| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0573/Э/ |
| Дугаар | 548 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 099.2., 236.1., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 548
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч М.Амарзаяа
иргэдийн төлөөлөгч У.Гэрэлмаа,
хохирогч П.Ц, Ц.А,
шүүгдэгч Т.Э, өмгөөлөгч Г.Хандсүрэн,
шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Т.Эг, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэгт Б.Быг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012408 дугаар 3 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, талх нарийн боовчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,
урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял,
Ховд аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 9 сар 12 хоногийн хорих ял,
Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 жил 3 сар 25 хоног хорих ял тус тус шийтгүүлсэн, О овогт Тгийн Э /РД:.../,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ... түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,
урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял,
Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял тус тус шийтгүүлсэн, Э овогт Бы Б /РД:.../.
Яллагдагч Т.Э нь ялтай байдал арилаагүй байхдаа Б.Бтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны хойд талын сааданд иргэн Ж.Нын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан “Самсунг Галакси Гранд” маркийн гар утсыг нь дээрэмдсэн,
Б.Бтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 хороо, “Р” баарны гадна талд иргэн Ц.Аийг үл ялих зүйлээр шалтаглан, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
2016 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Даблю” нэртэй зочид буудлын зочин хүлээн авагч П.Цийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан бэлэн гоймон, ундаа зэрэг зүйлсийг дээрэмдсэн,
Яллагдагч Б.Б нь ялтай байдал арилаагүй байхад Т.Этай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны хойд талын сааданд иргэн Ж.Нын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан хөнгөн гэмтэл учруулан “Самсунг Галакси Гранд” маркийн гар утсыг нь дээрэмдсэн,
Т.Этай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Р” баарны гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,
Б.С, М.М нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэгийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, ЛСД зурагт зэрэг эд зүйлс хулгайлан 866.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
давтан үйлдлээр Б.С, М.М нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод байрлах Н.Мгийн “Тариан булаг” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 287.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Улсын яллагчийнхтай таарч байна. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлнө. Хөнгөн ял өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй. Хөнгөн ял өгнө үү” гэв.
Хохирогч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 06-нд Цамбагарав дээр найзтайгаа шорлог идэж байсан. Энэ хоёр ирээд муудалцсан. Э оёдлын хайчны нэг гуя барьчихсан хатгаад байсан. Тэгэхээр нь би хажууд байсан банзыг авсан. Тэрийг л хэлээд байгаа байх. Зугтахдаа хайчаа хаяад зугтсан. Утасны мөнгө 800000 төгрөг нэхэмжилнэ” гэв.
Хохирогч П.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө гурвуулаа орж ирээд өрөө авсан. Тэгээд гарч яваад шөнө 03 цагт орж ирээд өрөөндөө чанга чанга яриад байсан. Э нүүр рүү мөргөсөн. Хамар хугарсан байсан. Цтай зууралдаад байж байтал гэдэс рүү тийрээд гараад зугтсан. Эмчилгээний зардлаа Эгаас нэхэмжилнэ” гэв.
Эрүүгийн 201626012408 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Нэг. Т.Э, Б.Б нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны хойд талын сааданд иргэн Ж.Нын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан “Самсунг Галакси Гранд” маркийн гар утсыг нь дээрэмдсэн хэргийн талаар:
Хохирогч Ж.Нын: “...Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчимд найз Даваажаргалтай уулзахаар тохирч Цамбагаравын баруун тийш явах чиглэлийн автобусны буудал дээр хүлээгээд зогсож байтал үл таних 2 залуу Хархорин зах талаасаа буюу баруун талаар ирсэн. Улаан куртиктай залуу нь ганц тамхилчих гэхээр нь би “тамхи татдаггүй” гэсэн чинь би 15 жил шоронд суусан, их зовсон ганц пиво аваад өгчих гэхээр нь би зөвшөөрч 8 дугаар байранд байх хүнсний дэлгүүр орж 2 лааз пиво авч өгсөн. Гэтэл “тийш саад руу орж сууя” гэж ногоон куртиктай залуу хэлсэн. Би хамт сааданд очиж суугаад улаан куртиктай ахад 1 пивийг задалж өгсөн. Гэтэл “нэгийг нь чи уу” гэхээр нь “би уудаггүй” гэсэн чинь “чи уу” гээд байхаар нь задлаж нэг балгаад газар тавьсан. Гэтэл тэр ах “гар утсаа өгчих, нэг хүн рүү залгачихъя” гэхээр нь би утсаа өгөөгүй, ногоон куртиктай нь хутга л гэж бодсон нэг иртэй зүйл миний хүзүүний баруун талд тулгаж, арагш дарж, тэр үед улаан куртиктай залуу нь куртикны баруун талын гадна халаасанд байсан Самсунг галакси гранд маркийн гар утсыг авсан. Би давхар гараараа бариад тавихгүй байсан юм. Ногоон куртиктай залуу нь “ямар шазруун юм” гэж хутгаа миний аманд тулгаж, “дүрчихнэ шүү” гэж заналхийлж, миний хоолойг гараараа бооход ухаан балартаж орчноо мэдрэхгүй болсон. Нэг мэдэхэд нөгөө 2 залуу зүүн тийш явж байсан. Миний хажууд нэг ах зогсож байсан, надаас “яасан бэ” гэж асуухаар нь “миний утсыг аваад явчихлаа” гэж хэлсэн. Ахыг “тэр 2 мөн үү” гэж асуухаар нь “мөн” гэсэн чинь нөгөө ах наанаа байж байгаарай гээд гүйсэн. Тухайн үед миний нүүрнээс их цус гарч байсан учраас өвсөөр арчиж, пивоор гараа угаасан. Нөгөө ах удалгүй эргэж ирээд “нөгөө 2-ыг барьчихлаа, мөн үү” гээд намайг дагуулаад зүүн тийш явсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд харахад миний зүүн хацар, эрүүний зүүн дор зүсэгдсэн байсан. Цагдаа “гар утсыг нь гаргаад өгчих” гэхэд тэр 2 “байхгүй” гээд байсан. Биед нь үзлэг хийхэд миний утас гарч ирсэн. Би намайг дээрэмдсэн 2 залууг танихгүй. Би уг гар утсыг 2016 оны 6 дугаар сард хамт ажилладаг хүнээсээ 100000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо миний биед толгой өвдөж байсан, зүсэгдсэн хэсгээр өвдөж байна. Шүлс залгихад хоолой хөндүүрлэн зовиуртай байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ.
