Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/932

 

 

 

 

 

2022                9            22                                         2022/ДШМ/932                                  

 

Ж.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Соёлмаа,

шүүгдэгч Ж.Ж-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/1145 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ж-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Ж-д холбогдох 2202000000126 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж-,

 

Шүүгдэгч Ж.Ж- нь 2022 оны 03 дугаар сарын сүүл үеэс 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *****тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.1170 грамм бодис, метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 11 хэсэг ууттай, 10.8707 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг,

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.1505 грамм, метамфетамины агууламжтай “мөс” нэршилтэй 2 хэсэг ууттай, нийт 1.2587 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннел орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг метамфетамины агууламжтай мөс нэршилтэй 0.2 грамм бодисыг иргэн Д.М-д хууль бусаар худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Ж- үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б Ж-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ж.Ж-гийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг Ж.Ж-гаас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон цэвэр жин 0.1170 грамм, 0.1505 грамм бүхий шавар гэх 2 хэсэг бодис, мөс гэх нийт 11 хэсэг ууттай цэвэр жин 10.8707 грамм, 2 хэсэг ууттай цэвэр жин нийт 1.2587 грамм бодис, fuze tea гэх бичигтэй шар өнгийн хуванцар бөглөө, хар өнгийн жин, цаасан сав зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Ж.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин худалдаалах зорилгоор хадгалаагүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэж ял шийтгэлээ. Иймд хэргийг үнэн зөвөөр магадлан шүүж өгнө үү. Би энэ жил 45 настай, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1998 оноос хойш АНУлсад ажиллаж амьдарч байгаа. Сүүлийн хэдэн жил Ковид 19 цар тахлын улмаас Монголдоо ажиллаж амьдарч байна. Манай эхнэр өглөө 8 цагаас шөнийн 12 цаг хүртэл хүнсний дэлгүүр ажиллуулдаг тул 4-15 насны гурван хүүхдийг цэцэрлэг, сургуульд зөөх, хооллох, гэрийн даалгавар хийх асуудлыг би хариуцдаг. Мөн өмнө ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Анх удаа ял шийтгүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Цаашид амьдралдаа ийм алдаа гаргалгүй, зөв шударга ажиллаж амьдран гурван хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлэхээс гадна хариуцлагатай байж чадна гэдгээ амлаж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Ж-гийн өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр магадлан хэлэлцүүлэхийг хүсэж байна.

Шийтгэх тогтоолд “... Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар ...түүний биеэс... орон байрнаас мөн илэрсэн, түүний эзэмшлийн гар утсанд дээрх бодисыг түүнээс авах хүсэлт зориг илэрхийлсэн агуулгатай, мөнгөн дүн, хэмжээ, грамм, авах, өгөх харилцаа бүхий чат мессеж, мөнгөн дүн, тоо ширхэг бичсэн тэмдэглэл /note/, жинлэж байгаа зураг зэрэг мэдээлэл авагдсан, М- нь 0.2 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 500.000 төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримт тогтоогджээ." гэж дурдсаныг зөвшөөрөхгүй. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.”, 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг зөрчиж хийгдсэн ажиллагаа, нотлох баримтыг шүүхээс нягт, нямбай шалгаж, үнэлж чадаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагааны талаарх зохицуулалтыг буруу тайлбарлаж дүгнэсэн. Ж.Ж-гийн бие болон орон байранд аль алинд нь нэгжлэг хийсэн боловч мөрдөгч хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл” үйлдэж хэрэгт хавсаргасныг шүүхээс зөвтгөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

Мөрдөн шалгах тодорхой ажиллагааг агуулга, зорилго, онцлогоор нь ялгаж тусад нь хуульчилсан байтал прокурорын зөвшөөрөлгүй бие даан явуулах ажиллагаанд хамаатуулж дүгнэх нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчихийг өөгшүүлж, хуулийн хамгаалалтыг үгүйсгэсэнтэй адил юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч ... нэгжлэг хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах ...-ийг прокурорын зөвшөөрлөөр явуулна.”, 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэргийн эд мөрийн баримт, бичмэл нотлох баримт ... илрүүлэхээр прокурорын зөвшөөрөлд заасан орон байр, бусад газар, хүний биед нэгжлэг хийнэ”, 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна” мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Хэрэгт ач холбогдолтой цахим баримтыг хуулбарлан авах, эсхүл түүнийг устгах, нэвтрэх боломжийг хязгаарлах боломжгүй бол цахим төхөөрөмжийг хураан авч болно” гэж заасны дагуу Ж.Ж-д холбогдох энэ хэрэгт гар утсыг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг прокурор хүчинтэйд тооцоогүй, энэ талаар мөрдөгчөөс санал гаргаагүй байна.(Хэргийн 3-5-р тал)

