амьдрах боломжийг минь хязгаарлаж байгаа тул ял хүндэдсэн гэж үзэж байна. Иймд миний ялын төрөлд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 6.5.1.1, 6.5.1.2-т зааснаар хөнгөрүүлэн өгч, миний нөхцөл байдлыг харгалзан надад ялын доод хэмжээ буюу 450 нэгжээр торгох ялыг оноож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.О  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Н.Л .............. компанид ажилладаг ба орон нутагт явж, өвлийн улиралд нь машины ченж хийж ажиллаж, амьдардаг. Замын-Үүдээс байнга ирж, очиж автомашин авдаг. Н.Л амьжиргааны асуудал нь оноосон ялаас болж хохирогчийн хохирлыг барагдуулах боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ялаар сольж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Хохирогч хохирлоо тооцож өгөхдөө нотлох баримтын шаардлага хангаагүй гараар бичсэн баримтаар 2.897.750 төгрөгийн илүү зардлыг нэхэмжилж авсан. Н.Л нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, сайн дураараа хэргээ хүлээн зөвшөөрч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд бүрдсэн. Хавтас хэргийн 79, 80, 81, 82, 61 дүгээр хуудаст байгаа шаардлага хангасан нотлох баримтын дүнд тооцон үлдэгдэл хэсгийг хасаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ учруулсан гэм хор, хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс 1.000.000 төгрөгөөр торгох санал гаргасан байна. Анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгчид тохирсон ял гэж үзсэн. Хохирогчоос гаргасан нэхэмжлэлийн тайлбарыг үндэслэн нийт 6.291.402 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад 3.739.102 төгрөг гаргуулахаар шийдсэн гэж байгаа нь шүүгдэгч шийтгэх тогтоолоо сайн ойлгосон эсэхийг мэдэхгүй байна. Нийт төлбөр 6.291.402 төгрөгийн нэхэмжлэлийн агуулгыг харахад хохирогч нь мотоциклоос унахад гэмтлийн хувьд доргилт их хэмжээгээр авдаг учраас бариа заслын эмчилгээнд удаан хугацаанд эмчлүүлсэн гэж тайлбар бичсэн байна. Энэ байдал нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс бүрэн хангасан. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гэдэг бол Улаанбаатар хотын хэмжээнд шүүгдэгч 6 сарын хугацаагаар ажил, хөдөлмөр эрхэлж, тодорхой хэмжээгээр орлого олох нь нээлттэй байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Н.Л нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар “ДЦС”-ын урд замд замд Тоуоtа prius загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.”, 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 4 дүгээр хавсралтын 3.6. “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.А жолоодож явсан (КТМ загварын ............ улсын дугаартай) мотоциклтой мөргөлдөж, жолооч Т.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.  

Хохирогч Т.А “...Тэгээд 3 дугаар цахилгаан станцын урд замаар нэг талдаа 2 эгнээтэй замын 2 дугаар эгнээнд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явж байхад гэнэт хажуу талаас /баруун гар талаас/ цагаан өнгийн Toyota Prius маркийн автомашин хөндлөн ороод ирсэн. Би тэр үед хэтэрхий тулаад ороод ирсэн болохоор тоормос атгаж, гишгэж амжихгүй уг автомашины зүүн талын урд крыло дугуй хавьцаа мөргөөд унасан. Ослоос болж хэсэг хугацаанд ухаан алдаж, тэрүүхэн зуур юу болсныг мэдэхгүй, гэмтлийн эмнэлэг дээр очоод болсон асуудлыг санаж эхэлсэн. Намайг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд баруун талын хөлийн дунд чөмгөний яс бяцарсан хугаралтай, гарын 10 сарвууны үенүүд мултарсан, баруун гарын долоовор хурууны дунд үений хэсэгт оёдол тавиулсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэх хугацаандаа хөлөндөө хагалгаа хийлгэж дунд чөмөгний ясыг хадуулсан. Одоо гэрээр хэвтрийн дэглэм сахиж байна...” /хх 18/ гэж болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Н “...Нисэх рүү явж байгаад автобусны буудал дээр зогсож манай дүү хүнтэй утсаар яриад хөдлөөд шууд 2 дугаар эгнээнд орох үед 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явсан мотоциклтой мөргөлдсөн. Миний зүгээс иргэний хариуцагчаар татагдаж байгаа гэдгээ ойлголоо. ...” /хх 25-28/,