...Миний зүүн хацар, хүзүүнд ногоон куртиктэй ах хутгаар зүсэж учруулсан, харин 2 чамархайд хэн цохьсныг мэдэхгүй байна, намайг араас хутга тулгаад миний халааснаас улаан куртиктай ах гар утсыг маань авсны дараа ногоон куртиктай ах намайг араас бооход би ухаан балартаж газар унасан. Тэр үед л цохьсон. Нийт 185850 төгрөгний зардал гарсан учраас нэхэмжилнэ. Миний хүзүү болон хацарт зүсэж гэмтээснээс сорвитой болсон учраас би эмчилгээний зардлаас гадна 1 сая төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-29, 31-32/,
Гэрч Т.Золзаяагийн: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим дэлгүүрт байж байхад гаднаас 2 залуу орж ирээд “эгчээ бид хоёрыг хүн дээрэмдэх гээд байна, энэ хаалгаар зугтаалгаад өгөөч” гэхэд нь би гаргахгүй гэсэн. Нэг нь цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би тэр хоёрыг харж байтал араас нь 2 залуу орж ирээд нөгөө 2 залууг “та 2 нааш ир, замдаа та 2-т цагдаа дуудаж өгнө” гэхэд нөгөө хоёрын нэг нь “цагдаагаа дууд эгч ээ, та цагдаа дуудаад өгчих” гээд байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэндээс нэг нь “та хоёр хүний утас яасан, буцааж өг” гэсэн чинь “надад байхгүй, бид 2 аваагүй” гээд байсан. Шатны доор нүүр нь цус нөж болсон нэг залуу хаалга тогшиж орж ирээд “танд энэ 2 утас өгсөн үү” гэж асуухаар нь “Өгөөгүй. Урд хаалгаар гаргаад өгөөч гэхээр нь би гаргаагүй” гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-33-35/,
Гэрч Т.Даваажаргалын: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би ажлаасаа 22 цагт тарах байсан учраас Нтай утсаар яриад Цамбагаравын автобусны буудал дээр уулзахаар тохирсон байсан. Намайг ажлаас гараагүй байхад Н над уруу яриад “гар утсаа дээрэмдүүлээд Цагдаагийн хэлтэс дээр байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уулзаж чадаагүй” гэх мэдүүлэг /1хх-39/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.10.17-ны өдрийн 14203 дугаар актын дүгнэлтэд: “1.Нын биед зүүн хацар, хүзүүнд шарх, 2 чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн байгаа тул ямар зүйлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /1хх-45/,
Б.Бын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой цагийг нь сайн санахгүй байна, Этай Хархорин зах дээр таарсан. Ингээд 0.75 литрийн 1 шил архи, 2 пиво авч уусан. Явж байгаад нэг залуутай таарсан, согтуу байсан учраас хаана таарсныг санахгүй байна. Ямар ч байсан дэлгүүрээс пиво авахуулсан. Тэгээд байрны голд байдаг сааданд очиж суусан, надад нэг пивийг нь задлаж өгсөн. Намайг “утсаар нь нэг яриад өгье” гэсэн чинь өгөхгүй байсан. Гэтэл Э араас нь боож унагаагаад би гар утсыг нь гартаа барьчихсан байхад нь авсан. Тэгээд Э бид хоёр тэндээс явсан. Гэтэл бид хоёрын араас тэнд явж байсан юм уу, хаанаас гарч ирснийг нь анзаараагүй нэг залуу эхэлж араас дуудаад “хөөш гар утсыг нь өгөөч” гэж хэлэхээр нь бид хоёр цааш яваад байсан. Араас ирээд биднийг барьсан. Зүссэн гэмтлийг Э учруулсан. Э бид хоёр гар утсыг нь дээрэмдчихээд явж байхад Э “би хутгалчихсан” гэж хэлэхээр нь би “чи нээрээ хутгалчихсан юм уу” гэж асуусан чинь “хүзүү рүү нь хутгалсан” гэж надад хэлсэн. Хутгыг нь харсан чинь ишгүй, цус болсон байсан. Би “тэгвэл хутгаа хая” гэж хэлсэн. Би түүнд гар хүрээгүй. Зөвхөн утсыг нь авсан. Э боож унагаасан, тэр үед юм мөргөөд унасан байж магадгүй...” гэх мэдүүлэг /1хх-76, 79/,
Т.Эгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бтай 1 дүгээр хороололд явж байгаад 1 шил стандарт 0.75 литрийн архи, 2 пиво авч уусан. Би тасарчихсан байсан. Явж байгаад ямар ч байсан нэг залуутай таарч, тэр залуу дэлгүүрээс пиво авч өгөөд байсан. Утсаар яръя гээд байсан уу, утсаар яриад байсан уу ямар ч байсан тийм яриа болсон. Бын хамт явж байтал хаанаас ирснийг мэдэхгүй 4 залуу ирээд “гар утсыг нь өгөөдөх” гээд байхаар нь би “аваагүй, надад байхгүй” гэж хэлж байсан. Гэтэл цагдаагийн машин ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд байж байхад Бын ханцуйнаас гар утас гарч ирсэн. Хэн уг гэмтлийг учруулсныг би мэдэхгүй байна. Надад хутга байгаагүй, биедээ хутга авч явдаггүй. Бидний тухайн үед байсан газраас л олсон байх. Сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх- 84/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-4/, илтгэх хуудас /1хх-13/, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-25/, ,эд зүйлийн үнэлгээ /1хх-43/,
Хоёр. Т.Э, Б.Б нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 хороо, “Р” баарны гадна талд иргэн Ц.Аийг үл ялих зүйлээр шалтаглан, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан хэргийн талаар:
Хохирогч Ц.Аийн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн үед найз Отгонпүрэвтэй хамт ...Р бааранд ороод удаагүй яваад өгсөн. Бид хоёр тус бүр нэг шорлого аваад идэж байхдаа Отгонпүрэв гал руу нуруугаа харуулаад бөгс даараад байна гээд тоглоом хийгээд эргээд цаашаа хараад зогсох хооронд нөгөө 2 залуугийн надаас жаахан намхандуу хууз сахалтай залуу нь Отгонпүрэвийг “чиний бөгстэй шорлого би идэхгүй” гэхэд Отгонпүрэв тухайн үед согтуу байсан болохоор мэдээж дуугүй байгаагүй байх тэгээд тэр хоёрын дунд хэрүүл эхлээд, сүүлдээ бид 4 хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд надтай зодолдож байсан залуу миний баруун мөр, баруун суга, мөр, далны хэсэг болон толгойны зүүн хэсэгт цохихдоо гартаа үзүүртэй зүйл бариад хатгаад байх шиг санагдахаар нь би зодолдохоо болиод холдоход тэр 2 залуу зүүн тийш эргээд зугтаасан. Би Отгонпүрэвд хандаж “энэ залуу намайг хутгалчих шиг боллоо, хоёулаа баар луу ороод толинд харъя” гээд хамт Р баарны ариун цэврийн өрөөний толинд цээж нүцгэлээд харахад жижиг үзүүртэй зүйлээр хатгасан байдалтай, суганы хэсэгт зүссэн харагдсан. ...Тэр хоёр залуу хоёр тийшээ салаад зугтаасан. Бид хоёр нэг нэгээрээ хөөгөөд гүйсэн. Би намайг хутгалсан залууг хөөгөөд гүйж явахад гартаа барьсан зүйлээ зам дээр хаяхаар нь авахад оёдолчны утас тасалдаг жижиг хайчны нэг гуя байсан. Би тэр залууг гүйцэлгүй орхиод буцаад Отгонпүрэвийг хайгаад олдохгүй болохоор дахиад нөгөө залууг хөөж явсан газраа ирэхэд тэр залуу замын хажуу талын модны дундаас гараад замын баруун талд явж байсан над руу гүйж ирээд миний баруун гуяны урд хэсэг рүү хутгалаад буцаад гүйсэн. Тэр залуугийн гарт гудамжны гэрэлд гялалзсан тонгорог шиг зүйл харагдсан. Цэргийн госпитал эмнэлэг дээр оёдол хийлгэж байхад цагдаагийн ажилтан ирж намайг дагуулж явж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирж, болсон явдлын талаар тайлбар авсан. Тэр залуу 20-25 орчим насны, 170-175 сантиметр орчим өндөртэй, халамцуу залуу байсан. Цайвардуу хувцастай байсан шиг санагдаж байна. Одоо миний чихний сонсгол муудаад байна. Би дээрх хүмүүсийг олж чихний хэнгэргээ нөхүүлэхэд гарах зардлаа гаргуулж авмаар байна. Хагалгаа хийхэд 1.300.000 төгрөгний зардал гарна гэж эмч хэлсэн. Бусад эмчилгээний зардалд 500.000 төгрөг зарцуулсан...
...Би намайг хутгалсан залууг хараад царайгаар нь таньж байна. Зодолдож байсан болохоор царай төрх нь миний ой тойнд сайн тогтож үлдсэн байна. Нөгөө залуу нь намхандуу, хууз сахалтай, надтай зодолдож байсан залуугаас насаар ах залуу байсан...” гэх мэдүүлэг /1хх-183-185, 186/,
Гэрч Б.Отгонпүрэвийн: “... Би 2016 оны 10 дугаар сарын 6-ний өдөр миний төрсөн өдөр байсан болохоор найз Аийг дуудсан. Би Атай үлдээд бид хоёр хамт нэг кафед суугаад, Р гэсэн байхаа бааранд ороод, бүжиглэж байгаад би согтоод ухаанаа алдсан байсан. Хамгийн сүүлд таксинд сууж байгаагаа мэдээд ухаан ороод Аийн утас уруу таксины жолооч ахын утаснаас залгахад Сансарын түнел дээр хүрээд ир гэсэн. Би тийшээ явж очиход А тэнд байхгүй байсан. Тэгээд би гэр лүүгээ харьсан. Би болсон зодооны талаар юу ч мэдэхгүй байна. Архи уугаад согтохоороо юу болсныг ч мэддэггүй, яваад байдаг. Сүүлд А хэлэхдээ хүмүүстэй зодолдсон, хутгалуулсан, хүмүүсийн араас хөөгөөд 2 тийшээ салсан гээд надад зөндөө зүйл ярьсан. Би тэр явдлыг ерөөсөө санахгүй байна. Гарахдаа дахиад шорлого авахад хүмүүстэй маргалдаад зодолдсон гэж А хэлсэн. Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-187-188/,
Гэрч Б.Ганзоригийн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын урд талаам хойшоо гэр лүүгээ явах гээд өөрийн 34-34 УНЕ улсын дугаартай Cresta маркын автомашинтайгаа явж байхад машин зам дээр 3 хүн зодолдоод байхаар нь машинаа зогсоогоод харахад 20 гаран насны 3 залуу байсан. Тэр залууг нөгөө 2 залуу нь элбээд арай л илүү зодоод дарж унагаагаад өшиглөөд архи юм уу пивоны шил хагалаад дайрч байхаар нь бушуухан цагдаад дуудлага өгсөн. Харанхуй байсан болохоор хувцсыг нь сайн харж чадаагүй. Нэг нь айгаад байгаа юм уу бүү мэд зодуулаад байсан. Ойртвол машины шил хагалчих болов уу гэж бодоод, орхиод явбал нэгнийгээ алчих болов уу гээд цагдаад дуудлага өгсөн. Ганцаараа явсан болохоор буугаад очвол өөрөө ч зодуулж мэдэх байсан. Өндөрдүү залуу нь зодоод нөгөө залуу нь зодуулж байгаа залуугийн гараас нь, ханцуй орчмоос нь барьчихсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1хх-190-191/,
