Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар сургуулийн урд талд байрлах, баруун талаасаа №12 дугаар гараашийг нураасан нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах гэжээ.

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч Б.Б******* нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн Н.М*******тай Автомашины гарааш худалдах, худалдан авах гэрээг-г байгуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар сургуулийн урд талд байрлах, баруун талаасаа №12 дугаар гараашийг 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр худалдан авсан.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалтуудыг голлох үндэслэл болгон Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан, үүнд нэхэмжлэгч Б.Б*******гийн худалдаж авсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлах №12 дугаар гарааш багтаж, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх ажиллагааг явуулсан.

2.3 Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18/954 Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 39 дүгээр цэцэрлэгийн урд байрлалтай тоосгон гараашнуудыг Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай 2022 оны А/******* дугаар захирамжийн хүрээнд тус албанаас албадан буулгах арга хэмжээ авч ажилласан. гэсэн агуулгатай албан бичгийг нэхэмжлэгч Б.Б*******д хүргүүлжээ.

2.4. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01-10/5377 тоот албан бичгээр Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/******* дүгээр Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжаар 188 байршилд 4860 гараашийг буулгахаар батлагдсан бөгөөд дээрх байршил нь газар чөлөөлөгдөхөөр тусгагдсан гэсэн агуулгатай албан бичгийг нэхэмжлэгч Б.Б*******д хүргүүлсэн байна.

2.5. Нэхэмжлэгээс дээрх албан бичгийг хүлээн аваад Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай А/******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргаж, бүрдүүлбэр хангуулснаар 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Б.Б*******гаас нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Батсуурийн Б******* нь автомашины гарааж худалдан авахаар 2019 оноос эхлэн судалж хайсан ба Н*******ын М******* гэх иргэнтэй холбогдож гарааж болон газрын төлбөр төлсөн актуудаа үзүүлсэн бөгөөд тэрээр харьяа газрын албанд жил бүр газрын төлбөрөө төлсөн, газрын албатай акт үйлдсэн байсан тул миний итгэл үнэмшил төрж улмаар 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 23-р сургуулийн баруун урд талд байрлалтай №12 /баруун талаасаа/ тоот 18м2 талбай бүхий авто машины гараашийг 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр худалдан авахаар Н.М*******тай "Автомашины гарааж худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, төлбөрийг нь бүрэн төлсөн. Худалдан, худалдан авах гэрээг байгуулсны дараа Чингэлтэй дүүргийн газрын албанд очиж Н.М*******гийн мэдээллийг өөрийн нэрээр солиулж тус гараашийг шилжүүлж, төлөөгүй үлдсэн байсан газрын төлбөрийг төлүүлсэн. Ингэж хууль ёсных нь дагуу Н.М******* худалдаж авах замаар гараашийг өмчлөлдөө шилжүүлэн авч 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ашиглаж ирсэн.

3.2 Харьяа газрын алба нь 2019 оноос газрын төлбөр төлүүлэхээ больсон бөгөөд төлбөр төлөх гэхэд төлбөрийн нэхэмжлэл гаргаж өгөхгүй гэдэг тайлбарыг өгдөг болсон. Миний бие өөрийн өмчлөлийн тус гараашийг сүүлийн нэг жилийн хугацаанд огт ашиглаагүй орхисон байсан ба гараашийг аль хэдийн нураасан хойно буюу 2023 оны 08 дугаар сарын 30-ний өдөр мэдсэн.

3.3 Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өөрийн гараашийг нураалгаж өмч Хөрөнгөөрөө хохирсон тул 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр иргэн Н.М******* "Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23-р сургуулийн талд байрлах, баруун талаасаа №12 дугаар гараж"-г худалдах, худалдан авах гэрээний хүрзэнд 9 сая төгрөгөөр худалдаж авч байсан тул 9 сая төгрөгийн үнэ бүхий гараашийн хохирол гаргуулах, тухай гомдлыг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба Болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус гаргасан. Нэхэмжлэгч Б.Б******* өөрийн өмчлөлийн гараашийг нураасан болохыг мэдсэн даруйдаа шат шатны байгууллагад гомдлоо хууль дүрмийнх нь дагуу гаргасаар өнөөдрийг хүрсэн.

