| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0618/Э |
| Дугаар | 549 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 549
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч О.Пүрэвсүрэн,
Хохирогч Д.Г
Гэрч Г.Мөнгөнбагана,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Эын Бд холбогдох 1708014110157 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1989 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ... тоотод оршин суух,
2008 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 211 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,
2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 830 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа гэх А овогт Эын Б /РД: .../
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 18 цаг 30 минутын орчим миний дунд охин над руу залгаад ааваа хашаанд танихгүй хүн орж ирээд байшингийн цонхнуудыг хагалаад байнаа гэхээр нь би ажлаасаа шууд гэртээ ирэхэд цагдаагийн алаг машинтай цагдаа ирээд гэрийн цонх хагалсан хүнийг бариад авсан байсан. Би байшин руугаа дөхөж очиход байшингийн урд талын цонх хагархай нил цус болсон байдалтай байхаар нь гэр рүүгээ ортол хүүхдүүд их айсан байдалтай өрөөний шалан дээр цустай шилний хагархайнууд энд тэндгүй тархсан, жижиг өрөөний цонхны эсрэг талын хананд тогтоосон байсан “фанасоник” маркын 32 инчийн ЛСД зурагтны дэлгэц юманд цохигдоод цуурсан байсан. Том өрөөний “стенк” дээр байсан 42 инчийн “Оллоо” маркын телевизорын дэлгэц цоохортсон толбо үүссэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х/,
1.2.Хохирогч Д.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.3.Шүүгдэгч Э.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд дүү рүүгээ утсаар ярьтал манай найзын эхнэр ээжийн толгойг хагалчихлаа, бид нар гэмтлийн эмнэлэг дээр байна гэхээр нь би саппоро дээр ойрхон байсан тул шууд гэмтлийн эмнэлэг дээр хамт явсан найз Өлзийбатын хамт очтол ээжийн өмсөж явсан хувцас нь их хэмжээний цус болсон байхаар нь уурлаад дүүгээс хэн тэгсэн юм гэхэд танай найз Үлэмжсаруулын эхнэр Мөнгөнгинж чулуугаар толгой руу нь цохисон гэхээр нь би дүрс гэж уурлаад эмнэлгээс гараад Мөнгөнгинжийн гэр рүү явсан. Тэгээд хашааны гадаа очоод хаалгыг нь татаж ороод аавынх нь байшингийн урд очоод хаалгыг нь тогштол хаалгаа онгойлгохгүй байхаар нь Мөнгөнгинжийнх л юм чинь гэж бодоод байшингийнх нь урд талд байрлах хоёр ширхэг вакум цонхны шилийг гараараа цохиж хагалсан. Миний араас эмнэлгээс дагаж ирсэн Мягмарсүрэн эгч намайг болиулаад татахаар нь би тайвшраад үүднийх нь довжоон дээр сууж байхад цагдаа ирээд юу болсон талаар асуугаад байж байхад Г гэх Мөнгөнгинжийн аав ирсэн. Байшин дотроос хоёр охин гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 х/
1.4.Шүүгдэгч Э.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.5.Гэрч Б.Дашнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би байшин дотор нь орж үзэхэд хоёр өрөөний цонх давхараараа хагарсан, цус дуссан, шалаар шилний хэлтэрхийнүүд тархсан байдалтай, том өрөөнд байсан зурагтын дэлгэц цоохортон толбо болсон асаж байсан, жижиг өрөөний зурагт юманд цохигдсон байдалтай хагарсан унтраалттай байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 х/,