Гэтэл шүүхээс Ж.Ж-гийн гар утсыг прокурорын зөвшөөрөлгүй хураан авсан, эрүүгийн мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж “дахин үзлэг” хийсэн үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан атлаа хүний биед үзлэг хийх ажиллагааны зохицуулалттай холбон прокурорын зөвшөөрөлгүйгээр бие даан явуулах боломжтой мэтээр дүгнэсэн нь үндэсгүй. Ж.Ж-г Цэгцбаатар гэгч хүнээр бүтэн өдөр өдөөн хатгалга хийлгүүлж гэрээс нь гаргаж орцонд баривчилсан, Ж.Ж- өөрийн гар утасны нэвтрэх кодыг сайн дураар өгсөн, баривчлах үед авсан гэмтлийн талаар гомдол гаргаагүй, гэрт нь хийсэн нэгжлэгийн үед мөрдөгчийн гаргасан хууль бус зан авир, үйлдлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, гэхдээ энэ бүгдийн талаар гомдол гаргаагүй, гаргахгүй гэдгээ ч илэрхийлсэн. Шүүх хэргийг шударгаар шүүнэ гэдэгт итгэж байсан, итгэсээр ч байгаа юм. Сэжигтэн өөрийнх нь эсрэг баримт хадгалсан гар утасны нэвтрэх кодыг мөрдөгчид сайн дураар өгсөн, тэр даруй мөрдөгч үзлэг хийхэд илрээгүй цахим баримтыг хэзээ, хэн, хэрхэн, ямар аргаар илрүүлж байгаад яллах өмгөөлөх талын мэтгэлцээний гол маргаан оршиж байхад шүүх огт хэрэгсээгүй төдийгүй нотлох баримтыг харьцуулан судлах, эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүйд гомдолтой.

Харин улсын яллагч яллах дүгнэлтдээ нотлох баримтаар тусгаагүй болохоо шүүх хуралдаанд шударга хэлж, шинжлэн судлаагүй явдал нь “хууль бус ажиллагаа + баримт” гэж үзсэнийг харуулж байна. Шүүхээр хянан шийдвэрлэсэн хар тамхины төрлийн эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчийн гар утас болон хориглосон бодис, хэрэглүүр гэх эд мөрийн баримтыг нэгжлэгийн үеэр хураан авч, уг ажиллагааг прокурор хянаж, тогтоолоор хүчинтэйд тооцдог практик нэгэнт тогтсон. Өмгөөлөгчөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хэргийн шалгалт болон Ж.Ж-гийн гар утасны хууль бус эзэмшлийн тухай гомдлыг ЦЕГ-ын дотоод аюулгүй байдлын хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын нэр дээр гаргасан. Гэтэл гар утсанд дахин үзлэг хийх ажиллагааг эрүүгийн мөрдөгч н.Хишигбаяр 2022 оны 04 дүгээр сарын 11 буюу гомдол гаргахын өмнөх өдөр хийсэн гэх тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 хэсэгт “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасныг санаатай зөрчиж, эзэмшигч, хөндлөнгийн хоёр гэрчийн хэн алиныг оролцуулалгүй, дуу-дүрсний бичлэг хийлгүй үйлдэж хэрэгт хавсаргажээ.(Хэргийн 37-42 талд)

