Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0961

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Я.Э нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Л.Х, Р.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээд Я.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/0436/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 289 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн Т.Ё*******, Д.Л******* нарт холбогдох хэсгийн 25 м.кв-ыг илт хууль бус болохыг тогтоолгох

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч Б.Э нь Баянгол дүүргийн 16-р хороо, Орхон 7 гудамж, 3 тоот хаягт байршилтай, 1******* нэгж талбарын дугаартай, 178 м.кв талбайтай хашаа газрыг 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Л.Б*******аас бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

2.2. Нэхэмжлэгчийн хөрш залгаа газар болох Баянгол дүүргийн 16 хороо, Орхоны 7 дугаар гудамжны 2 тоот 138.61 мкв хэмжээтэй газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 289 дүгээр захирамжаар Т.Ё*******, Д.Л******* нарт өмчлүүлж, 00361950 дугаарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон бөгөөд уг газрыг гуравдагч этгээд Я.Э нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авч, өмчлөх эрхтэй болсон байна.

2.3. Эдгээр хөрш залгаа газрууд газрын кадастрын мэдээллийн санд давхцалгүй боловч нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байсан гэх 25 мкв байшин нь гуравдагч этгээдийн өмчлөлийн газарт байрлаж байсан ба гуравдагч этгээд нь уг газарт барилга барьсан нөхцөл байдал тогтоогдож байна.

2.4. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад гомдол гарган хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2622 дугаар албан бичгээр энэ талаар шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг ирүүлсэн тул шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. Энэхүү асуудлаар өмнө нь маргаан бүхий газрын одоогийн өмчлөгч Б.Э Захиргааны хэргийн шүүхэд хандсан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №221/МТ2022/0944 дугаартай тогтоолоор "2004 оны Нийслэлийн Засаг Даргын 289 дүгээр захирамжаар иргэн Т. Ё*******ад газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан нь бусдын эрхийг зөрчсөн гэж үзвэл маргаан бүхий актын тухайн үеийн өмчлөгч Б.Э нэхэмжлэл гаргах эрхтэй" талаар дүгнэсэн.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно." гэж заасны дагуу тухайн үеийн өмчлөгч Б.Э миний бие 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргасан боловч 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2622 дугаартай бичгээр "Нийслэлийн Засаг даргын 2004 оны 289 дүгээр захирамжаар иргэн Т. Ё*******, Д.Л******* нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа миний өмчлөлийн 25 м.кв газрыг давхцуулан өмчлүүлсэн байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасны дагуу өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй гэж заасан тул харьяалах шатны шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү." гэсэн хариу өгсөн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

3.3. Б овогтой Э миний бие Нийслэлийн Баянгол дүүргийн 16-р хороо, Орхон 7 гудамж, 3 тоот хаягт байршилтай, 1******* нэгж талбарын дугаартай, 178м.кв талбайтай хашаа газрыг 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Л.Б*******аас бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хүлээн авч 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гаргуулан авч байсан. Тухайн үед манай хөрш хашаа болох Баянгол дүүргийн 16-р хороо, Орхон 7 гудамжны 2 тоот хашаа газрыг Т.Ё*******, Д.Л******* нар эмчилдэг байсан ба тус хашаа газрын кадастрын зурагт манай хашааны 25 м.кв талбайг хамруулан алдаатай зурсан байдаг. Энэхүү 25 м.кв газар нь бодит байдалд миний бүрэн эзэмшилд байсан бөгөөд энэхүү газар дээр миний өмчлөлийн палкаар барьж, дотор гадна шавраар өнгөлсөн хувийн сууцны зориулалттай, модон шалтай, дээвэр нь модоор зангидаж Орос хар цаасаар дээвэрлэсэн, модон цонхтой байшин байсан бөгөөд энэхүү байшин бодит байдалд Өнөөдрийг хүртэл /2023.05.11/ байсаар байна.

3.4. Т.Ё*******, Д.Л******* нар нь тус газрыг 2004 онд Нийслэлийн Засаг даргын 289 дүгээр захирамжаар 138.61 м.кв талбайтай газрыг өмчлөх эрхтэй болсон. Ийнхүү газар олгохдоо 2 болон 3 тоот хашааны зааг нь бодит байдлаас зөрүүтэй зурагдсан алдаатай кадастрын зурагт үндэслэн миний амьдардаг байсан (25 м.кв бүхий) өмнө дурдагдсан үл хөдлөх хөрөнгөтэй давхцуулан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захирамж гарч, гэрчилгээ олгогдсон байдаг. Кадастрын зураг нь бодит байдлаас зөрүүтэй гэдгийг хөршүүд мэдэж, хүлээн зөвшөөрдөг учраас энэ тухай Өмнө нь ямар нэгэн маргаан үүсэж байгаагүй. 2018 онд би тус газрыг өөрийн төрсөн дүү Б.Э******* бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгсөн. Мөн 2018 онд хөрш хашааны өмчлөгч Т. Ё******* нас барсан. Гэтэл 2021 онд Д.Л******* нь кадастрын зураг алдаатайг мэдсээр байж өөрийн газрыг ямар нэгэн эрхийн зөрчилгүй хэмээн иргэн Я.Эд худалдсан. Ийнхүү Я.Э нь Б.Э******* маргаан бүхий 25 м.кв газрыг чөлөөлж өгөх тухай шаардлага тавих болсон.

3.5. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3- т "Аймаг, нийслэлийн Засаг Дарга аймгийн төвийн, сумын Засаг дарга болон нийслэлийн, дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах эрхтэй гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна.", мөн зүйлийн 23.2 дахь хэсэгт "Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ." гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Газар өмчлөгч иргэн дараах эрхтэй", мөн зүйлийн 27.1.1-д "бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах" эрхтэй гэж заасан хэдий ч захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас энэхүү эрхээ эдэлж чадахгүй нөхцөл үүсээд байна.

3.6. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа агентлаг нь иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрын байршил, давхцал зэргийг маш сайн судалж, бодит нөхцөл байдлыг тогтоон шийдвэрээ гаргах ёстой хэдий ч ийнхүү гаргаагүй.

3.7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны акт илт хууль бус болох урьдчилсан нөхцөлүүдийг заасан байх ба 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэж заасан байна. Нийслэлийн Засаг Даргын 2004 оны иргэн Т.Ё*******, Д.Л******* нарт газар өмчлүүлэх тухай 289 дүгээр захирамж нь бодит байдал дээр бүрэн хэрэгжих боломжгүй юм. Учир нь миний бүрэн эзэмшил, ашиглалтад байдаг байшингийн доод газрыг өөр иргэнд өмчлүүлэх шийдвэр гаргасан нь бодит байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус шийдвэр юм. Дэлгэрүүлбэл, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан. Үүнээс үзвэл байшин барилга нь газрын бүрдэл хэсэгт хамаарах ба миний эзэмшиж, амьдардаг байшингийн доорх газрыг өөр иргэнд өмчлүүлсэн нь илт хууль бус байна.

3.8. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т зааснаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхдээ ... бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх" мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана." гэж заасан.

3.9. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журмын Хоёр-ын 2.1-д "Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:", 2.1.2-т "Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх", 2.1.3-д "Хээрийн судалгаа хийх" гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг Даргын 289 дугаартай иргэнд газар өмчлүүлэх тухай захирамжийн Т.Ё*******, Д.Л******* нарт холбогдох хэсгийн кадастрын зураг нь миний өмчлөлийн газрыг хамруулан зурагдсан байхад түүнийг шалгалгүй, үнэн бодит байдлыг тогтоолгүй, миний өмчлөх эрхэд халдаж захирамж гаргасан.

3.10. Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2004 оны 289 дүгээр захирамжаар маргаан бүхий 25 м.кв газрыг Т. Ё*******, Д.Л******* нарт өмчлөлд шилжүүлсэн явдал нь илт хууль бус бөгөөд энэхүү шийдвэрээс үүдэн нэхэмжлэгч миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрх" ноцтой зөрчигдөж байна.

3.11. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт "Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтоох"-оор заасан бөгөөд хариуцагч байгууллага өөрийн гаргасан эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхийн журмаар Нийслэлийн Засаг Даргын 2004 оны 289 дүгээр захирамж нь илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна.

3.12. Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн Засаг Даргын 2004 оны 289 дугаар захирамжийн Т.Ё*******, Д.Л******* нарт газар өмчлүүлэх хэсгийн 25 м.кв хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Иргэн Б.Эын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004 289 дугаар захирамжийн иргэн Т. Ё*******, Д.Л******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тулд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

4.2. Нийслэлийн Засаг дарга 2004 оны 289 дүгээр захирамжаар Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16 дугаар хороо, орхон 7 гудамжны 2 тоот хашааны газрыг Иргэн Т.Ё*******, Д.Л******* нарт газар өмчлүүлэх шийдвэрийг батлахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслэн захирамжийг баталсан.

4.3. Иймд Захиргааны Ерөнхий хууль, Газрын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч, хууль дүрмийн хүрээнд тус захирамжийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана."-т, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;"-т заасныг тус тус зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг алдаж нэхэмжлэл гаргасан байх тул 54 дүгээр зүйлийн 54.1.8 энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн."-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэв.

5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

5.1. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дараах үндэслэлүүдээр маргаж байна. Нэгдүгээрт Б.Э нь маргаан бүхий Засаг даргын захирамжийн зарим хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргахад эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх ёстой. Б.Э нь тухайн газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхгүй байна. Эрхээ нотлох буюу улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн бүртгэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй байна.

5.2. Хоёрдугаарт, нэхэмжлэгч Б.Э нь тухайн газрыг анх 2004 онд Нийслэлийн Засаг даргын 289 дүгээр захирамжаар өмчлүүлэхэд 178 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан байна. Түүнээс хойш 2023 он хүртэл 19 жилийн хугацаанд тухайн газрын кадастрын зураг нь алдаатай эсэх дээр маргах боломжтой байсан. Маргаан үүсэхгүй явсаар байсан байна. Тэгэхлээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол анхнаасаа л зөрчигдөөгүй байсан гэж үзэж байна.

5.3. Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхтэй. Иргэнд газар өмчлүүлэх журмыг хуулиар зохицуулж өгсөн байна. Газрын тухай хуулийн 4.1-д Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхдээ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлнэ гэж заасан. Тус хуулийн 22.1-д газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр буюу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлүүлнэ гэсэн.

5.4. Тухайн газрыг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгчийн өмчлөх эрх нь баталгаажсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл өмчлөх эрх нь хуулиар хамгаалагдсан гэж үзнэ. Б.Э нь 2004 оны 289 дүгээр захирамжаар 178 м.кв газрыг эзэмших эрх олгогдсон байна. Түүнээс илүү газрыг эзэмших гээд байгаа буюу Нийслэлийн Засаг даргын захирамжийн маргаан бүхий 25 м.кв талбайг анхнаасаа эзэмшээгүй байна. Тухайн талбайг эзэмших хүсэл хүсэл сонирхолтой байгаа бол түүнийгээ хуульд заасан журмын дагуу өргөдөл гомдлоо гаргаад дээрх процессын дагуу шийдвэрлэж өгөх ёстой байсан. Б.Э тухайн газрыг би эзэмшмээр байна эсхүл би тэрийг эзэмшдэг гэж байгаа хүсэл зориг нь хамгаалагдахгүй.

5.5. Өмчлөх эрх нь хуульд заасан журмын дагуу олгосон эрх бүхий албан тушаалтны газар өмчлүүлэх шийдвэрээр нотлогдоно. 25 м.кв талбайг 19 жилийн хугацаанд хууль бусаар эзэмшиж ашиглаж иржээ. Зөвшөөрөлгүйгээр буюу өөрт нь олгоогүй газар дээр байшин барилга барьж дур зоргоороо тухайн газрыг эзэмшиж, ашиглаж ирчхээд одоо тухайн газар нь миний газар гэж байгаа нь үндэслэлгүй. Үнэхээр өөрийнх нь эзэмшлийн газар юм бол түүнийгээ улсын бүртгэлийн гэрчилгээ, Засаг даргын олгосон шийдвэр зэргээр нотлох ёстой байсан.

5.6. Газрын кадастр алдаатай гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчид маргаад байдаг. Гэхдээ энэ талаар баримт байдаггүй. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/1441 дугаартай албан бичгээр газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 107 дугаартай буюу Б.Эын өмнө нь өмчилж байсан газар болон одоо өмчлөгчөөр нь бүртгэгдсэн өмчлөх эрхтэй Я.Эгийн өмчлөлийн газар болох 1600900004 гэсэн нэгж талбарын дугаартай газрууд нь хоорондоо давхцалгүйгээр бүртгэгдсэн байх бөгөөд 2005-2007, 2010-2015, 2007-2019, 2022 гээд 4 удаагийн газрын кадастрын агаарын болон сансрын зурагтай давхардуулан харахад давхацсан байдал тогтоогдохгүй байна, анхнаасаа давхцалгүй байсан байна гэдгийг гаргаад өгсөн. Газрын кадастрын зураг алдаатай гэж маргаад байгаа нь үндэслэлгүй юм. Үнэхээр алдаатай, тухайн газрыг эзэмших хүсэл зоригтой байсан бол 17 жилийн хугацаанд өмчлөх эрхийн гэрчилгээндээ өөрчлөлт оруулах тухайн газрыг эзэмших хүсэл зоригоо хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлж авах боломжтой байсан. Шийдвэрлүүлж авч чадаагүй. Тухайн газрыг эзэмших эрхтэй гэсэн төсөөлөл нь хуулиар хамгаалагдахгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчээс маргаж байгаа үндэслэлээ ...манай хөрш хашаа болох Баянгол дүүргийн 16-р хороо, Орхон 7 гудамжны 2 тоот хашаа газрыг Т.Ё*******, Д.Л******* нар өмчилдэг байсан ба тус хашаа газрын кадастрын зурагт манай хашааны 25 м.кв талбайг хамруулан алдаатай зурсан байдаг. Энэхүү 25 м.кв газар нь бодит байдалд миний бүрэн эзэмшилд байсан бөгөөд энэхүү газар дээр миний өмчлөлийн палкаар барьж, дотор гадна шавраар өнгөлсөн хувийн сууцны зориулалттай, модон шалтай, дээвэр нь модоор зангидаж орос хар цаасаар дээвэрлэсэн, модон цонхтой байшин байсан бөгөөд энэхүү байшин бодит байдалд өнөөдрийг хүртэл /2023.05.11/ байсаар байна.

...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны акт илт хууль бус болох урьдчилсан нөхцөлүүдийг заасан байх ба 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэж заасан байна. Нийслэлийн Засаг Даргын 2004 оны иргэн Т.Ё*******, Д.Л******* нарт газар өмчлүүлэх тухай 289 дүгээр захирамж нь бодит байдал дээр бүрэн хэрэгжих боломжгүй юм. Учир нь миний бүрэн эзэмшил, ашиглалтад байдаг байшингийн доод газрыг өөр иргэнд өмчлүүлэх шийдвэр гаргасан нь бодит байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус шийдвэр... гэж тайлбарлаж байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, маргаан бүхий үйл баримтад хамаарах Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 7 дугаар гудамжны 3 тоот хаягт байрлах, 178.38 м.кв талбайтай, нэгж талбарын 186413311555311 дугаар бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Л******* Б******* нарт өмчлүүлж, 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 0******* дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон.

