Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 550

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

                            

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лийн Бд холбогдох 1708014620188 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1996 оны 12 дугаар  сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эцэг, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн ..., Цамбагарав, ...тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 10 дугаар хороо ... тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан Боржгон овогт Лийн Б, /РД: .../

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд. 

1.1.Хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг “...тэндээс би 1-р хороололд өөрийн гэрийн гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26-р байрны 3-р орцны үүдэнд ирээд таксины тооцоо хийх гэтэл 3000 төгрөг дутсан тул би өөрийн Самсунг эс-6 маркийн гар утаснаас интернет банкыг ашиглаж гүйлгээ хийх гэтэл таксины жолооч би тусалъя гэж хэлээд  миний гар утсыг авч гүйлгээ хийсэн. Энэ үедээ миний гар утас болон интернет банкны кодыг мэдэж авсан бололтой байна. Би таксинаас дөнгөж буухад таксины жолооч миний гар утсыг аваад зугатаасан. ...би таксины дугаарыг харж амжаагүй. Харин өнөөдөр өглөө буюу 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банкны 106800661740 дансны гүйлгээг шалгатал миний данснаас 01:52 минутанд Хаан банкны 5429359637 Г гэх хүний данс руу 50,000 төгрөг, 03:30 минутанд Хаан банкны 5064102627 Ж гэх хүний данс руу 200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 х/

 

1.2.Хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа хийж байгаад орой ажил тараад 18 цаг өнгөрөөгөөд хамт ажилладаг Н, Б, О нарын хамт Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр Мөнгөн завьяагийн хажууд байх пабад сууцгаасан. Тэгээд бид нар 3 шил архи ууж шөнө 01 цаг хүртэл хамт сууж байгаад гарч Мөнгөн завьяагийн автобусны буудал дээрээс такси авсан. Эхлээд Б, О бид 3 таксинд суусан, араас нь Н АТМ-ээс мөнгө аваад суусан. Тэндээсээ хөдлөөд баруун 4 зам дээр Н буугаад үлдсэн. 10 дугаар хороололд Б буусан, О 25-р эмийн сангаас дээшээ өгсдөг зам дээр буугаад би гэр рүүгээ явсан. Н таксинаас буухдаа 5000 төгрөг өгсөн байсан. Манай гэрийн гадаа очоод таксины мөнгө хэд болсон гэтэл 9000 төгрөг гээд би 4000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд надад бэлэн мөнгө байгаагүй учир интернэт банкаар гүйлгээ хийх гэтэл болохгүй байсан. Би нэлээд удаан мөнгө шилжүүлэх гэж оролдсон. Хэсэг байж байгаад таксины жолоочид дансаа хийгээд мөнгөө шилжүүлчих гээд утсаа өгсөн чинь болохгүй байна гээд байсан. Тэгтэл мөнгөтэй хүн гэрт чинь байхгүй юм уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгвэл буу гэхээр нь би буусан. Би гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан, нөгөө такси хөдлөхөөр нь хойшоо ухраад зогсох гэж байгаа юм байна гэж бодтол чигээрээ яваад өгсөн. Би гэртээ ороод нөхрийнхөө утаснаас залгатал миний утсыг огт авахгүй байсан. Ингээд цагдаад өргөдөл гаргасан. ...Би гар утсаа 650,000 төгрөгөөр худалдж авч байсан. Би гар утсаа 520,000 төгрөгөөр үнэлж өөрийн 250,000 төгрөгтэй нийлээд 770,000 төгрөг авсан. Надад ямар нэг санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 х/

 