1.6.Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хашаанд танихгүй хүн давж орж ирээд байшингийн цонхнууд хагалаад ална, хүйс тэмтрэнэ гээд айлгаад байна гэхээр нь би шууд гэртээ ирэхэд манай хашаан дотор үл таних 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн, дуудлагаар ирсэн гэх цагдаа нар байсан. Юу болсон талаар асууж лавлахад манай охин Мөнгөнгинжийн зүс таних Б гэх залуу нь манай байшингийн цонхнуудыг хагалаад, гэр дотор руу чулуу шидээд байсан, гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гээд байсан гэсэн. Тэгээд цагдаа нар Б гэх залууг нь барьж аваад явсан. Тэгээд өргөдөл гомдол гаргаж байна. ...142х104 см хэмжээтэй том өрөөний давхар шилтэй вакум цонхны шил хагарсан, 108х88 см хэмжээтэй жижиг өрөөний давхар шилтэй вакум цонх хагарсан, 2013 онд хувь хүнээс 500,000 төгрөгөөр худалдан авсан 40 инчийн Оллоо маркын телевизорын дунд хэсэгт шилний хагархайнууд үсрээд сэвтээн цоохордуулсан, 2016 онд 420,000 төгрөгөөр худалдан авсан 32 инчийн Panasoniс” маркын ЛСД телевизорын дэлгэц хагарч ажиллагаагүй болсон байна. ...” гэх мэдүүлэг /хх 09-11 х/
1.7.Гэрч Г.Мөнгөнбагана-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчим гэртээ дүү нарын хамт тавуулаа байшиндаа байж байхад хашаан дотор нэг согтуу хүн орилоод Мөнгөнгинж, Үлэмжсаруул хаана байна, миний ээжийн толгойг хагалсан гаруудыг хүйс тэмтэрнээ гээд орилоод байхаар нь хартал зүс таних Өлзийбат, үл таних залуугийн хамт манай хашаанд байдаг төрсөн эгч Мөнгөнгинжийн байшингаас гарч ирж байсан. ...манай байшингийн цонх руу ирээд гараараа жижиг өрөөний цонхыг эхэлж хагалсан. Би айгаад бага насны дүү нараа хувцасны шкафанд оруулж нуугаад цагдаа руу дуудлага өгөөд, аав руугаа залгаж болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд нөгөө үл таних согтуу залуу байшингийн гадаа орилоод дахин том өрөөний цонхыг хагалаад дахин чулуу болон гадна байсан барианы шилийг байшин дотор руу шидээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 х/,
1.8.Гэрч Г.Мөнгөнбагана-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэрт дүү Мөнгөнчимэг, Мөнгөн-Эрдэнэ, Энхриймаа, Ганбат болон би байсан. ... Мөнгөнчимэг бид хоёр хоолоо хийж байсан, бусад гурван дүү нар том өрөөнд тоглож байсан. ...Том өрөөний том зурагт асаалттай байсан. ...Эхлээд жижиг өрөөний цонхыг гараараа хагалсан. Дараа нь том өрөөний цонхыг цохиход хагараагүй. Тэгтэл чулуу, варены шил аль нь болохыг сайн мэдэхгүй байна, нэг зүйл шидээд хагалсан. ...Том өрөөний цонхыг хагалахаас өмнө би дүү нараа коридорын шүүгээнд хийсэн байсан тул дүү нар гэмтээгүй. Шил хагарах үед миний биед бага зэргийн шил зоогдсон байсан. ...Би цагдаа дуудсан, цагдаа нар ирээд зураг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.9.Насанд хүрээгүй гэрч Г.Мөнгөн-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хашаан дотор согтуу ах байшингийн цонх руу гараараа цохиод байсан. Эгч Мөнгөнчимэг, Мөнгөнбагана хоёр намайг хоёр дүүгийн хамт коридорийн хувцасны шкаф руу оруулаад наанаа байж байгаарай, ерөөсөө гарч ирж болохгүй шүү гээд шкафны хаалга хаасан. Тэгтэл цонх хагарах чимээ гараад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/,
1.10.Насанд хүрээгүй гэрч Г.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунднарангийн 3-81 тоотод байрлах гэртээ эгч, дүү нарын хамт хувцсаа угаагаад байж байхад эгч Мөнгөнбагана надад хандан цонхоор хартал хажуу талын байшинд байрлах Мөнгөнгинж эгчийн гэр рүү яваад орсон. Би эгч Мөнгөнбаганын хамт гэрээс гартал Мөнгөнгинжийн байшингаас гарч байхаар нь юун хүмүүс вэ гэхэд нэг ах нь согтолт ихтэй байсан, нэг нь эрүүл байсан ба согтуу ах нь бидэнд хандан Мөнгөнгинж хаана байна, муу гичий хаачсан юм гээд бухимдсан байдалтай орилж хашгичихад хажууд нь хамт явсан эрүүл хүн нь явъя гээд согтуу хүнээ дагуулаад хашаанаас гарсан. Тэгээд эгч Мөнгөнбагана бид хоёр айгаад дахин ирж магадгүй гэж бодоод хашааныхаа хаалгаа цоожлоод гэр рүүгээ орсон. Тэгтэл 20 орчим минутын дараа хашааны хаалга аймаар хүчтэй