3. Уг газрыг нэхэмжлэгч Б.Э нь 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ /газар/-ний дагуу Л.Б*******аас шилжүүлэн авч, өмчлөгч болсон байна.

4. Харин хөрш залгаа газар болох Баянгол дүүргийн 16 хороо, Орхоны 7 дугаар гудамжны 2 тоот 138.61 мкв хэмжээтэй газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 289 дүгээр захирамжаар Т.Ё*******, Д.Л******* нарт өмчлүүлж, 00361950 дугаарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.

5. Уг газрыг гуравдагч этгээд Я.Э нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авч, өмчлөх эрхтэй болсон байна.

6. Эдгээр хөрш залгаа газар нь газрын кадастрын мэдээллийн санд давхцалгүй бүртгэгдсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1/1741 дүгээр албан бичгээр нотлогдох бөгөөд анх олгогдсон хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, үүнд хэргийн оролцогчид маргаагүй, гагцхүү нэхэмжлэгч Б.Эын амьдарч байсан байшингийн суурийн доорх 25 мкв газрыг Т.Ё*******, Д.Л******* нарт өмчлүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бус гэж нэхэмжлэгч нь маргажээ.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ...47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. гэж тус тус заасан.

8. Хуулийн эдгээр заалтаас үзэхэд бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны актын хувьд хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж, уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдох бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд маргаж байгаа захиргааны актыг шүүхээс илт хууль бусад тооцох зохицуулалттай.   

9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй: ...12.1.3.аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;, 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана. гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд Т.Ё*******, Д.Л******* нараас гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн 2004 оны 289 дүгээр захирамжаар газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй.

10. Тодруулбал, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь дээрх газар өмчлүүлэх шийдвэрийг гаргахдаа Т.Ё*******, Д.Л******* нарын өргөдөл, газрын байршлын кадастрын зураг, Баянгол дүүргийн 16 хорооны тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг үндэслэсэн болох нь иргэнд газар өмчлүүлсэн газрын хувийн хэрэг дэх баримтуудаар нотлогдож байна.

11. Нэхэмжлэгчийн маргаж байгаа газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хээрийн судалгаа хийгээгүй гэх үндэслэлүүд нь хууль бус актад хамаарах бөгөөд илт хууль бус актад тооцох үндэслэл болохгүй байна.

12. Дээрх үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Эын амьдардаг байсан гэх байшин нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлгүй, уг байшингийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон, Л.Б*******аас шилжүүлэн авсан гэх аливаа баримтыг нэхэмжлэгчээс гаргаж маргаагүй.

13. 2004 онд Л.Б******* нар болон Т.Ё*******, Д.Л******* нарт газар өмчлүүлэх үед байшин нь Т.Ё*******, Д.Л******* нарын 138,61 мкв газарт бүхэлдээ байрлаж байсан нь газрын хувийн хэрэг дэх газрын байршлын кадастрын зургууд болон агаарын зураг /хх-198 тал/-аар нотлогдох бөгөөд нэхэмжлэгч Б.Э нь 2007 онд 178 мкв газрыг Л.Б*******аас шилжүүлэн авсан, уг газрын хэмжээ өөрчлөгдөөгүй байхад цаг хугацааны хувьд өмнө нь буюу 2004 онд Т.Ё*******, Д.Л******* нарт газар өмчлүүлсэн шийдвэр /байшингийн суурийн 25 мкв-аар/-г илт хууль бус гэж маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд 2004 онд газар өмчлүүлсэн захиргааны шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

14. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Эаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 289 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн Т.Ё*******, Д.Л******* нарт холбогдох хэсгийн 25 м.кв-ыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