шүүгдэгч Н.Л анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “...Би автобусны буудал дээр утсаар ярьж байгаад хөдөлж шууд 2 дугаар эгнээ рүү дарж орсон нь миний буруу. Тухайн үед машины хажуу талаас нэг зүйл хүчтэй мөргөсөн. Би сандраад буугаад хартал мотоцикл байсан. Цаана хохирогч Т.А хэвтэж байсан. ...” /хх 121/ гэсэн мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 5440 дугаартай “...Т.А биед баруун дунд чөмөгний далд хугарал, тархи доргилт, баруун сарвуунд шарх, хоёр сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, хэл, эрүү, зүүн шуу, баруун бугуй, сарвуу, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. ...” /хх 35-36/ гэх шинжээчийн дүгнэлт,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн техникийн дүгнэлт /хх 52-58/,

............ ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 8763 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /хх 61/,

мөрдөгчийн 554 дугаартай магадлагаа /хх 65-66/, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 6-13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.Л автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Н.Л гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Л “...хохирлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. Орон нутаг, Улаанбаатар хот хооронд зорчиж хөдөлмөр эрхэлдэг тул ялын доод хэмжээ буюу 450 нэгжээр торгох ял оноож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх байдаг.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Шүүгдэгч Н.Л давж заалдах гомдолдоо орон нутаг, Улаанбаатар хот хооронд зорчиж хөдөлмөр эрхэлдэг гэх боловч зөвхөн гомдолд зааснаар түүний цалин, орлогын байдлыг тодорхойлох боломжгүй бөгөөд хууль болон гэрээний үндсэн дээр ажил олгогчоос тодорхой цалин, хөлс авч байгаа байдлыг нотлох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, лавлагаа, бусад баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгч Н.Л үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон гэж үзэв.

Харин анхан шатны шүүх хохирлын хэмжээг 6.291.402 төгрөгөөр тооцон шүүгдэгч Н.Л гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Шүүгдэгч Н.Л нь хохирогч Т.А хохирол, төлбөр төлөөгүй ба хавтас хэрэгт авагдсан хохиролтой холбоотой ............ ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал болох 268.000 төгрөгийн /хх 60/, мөн компаниар үнэлгээ хийлгэсэн 5.858.000 төгрөгийн /хх 61/, эмчилгээний зардал болох 152.100 төгрөгийн /хх 79/, 408.452 төгрөгийн /хх 80/, 368.550 төгрөгийн /хх 81/, 69.000 төгрөгийн /хх 82/ буюу нийт 7.124.102 төгрөгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтуудыг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзсэн тул шүүгдэгч Н.Л гаргасан давж заалдах гомдлын “...хохирлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж  тус тус хуульчилжээ.

Иргэний хариуцагч А.Н нь тээврийн хэрэгслээ дүү Н.Л шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүх гэм хорыг шүүгдэгч Н.Л гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч А.Н , шүүгдэгч Н.Л нараас хувь тэнцүүлэн хохирогч Т.А хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” хэсэг /хх 125/-т шүүгдэгч Н.Л “...шүүгдэгч Б.Ж ...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан...” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.Л гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/503 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл...” гэснийг “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол...” гэж,

          тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л 6.291.402 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.А олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л 1.812.051 төгрөгийг, иргэний хариуцагч А.Н гээс 1.812.051 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Т.А олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Л гаргасан давж заалдах гомдлын “...хохирлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

       ШҮҮГЧ                                                                Ц.ОЧ

 

      ШҮҮГЧ                                                                Н.БАТСАЙХАН