3.4. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан гомдлоор 2023 оны 10 сарын 06-ний өдрийн №01-10/5377 тоот дугаартай хариу хүргүүлэх бичигт "Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/******* дүгээр "Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжаар 188 байршилд 4860 гараашийг буулгахаар батлагдсан бөгөөд дээрх байрших нь газар чөлөөлөгдөхөөр тусгагдсан байна" хэмээн хариу ирсэн байдаг. Тус хариу ирсэн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 06-ний өдөр л Нийслэлийн засаг даргын 2022 оны А/******* дүгээр Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийн талаар мэдэж, энэхүү захиргааны актаар өөрийн өмчлөлийн гараашийг нураалгасан болохыг мэдсэн. Нэхэмжлэгч Б.Б******* нь 2019 онд Г.М*******тай "Автомашины гарааш худалдах, худалдан авах гэрээ"-г Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23-р сургуулийн урд талд байрлах, баруун талаасаа №12 дугаар гарааш нь Нийслэлийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаартай захирамжийн хүрээнд хавсралтад дурдсанаар 39 дүгээр цэцэрлэгийн хойд талын 17 гараашинд хамаарах юм.

3.5. Нийслэлийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дүгээр захирамж нь захиргааны актын үндсэн шинжийг дараах байдлаар хангаж байна. Үүнд: Нийслэлийн засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1 дэх хэсэгт заасан "төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага"-д хамаарна. Мөн тус захирамжаар 4860 гараашийг буулгахаар заасан нь захиргааны байгууллагаас гадагш чиглэсэн, захирамжилсан шийдвэр гаргах шинжийг агуулж байна. Гарааж буулгах буюу нураахтай холбогдсон тодорхой нэг тохиолдол байх ба Газрын тухай хуулиар энэхүү маргаантай харилцаа зохицуулагдах тул нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр байна. А/******* дугаартай захирамж нь захиргааны актын үндсэн шинжүүдийг бүхэлд нь хангаж байгаа нь тул захиргааны акт мөн болно.

3.6. Захиргааны байгууллагаас хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулах талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд 27.4 дэх хэсэгт заасан арга хэлбэрээр сонсох ажиллагааг явуулах хэлбэрийг тодорхойлсон. Гэвч Нийслэлийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаартай захирамжаар миний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байхад ямар ч сонсох ажиллагаа явуулсан мэдээ, мэдэгдэл огт ирээгүй. Тэгсэн хэрнээ жил бүр газар ашигласан төлбөр аваад байсан нь бүр ч ойлгомжгүй байна. Нэг болохоор газрын төлбөр авна, тэгснээ хууль бус гээд нураана.

3.7. Нийслэлийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаартай "Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамж болох захиргааны актын улмаас нэхэмжлэгч миний эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах хуль 22023 оны 03 дугаар хол маш ноцтойгоор зөрчигдсөн. Ийм ийх, ашиглах даргын 2023 дүүргийн угаар сарын 14-ний өдрийн А/******* дугаартай захирамжид хамаарах "Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23-р сургуулийн урд талд байрлах, баруун талаасаа №12 дугаар гарааж"-г нураасан үйлдэл, үйл ажиллагааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар хууль бус болохыг тогтоолгож, түүний улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг минь хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна. гэжээ.

3.8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч Б.Б******* нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн Н.М*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан автомашины гарааш худалдан авсан. Холбогдох хууль тогтоомжид заасанчлан газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө гэж ойлгодог. Б.Б******* уг гараашийг худалдан авахдаа жил бүр газрын төлбөр төлөгддөг учраас Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу газрыг ашиглах эрхтэй байна гэж ойлгоод, итгэж худалдаж авсан. Өөрөөр хэлбэл газрын төлбөр тодорхойлох тухай Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын гарын үсэгтэй актыг үндэслээд гэрээ байгуулахаар нотариатад очсон, нотариат ч мөн адил энэ актыг үндэслээд тухайн автомашины гарааш худалдах, худалдан авах гэрээг баталсан. Үүнээс хойш Б.Б******* жил бүр газрын төлбөрөө төлье гэдэг байсан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн 2020 оноос хойш газрын төлбөрийг төлүүлээгүй, нэхэмжлэлийг үүсгээгүй гэж байна. Тухайн гарааш Б.Б*******гийн өмч юм, үүнийг нь ямар нэг байдлаар сонсох ажиллагаа хийж мэдэгдэхгүйгээр нураасан үйл ажиллагаа нь хууль бус. Уг үйлдлээ тайлбарлахдаа тухайн газрыг анхнаас нь эзэмших, ашиглах эрхгүй байсан мэтээр тайлбарлаж байгаа. Үүнтэй холбоотой баримтыг гаргаж өг гэхээр байхгүй гэдэг.