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн “гар утасны талаарх хууль бус үйлдлийг даруй таслан зогсоох талаарх өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, зөрчлийг нэн даруй арилгах үүргийг мөрдөх байгууллагад албан бичгээр хүргүүлсэн” тухай хариу мэдэгдэх хуудсыг хэргийн 10 дугаар талд хавсаргасан байна. Ямар албан бичиг хүргүүлснийг өмгөөлөгч танилцаагүй, прокурор хэрэгт гарган өгөөгүй боловч дээд шатны прокурор зөрчил гэдгийг хүлээн зөвшөөрч засуулах болсноо мэдэгдсэнийг анхаарч үзэхийг хүсье. Хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр мөрдөгч Д.Нямдагва нь Ж.Ж-г байлцуулан гар утсанд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байхад өмгөөлөгчийн гомдол гарсны дараа эрүүгийн мөрдөгч н.Хишигбаяр дахин үзлэг хийсэн мэтээр хууль зөрчсөн баримт нөхөн үйлдсэн санаа, зорилго юунд байгааг тайлбарлахад шүүх огт анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Гар утсанд хийсэн эхний үзлэгийг хууль зөрчиж дутуу явуулсан, дахин явуулах ямар нэгэн үндэслэл, шаардлага, хэргийн оролцогчийн хүсэлт, мөрдөгч, прокурорын шийдвэр хэрэгт алга байтал “өмгөөлөгчийн гомдолд нэр заасан эрүүгийн мөрдөгч гар утсанд дахин үзлэг хийснээр гэрч олж тогтоосон” гэх үйл баримт нь итгэл үнэмшил огт төрүүлэхгүй байна. Харин ч эрүүгийн мөрдөгч 2022 оны 4 дүгээр сарын 06-наас хойш олон хоногийн турш гар утсыг хууль бусаар эзэмшиж байсны үр дагавар, нотолгоо гэж ойлголоо. Ж.Ж-г цагдан хорьсон шүүгчийн захирамжийг өмгөөлөгчийн гомдлоор хүчингүй болгосон 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэхэд гэрч Д.М-г хэдийнээ олж тогтоосон байна.

Хамгийн ноцтой нь, гар утаснаас хэрэгт ач холбогдолтой гэж бэхжүүлсэн фото зурган баримтууд нь Ж.Ж- өөрөө гар утсаа эзэмшиж байхдаа буюу баривчлагдахаас өмнөх харилцааны явцад бичигдсэн эсэхийг шалгах боломжгүй, хэт жижиг хэмжээтэй, монгол хэл, бичгээр үйлдэгдээгүй, нотлох баримтын наад захын шаардлага хангахгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой.Түүнчлэн цагдаагийн албанд гаргасан гомдлын дагуу явуулсан дотоод шалгалт нь ямар ч үр дүнгүй, гүйцэтгэх ажиллагаа гэх нэрийн дор “эрүүгийн мөрдөгч гэмт хэргийн шинжтэй үйлдлийг зориуд бий болгосон эсэх” асуудлыг огт шалгалгүй орхигдуулдаг практик шинж, шийдэлтэй болжээ. Нэгэн баримт хэлбэл, мөрдөгч Д.Баярбат нь яллагдагч Ж.Ж-г ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 12 минутаас 16 цаг 45 минут хүртэл яллагдагчаар дахин байцаасан байтал гэрч Д.М-гаас мөн өдрийн 17 цаг 00 минутаас 17 цаг 52 минут хүртэл Хар тамхитай тэмцэх газрын 401 тоот мэдүүлгийн өрөөнд дахин мэдүүлэг авчээ.

Өөрөөр хэлбэл, мөрдөгч Д.Баярбат нь хоёр өөр газар, хоёр өөр этгээдээс 15 минутын зайтай мэдүүлэг авах ажиллагааг амжиж явуулсан гэдэгт орон зай, цаг хугацаа, ажлын өдөрт УБ хотын замын хөдөлгөөний эрчим, нягтрал зэрэг нөхцөл байдлыг тооцвол үнэмшилгүй, эргэлзээ төрүүлж байгааг анхаарна уу. (хэргийн 60, 78 тал)