цохиод байхаар нь эгч Мөнгөнбагана байшингаас гарахад нь манай хашаанд орж ирсэн согтуу ах хашаа даваад орж ирээд хашааны хаалганы түгжээг нээсэн чинь гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн цуг орж ирсэн. Тэгээд нөгөө согтуу залуу манай байшин руу чиглээд ирэхээр нь би айгаад эгчийгээ байшин руу ор гээд татаж оруулаад байшингийнхаа хаалгыг дотор талаас нь цоожилсон. Нөгөө согтуу ах манай байшингийн хаалган дээр ирээд цохиж өшиглөөд онгойхгүй болохоор нь жижиг өрөөний цонхны хажууд ирээд гараараа цохисоор байгаад вакум цонхыг хагалсан. Дараа нь том өрөөний цонхны харалдаа ирээд мөн гараараа цохиод хагарахгүй болохоор нь газраас чулуу аваад шидэж цонхыг хагалсан. Тэгээд хагарсан цонхоор байшин дотор руу чулуу шидээд орох гээд хэл амаар биднийг доромжлоод та нар миний ээжийн тархины судсыг хагалдаг хэн бэ?, та нарыг бүгдийг чинь ална, одоо ороод судастай чинь харьцана гэхээр нь айгаад бага насны гурван дүүгээ хувцасны шкаф руу оруулж нуугаад эгч бид хоёр хананы араар орж нуугдахад чулуу авч шидээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17-19 х/
1.11.Гэрч Н.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунднаран 1-45 тоотод байрлах өвлийн сууцыг гэр бүлийн хүний хамт түрээслэн амьдарч байна. 2017 оны 09 дүгээр сарын 03-нд намайг гэртээ байхад хажуу байшингийн Дуламсүрэн эгч утсаар ярьж байгаад 15 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явж байсан. Тэгээд 20 орчим минутын дараа над руу Дуламсүрэн эгч залгаад манай гэрт хүн байна уу, хүн ирээгүй хүнгүй бол өөрөө гэмтэл дээр хүрээд ирээч гээд дуу муутай ярихаар нь би байшингаа цоожлоод гэмтлийн эмнэлэг дээр очиход Дуламсүрэн эгч хүлээн авах тасгийн үүдэнд толгой болон хувцас нь нил цусанд будагдсан байдалтай байсан. Хажууд нь охин нь байсан ба дүү нь Б руугаа залгаад ээж гэмтлийн эмнэлэг дээр байна, хүнд зодуулчихаж гэж хэлэхэд 15-20 орчим минутын дараа Дуламсүрэнгийн хүү Б халамцуу архи үнэртүүлж ирээд юу болсон талаар асуухад Дуламсүрэн Саруулын эхнэр намайг цохичихлоо гэж хэлтэл Б шууд эмнэлгээс гараад гүйсэн. Тэгээд Дуламсүрэн эгч надад хандан миний дүү араас нь яваад өгөөч гэхээр нь би Б-н араас гараад Дэнж рүү явсан. Б нь худгийн хойд талын айлын хашаа руу яваад орохоор нь би араас нь очиход нэг тоосгон байшингийн хаалгыг гараараа цохиж байгаад онгойлгохгүй байхаар нь “тэгвэл би цонхоор чинь орлоо” гээд цонх руу нь гараараа 1-2 удаа цохиж цонхны шилийг хагалсан. Би араас нь очоод битгий ингэ гээд таттал “миний ээж одоо яах юм, үхчихвэл би яах юм бэ” гээд орилоод байсан. Би тайвшруулан довжоон дээр суулгаад гарыг нь боож байхад ухасхийн дахин гүйгээд хажуу талынх нь өрөөний цонхыг дахин хагалсан. Би дахин очиж цонхноос нь холдуулаад тайвшруулаад зогсож байхад цагдаа ирсэн. Цагдаа айлын хаалгыг тогштол дотроос нь нэг охин гарч ирээд болсон явдлын талаар асуухад энэ ах манай цонхыг хагалчихлаа гэсэн. Тэгээд цагдаа нар Бг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 20-21, 22-23 х/
1.12.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8, 36 х/,
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Э.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43, 52 х/,
2.2.Ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /хх 44 х/,
2.3.Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх 99-103 х/,
2.4.2008, 2015 онуудын шийтгэх тогтоолын хуулбар /хх 69-74 х/,
2.5.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Э.Б-н эдэлж байгаа ялын тоооцооны” талаарх албан бичиг /хх 97 х/,
2.6.Э.Б-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 51 х/,
Гурав:Хохирлын баримтууд.
3.1.Хохирлын үнэлгээний тайлан /хх 31-39 х/
3.2.Бэлэн мөнгөний орлогын баримтууд /хх 40-41 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Э.Б-н хэрэг гарсан нөхцөл байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух Д.Гийн охин нь түүний “ээжийн толгойг хагалсан” гэх асуудлын улмаас уг байшинд согтуугаар очиж байшингийн жижиг цонхыг гараараа, том цонхыг чулуугаар шидэн хагалж, улмаар хагархай цонхоор чулуу, шил шидэх зэргээр авирлаж “Panasonic” брэндийн 32 инчийн LCD зурагт, “Olloо” брэндийн 42 инчийн зурагт зэргийг устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 975,512 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Гийн “...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 18 цаг 30 минутын орчим миний дунд охин над руу залгаад ааваа хашаанд танихгүй хүн орж ирээд байшингийн цонхнуудыг хагалаад байнаа гэхээр нь би ажлаасаа шууд гэртээ ирэхэд цагдаагийн алаг машинтай цагдаа ирээд гэрийн цонх хагалсан хүнийг бариад авсан байсан. Би байшин руугаа дөхөж очиход байшингийн урд талын цонх хагархай нил цус болсон байдалтай байхаар нь гэр рүүгээ ортол хүүхдүүд их айсан байдалтай өрөөний шалан дээр цустай шилний хагархайнууд энд тэндгүй тархсан, жижиг өрөөний цонхны эсрэг талын хананд тогтоосон байсан “фанасоник” маркын 32 инчийн ЛСД зурагтны дэлгэц юманд цохигдоод цуурсан байсан. Том өрөөний “стенк” дээр байсан 42 инчийн “Оллоо” маркын телевизорын дэлгэц цоохортсон толбо үүссэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Э.Б-н “... Тэгээд хашааны гадаа очоод хаалгыг нь татаж ороод аавынх нь байшингийн урд очоод хаалгыг нь тогштол хаалгаа онгойлгохгүй байхаар нь Мөнгөнгинжийнх л юм чинь гэж бодоод байшингийнх нь урд талд байрлах хоёр ширхэг вакум цонхны шилийг гараараа цохиж хагалсан. Миний араас эмнэлгээс дагаж ирсэн Мягмарсүрэн эгч намайг болиулаад татахаар нь би тайвшраад үүднийх нь довжоон дээр сууж байхад цагдаа ирээд юу болсон талаар асуугаад байж байхад Г гэх Мөнгөнгинжийн аав ирсэн. Байшин дотроос хоёр охин гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Б.Дашнямын “... Би байшин дотор нь орж үзэхэд хоёр өрөөний цонх давхараараа хагарсан, цус дуссан, шалаар шилний хэлтэрхийнүүд тархсан байдалтай, том өрөөнд байсан зурагтын дэлгэц цоохортон толбо болсон асаж байсан, жижиг өрөөний зурагт юманд цохигдсон байдалтай хагарсан унтраалттай байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 х/,
Гэрч Г.Мөнгөнбагана-н “... манай байшингийн цонх руу ирээд гараараа жижиг өрөөний цонхыг эхэлж хагалсан. Би айгаад бага насны дүү нараа хувцасны шкафанд оруулж нуугаад цагдаа руу дуудлага өгөөд, аав руугаа залгаж болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд нөгөө үл таних согтуу залуу байшингийн гадаа орилоод дахин том өрөөний цонхыг хагалаад дахин чулуу болон гадна байсан барианы шилийг байшин дотор руу шидээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Насанд хүрээгүй гэрч Г.Мөнгөн-Эрдэнэ-н “...Хашаан дотор согтуу ах байшингийн цонх руу гараараа цохиод байсан. Эгч Мөнгөнчимэг, Мөнгөнбагана хоёр намайг хоёр дүүгийн хамт коридорийн хувцасны шкаф руу оруулаад наанаа байж байгаарай, ерөөсөө гарч ирж болохгүй шүү гээд шкафны хаалга хаасан. Тэгтэл цонх хагарах чимээ гараад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/,
Насанд хүрээгүй гэрч Г.Мөнгөнчимэгийн “... Нөгөө согтуу ах манай байшингийн хаалган дээр ирээд цохиж өшиглөөд онгойхгүй болохоор нь жижиг өрөөний цонхны хажууд ирээд гараараа цохисоор байгаад вакум цонхыг хагалсан. Дараа нь том өрөөний цонхны харалдаа ирээд мөн гараараа цохиод хагарахгүй болохоор нь газраас чулуу аваад шидэж цонхыг хагалсан. Тэгээд хагарсан цонхоор байшин дотор руу чулуу шидээд орох гээд хэл амаар биднийг доромжлоод та нар миний ээжийн тархины судсыг хагалдаг хэн бэ?, та нарыг бүгдийг чинь ална, одоо ороод судастай чинь харьцана гэхээр нь айгаад бага насны гурван дүүгээ хувцасны шкаф руу оруулж нуугаад эгч бид хоёр хананы араар орж нуугдахад чулуу авч шидээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17-19 х/
Гэрч Н.Мягмарсүрэнгийн “... нэг тоосгон байшингийн хаалгыг гараараа цохиж байгаад онгойлгохгүй байхаар нь “тэгвэл би цонхоор чинь орлоо” гээд цонх руу нь гараараа 1-2 удаа цохиж цонхны шилийг хагалсан. Би араас нь очоод битгий ингэ гээд таттал “миний ээж одоо яах юм, үхчихвэл би яах юм бэ” гээд орилоод байсан. Би тайвшруулан довжоон дээр суулгаад гарыг нь боож байхад ухасхийн дахин гүйгээд хажуу талынх нь өрөөний цонхыг дахин хагалсан. ...” гэх мэдүүлэг /хх 20-21, 22-23 х/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8, 36 х/,
Хохирлын үнэлгээний тайлан /хх 31-39 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч “зурагтнуудыг би хагалж, гэмтээгээгүй” гэж маргаж буй боловч түүний цонхыг гараараа болон чулуугаар шидэж хагалсан, цонхоор нь чулуу, шил шидсэн үйлдлүүдийн улмаас 2 зурагт гэмтэж, хагарсан болох нь хохирогч Д.Г, гэрч Б.Дашням, Г.Мөнгөнбагана, Г.Мөнгөн-Эрдэнэ, Г.Мөнгөнчимэг нарын мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тус тус тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирлын үнэлгээний тайлан /хх 31-39 х/-аар 2 ширхэг цонх, 2 ширхэг зурагтны үнэ нийт 975,512 төгрөг, бэлэн мөнгөний орлогын баримтууд /хх 40-41 х/-аар цонх, зурагтны үнэлгээний хөлс нийт 70,000 төгрөг гарсан болох нь тус тус нотлогдон тогтоогдож байгаа тул хохиролд нийт 1,045,512 төгрөгийг шүүгдэгч Э.Бгаас гаргуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Шүүгдэгч Н.Бд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд нь удаа дараа ял шийтгүүлж байсан одоо ял эдэлж байгаа, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан түүнд 680 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Э.Б нь Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас 40 цагийн ял үлдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Э.Б-н эдэлж байгаа ялын тоооцооны” талаарх албан бичиг /хх 97 х/-р тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 680 цагийн ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 720 цагаар тогтоож, шүүгдэгчийн шүүхийн шатанд урьдчилан цагдан хоригдсон 3 хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцож нийт 24 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.
Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах.
Э.Б-д шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.А овогт Эын Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн, устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-г 680 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 680 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг б иелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Бд мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Э.Б-н урьдчилан цагдан хоригдсон 3 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлж нийт 24 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Э.Бгаас 1,045,512 төгрөгийг гаргуулж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ... тоотод оршин суух Дандихүүгийн Г /РД:.../-д олгож, уг хохирлыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгосугай.
7.Э.Б-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