3.9. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд Б.Б******* очиж уулзахад, гарааш Н.М*******н нэр дээр бүртгэлтэй байсныг өөрчлүүлсэн. Ингэхдээ нэр солигдож байгаа учраас газрын төлбөр тодорхойлох актыг надтай байгуулна уу гээд хүсэлт гаргахад энэ актыг байгуулахаа больсон, та Н.М*******тай байгуулсан актыг эх хувиар нь өөртөө хадгалж бай гэж хэлсэн байсан. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба гараашны газрыг Н.М*******, Б.Б******* нар эзэмшиж байсан гэх мэдээлэл байхгүй байсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Яагаад гэхээр, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан газрын төлбөр тодорхойлох актад иргэн Н******* овогтой М******* гэж дурдагдсан байсан, мөн регистрийн дугаарыг нь бичсэн байгаа. Н.М*******н мэдээллийг мэдэж байсан нь энэ баримтаар тодорхой болж байгаа. Б.Б*******гийн мэдээлэл байгаагүй гэж бодоход гараашийг нураах талаарх сонсох ажиллагаа, мэдэгдлийг эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэдэг утгаараа Н.Ма******* мэдэгдэх ёстой байсан. Гэтэл ямар нэг байдлаар сонсох ажиллагаа хийгээгүй. Тухайн гараашны газрыг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн газрын төлбөр тодорхойлох актад дурдагдсанаар иргэн Н.Ма******* ашиглуулж байсан, ийм учраас газрын төлбөрийг авч байсан байгаа юм.

3.10. Газрын төлбөр авах болохоороо эзэмших, ашиглах эрхтэй гэж тайлбарлаж төлбөрийг жил болгон авдаг хэр нь нураах болохоороо эзэмших, ашиглах эрх байхгүй, газрын төлбөр төлдөггүй, таны мэдээлэл байхгүй байна гэдэг байдлаар зөрүүтэй мэдээлэл шүүхэд өгч байгаа нь үндэслэлгүй байна. Улмаар энэ газрыг хэн эзэмшиж байсан, хэн ашиглаж байсан талаарх мэдээллийг гаргуулах гэхээр хэн нэгэн байхгүй гэдэг хэр нь Н.М*******н гараашны газрын төлбөр төлж байсан мэдээллийг гаргаж өгнө үү гэхээр 2015-2019 онуудын хооронд төлбөр төлж байсан байна гэж шүүхэд гаргаж өгч байгаа тайлбар нь зөрүүтэй болж эхэлж байна.

3.11. Сонсох ажиллагаа хийсэн эсэх талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөхдөө газрын зөрчлийн мэдээлэл гэдэг зураг хавсаргаад, түүнийгээ сонсох ажиллагаа гэж тайлбарлаж байна. Захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүй байх зохицуулалтад хамаарахгүй гэж ойлгож байна. Захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулаагүй шалтгаанаа нотлох үүрэгтэй байтал үүнтэй холбоотой ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул сонсох ажиллагааг зохих ёсны дагуу хийгээгүй байна гэж бидний зүгээс ойлгож байгаа. Хэрэв иргэн Н.Ма******* сонсох ажиллагааг хүргүүлсэн бол Б.Б*******д дамжуулан мэдэгдэж, шийдвэрийг хүлээн аваад холбогдох тайлбараа гаргаад явах боломжтой байсан. 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хариу албан бичигт холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй баригдсан, холбогдох мэдээллүүд тодорхойгүй байсан учраас сонсох ажиллагааг гүйцэтгэхдээ хаалганд нь мэдэгдэх хуудас нааж гүйцэтгэсэн гэсэн байна. Миний зүгээс яг юу наасан юм бэ, сонсох ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажиллагаа мөн эсэхийг тодруулахаар байршуулсан хуудсаа гаргаад өгчих гэсэн, энэ хүсэлтийг шүүхээс хангаж өгсөн. Энэ баримт хэрэгт авагдаагүй байна. Б.Б******* гараашаа 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Н.М******* 9,000,000 төгрөгөөр худалдан авсан, гэтэл өнөөдөр ямар нэг зүйл худалдаж аваагүй мэтээр хууль бусаар хохироод байна. Энэ гарааш Б.Б*******гийн өмчлөлийн хөрөнгө мөн үү гэвэл мөн, заавал Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөгч болох зохицуулалт байхгүй гэж ойлгож байна. Уг гараашийг Б.Б*******д мэдэгдэлгүй нураасан нь хууль бус, тиймээс гарааш худалдан авсан 9,000,000 төгрөгийг өөрт учирсан хохирол гэж үзээд захиргааны байгууллагаас гаргуулъя гэж байгаа юм.2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар газар эзэмших эрхтэй байсныг нь хүлээн зөвшөөрсөн хэр нь газрыг чөлөөлж байгаа нь хууль бус байх тул 9,000,000 төгрөгийн хохирлыг хариуцагч байгууллагаас гаргуулъя гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Тиймээс уг 9,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан өгнө үү. гэв