Гэрч Б.Оюундарийн: “...2016 оны 10 дугаар сарын 06-ны орой 23 цаг 50 минут болж байх үед гэр лүүгээ явж байх замд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлаас хойшоо эргээд алхаж байхад “Ундрам” дэлгүүр, “Өнөр” кафе пабын хооронд явган хүний зам дээр үл таних 3 залуу зодолдоод 2 залуу нь 1 залуугаа зодож байхаар нь дуудлага өгсөн. Тэр үед харанхуй болчихсон, гудамны гэрэл бүдэг байсан болохоор тэдгээр залуусыг сайн харж чадаагүй. Биеийн хэлбэрийг харахад зодож байсан 2 залуугийн нэг нь унжуудуу мөртэй, мярайлагдуу хүн харагдсан. Нөгөө залуу нь тэр залуугаас арай намхан нилээн махлагдуу харагдсан. Насны хувьд 28-30 насны байж магадгүй. Зодуулсан залуу Өнөр кафе рүү чиглээд зугтаахад араас нь нөгөө залуу нь тоосго авч шидэж харагдсан. Тоосго шидсэн залуу цээж нүцгэлээд гартаа архины шил шиг зүйл барьчихсан харагдсан. Зугтаасан залууг би сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг /1хх-192/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2016.10.12-ны өдрийн 14078 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.А-н биед зүүн чихний хэнхэргэн хальсны цуурал, зүүн зулай, баруун мөр, баруун суга, баруун гуянд шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл ир үзүүр болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 6.Ц.Аийн биед үүссэн шарх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1хх-194/,
Шүүгдэгч Б.Бын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найз Этай бас нэг хүүхэнтэй хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол Цамбагаравын “Соёмбо” кинотеатрын үүдэн дээр шорлог зарж байгаа эмэгтэй хүнээс шорлого идэх гээд зогсож байхад танихгүй 2 залуу хажууд ирчихсэн зогсож байсан. Тэгээд гэнэт тас няс хийгээд миний зүүн талын нүд рүү хэн нэгэн гараараа цохиод авсан. Би “яаж байна” гэхэд тэр залуу “яадаг юм бэ үзэх үү” гэхээр нь би “тэгье” гээд зодолдоод Э нэг залуутай нь зууралдаад үлдсэн. Би тэр үед нэлээн согтуу байсан болохоор санахад тэр залуу намайг 1-2 удаа нүүр лүү цохиод авахаар нь би заамдалцаад барьж аваад бөгсөөрөө газар суучихсан байх хооронд миний толгойн ар талаас тас хийтэл хатуу зүйлээр цохиод авахаар нь эргээд харахад Этай зодолдож байсан залуу шиг харагдсан. Тэд нар зугтаагаад явахад Э “энэ модоор цохичихлоо” гээд нэлээн том дэлэм хэрийн мод үзүүлж байсан. Миний толгой хагараад цус гараад Э бид хоёр явцгаасан...” гэх мэдүүлэг /1хх-196-198/,
хохирогч Ц.Аийн өргөдөл /1хх-164/, түргэн тусламжийн хуудас /1хх-168/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-173-177/, хоногийн бодит дуудлага мэдээллийн хуудас /1хх-172/, мэдүүлгийг гаар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-178/,
Гурав. Т.Э нь Э.Ц, О.Баттүшиг нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Даблю” нэртэй зочид буудлын зочин хүлээн авагч П.Цийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан бэлэн гоймон, ундаа зэрэг зүйлсийг авч дураараа аашилсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн талаар:
Хохирогч П.Цийн: “...2016 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө “W” нэртэй зочид буудалд ресепшнээр ганцаараа ажиллаж байтал гаднаас үл таних 3 залуу орж ирээд өрөө захиалаад 7 номерын 25,000 төгрөгний үнэтэй өрөөг өөрийгөө Ц гэж иргэний үнэмлэх үзүүлсэн залуугийн регистрийн дугаарыг бичиж оруулсан. Тэр гурав өрөөндөө нилээн байж байгаад “гарчихаад ирье” гэж яваад 03 цагийн үед орж ирээд өрөөндөө чанга яриад шуугилдаад байхаар нь би очоод “чимээгүй унтаж амарцгаа” гэж шаардлага тавиад “бид нар одоо гарлаа, буудлын тооцооны мөнгийг буцааж авъя” гэж саарал үстэй, өндөр биетэй залуу нь хэлсэн. Тэгэхээр нь би “захирал орлого аваад явчихсан” гэж хэлээд үүдний өрөөндөө сууж байтал саарал үстэй залуу ирээд элдэв янзаар загнаж “мөнгөө авмаар байна” гээд байсан. Араас нь Ц гарч ирээд бас буудлын тооцооны мөнгө нэхээд байж байтал араас нь хамт явсан туранхай залуу нь гарч ирэнгүүтээ ширээн дээр байсан бэлэн гоймон, ундаа хоёрыг хамаж аваад гарах гэхээр нь би гаргахгүй гээд хаалгаа хаагаад зогссон чинь саарал үстэй залуу баруун гарын шуунд гараараа нэг удаа цохих үед би хаалгаа алдсан чинь гараад зугтаасан. Хамт явсан нэг залуу нь толгойгоороо нүүрэнд мөргөсөн. Тэгэхээр нь би Ц гэдэг залууг өмсөж байсан цамцнаас нь зуураад авсан. Гэтэл гэдэс рүү өшиглөөд зугтаасан. Харин намайг мөргөөд зугтаасан залуу үлдсэн гэмтлүүдийг учруулсан. Гэдэс рүү өшиглөсөн Ц гэмтэл учруулаагүй. 3 ширхэг бэлэн гоймон, 2 ширхэг бидний кола ундаа булааж зугтаасан. Миний хамар хугарсан. Нэгдүгээр эмнэлгийн чих, хамар, хоолойн эмчид үзүүлж хамараа тэгшлүүлсэн байгаа. Толгойн томографик авхуулсан. Цохиулж, зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилж байна...
...Би намайг мөргөсөн залууг харвал танина. Намайг мөргөсөн залуу миний биед гэмтэл учруулсан. Нөгөө 2 нь надад гэмтэл учруулаагүй. Эхлээд гардаг залуу нь хаалга алдлаад гаргахгүй гээд зогсож байхад гар луу нэг удаа цохиод л гараад явсан. Дараа нь тэр саарал куртиктэй залуу намайг мөргөсөн. Ц гэх залуу нь анх буудлын өрөө авч орохдоо бичиг баримтаа үзүүлж байсан болохоор мэдэж байгаа юм. Тэр залуу нь намайг өшиглөсөн. Гэдэс рүү өшиглөснөөс ямар нэг гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /1хх-209-211, 212-213, 2хх-17-19/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.10.07-ны өдрийн 13928 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Цийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ /1хх-217/,
Шинжээч Н.Амартүвшингийн: “Цийн биед учирсан хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг удаагийн үйлчлэлээр үүснэ” гэх мэдүүлэг /2хх-202/,
Э.Цын сэжигтнээр өгсөн: “...2015 онд хорих 433 дугаар ангид ял эдэлж байхад Э гэх залуутай танилцаж байсан. ...2016 оны 10 дугаар сарын 03-ны 20 цагийн үед ажлаа тараад явж байтал Э залгаад “уулзья” гэхээр нь уулзалдсан. Э нэг хүнтэй утсаар ярьж байгаад удалгүй нэг залуу ирсэн. Тэр залуу өөрийгөө Төөгий гэж танилцуулсан. Бид гурав алхаад Жи баарны замын урд талд байдаг “W” нэртэй зочид буудалд орсон чинь ресепшин нь нэг л өрөө байгаа гээд тэрийг нь хоногийн 25.000 төгрөгөөр авахаар тохиролцож мөнгөө өгчихөөд бааранд ороод архи, пиво авч уусан. 03 цагийн үед баарнаас гараад нөгөө зочид буудалдаа ороод тамхи татаад байж байтал Төөгий гэх залуу нь “манай эхнэр дуудаад байна. Би явлаа. Э чи манайд хоночихоод өглөө явах юм уу” гэж яриад сууж байтал гаднаас ресепшин эмэгтэй орж ирээд “та нар ямар их шуугилддаг юм бэ, хүн амьтан амраагаач” гэж хэлсэн. Гэтэл Э, Төөгий нар “тэгвэл мөнгөө аваад гарчихъя” гэсэн чинь тэр эмэгтэй “юу гэж өгдөг юм” гээд тэд хоорондоо маргалдахаар нь би Э, Төөгий хоёрыг өрөөнд нь оруулчихаад ресепшин эмэгтэй дээр очоод “эгч ээ бид нар өрөөнд удаагүй юм чинь ядаж тал мөнгийг нь авья” гээд яриад байж байтал цаанаас Э, Төөгий хоёр гарч ирэнгүүтээ “мөнгө өгөхгүй бол мөнгөндөө тааруулаад эд нарыг чинь авлаа” гэж хэлээд ил байсан ундаа, бэлэн гоймонгоос булааж аваад Төөгий түрүүлээд гарсан. Намайг гарах гэтэл тэр эгч миний хувцаснаас зуураад авахаар нь Э нүүрийг нь мангасдсан чинь нөгөө эгч хойшоо унаж харагдсан. Би тэр эмэгтэйд гар хүрээгүй. Харин надтай хамт явсан Э ресепшин эмэгтэйтэй зууралдаж байгаад нүүрэнд нь гараараа нэг удаа мангастаж унагаасныг санаж байна. Хаана нь яаж цохисныг мэдэхгүй. 3 ширхэг бэлэн гоймон, нэг ширхэг бидний кола ундаа булааж авч зугтаасан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /1хх-231-233, 246-247/
Т.Эгийн сэжигтнээр өгсөн: “...Нэг буудалд ороод 2 ортой өрөө авсан. Тэгээд бид гурав бааранд орохоор болоод гарсан. Тэнд ороод архи, пиво уусан. Нилээд сууж байгаад буудал уруу буцаж орсон. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-2-3/,
Хохирогч П.Цийн өргөдөл /1хх-205/, хохирлын баримтууд /1хх-220-227/,
Дөрөв. Б.Б нь Б.С, М.М нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэгийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, ЛСД зурагт зэрэг эд зүйлс хулгайлан 866.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
Хохирогч Л.Наранжаргалын: “2015 оны 12 сарын 02-ны орой амарч байтал манай цэцэрлэгийн манаач Бат-Очир над руу залгаад манай цэцэрлэгт хулгай орлоо, цонхоор хулгайч ороод баригдсан, цагдаа дуудсан, тэд нарыг бариулчихлаа, та хүрээд ирэх үү гэсэн. Яваад очтол 1 давхарт байдаг Бэлтгэл Б бүлгийн ангийн цонхоор хулгайч орсон байсан. ЛСД зурагт 746,800 төгрөг, Тошиба маркийн зөөврийн комьютер 500,000 төгрөгийн үнэтэй байсан. Манай цэцэрлэгээс өөр алдагдсан зүйл байхгүй. Тэр эд зүйлсийг хулгайлж байгаад баригдсан байсан. Одоо хохирол байхгүй. Гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-114-115/,
Гэрч Б.Бат-Очирын: “2015 оны 12 дугаар сарын 02-ны орой цэцэрлэгийн 2 давхрын ангийн паарнаас ус алдсан. Тэгээд би слесарьтай хамт тэр ус алдаад байгааг засаад слесарийг явуулсан. Слесар 20:30 минутанд явсан. Түүнийг явснаас хойш 20 минутын дараа дахин ус алдсан паарыг шалгах гээд дээшээ гарсан. Шалгаад явж байтал гэв гэнэт доор 1 давхарт тас гээд нэг юм унах шиг чимээ гарсан. Доошоо ороод иртэл Бэлтгэл Б бүлэг ангид хулгай орж байх шиг байсан. Гүйгээд анги уруу ортол урдаас нэг юм сүүмэлзэх шиг болохоор нь хүүе гээд орилоод түүнийг хөөтөл тэр залуу цэцэрлэгийн цонхоор үсрээд гарсан. Гэтэл цаанаас нь нэг цагдаа тэр залууг бариад авсан. Би буцаж гүйгээд хаалгаа онгойлготол нэг цагдаа гадаа байсан. Буцаж орж ирээд ангийн гэрлийг асаатал манай ангийн хананд байдаг зурагт зөөврийн компьютер зэргийг цонхны хажууд аваачаад тавьчихсан байсан. Гадна талд нэг хүн, дотор нэг хүн байсан өөр хүн хараагүй. Харин цагдаа нарыг явуулсны дараа би дахин нөгөө анги руу орж үзэхэд нөгөө ангийн цонх нь хөдлөх шиг болсон. Очоод хартал цонх онгорхой байсан. Одоо бодоход тэр цонхоор хүн гарсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /2хх-106/,
Гэрч Б.Сундуйжанцаны: “2015 оны 12 сарын 2-ны өдөр Бэлх-111 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 22 цагийн үед “17 дугаар цэцэрлэгийн цонхоор хулгай ороод байна нэг хүн нь гаднаа байна” гэх дуудлагыг хүлээн аваад шууд явж очсон. 17 дугаар цэцэрлэгийн хашааг даваад ортол цэцэрлэгийн баруун талын цонхны хажууд нэг залуу зогсож байсан. Би очоод “чи юу хийж байгаа юм бэ” гэхэд тэр залуу “би баасан юм “гэж хэлсэн. Би түүнийг шалгаад зогсож байхдаа жолооч цагдаа Нэргүйг “чи дотогшоо орж шалга, манаачтай нь уулз” гэж хэлтэл Нэргүй цэцэрлэгийн хаалгыг тогшоод зогсож байтал манаач болох настай эрэгтэй хүн хашгираад хөөш хөөш гээд байсан. Гэтэл цэцэрлэгийн онгорхой цонхоор нэг жижигхэн биетэй залуу үсрээд буугаад ирсэн. Би шууд барьж аваад бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Намайг анх дуудлаганд очиход Б.Б, М.М нараас өөр хүн байгаагүй. Тэр хоёр хулгай хийсэн хүний нэг нь болох Б нь дахиад дотор хүн байгаа гээд байсан, орж шалгатал өөр хүн байхгүй болохоор нь явсан. Одоо бодоход нэг хүн нь нуугдчихсан байсан юм шиг байна лээ. Манайд дахин дуудлага ирээд “дахиад цэцэрлэг дотор хүн яваад байнаа” гэсэн. Яаралтай очиж бүх өрөөг нь шалгахад хүн байгаагүй” гэх мэдүүлэг /2хх-107/,
Гэрч М.Нэргүйн: “...дэслэгч Сундуйжанцантай яаралтай очиход 17 дугаар цэцэрлэгийн хашаанд Б гэдэг залуу ганцаараа байсан. “чи юу хийж байгаа юм бэ” гэж хэлээд барьж авсан. Би цэцэрлэгийн хаалгыг тогшоод манаачийг дуудах гэж байхад дотроос бас нэг залууг Сундуйжанцан барьчихсан байсан. Тэгээд цэцэрлэг дотор ороод хартал ЛСД зурагт хананаас нь салгаж аваад газарт тавьсан, хажууд нь зөөврийн компьютерийг тавьчихсан байхаар нь жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж, материалжуулсан” гэх мэдүүлэг /2хх-108/,
Гэрч М.Пүрэвнямын: “...Аавын утсаар 102 дугаарын утаст дуудлага өгсөн. Тэр өдөр орой харанхуй болчихсон байхад би эмээгийн гэрт байсан юм. Манай цонхоор цэцэрлэгийн хашаанд “түг” гээд чанга дуу гарсан. Тэгээд жаахан байж байгаад 17 дугаар цэцэрлэг рүү харахад уг цэцэрлэгийн баруун талын 1 давхрын цонхны доор 3 хүн зогсож байсан. 2 нь цонхоор орсон. 1 нь гаражийн хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаад “17 дугаар цэцэрлэгийн цонхоор хулгайч орчихлоо” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд бариад авсан” гэх мэдүүлэг /2хх-109/,
М.Мийн сэжигтнээр өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 02-ны орой Б, С бид гурав 19 цаг 30 минутын үед буцаад Дэнжийн 1000 руу алхаад байрны голоор ороод явахад 100 айлд нэг цэцэрлэгийн хашаа байсан. Гэтэл С “энэ цонх онгорхой байна, чи ор” гэсэн. Би “үгүй наана чинь юу байдаг юм бэ, юу ч байхгүй” гэсэн. С “компьютер байдаг юм” гэсэн. Б хажуугаас “яах юм бэ явъя явъя” гэсэн. С “та нар явж байхгүй юу би орлоо” гэж хэлээд уг цэцэрлэгийн цонхоор орсон. Тэгэхээр нь би араас нь цонхоор орсон. Б орохгүй гадаа үлдсэн. Ороод цэцэрлэгийн хананд тогтоосон байсан 39 инчийн хавтгай зурагтыг өлгүүрээс нь салгаж аваад багшийнх нь өрөөнд байсан зөөврийн компьютерийг нь аваад би түрүүлээд цонхоор үсрээд гартал цагдаа бариад авсан. Быг барьчихсан байсан. Тэгээд С цэцэрлэгийн араар нуугдаад үлдсэн. Дутуу түгжээтэй жаахан завсартай байхаар нь С очоод түлхээд онгойлгосон...” гэх мэдүүлэг /2хх-141-142/,
Б.Бын сэжигтнээр өгсөн: “Би 2015 оны 12 дугаар сарын 02-ны орой хамт амьдарч байгаа С, М нартай хамт Сансарын колонк орчихоод буцаад харихдаа явган алхаж байтал С “ийшээ орох уу” гээд 100 айлд байх цэцэрлэг рүү заасан. Би “наана чинь ямар юм байдаг юм бэ” гэхэд С “энд компьютер байдаг юм, хулгайлъя” гэсэн. Бид нар тэр цэцэрлэгийн хашааны хаалгаар ороод уг цэцэрлэгийн хашааны хаалга руу харсан вакум цонхыг С, М нар “онгорхой” гэж хэлээд С эхлээд цонхоор дотогш ороход араас нь М орсон. Дотор ороод 20-иод минут болсон. Намайг цонхноос жаахан хол зогсож байхад С дуудсан. Тэгээд “энэ телевизорыг аваадах” гэсэн. Би “авахгүй, та нар өөрсдөө аваад гарцгаа” гэж хэлсэн. Гэтэл 4-5 минутын дараа цагдаа нар ирсэн. Намайг бариад авсан. Тэгээд надаас “та нар хэдүүлээ явж байгаа юм бэ” гэхээр нь гурвуулаа явж байгаа гэж хэлсэн. Гэтэл М цонхоор гараад ирэхэд нь цагдаа бариад авсан. С дотроос гарч ирэлгүй нуугдсан. Тэгээд бид нарыг цагдаа нар бариад явсны дараа С бариад гараад гэр лүү явсан байсан...” гэх мэдүүлэг /2х-154-155/,
Б.Сын яллагдагчаар өгсөн: “...Б.Б, М.М нартай бүлэглэн 17 дугаар цэцэрлэгийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, ЛСД зурагт хулгайлсан...” гэх мэдүүлэг /2х-188/,
Эд зүйлийн үнэлгээ /2хх-115/,
Тав. Б.Б нь Б.С, М.М нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод байрлах Н.Мгийн “Тариан булаг” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 287.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Н.Мгийн: “...2015 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө дэлгүүрээ онгойлгох гэхэд хажуу талын хаалга онгойхгүй байсан. Тэгэхээр нь дэлгүүрийн хойшоо гудамж руу харсан хаалга руу очиход онгорхой байсан. Ороход дэлгүүрийн зүүн талын дээврийн цоорхойг төмрөөр тагласан байсныг хойшоо онгойлгоод яндангийн нүхний хажуугаар дээвэр цөмөрч дотогш ороод зүүн талын хаалгыг дотор талаас замган түгжээгээр нь түлхсэн байсан. Мобикомын 100.000 төгрөгийн, Юнителийн 80.000 төгрөгний нэгж аваад “Алпен Голд” шоколад 8 ширхэг, шпрот 5 лааз, лаазалсан загасны мах 4 ширхэг, 4 кг задгай граммын чихэр, “Мультвитамин” ундаа 9 ширхэг, Сникерс 5 ширхэг, Твикс 5 ширхэг, шоколадны набор 4 ширхэг, угаалгын нунтаг миф 10 ширхэг, Тайд 10 ширхэг, Танш 3 ширхэг зэрэг алдагдсан. Бэлэн мөнгө 6000 төгрөг байсан. Нийлээд 500.000 орчим төгрөгний бараа алдагдсан. Дэлгүүрийн 1 ширхэг түлхүүрийг лангууны хажууд байх шүүгээнд хийчихсэн байсан. Уг түлхүүрийг аваад онгойлгож, гарч явсан байсан. Өглөө харахад гадна талын хаалганы дотор талд түлхүүр зүүлттэй байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2хх-131-133/,
М.Мийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр байх, хоног өдрийг нь сайн санахгүй байна, нэгэн орой С, Б бид гурав гадуур явж байгаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжинд байрлах 6 нэрийн хүнсний дэлгүүрийн дээврээр дамжин С бид 2 таазыг нь цөмлөн орж Юнител, Мобикомын утасны нэгж, идэж уух хүнсний зүйл аваад С нэгэн дөрвөлжин хайрцган дотроос түлхүүр аваад хаалгыг нь онгойлгож гарсан. Бид мөнгө олох гэж хулгай хийсэн. Энэ санааг бид 3 ярилцаж байгаад гаргасан. Б энэ хэрэгт оролцсон. Хулгай хийсэн юмыг гаднаас тосож аваад, хамт явж заралцаад мөнгийг тэнцүү хувааж авсан. Энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-137-138, 141-142, 145-146/,
Б.Сын сэжигтнээр өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжинд байрлах эзэн нь бие муутай, группэд байдаг хүний 6 нэрийн хүнсний дэлгүүрийн дээврээр дамжин худаг дэлгүүр хоёрын заагт байсан төмөр хаалттай цонхны хаалтыг нь хөшин салгаж чардаак руу орж, яндангийн хажуугаар таазыг нь цоолж дотогш орсон. Уг дэлгүүр дотроос тамхи, чихэр, шоколад, Мобиком, Юнителийн нэгж, бок, саван зэрэг зүйлс аваад жижиг шургуулганд байсан түлхүүрээр онгойлгож гараад арын гудамжинд байдаг нийтийн байр луу аваачаад цүнхэнд хийж цэгцлээд зарсан. Мөнгөө хувааж авсан. Бид нар мөнгө олж нийтийн байрны түрээсний мөнгө төлөх гэж хулгай хийсэн. Хулгай хийх санааг М, Б, бид 3 ярилцаж байгаад хийсэн. Б энэ хэрэгт оролцоотой. Цуг явж зараад мөнгө төгрөгийг нь идэж хэрэглэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-148-149/,
Шинжээчийн 06/039 дүгээр дүгнэлтэд: “1.2015 оны 11 сарын 21-22-нд шилжих шөнө ЧД-ийн 11 дүгээр хороо, Нуурын 14-258 тоотод байх Н.Мгийн хүнсний дэлгүүрт хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газраас илрүүлсэн №1, №2 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин №3, №4, №5 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. Харьцуулах загварт ирүүлсэн хохирогчийн гарын 10 хурууны дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжилгээнд тэнцэх 2 ширхэг гарын мөрүүдийг Папилон системд “2016-027-ЧД”-ийн гэж оруулахад нэгдсэн санд хадгалагдаж буй нийт сэжигтэн гэх хүмүүсийн гарын 10 хурууны дардастай ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдэгээрээ хоорондоо тохирохгүй байна. 4. Шинжилгээнд тэнцэх дээрх №1, №2 гэсэн дугаартай гарын мөрүүдийг харьцуулах загварт ирүүлсэн хохирогчийн гарын дардастай тохирох эсэхийг тогтоох зорилгоор MN000520002852 дугаараар кодлон оруулж, автомат харьцуулалт хийхэд ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирохгүй байна” гэжээ /2хх-128-129/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2х-121-126/, эд зүйлийн үнэлгээ /2хх-134-135/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэг Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тухайлбал шүүгдэгч Т.Б нь Т.Этай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Р” баарны гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдохгүй байна. Хохирогч Ц.Аийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Б нь надад гар хүрээгүй. Би Т.Этай барилцаж зодолдсон. Б.Отгонпүрэв нь Б.Бтай зодолдсон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Отгонпүрэвийн өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сарын 6-ний өдөр болсон зодооны талаар юу ч мэдэхгүй байна. Архи уугаад согтохоороо юу болсныг ч мэддэггүй, яваад байдаг. Сүүлд А хэлэхдээ хүмүүстэй зодолдсон, хутгалуулсан, хүмүүсийн араас хөөгөөд 2 тийшээ салсан гээд надад зөндөө зүйл ярьсан. Би тэр явдлыг ерөөсөө санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-187-188/, шүүгдэгч Б.Бын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Тэгээд гэнэт тас няс хийгээд миний зүүн талын нүд рүү хэн нэгэн гараараа цохиод авсан. Би “яаж байна” гэхэд тэр залуу “яадаг юм бэ үзэх үү” гэхээр нь би “тэгье” гээд зодолдоод Э нэг залуутай нь зууралдаад үлдсэн...” гэх мэдүүлэг /1хх-196-198/ зэргээр уг хэрэгт шүүгдэгч Т.Э, Б.Б нар бүлэглэж оролцсон болох нь тогтоогдохгүй байна.
Мөн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Т.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож, П.Цийг дээрэмдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1, 99 дүгээр зүйлийн 99.2 болгон тус тус өөрчлөх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Э нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 хороо, “Р” баарны гадна талд иргэн Ц.Аийг үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Ц.Аийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн “...тэр хоёрын дунд хэрүүл эхлээд, сүүлдээ бид 4 хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд надтай зодолдож байсан залуу миний баруун мөр, баруун суга, мөр, далны хэсэг болон толгойны зүүн хэсэгт цохихдоо гартаа үзүүртэй зүйл бариад хатгаад байх шиг санагдахаар нь би зодолдохоо болиод холдоход тэр 2 залуу зүүн тийш эргээд зугтаасан. Би Отгонпүрэвд хандаж “энэ залуу намайг хутгалчих шиг боллоо, хоёулаа баар луу ороод толинд харъя” гээд ...харахад жижиг үзүүртэй зүйлээр хатгасан байдалтай, суганы хэсэгт зүссэн харагдсан. ...Намайг хутгалсан залууг хөөгөөд гүйж явахад гартаа барьсан зүйлээ зам дээр хаяхаар нь авахад оёдолчны утас тасалдаг жижиг хайчны нэг гуя байсан...” гэх мэдүүлэг /1хх-183-185, 186/, гэрч Б.Отгонпүрэвийн “...Сүүлд А хэлэхдээ хүмүүстэй зодолдсон, хутгалуулсан, хүмүүсийн араас хөөгөөд 2 тийшээ салсан гээд надад зөндөө зүйл ярьсан. Би тэр явдлыг ерөөсөө санахгүй байна. Гарахдаа дахиад шорлого авахад хүмүүстэй маргалдаад зодолдсон гэж А хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-187-188/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2016.10.12-ны өдрийн 14078 дугаар шинжилгээний дүгнэлт /1хх-194/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Түүнчлэн уг хуульд “ганцаараа танхайрах” байхгүй болсон, мөн танхайрах гэмт хэргийг “бүлэглэн зөрчих” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл болох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчлөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээр шүүх шийдвэрлэв.
Мөн 2016 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө бусадтай буюу Г.Ц, О.Баттүшиг нартай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Даблю” нэртэй зочид буудлын зочин хүлээн авагч П.Цийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бэлэн гоймон, ундаа зэрэг зүйлсийг авч, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан дураараа аашилсан буюу өөрөөр хэлбэл өөртөө үнэхээр байгаа буюу байна гэж үзсэн, бусад маргаж байхдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураараа хэрэгжүүлсэн нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бага бус хэмжээний хохирол учруулсан байх шинж тогтоогдохгүй байх тул тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин хохирогч П.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасныг 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 99 дүгээр зүйлийн 99.2-т заасныг 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Т.Эг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг бүлэглэж үйлдсэн,
шүүгдэгч Б.Быг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Т.Эгаас 1346625 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Н /Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух, РД-.../-д 92925 төгрөг, Ц.А /Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух, РД-.../-т 800000 төгрөг, П.Ц /Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, ...тоотод оршин суух, РД-.../-т 453700 төгрөг, шүүгдэгч Б.Баас 188691 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Н /Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух, РД-.../-д 92925 төгрөг, Н.М /Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух, РД-.../-д 95766 төгрөг тус тус олгох нь зүйтэй.
Иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгч нарыг гэм буруутай” гэж дүгнэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Эд 7 жилийн хорих ял, Б.Бад 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, Б.Бад оногдуулсан ялуудыг нэмж нийт 7 жилийн хорих ял, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Улсын яллагчийн санал шударга ёс, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоонд нийцсэн ял биш гэж үзэж байна. Нийт эдлэх ялыг 5 жилээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн “Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлоо төлөхөө илэрхийлж байгааг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, хэрэгт хамтран оролцсон оролцоо/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Э, Б.Б тус бүрийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 333 /гурван зуун гучин гурав/ хоногийг тус бүрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн П.Цийг дээрэмдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 1, 99 дүгээр зүйлийн 99.2 болгон тус тус өөрчилсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Т.Эд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.
5. Шүүгдэгч О овогт Тгийн Эг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг бүлэглэж үйлдсэн,
шүүгдэгч Э овогт Бы Быг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Т.Эд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Эг 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял, Б.Быг 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Быг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бад оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 4 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Э, Б.Б тус бүрт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Э, Б.Б тус бүрийн урьдчилан хоригдсон 333 /гурван зуун гучин гурав/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Эгаас 1346625 /нэг сая гурван зуун дөчин зургаан мянга зургаан зуун хорин тав/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Н /Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух, РД-.../-д 92925 төгрөг, Ц.А /Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух, РД-.../-т 800000 төгрөг, П.Ц /Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, ...тоотод оршин суух, РД-.../-т 453700 төгрөг,
шүүгдэгч Б.Баас 188691 /нэг зуун наян найман мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Н /Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух, РД-.../-д 92925 төгрөг, Н.М /Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух, РД-.../-д 95766 төгрөг тус тус олгосугай.
12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Э, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
Г.МӨНХЗУЛ