Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/2023/1059/З |
Дугаар | 128/ШШ2023/0952 |
Огноо | 2023-12-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2023/0952
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* дүгнэлттэй, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч*******д холбогдох зөрчлийн хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч******* нь тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 71 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд тус захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* дүгнэлттэй, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч*******д холбогдох Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч*******ын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Э.Б******* холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0664926 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий захиргааны хэрэгт хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч******* нь дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр тайлбар өгчээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хуульд харшилсан нөхцөл байдал тогтоогдохгүй, хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч*******д холбогдуулан гаргасан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч*******ын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Э.Б******* холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0664926 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