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэгт Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах" гэж заасны дагуу Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/******* дугаар захирамжийг гаргасан болно.

4.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн гарааш байрлах газар нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3- т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжид тусгасан болно.

4.3. Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт буюу хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б*******ас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхой заасан байдаг. Тодруулбал уг хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцан зохион байгуулах, 63 дугаар зүйлийн 63.1.2-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах, 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана гэж заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаар захирамжийг гаргасан. Захирамжийн үндэслэл хэсэгт холбогдох хууль тогтоомжуудыг эш татан оруулсан. Уг захирамж Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 9.4, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын баримт бичгийн хэрэгжилт, Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, хэрэгжүүлэх журмын 6.2, Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор гарсан юм.

4.5. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/33 дугаар тогтоолоор Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр баталсан төлөвлөгөөний 21 дэх заалтаар Орон сууцны хороолол дундах автомашины гараашнуудыг буулган газрыг чөлөөлж, чөлөөлөгдсөн газарт олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтыг хийх боломжийг бүрдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг бүртгэлцүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд үндэслэх зарчмыг баримтална гэж заасан байдаг. Тухайн гарааштай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохоор газар дээр суурин болон хээрийн судалгааг хийсэн.

4.6. Иргэн Б.Б******* тухайн газар болон гарааштай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж байгаагүй. Газар эзэмшиж, ашиглаж байгаа харилцааг төрийн газрыг тодорхой нөхцөлтэйгөөр эзэмшиж байгаа зүйл гэж ойлгодог. Тухайн иргэн тодорхой хэмжээний газрыг ямар нэг байдлаар ашиглаж байгаа бол үүнийхээ дагуу газрын төлбөрийг төлж байгаа. Газрыг өөрийн болгох гэдэг нь арай өөр байдлаар яригдана. Хувьдаа газраа ашиглаж байгаа учраас төлбөрийг газрын төлбөр тодорхойлох тухай актаар баталгаажуулж, талууд тохироод төлбөрийг төлж байсан. 2015 онд 475,000 төгрөг, 2016 онд 95,000 төгрөг гэх мэтээр холбогдох төлбөрийг төлж байсан талаарх мэдээллийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гаргаж ирүүлсэн. Энэ агуулгаар газрын зөрчил арилгах тухай захирамж гарсан, тэрнээс биш газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй иргэдийн газрыг хууль бусаар чөлөөлсөн зүйл байхгүй.

4.7. Тухайн иргэний өмчийн газар гэж хэлж байна. Нэг талаас нь өөрсдөө тэгж харж байгаа байх гэхдээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнийгээ бүртгэлжүүлэх, албажуулах, холбогдох гэрээ гэрчилгээгээр баталгаажуулж байх ёстой. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж нь гэнэтийн байдлаар, хөнгөн хуумгай хандаж гаргасан захирамж биш. Өмнөх онуудад төлөвлөж байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засгийн газрын шийдвэрийг үндэслэж шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг үндэслэл болгон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих хууль журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан, захирамжийн хавсралтын 99 дүгээрт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр цэцэрлэгийн хойд талд байршилтай 17 гарааш хамрагдсан байх бөгөөд нэхэмжлэгчээс №12 дугаар гараашинд холбогдох хэсэгт маргаж байна.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Б******* нь тус гараашийг Н.М******* 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Автомашины гарааш худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 9,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд өмнөх ашиглаж байсан иргэн Н.М******* нь 2015-2019 онуудад газрын төлбөр төлж байсан бол 2020 оноос хойш төлбөр төлөгдөөгүй болох нь Чингэлтэй дүүргийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 09/180 тоот албан бичгээр тогтоогдоно.