Цаашилбал, гэрч Д.М-гаас мөн өдрийн 14 цаг 20 минутаас 14 цаг 58 минут хүртэл мөрдөгч Д.Нямдагва 401 тоот мэдүүлгийн өрөөнд гэрчээр мэдүүлэг авсан байх бөгөөд гэрч Д.М-гийн ердөө 2 цагийн зайтай өгсөн хоёр мэдүүлгийн тэмдэглэл нэг бүрийг үзвэл, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мухарлаж тодруулсан, эсхүл мэдүүлгийн зөрүүг арилгасан зүйлгүй, ижил асуулт, ижил хариултаар үйлдэгдсэн нь илэрхий байна. Мөн гэрч Д.М- нь Ж.Ж-гаас сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдан авсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлдээ шударгаар шалгагдаж байгаа эсэх нь тодорхойгүй, нэг өдөр, хоёр өөр өрөөнд, хоёр удаа мэдүүлэг өгөхөд 2-3 мөрдөгч байсан, бүгд зэрэгцэж асууж шалгаасан, одоо мөрдөгчийг танихгүй, илтэд сандарсан, дарамтад орсон, үгээ цэнэсэн, тавьсан асуулт ойлгохгүй, санахгүй, мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байдлаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхгүйгээр, тухайлбал, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх ...хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах ...-ыг хориглоно”, 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж. хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасныг бүдүүлгээр зөрчиж хар тамхины төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого хэрэгжих учиргүй. Үндсэн хуулийн дээрх заалтыг иш болговол, Ж.Ж-гийн гар утас нь хуулиар хамгаалагдсан хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг агуулж байгаа “цахим төхөөрөмж” мөнөөс гадна хүний хувийн өмч юм. Үндсэн хуулийн хамгаалалтын заалт энэхүү эрүүгийн хэргийн тохиолдолд зөрчигдсөн бөгөөд хувийн өмч, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг ядаж л “прокурорын зөвшөөрөл”-өөр хураан авах, түүнд нэвтрэх эрх зүйн дэглэмийг үл хэрэгсжээ. Эцэст нь, хуулиар бус хаалттай-нууц заавраар зохицуулдаг гүйцэтгэх ажил эсхүл хойшлуулшгүй тохиолдол гэсэн нэрийн дор шүүхийн хяналтаас гадуур Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн мөрдөн байцаалтын нэг тохиолдол, нэг жишээ гэж үзэж байгаа учир хэргийн бүх ажиллагаа, мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянуулах хүсэлтэй.

Гомдолд дурдсан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэмж тайлбарлах үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл, үйлчлүүлэгч Ж.Ж-гийн холбогдсон хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, зарим нотлох баримтыг үнэлэх боломжгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул түүнийг бусдад сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан үйлдэлд гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон, үүнийгээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд Ж.Ж-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, ялыг хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Ж-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн гэж үзсэн. Өмгөөлөгч З.Хүрэлсүх анхнаасаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчсөн гэж маргаж оролцсон. Мөрдөгчөөс Ж.Ж-гийн биед үзлэг хийж мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулж, уг ажиллагааг мөрдөгч хуульд заасан хугацаанд хүчинтэйд тооцуулах саналыг прокурорт гаргаж, прокуророос хүчинтэйд тооцох шийдвэр гаргасан. Энэ ажиллагааны хүрээнд гар утсыг хураасан байдаг. Гар утсанд үзлэг хийх ажиллагаа мөрдөгчийн бие даан хийх ажиллагаанд хамаарах талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой тусгасан. Д.М-гийн хувьд энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.М-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр Ж.Ж-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон. Ж.Ж-гийн өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах нотлох баримтад тооцоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт нь сэжигтнээр баривчлагдсан тохиолдолд сэжигтнээр байцаах ёстой, сэжигтнээр баривчлагдаагүй тохиолдолд гэрчээр асуух зохицуулалттай учраас нэг өдөр хоёр удаа гэрчээр асуусан нөхцөл байдал байдаг. Гэхдээ уг мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаагүй. Ж.Ж-д холбогдох хэргийг хуульд заасны дагуу мөрдөн шалгасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ж.Ж-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Ж- нь 2022 оны 03 дугаар сарын сүүл үеэс 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *****тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.1170 грамм бодис, метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 11 хэсэг ууттай, 10.8707 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг,

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.1505 грамм, метамфетамины агууламжтай “мөс” нэршилтэй 2 хэсэг ууттай, нийт 1.2587 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннел орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0.2 грамм бодисыг иргэн Д.М-д хууль бусаар худалдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