1.3.Шүүгдэгч Л.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сонгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ямар ч дээрмийн хэрэг хийгээгүй. 2017 оны  09 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн эзэмшилд байсан ... ХОҮ улсын дугаартай “Ниссан Бльюбирд” маркийн автомашинтай хувиараа таксинд явж байсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад “Мөнгөн завьяа” худалдааны төвийн хажуу талын автобусны буудал дээр 2 эмэгтэй, 1 эрэгтэй гар өргөхөөр нь аваад хөдлөх үед дахиад нэг эрэгтэй хүн гарч ирээд АТМ ороод ирлээ гээд суусан. Тэгээд баруун 4 замын гэрлэн дохион дээр нэг нь буусан. Цаашаа явж байгаад 25 дугаар эмийн сангийн гэрлэн дохио өнгөрөөд 1 нь буух гэтэл хамт явсан эрэгтэй нь буулгахгүй гээд буулгаагүй. Тэгээд цаашаа яваад 25 дугаар эмийн сангийн уулзвар дээр очтол нөгөө эрэгтэй нь эхлээд би бууна гэж хэлээд дахиад 10 дугаар хорооллын буудал дээр буусан. Тэгээд буцаж 25 дугаар эмийн сан орж нэг эмэгтэй нь буусан. Тэгээд 1 эмэгтэй нь би Цамбагарав орно гэж хэлээд Хар хорин захын арагшаа байх 26-р байрны гадаа очсон. Би таксины мөнгө 9000 төгрөг гарсан, түрүүний ах буухдаа 5000 төгрөг өгсөн, та 4000 төгрөг өгчих гэтэл бэлэн мөнгө алга мобайлдаж болох уу гэхээр нь болно гэж хэлээд Гын дансыг ашиглаж байсан учир дансны дугаарыг нь хэлсэн. Тэр эгч мөнгө шилжүүлэх гэж хэд хэдэн удаа оролдоод гүйлгээ амжилтгүй боллоо гээд байсан. Тэгтэл чи үз дээ гээд надад гар утсаа өгөхөөр нь би за гээд интернет банк руу ороод кодыг нь хэлэхээр нь хийгээд гүйлгээ хийх гэтэл болохгүй байсан. Тэгтэл нөгөө эгч өөрөө гар утсаа аваад дахиад явуулах гээд зөндөө оролдож суусан. Бүр болохгүй болохоор нь би гэр рүү чинь ороод авчихъя гэрт чинь хүн байгаа юу гэхэд нөхөр байгаа байх мөнгөгүй байгаа гэсэн. Зам дээр зогсчихсон араас машин ирээд сигналдаад байхаар нь зам тавьж өгөх үед тэр эгч утсаа оролдоод л байсан. Миний уур хүрээд за за больё гэртээ ор мөнгө авахгүй гээд буулгатал хаалга хаахгүй цаашаа явахаар нь би дотроосоо хаалгаа хаагаад яваад өгсөн. Саппорогийн гэрлэн дохион дээр очих үед машин дотор утас дуугарсан. Би хаана дуугараад байна гээд хайтал урд суудлын завсраар унасан байхаар нь аваад дууг нь хаагаад голын хайрцагтаа хийгээд таксинд гар өргөсөн хүнийг аваад Богд ар хорооллын харалдаа буулгасан. Тэр хооронд 10 гаран удаа дуудлага ирсэн байсан. ...Тэгээд гадуур явж байгаад утасны кодоо хэлсэн байсан учир мобайл банк руу нь ороод кодыг нь хийтэл нээгдсэн. Дансанд нь 200,000 гаран төгрөг байсан. Тэгээд би машинаа унаад Сансрын түнээлийн урд талын зогсоол дээр машинаа тавьчихаад зам дээрээс такси аваад карт руу нь мөнгө хийлгэж авах зорилгоор Ленин клуб орьё гэсэн. Замдаа явж байхдаа ахаа таньд Хаан банкны карт байгаа юу? Мөнгө шилжүүлээд авчихъя, одоо манай ээж мөнгө шилжүүлнэ гэтэл тэг тэг гэсэн. Би нөгөө утсаа үлдээсэн эмэгтэйн утаснаас таксины жолооч ахын данс руу 200,000 төгрөг шилжүүлж Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудал дээр байх АТМ орж 200,000 төгрөгийг картнаас нь авсан. Таксины жолооч ахад 3000 төгрөг өгөөд таксигаа явуулаад өөр такси бариад машин дээрээ очсон. Машинаа унаад хорооллын эцэст байрлах “Тэс” колонк орж 20,000 төгрөгөөр бензин хийчихээд гадуур явж байгаад гэртээ харихаар явах үедээ 3-р хороололд байх Номин худалдааны төвийн 1 давхарт байх Експресс банк орж 120,000 төгрөгийг Гын нэр дээр байдаг өөрийн хэрэглэж байсан 5429359637 тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 16-19 х/

 

1.4.Шүүгдэгч Л.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 15 наас-16 нд шилжих шөнө Мөнгөн завъяагийн урдаас хохирогч 3 хүний хамт миний машинд гар өргөж суусан. Анх 4-лээ суухдаа нэг эрэгтэй нь 5000 төгрөг өгөөд хэрэв хүрэхгүй бол хохирогчоос аваарай гэж хэлсэн. Тооцоо 9000 төгрөг гарсан. Дутсан 4000 төгрөгөө хохирогч мобайль банкаар шилжүүлэхээр олон удаа оролдсон. 4000, 50000 гэх мэтээр олон удаа оролдсон. Болохгүй болохоор намайг мөнгийг шилжүүлээдэх гэсэн, би шилжүүлэх гэхэд бас болохгүй байсан. Тэгээд би гэрээсээ ороод мөнгө аваад ир гэхэд нөхөр мөнгөгүй байгаа гэхээр нь би уурлаад буу гэсэн. Гэтэл хохирогч хаалгаа онгорхой орхиод буусан. Би уурлаад хаалгаа хаагаад явсан. Хөдөлж яваад Саппорогийн ойролцоо ирэхэд утас нь дуугарсан, тэгэхээр нь би аваад утасны дууг хаасан. Би хохирогчийн картнаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би утсыг нь авч зугатаагүй. Хохирогч өөрөө буухдаа утсаа орхисон байсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.5.Гэрч Л.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр эмэгтэйн гар утас зарсан 230,000 төгрөгийг үрээгүй байсан, ямар нэгэн зүйлд зарцуулаагүй. Картаар авсан 250,000 төгрөгийг мөн үрээгүй байлгаж байсан. Би тэр мөнгөнүүдийг хэрэглэнэ гэсэн бодол байгаагүй хадгалчихсан байсан юм. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би хэргээ хурдан шийдүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 х/

 

1.6.Гэрч Д.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надаас 2017 оны 08 дугаар сарын дундуур картаа дансны хуулгатайгаа түр өгөөч би мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэхээр нь би өгөөд одоог хүртэл аваагүй байгаа. Учир нь тэр данс картыг одоохондоо ашиглахгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 9-10 х/

 

1.7.Гэрч Д.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд замдаа явж байхад нөгөө залуу таньд Хаан банкны карт байгаа юу гэхээр нь байгаа гэтэл 200,000 төгрөг шилжүүлээд авчихмаар байна, найздаа өгөх гэсэн юм гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Надад хэлэхдээ ээж одоо шилжүүлнэ гэж байсан. ... Удалгүй миний картаар 200,000 төгрөг шилжүүлээд авчихлаа гээд надад таксины мөнгө гэж 3000 төгрөг өгсөн. Тэгээд би яваад өгсөн. Тэгтэл хэд хоногийн дараа таксинд суусан залуу утсаар залгаад та цагдаа дээр хүрч ирээд мэдүүлэг өгөөч гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 31-3 х/,

 

Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд.

 

2.1.Л.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37, 63 х/

2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40 х/

2.3.Л.Бийн хувийн байдлын тодорхойлолтууд /хх 46-52 х/

2.4.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 64 х/

2.5.Л.Бийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 65 х/

2.6.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 42-45 х/

 

Гурав:Хохирлын болон бусад баримтууд.

 

3.1.Эд зүйлийн үнэлгээ /хх 34 х/

3.2.Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 93 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

 

Шүүгдэгчийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

 Хэргийн зүйлчлэлийн талаар.

Шүүгдэгч Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвгэрт 2017 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө иргэн Б.Оийн эзэмшлийн Самсунг эс-6 маркийн гар утас, түүний Төрийн банкин дахь данснаас 250,000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Прокуророос “шүүгдэгч Л.Б нь Б.Оийн гар утсыг болон цахим картнаас 250,000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэрэг гарсан нөхцөл, хэргийн бодит байдалтай тохирохгүй, хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн.

 

Хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн “ ... Би таксинаас дөнгөж буухад таксины жолооч миний гар утсыг аваад зугтаасан, эхэндээ ухраад зогсох гэж байна гэж ойлготол шууд яваад өгсөн...” /хх-ийн 5 х/ гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд гар утсыг нь аваад зугтаасан юм бол түүний биеийнх нь аль хэсгээс, яаж авч зугтаасан зэрэг нь тодорхойгүй тул түүний дээрх мэдүүлгийг “Дээрэмдэх” гэмт хэрэгт хамааралтай нотлох баримтаар тооцож үнэлэхэд эргэлзээтэй,

 

Шүүгдэгчийн “би хөдлөөд явсан хойноо машинд гар утас байгааг мэдсэн” /хх-ийн 16-19 х/, Б.Оийн хохирогчоор өгсөн “буу гэхээр нь би буусан ... гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан” /хх-ийн 25-28 х/ гэх мэдүүлгүүдээр хохирогч машинд гар утсаа орхиод буусан гэж үзэхээр байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмын дагуу Б.Оийн гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлэлгүй, түүний хохирогчоор өгсөн мэдүүлгийг үнэлж хэргийн зүйлчлэлийг “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

 

Харин шүүгдэгч Л.Б-н хохирогч Б.Оийн төрийн банкны картнаас 50,000 т, 200,000 төгрөгийг түүний гар утсан дахь мобайль банкны кодыг мэдэж байснаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх “Хулгайлах” гэмт хэргийн обьектив талын шинжүүдтэй илүү тохирч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэж заасан бөгөөд мобайл банкаар шилжүүлж авсан мөнгөн дүн 250,000 төгрөг нь гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвгэрт 2017 оны 09 дүгээр сарын 16-ны шөнийн 02 цагийн үед иргэн Б.О нь өөрийн эзэмшлийн Самсунг эс-6 маркийн 520,000 төгрөгийн үнэтэй гар утсаа түүний автомашинд гээгдүүлснийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хэрэг гарсан нөхцөл байдлын талаарх хохирогч Б.Оийн “...надад бэлэн мөнгө байгаагүй учир интернэт банкаар гүйлгээ хийх гэтэл болохгүй байсан. Би нэлээд удаан мөнгө шилжүүлэх гэж оролдсон. Хэсэг байж байгаад таксины жолоочид дансаа хийгээд мөнгөө шилжүүлчих гээд утсаа өгсөн чинь болохгүй байна гээд байсан. Тэгтэл мөнгөтэй хүн гэрт чинь байхгүй юм уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгвэл буу гэхээр нь би буусан. Би гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан, нөгөө такси хөдлөхөөр нь хойшоо ухраад зогсох гэж байгаа юм байна гэж бодтол чигээрээ яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Л.Б-н “... Тэр эгч мөнгө шилжүүлэх гэж хэд хэдэн удаа оролдоод гүйлгээ амжилтгүй боллоо гээд байсан. Тэгтэл чи үз дээ гээд надад гар утсаа өгөхөөр нь би за гээд интернет банк руу ороод кодыг нь хэлэхээр нь хийгээд гүйлгээ хийх гэтэл болохгүй байсан. Тэгтэл нөгөө эгч өөрөө гар утсаа аваад дахиад явуулах гээд зөндөө оролдож суусан. Бүр болохгүй болохоор нь би гэр рүү чинь ороод авчихъя гэрт чинь хүн байгаа юу гэхэд нөхөр байгаа байх мөнгөгүй байгаа гэсэн. Зам дээр зогсчихсон араас машин ирээд сигналдаад байхаар нь зам тавьж өгөх үед тэр эгч утсаа оролдоод л байсан. Миний уур хүрээд за за больё гэртээ ор мөнгө авахгүй гээд буулгатал хаалга хаахгүй цаашаа явахаар нь би дотроосоо хаалгаа хаагаад яваад өгсөн. Саппорогийн гэрлэн дохион дээр очих үед машин дотор утас дуугарсан. ...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх 34 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Хохирлын талаар.

Эд зүйлийн үнэлгээ /хх 34 х/

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 93 х/

Хохирогч Б.Оийн “... Би гар утсаа 520,000 төгрөгөөр үнэлж өөрийн 250,000 төгрөгтэй нийлээд 770,000 төгрөг авсан. Надад ямар нэг санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 х/ зэргээр хохирогчид нийт  770,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгчийн зүгээс хохиролд нийт 770,000 төгрөг төлсөн болох нь тус тус тогтоогдсон. Хохирогч цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул Л.Б-г бусдад төлөх төлбөргүй, хохирлоо бүрэн төлсөн гэж үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

 

            Л.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлбөрөө өөрийн сайн дураар нөхөн төлсөн болох нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар. 

            Л.Б гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд шүүхээс 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Л.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Боржигон овогт Лийн Б-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-г 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Б-д мэдэгдсүгэй.

 

5.Л.Б-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд 770,000 төгрөг төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