3. Тухайн гараашийн доорх газрыг ямар нэгэн иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн шийдвэр захиргааны байгууллагаас гараагүй бөгөөд нэхэмжлэгчээс үүнд маргаагүй.

4. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн., Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж, 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-д Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасан.

5. Хуулийн дээрх заалтаас үзэхэд газар бол төрийн өмч бөгөөд газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах эрхгүй бөгөөд газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн тохиолдолд Засаг дарга нь газрыг чөлөөлөх арга хэмжээ авах бүрэн эрхтэй байна.

6. Ийнхүү газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж, ашиглуулдаг байхад нэхэмжлэгч нь газар эзэмших гэрчилгээгүйгээр төрийн өмчийн газрыг ашигласан байдал тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгчээс ...Нийслэлийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаартай захирамжаар миний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байхад ямар ч сонсох ажиллагаа явуулсан мэдээ, мэдэгдэл огт ирээгүй. Нийслэлийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаартай "Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамж болох захиргааны актын улмаас нэхэмжлэгч миний эд хөрөнгө өмчлөх, эзэмших хууль ёсны, эрх ашиг сар сар ноцтойгоор зөрчигдсөн гэж маргах боловч нэхэмжлэгч нь тухайн гараашийн доорх газрын эзэмших, ашиглах эрхийг зохих журмаар аваагүй буюу нэхэмжлэгч Б.Б******* болон иргэн Н.М******* нар хоорондоо худалдах, худалдан авах гэрээ байгуулан тухайн гараашийг шилжүүлсэн энэ тохиолдолд захиргааны байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй баригдсан гараашийн эзэмшигч, ашиглагчийн хаяг, утасны дугаарыг олж сонсох ажиллагаа хийх бодит боломжгүй. Иймд сонсох ажиллагааг хуульд заасан журмаар хийгээгүй гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

8. Түүнчлэн дээрх захирамжийг гаргахдаа газрын зөрчлийн судалгааг хийж, мэдэгдэх хуудас байршуулсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Газрын албаны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01-05/710, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01-07/1967 тоот албан бичиг, газрын зөрчлийн судалгаа 18 баримтаар тогтоогдож байна.

9. Иймд газрыг нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх зорилгоор гарсан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаар захирамж хуульд нийцсэн захиргааны шийдвэр бөгөөд уг захирамжид заасны дагуу газрыг албадан чөлөөлж гараашийг нураасан нь хуульд заасан журмаар газар эзэмших эрхийг авалгүйгээр газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж байсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох; гэж шүүхийн шийдвэрийн төрлийг хуульчилж өгсөн.

11. Дээр дүгнэснээр Нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд, газар чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасны дагуу газрыг чөлөөлсөн тул уг үйл ажиллагааг хууль бус гэж үзэж хохирол гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

12. Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий гараашийг ч албадан буулгасан захирамжийг хуульд нийцсэн, тухайлбал Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олж аваагүй этгээдийн хувьд хүн өөрийн хувийн өмчийн автомашины гараашийг төрийн өмчийн газар дээр бэхэлснээр тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх шууд дагаж үүсэхгүй, төрийн өмчийн газар дээр баригдсан хувийн өмчийн гараашийг өмчлөх, эзэмшихдээ хуульд заасан журмын дагуу төрийн өмчийн газрын эзэмших, эрхийг олж авах, хадгалах үүрэгтэй гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тохиолдолд тухайн гараашны доорх газрыг эзэмших, ашиглах эрх хамгаалагдахгүй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Б*******гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар сургуулийн урд талд байрлах, баруун талаасаа №12 дугаар гараашийг нураасан нь хууль бус болохыг тогтоолгож, захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