гэрч Д.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Ж-тай Сансарын Туннелийн Хаан банкны тэнд нэг хоолны газарт уулзаад тэндээсээ цаашаагаа 1 дүгээр байрны зүүн талд байрлах модон саравчинд сууж байгаад бэлэн 500.000 төгрөг өгөөд Ж-гаас 0.2 грамм “мөс” гэх нэртэй мансууруулах бодис худалдан авсан. Ж- халааснаасаа жижиг хэмжээтэй жин хэмжүүр гаргаж ирээд надад жинлэж өгсөн. Тухайн үед сандраад би мансууруулах бодисоо аваад шууд сансрын туннелээр уруудаад алхсан. ...Ж-тай фейсбүүк чатаар холбогдоод ойр зуурын юм бичиж байгаад залгаад юм, хум байгаа юм уу гээд асуухад Ж- байгаа, болно гэхээр нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа тараад хаана байгааг нь асууж байгаад уулзаад нэг л удаа 0.2 граммыг худалдан авсан. Тэрийгээ гэртээ ганцаараа хоёр удаа хэрэглээд дуусгасан. ...” /1хх 74-75, 2хх-25-26 шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэдүүлэг,

 

 Ж.Ж-гийн “...гэр болон биеэс нь үзлэг, нэгжлэгээр хураан авсан эд зүйлд шинжилгээ хийхэд метамфетамин, дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2290 дугаартай дүгнэлт /1хх 106-107/,

“...”Ж.Ж- УХ77090416 06.04.2022” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол, Метамфетамин илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2282 дугаартай дүгнэлт /1хх 118-119/,

Ж.Ж-гийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-22/,

“... 5, 8, 9, 10 дугаар багананд 2 улаан зураас тодорч эерэг гэж заасан нь тухайн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа. ...” Хүний биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /1хх 23-25/, хүний биед болон хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх 26-31/, Ж.Ж-гийн биед хийсэн үзлэгээр хураагдсан болон түүний Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо *****тоотод хийсэн нэгжлэгээр хурааж авсан эд зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 127-129/, хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 130-134/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон үүргийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Ж.Ж- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Ж-гийн “мөс”, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ж.Ж- болон түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нар “...хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн, үүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон... сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах санаа зорилго байгаагүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ж.Ж-гийн хувцас, эд зүйлд үзлэг хийхдээ түүний өмсөж явсан куртикны халааснаас “I phone 8 plus загварын гар утсыг хураан авсан ба 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “I phone 8 plus загварын гар утсанд үзлэг хийхдээ Ж.Ж-г байлцуулжээ /1хх 32-36/. Харин 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мөн утсанд дахин үзлэг хийхдээ /1хх 37-42/ эзэмшигч болон хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулаагүй, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Түүнчлэн мөрдөгч Д.Баярбат нь яллагдагч Ж.Ж-г ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 12 минутаас 16 цаг 45 минут хүртэл яллагдагчаар дахин байцаалт авсан байх бөгөөд гэрч Д.М-гаас мөн өдрийн 17 цаг 00 минутаас 17 цаг 52 минут хүртэл Хар тамхитай тэмцэх газрын 401 тоот өрөөнд дахин мэдүүлэг авчээ. /1хх 60, 78 тал/ Өөрөөр хэлбэл, мөрдөгч Д.Баярбат нь хоёр өөр газар, хоёр өөр этгээдээс 15 минутын зайтай мэдүүлэг авах ажиллагааг амжиж явуулсан гэдэгт орон зай, цаг хугацаа, замын хөдөлгөөний эрчим, нягтрал зэрэг нөхцөл байдлыг тооцвол эргэлзээ төрүүлэхээр байгаа тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүхээс эдгээр баримтыг нотлох баримтаар тооцож, үнэлээгүй болно.

 

Гэсэн хэдий ч хэрэгт авагдсан гэрч Д.М-гийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “...Ж.Ж-гаас 500,000 төгрөгөөр 0,2 гр мөс худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хоорондоо зөрүүгүй/ болон шүүгдэгч Ж.Ж-гаас хураан авсан мансууруулах бодисын тун хэмжээ, жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа, боодолд хийсэн байдал, жин хэмжүүр /хувцас, эд зүйлд үзлэг хийж хураан авсан/ биедээ авч явсан зэргээс дүгнэхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, худалсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ж-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Ж- шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/1145 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ж-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж- нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН