Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1476

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөний шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01572 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.О-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1032 дугаар захирамжаар Пүрэвдоржийн О-ээс 96 988 962 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 356 547 төгрөгийн хамт гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн гүйцэтгэлийг хангахын тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас банкны барьцаанд байсан орон сууцны зориулалттай миний өмчлөлийн 71.5 мкв талбайтай 3 өрөө байрыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, үнэлгээний байгууллагаас үнэлсэн дээрх 3 өрөө байрны үнэлгээг зөвшөөрөх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна. Үнэлгээний байгууллага дээрх орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээнд 100 хувь ач холбогдол өгч хийсэн нь учир дутагдалтай байна. Учир нь хөрөнгө үнэлгээний тайлангийн Судалгаа 1 дэх хэсэгт авагдсан 5 өрөө пэнтхаус нь 175 м.кв талбай бүхий байр нь хэт их талбайтай, хуучин орцны талбайг оруулан 5 өрөө болгосон нь зохион байгуулалтын алдаатай учраас хямд зарж байгаа байр байна. Судалгаа 2-т авагдсан Багшийн хөгжлийн төвийн хойд талд 90 м.кв талбайг 175 000 000 төгрөгөөр худалдана гэсэн зар Unegui.mn сайтад байхгүй байна. Судалгаа 3-т авагдсан хотын төвийн 2 өрөө 53 м.кв гэх зар мөн Unegui.mn сайтын хайлтаар олдсонгүй. Хөрөнгийн үнэлгээний тайланг ганцхан зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээнд ач холбогдол өгч, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, онцлог үндэслэсэн байх гэдэг заалтыг хэрэгжүүлээгүйгээс хөрөнгө үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүй буюу дээрх хөрөнгийн материаллаг үнийг тодорхойлсноос "үнэ цэнийг тогтоолгүйгээр үр дүнг гаргасан байна гэж үзэн дахин үнэлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1032 дугаар захирамжаар Пүрэвдоржийн О-ээс 96 988 962 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 35 547 төгрөгийн хамт гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар П.О-ийн төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021204 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байрны 01 тоотод байрлах 71,5 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг эд хөрөнгө битүүмжлэх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 152/19280981 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 152/1032 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021204 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байрны 01 тоотод байрлах 71,5 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 145 728 800 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Дээрх үнэлгээний 2020 оны 4/5323 дугаар мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгч П.О-ийн өөрийн 99062457 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн ба гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамжид бичигдсэн хаягт баталгаат шуудангаар илгээсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө-өд үнэлгээний 2020 оны 4/5323 дугаар мэдэгдлийг 88243940 дугаарын утсанд холбогдож тус тус мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацааг олгох хүсэлт гаргах эрхтэйг тайлбарласан боловч хүсэлтээ ирүүлээгүй байна. НШШГГ- эд хөрөнгөнд үнэлгээ тогтоогоогүй бөгөөд хуульд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тодорхойлохдоо дан ганц өртгийн хандлагын арга учир дутагдалтай тул зах зээлийн харьцуулах аргаар үнэлж хөрөнгийн хэмжээ, байршил, зориулалт, ашиглалтын байдал зэргээс хамааран шинжээч үнэлгээ тогтоожээ. Иймд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч П.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 1.            СБД-ийн 8-р хороо, 11-р хороолол, Бага тойруу, 43 дугаар байрны 01 тоотод байрлах, 71,5 кв.м талбайтай 3 өрөө орон сууц нь баригдаад төдийлөн удаагүй, эдэлгээ сайтай, хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрлах, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой, гадагш хаалга гаргах боломжтой үл хөдлөх эд хөрөнгө болно. Гэтэл зах зээлийн онцлог, хөрөнгийн өөрийн онцлог шинжийг харгалзалгүй, ердийн орон сууцны зориулалттай хөрөнгө мэтээр хязгаарлаж ойлгон дутуу үнэлсэн. Үнэлгээг хийдээ \лАллл/.ипеаи1.тп сайт дээр байрлах бусад хөрөнгөтэй харьцуулж харьцуулалтын арга ашигласан гэдэг ч дурдсан хөрөнгүүдийг нь судлаад үзэхэд, тийм зар, тийм үнэлгээ байдаггүй, өөр хөрөнгийн үнэлгээнд ашигласан материалаа тавьсан юм уу гэж үзэхээр байгаа. Энэ мэт нь хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, онцлогт үндэслэсэн байх” гэдэг заалтыг хэрэгжүүлээгүйгээс “хөрөнгө үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцээгүй буюу дээрх хөрөнгийн материаллаг үнийг тодорхойлсноос үнэ цэнийг тогтоолгүйгээр үр дүнг гаргасан байна гэж үзэн үндэслэлгүй, бодит бус хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Т.Ө- гэдэг хүн ер нь яагаад П.О-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр ажиллаад байгаа юм бэ гэдэг асуудал байна. Энэ хөрөнгө нь миний ээж болох Б.Ариунаа, миний дүү Т.Тодбилэг бид гурвын гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл П.О- нь хамтран ажиллая гэсэн санал тавьж, санхүүжилт хөөцөлдөх хэрэгтэй байна гээд манай гэр бүлээс өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьж, авсан зээлийн тал хувийг нь хувьдаа хэрэглэсэн хүн юм. Ингээд зээлийн эргэн төлөлт доголдоход, шүүх дээр банктай эвлэрсэн байсныг бид мэдээгүй. Энэ асуудал хэдийгээр яг одоогийн маргаантай хамааралгүй ч үл хөдлөх эд хөрөнгөө аль болох бодитоор үнэлүүлэх хэрэгцээ шаардлагаа тодорхойлж байгаа нь энэ. Бид бусдын хэрэглэсэн зээлд хөрөнгөө алдахад хүрээд байгаа хүмүүс. Энэ талаасаа ч гэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүнлэг, энэрэнгүй зарчимд үндэслэнэ гэсэн Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх заалттай нийцэх ёстой гэж үзэж байгаа юм. Шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхээр хангагдаж чадаагүй. Хэдийгээр надад шүух хуралдааны товыг мэдэгдсэн ч гэсэн, шүүхийн шийдвэр дээр бичээд байгаа 88243940 гэсэн утас нь миний утас биш юм. Энэ утгаараа шүүх хуралдааны товын зар надад зохих ёсоор хүргэгдээгүй гэж үзэх үндэстэй. Дээрх үндэслэлүүдээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч П.О- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/01032 дугаар захирамжаар Зээлийн гэрээний үүрэгт 96 988 962 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.О- 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дотор бүхэлд нь төлөх, төлбөрийг тохирсон хугацаанд эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Бага тойруу гудамж, 43-р байрны 01 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203021204 дугаарт бүртгэгдсэн хариуцагч өөрийн өмчлөлийн 71,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнээс үүргийг хангуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч П.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 356 547,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ./хэргийн 27-28 дугаар тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

 

            Төлбөр төлөгч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2019/08064 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч П.О-ээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан дээрх шүүхийн шийдвэрт тусгагдсан хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 152/19280981 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 152/1032 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 32-33, 39-40 дүгээр тал/

            Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналыг НШШГГ- авахад төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй байх бөгөөд төлбөр авагчаас шинжээч томилуулах хүсэлт ирүүлжээ. /хэргийн 43-47 дугаар тал/ Улмаар хариуцагч байгууллагаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаар тогтоолоор шинжээчээр “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ. /хэргийн 48 дугаар тал/ Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Хөрөнгө-эстимэйт” ХХК нь  тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын аргаар үнэлгээ хийж, маргаан бүхий орон сууцыг 145 728 800 төгрөгөөр үнэлсэн байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ./хэргийн 49-60 дугаар тал/

 

            Түүнчлэн, төлбөр төлөгч П.О- нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Ө-ийг оролцуулахаар түүнд нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. /хэргийн 38 дугаар тал/

 

            Шийдвэр гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/5322, 4/5323 дугаар мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгч П.О-д өөрийнх нь 99062457 дугаарын утсаар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө-өд 88243940 дугаарын утсанд холбогдон тус тус мэдэгдэж, улмаар мөн өдөр мэдэгдлийг баталгаат шуудангаар илгээж, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө-тэй 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр уулзан танилцуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацааг олгох хүсэлт гаргах эрхтэйг тайлбарлаж өгч, тэмдэглэл үйлдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч П.О- 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан ...гомдлыг ...7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Улмаар НШШГГ- нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул анхан шатны шүүх П.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01572 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                            С.ЭНХТӨР