Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 117/ШШ2020/0014

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч *******

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

           Хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга *******,

           Нэхэмжлэлийн шаардлага: Дэлгэрцогт сумын Засаг даргын 2020 оны 4 сарын 29-ний өдрийн ******* тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд бичгээр  гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Миний бие Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2017 оны 6 сарын 30-ны өдөр томилогдон ажиллаж байгаад 2018 оны 2 сарын 23-нд  удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж  тэнцэн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2018 оны 5 сарын 2-ны өдрийн Б/19 тоот захирамжаар тус албан тушаалд томилогдон ажилласан  төрийн жинхэнэ албан хаагч юм.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргаар 2020 оны 3 сарын 11-ний өдөр томилогдсон ******* нь 2020 оны 4 сарын 8-ны өдөр гэнэт өрөөндөө дуудан сонсох ажиллагаа хийнэ гэж 2020 оны 4 сарын 8-ны өдрийн 1/126 тоот албан бичгийг надад  өгч  2020 оны 4 сарын 29-ний өдөр ******* тоот “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Засаг даргын захирамж гаргаж ажлаас халсан. Ингэхдээ энэ захирамжийг  одоог хүртэл  гардуулаагүй бөгөөд  миний бие “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газар Таныг сонсож байна” гэсэн Fасеbook хаягаас олж мэдсэн. 2020 оны 4 сарын 30-ны өдөр миний  ажлыг хүлээлцүүлсэн.

Дэлгэрцогт сумын Засаг дарга *******ын 2020 оны 4 сарын 29-ний өдөр ******* тоот “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй тул энэхүү захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь надад 2020 оны 4 сарын 29-ний өдөр ******* тоот захирамжаар “Сахилгын шийтгэл ногдуулах”-даа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын 2020 оны 2 сарын 19-ний өдрийн 64-р тогтоол, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 14-ний өдрийн А/44 тоод захирамжийн хавсралтын 7,8 дугаар заалт, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 28-ны өдрийн 02 дугаар албан даалгаврын 2.1, сумын Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн “Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын дарга ******* нь өөрийн албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж Засгийн газрын 2020 оны 2 сарын 19-ний өдрийн 64-р тогтоолын 1 дэх заалт, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 14-ний өдрийн А/44 тоот захирамжийн хавсралтын 7-д “Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, хүндэтгэлийн болон урлаг спортын арга хэмжээг зогсоох мөн албан даалгаврын 8-д “Шашны байгууллагуудын шашны ном хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээг авах” гэсэн заалтуудыг зөрчин 2020 оны 3 сарын 7-ны өдөр Засаг даргын тамгын газрын автомашиныг дур мэдэн авч явж бусдын “одон" тэмдэглэх найр болон шашны зан үйлд бусдыг дагуулан оролцсон зөрчил” тус тус гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

 Миний бие 2020 оны 3 сарын 7-ны өглөө өмнөх Засаг дарга Б.*******той утсаар ярьж бичээч машин гуйсан талаар танилцуулж, би өөрөө хамт яваад ирье гэдгээ бас давхар хэлж Засаг даргын тамгын газрын “Дотоод журам”-ын 6.5-д заасны дагуу ажлын бус өдөр байсан тул амаар зөвшөөрөл аваад явсан. Бид ингэж явахдаа бусдын "одон” тэмдэглэх найр болон шашин номын хурал цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулсан зөрчил гаргаагүй. Цагаан сарын дараа байсан учир ажлын бус цагаар танил эгчийндээ хувийн ажлаар унаанд дайгдан очсон болно. бид 2 бензинээ хувааж хийгээд явсан. Тухайн үед Засгийн газрын тогтоолоор “Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн байсан ч 2020 оны 3 сарын 7-ны өдрийн байдлаар хот, аймаг сум орон нутгийн замын зорчих хөдөлгөөнийг хориогүй, иргэд чөлөөтэй зорчиж байсан. Би ямар нэгэн хориглолтыг зөрчөөгүй, албаны  машиныг  дур мэдэн авч яваагүй ээ.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баримтлалгүйгээр надад сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

Иймд Дэлгэрцогт сумын Засаг даргын 2020 оны 4 сарын 29-ний өдрийн ******* тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, 2020.05.01-2020.09.22-ныг  хүртэл  буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх  ажилгүй байсан бүх  хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг буюу 9287064 төгрөгийг гаргуулж (6631700 гарт), нийгмийн даатгалын  болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэгч ийн хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж ямар ч үндэслэлгүйгээр  ажлаас халсан. Сонсох ажиллагааг хийсэн гэх боловч ямар ч нотолгоогүйгээр  арга хэмжээ авсан. 2020 оны 3 сарын 7-ны өдөр хагас сайн өдөр таарсан байдаг. Энэ өдөр холбогдох албан тушаалтнаас зохих зөвшөөрлийг аваад бензин тосоо  өөрсдөө хийгээд  2 айлаар ороод ирсэн нь үнэн үүнийгээ хүлээн зөвшөөрдөг түүнээс биш олон хүн цуглуулаад шашин номын болон одон найрын цайллагад ороогүй ээ ийм ч юм болоогүй,  нотлоо ч үгүй  байдаг. Төрийн албаны шинэ хуулийн гол зорилго бол энэ мэт дураар аашлах ажиллагаанаас ангид байлгах гол зорилготой хийгээд төрийн жинхэнэ мэргэшсэн  албан хаагчийг  зохих хууль дүрмийнх нь дагуу ажиллуулах, халах  чөлөөлөхдөө хуулиар  л хална шүү гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 49-р зүйлд тодорхой заасан байдаг. Улс орон даяар тэр бүү хэл дэлхий дахинд  өвчний улмаас хорио цээрийн зохих дэглэм үйлчилж байгааг  хэн хэн нь мэдэж байсан, гэхдээ тэр өдөр бол т ямар нэгэн хуваарьт  ажил байгаагүй, бас хамт явсан хүмүүс ч хуваарьгүй байсан гэдгийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Түүнчлэн  Монгол улсын хувьд  гаднаас зөөвөрлөгдөж ирсэн, улс орон дотооддоо  уг өвчний халдвар гараагүй шалтгааны улмаас зохих шаардлагаар хэсэгчлэн хориг тавьж байсан ба 2020 оны 3 сарын 7-ны өдрүүдэд  бол унаа тээврийн хэрэгслээр сум орон нутаг хооронд зорчих эрхийг  нээсэн үе байсан  тиймээс хорио  цээрийн ямар нэгэн дэглэм хязгаарлалтыг зөрчөөгүй. Засаг даргын сахилгын шийтгэл ногдуулах захирамжид заасан  холбогдох акт шийдвэрийг  зөрчөөгүй, хийгээд зөрчсөн буюу олон нийтийн арга хэмжээ хурал цуглаан,  одон найрын арга хэмжээ болсон  гэдгийг  тухайн  зөрчлийг шалгах ажиллагааны явцад хэн ч тогтоож  ажиллагаа хийгээгүй байдаг. Гэсэн атлаа ийм байдлаар өнөөдрийг хүргэлээ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. нь 4 сарын цалингаа бүтэн авсан тул 2020 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу өнөөдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт 9287064 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хохирол биш Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар  олгогдох ажилгүй хугацааны олговор юм. ******* ангилал зэрэглэлийн хувьд ТЗ-9-5-аар цалинждаг. Энэ нь Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.*******гийн 2020 оны “Цалинг шинэчлэн тогтоох тухай” Засаг даргын захирамжийн 1 дүгээр хавсралтаар тогтоогдсон. Үндсэн цалин нь 1045 653 төгрөг, 66 хувийн нэмэгдэл авдаг, нийт 8255168 төгрөг, байгууллагаас 12,5 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Ажилгүй байсан хугацаанд 1,031,896 төгрөгийг байгууллагаас төлөх ёстой гэж үзээд нийт 9287064 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж, гар дээр 6631700 төгрөгийн цалинг авах ёстой. Энэ тооцоог бид сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор гаргуулсан,  холбогдох  баримттай нийлнэ. Иймд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг мөн хангаж, сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох  нь үндэслэлтэй. Төрийн албаны хуулийг дагаж гарсан холбогдох дүрэм журмын хүрээнд мөн сахилгын шийтгэлийг ногдуулаагүй атлаа Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийг захирамжид заасан байдаг нь мөн эргэлзээтэй, түүнийг зөрчсөн үндэслэл тогтоогддоггүй.

    2.Хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг дарга ******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд  гаргасан  хариу тайлбартаа: ... 2020 оны 4 сарын 29-ний өдөр ******* дугаартай захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын 2020 оны 2 сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоол, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 14-ний өдрийн А/44 дүгээр захирамжийн хавсралтын 7, 8 дугаар заалт, мөн 2020 оны 2 сарын 28-ны өдрийн 02 дугаар албан даалгаврын 2.1, сумын Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус удирдлага болгон тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* нь өөрийн албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 2 сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолын 1-д зааснаар “БНХАУ-д гарсан шинэ корона вирусын халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл сунгасугай” гэсэн заалт, аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 14-ний өдрийн А/44 дүгээр захирамжийн хавсралтын 7-д “Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, хүндэтгэлийн болон урлаг соёлын арга хэмжээг зогсоох, мөн албан даалгаврын 8-д “шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээг авах” гэсэн заалтуудыг зөрчиж 2020 оны 3 сарын 7-ны өдөр Засаг даргын тамгын газрын автомашиныг дур мэдэн авч явж бусдын “одон” тэмдэглэх найр болон шашны зан үйлд бусдыг дагуулан оролцсон зөрчил тус тус гаргасан тул түүнийг Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт  ажлаас халсан.

Миний гаргасан ******* дугаартай захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэгч маргахдаа “Төрийн албаны тухай” хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан нэгэнт Засаг дарга дээрх хуулийн заалтыг хэрэглэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр заалтыг зөрчсөн болохыг тогтоох ёстой гэж маргах  боловч “энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтад хамруулан сахилгын арга хэмжээ авсныг нэхэмжлэгч ойлгоогүй, эсвэл ойлгохыг хүсээгүй байна.

 Түүнээс гадна би түүнд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн тохирох хэсэгт хамруулаагүй нь энэ хуулийн 48 дүгээр зүйлийн 7-д зааснаар “энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох учир өөрт нь ашигтай байдлаар шийдвэрлэж өгсөнд баярлах хэрэгтэй гэж үзэж байна.

******* нь өөрийн гаргасан дутагдлаа “сонсох ажиллагааны явцад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд түүнийг нь Засаг даргын тамгын газрын жолооч Б.*******, бичээч Б. нар гэрчилж тайлбар гаргаснаар нотолсон гэж үзэж байгаа би хувьдаа. Мөн үүнээс гадна ******* шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагадаа 2020 оны 3 сарын 7-ны өдөр өмнөх Засаг дарга Б.*******гоос чөлөө зөвшөөрөл авч Тамгын газрын машиныг авч явсан тухай бичсэн  боловч өмнөх Засаг дарга Б.******* нь 2020 оны 2 сарын 28-ны өдрөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан.

Иймд нэхэмжлэгч *******ийн гаргасан Дэлгэрцогт сумын Засаг дарга миний гаргасан 2020 оны 4 сарын 29-ний өдрийн ******* дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговорт 9827064төгрөг  гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”.

Ер нь бол ажил хүлээн авснаас хойш хамтран ажиллах гэж үзсэн боловч энэ хүн ёс зүйн хувьд ажиллах ямар ч боломжгүй, Засаг дарга намайг өрөөндөө дуудах,  хэлсэн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх гэх мэтээр  элдэв аашилж байсан нь үнэн. Шаардлага хүлээн авдаггүй.Би Дэлгэрцогт сумын Засаг даргын ажлыг 2020 оны 3 сарын 11ний өдөр аймгаас комисс томилогдон очиж хүлээлцүүлснээр хүлээн авсан байдаг. Гэхдээ өмнө нь аймгийн Засаг даргын  захирамж 2020 оны 2 сарын 28-нд гараад 2020 оны 3 сарын 11-нд дахин гаргасан байдаг.Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эвлэрэх боломжгүй. Хэдийгээр тухайн өдөр амралтын өдөр байсан ч гэсэн  улс орны хувьд  халдварт  өвчний улмаас  хорио цээрийн дэглэм үйлчилж байсныг  өөрөө сайн мэдэж байсан. Мөн тэнд  лам айлд очсон,  Алтангадас   одонгийн  найранд очсон гэдэг  нь хамт явсан хүмүүсийнх нь тайлбараар нотлогддог иймээс хариуцлага тооцсон Засаг даргын захирамжийг хууль зүйн хувьд үндэстэй гэж үзэж байна. Өмгөөлөгчтэй оролцох байсан боловч өмгөөлөгчийн эрүүл мэндийн байдлаас болоод өмгөөлөгчгүй ороолцох болсон  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

Дундговь аймгийн Дэлгэрцогт  сумын Засаг даргын 2020 оны 4 сарын 29-ний өдрийн а/58 тоот  “сахилгын шийтгэл  ногдуулах тухай” захирамжийг[1] хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын  даргын албан тушаалд  эгүүлэн тогтоолгох, 2020 оны 5 сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр  гарах  хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг[2] гаргажээ.

Нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг  хийлгүүлж Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 5 сарын 21-ний өдрийн 01/1008 тоот “гомдолд  хариу өгөх  тухай” албан бичгийн[3] 2 дугаар заалтаар хариуг авснаар шүүхэд ирүүлжээ.

Шүүх хэрэгт цугларсан, авагдсан нотлох баримт,  хэргийн  оролцогчдын тайлбар мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

а/ Дэлгэрцогт сумын Засаг  даргын 2020 оны 4 сарын 29-ний өдрийн а/58 тоот “сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийн хууль зүйн  үндэслэлийн тухайд:

1. 2020 оны 4 сарын 29-ний өдрийн а/58 тоот “сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжид[4] Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 14-ний өдрийн а/44-р захирамжийн[5] хавсралтын 7, 8-р заалт, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 28-ны өдрийн 02 дугаар албан даалгаврын[6] 2.1, сумын Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг[7] тус тус үндэслэж, ******* нь өөрийн албан  тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 сарын 19-ний 64-р тогтоолын[8] 1-д зааснаар “коронавирусын  халдвар  тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах  зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн  нэгж төрийн болон  орон нутгийн захиргааны байгууллага,  хуулийн этгээдийн гамшгаас  хамгаалах өндөржүүлсэн  бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 3 сарын 30-ныг  хүртэл сунгасугай,  гэсэн заалт, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 14-ний өдрийн а/44 дүгээр захирамжийн хавсралтын 7-д “олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар,  хүндэтгэлийн болон  урлаг спортын  арга хэмжээг  зогсоох мөн албан даалгаврын 8д шашны байгууллагуудын шашин  номын хурал,  цуглаан зан үйлд  иргэд олон нийтийг оролцуулахгүй  байх арга хэмжээг авах” гэсэн заалтыг зөрчиж 2020 оны 3 сарын 07-ны өдөр Засаг даргын тамгын газрын  автомашиныг  дур мэдэн авч явж  бусдын одон тэмдэглэх найр болон  шашны зан үйлд  бусдыг дагуулан оролцсон  зөрчил тус тус  гаргасан тул 2020 оны 4 сарын  29-ний өдрөөс Засаг даргын тамгын газрын үүрэгт ажлаас  халсугай” гэжээ.

2. 2020 оны 3 сарын 07-ны өдөр 2020 оны хуанлийн хугацаагаар  хагас  сайн өдөр буюу амралтын өдөр байх бөгөөд  энэ өдөр нэхэмжлэгч *******, тус тамгын газрын жолооч *******, бичээч нар тухайн үед  тус сумын Засаг даргаар ажиллаж байсан *******гоос зохих  зөвшөөрөл[9]  авч 2 айлд  очсон, золголт хийж ирсэн болох нь гэрч Б.*******, Б., Б.******* нарын мэдүүлгээр тогтоогдох хийгээд  тухайн үед тухайн  өдөр хэн  нэгэн хүний  ямар нэгэн  одонгийн найр болон шашны байгууллагын  үйл ажиллагаа арга хэмжээ болоогүй оролцоогүй гэж шүүхэд мэдүүлсэн байх ба гэрчүүд 2 айлд очсоноо хүлээн зөвшөөрдөг хэдий ч олон нийтийг хамруулсан  шашин номын ямар нэгэн арга хэмжээ болон одон тэмдэглэх найр болсон эсэхийг хариуцагч бүрэн гүйцэд тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэмж өгөх баримтгүй гэх тайлбараас олон нийтийг хамруулсан шашин номын ажиллагаа, одонгийн найранд оролцсон, бусдыг дагуулан оролцуулсан гэх зөрчил  тогтоогдохгүй байх  бөгөөд зөрчлийн ажиллагааг болон нотлох баримтыг шүүхээс  нөхөн тогтоож   гүйцэтгэхгүй юм. Өөрөөр хэлбэл албан тушаалтан хариуцлага тооцох тохиолдолд хуулиар тогтоосон хугацаанд  зөрчлийг  бүрэн гүйцэд шалган тогтоосны эцэст зөрчилд тохирсон хариуцлага  ногдуулах  үүрэгтэй.

3. Маргаан бүхий захирамжийн тогтоох болон үндэслэх хэсэгт заасан Засгийн газрын 2020 оны 2 сарын 19-ний өдрийн 64-р тогтоолын 1-д заасан захиргааны байгууллага болон хуулийн этгээдэд ногдуулсан үүрэг нэхэмжлэгчид шууд хамаарахгүй, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 14-ний өдрийн А/44  дүгээр захирамжийн хавсралтын 7, 8-д заасан “олон нийтийг хамарсан  уулзалт сургалт, семинар, хүндэтгэлийн болон урлаг спортын арга хэмжээг  зогсоох”, “шашны байгууллагуудын шашны номын хурал, цуглаан зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээг авах” гэх заалтуудад *******ийн гаргасан гэх зөрчил  нийцэхгүй байна.

4. Түүнчлэн маргаан бүхий захирамжид Төрийн албаны тухай хуулийн хүрээнд дагаж мөрдөхөөр зохицуулсан 2019 оны 4 сарын 4-ний өдрийн 36/32 дугаартай Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг хэрэглээгүй нь нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил түүнд холбогдох ажиллагааг бүрэн гүйцэд хэрэгжүүлсэн, шалгасан, нотолсон гэх асуудлыг үгүйсгэж байна.

5. Хариуцагч *******аас би сумын Засаг даргаар 2020 оны 2 сарын 28-нд томилогдсон, ажлаа 2020 оны 3 сарын 11-нд хүлээн авсан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 28-ны өдрийн б/13 тоот “*******ыг ажилд томилох тухай” захирамжийг[10] мөн аймгийн Засаг даргаас 2020 оны 3 сарын 11-ний өдрийн б/15 тоот “Б.*******г ажлаас чөлөөлөх тухай[11] болон мөн өдрийн б/16 тоот “*******ыг ажилд томилох тухай[12] захирамжуудаар тус тус шийдвэрлэж, 2020 оны 2 сарын 28-ны өдрийн б/13 тоот  захирамжийг хүчингүй болгосныг  хариуцагч нэгэнт мэдсэн, энэхүү захирамжуудад гомдол маргаан гаргалгүйгээр ажлаа хүлээн авсан зэрэг нь тус шүүхийн 2020 оны 8 сарын 4-ний өдрийн 10 тоот  шийдвэрээр  тогтоогдсон, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан тул  түүний  сумын Засаг даргын ажлыг хүлээн авсан өдрийг 2020 оны 3 сарын 11-ний өдрөөр тооцох нь зүйтэй бөгөөд үүнээс өмнө буюу 2020 оны 3 сарын 7-ны өдөр ******* Засаг даргаас  зөвшөөрөл авсныг  үүгээр няцаах  боломжгүй.

 6. 2020 оны 4 сарын 8-ны өдөр хариуцагчаас сонсох ажиллагааг хэрэгжүүлж, зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлах ба сонсох ажиллагааны тэмдэглэлээс[13] үзэхэд ******* нь Б.*******, Б. нарын  хамтаар   албаны унаагаар  хувийн ажлаар явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх тул зохих журмаар зөвшөөрөлтэйгээр явсан гэж үзнэ. Иймд хариуцагчийн “Засаг даргын орлогчоос дахин зөвшөөрөл авах ёстой байсан” гэх тайлбар хангалтгүй юм.

7. *******тай хамт явсан гэх ******* нь тус тамгын газарт жолоочоор ажилладаг  ба түүний унаж явсан 0303 ДУЭ  улсын дугаартай автомашин нь  Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн зүйл[14] байх  ба энэ нь гагцхүү  албаны унаа мөн болохыг тогтоохоос өөрөөр *******ийн гаргасан гэх зөрчлийг буюу олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцсон, шашны хурал цуглааны ажиллагааг тогтоох гол нөхцөл  болохгүй хийгээд уг дуудлагын автомашинд  мөн өдрөөр ямар нэгэн дуудлага ирсэн  талаарх мэдээллийг зөрчил шалгах үед тогтоогоогүй, түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл холбогдох бусад  нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгч мэтгэлцээгүй болно.

8. Хариуцагч ******* сумын Засаг  даргын ажил  хүлээн авснаас хойш  Засаг даргын тамгын газрын дарга *******тай  шинэчилсэн гэрээ байгуулаагүй, албан тушаалын тодорхойлолтыг  шинэчлээгүй гэж нэхэмжлэгч хариуцагч нараас мэдүүлэх[15] тул өмнөх Засаг даргатай байгуулсан гэрээ болон холбогдох материалыг[16] хэрэгт  авсан болно.  

9. Төрийн  албаны тухай хуулийн  зорилт нь  төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн орчныг  бүрдүүлэхэд орших хийгээд нэхэмжлэгч ******* нь 2018 оны 2 сарын 23-нд төрийн албаны шалгалт[17] өгч тэнцсэн , төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн[18], төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч ба  2020 оны 3-р сарын 07-ны өдөр ямар нэгэн үүрэг хүлээж, хариуцлагатай жижүүр[19] зэргээр ажиллаагүй болох нь тус тус тогтоогддог.

10. Улсын онцгой комиссын 2020 оны 3 сарын 1-ний өдрийн 03 тоот “зорчигч тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг нээх , зарим хязгаарлалтын арга хэмжээг авах тухай “ тогтоолоор[20]  хот хоорондын болон орон нутгийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 3 сарын 3-ны өдрийн 06:00 цагаас нээж, тодорхой хугацаанд буюу 2020 оны 3 сарын 10-ныг хүртэлх хугацаанд  хэрэгжүүлж  аймаг сум орон нутгийн хэмжээнд тээврийн хэрэгслээр зорчихыг хязгаартайгаар зөвшөөрсөн байдаг.

11. Иймд уг захирамжийн үндэслэх болон тогтоох хэсэгт  Засгийн газрын болон орон нутгийн холбогдох шийдвэрийг утга агуулга ижил атал  давхардуулан хэрэглэсэн, зөрчлийг бүрэн гүйцэд тогтоож нотлоогүй,  зөрчилд оногдуулсан гэх хариуцлагын зүйл заалт тохироогүй зэргээр хууль зүйн үндэслэлийг бүрэн гүйцэд илэрхийлээгүй  ба энэ нь нэхэмжлэгчийн шударгаар хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байх тул  захирамжийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох  үндэслэлтэй.

б/ Ажилгүй хугацааны цалин олговрын  тухайд:

Нэхэмжлэгчийн анхдагч шаардлага болох захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага хангагдсанаар  нэхэмжлэгчийн удаах шаардлагууд хангагдах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

Нэхэмжлэгчээс 2020 оны 4 сарын 29-ний өдрөөс  шүүхийн шийдвэр  гарах хүртэлх хугацааны цалин олговроо бичгээр гаргасан  нэхэмжлэлд нэхэмжилсэн боловч 2020 оны 4-р сарын цалингаа бүтнээр авсан болохоо өөрөө шүүхэд  мэдүүлдэг ба шүүх  *******ийн 2018 оны 5 сарын 2-ны б/19 тоот захирамжаар[21] сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилогдсон болон 2020 оны 1 сарын 24-ний өдрийн а/09 тоот “цалин нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай” захирамж[22] түүний хавсралтаар тогтоосон цалингийн хэмжээ, тооцоолол[23], нийгмийн даатгалын 1212641 /352217-ын үргэлжлэл/ зэрэгт үндэслэн ажилгүй байсан бүх хугацааны цалин олговрыг гаргуулж олгох нь зүйтэй байх тул түүний ажилгүй байсан  2020 оны 5 сарын 1-ний өдрөөс  2020 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт нийт  9287064 төгрөгийг гаргуулж, бусад даатгал татвар шимтгэлийг суутгаж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй.  

Төрийн  албаны тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.15-д  зааснаар   эрх бүхий этгээд шүүхэд хандсан бол  тухайн албан тушаалд, ажлын байранд  томилгоо хийхийг  хориглоно гэж заасан  ба хариуцагчаас уг албан тушаалд үүрэг гүйцэтгэгч томилоогүй, Засаг даргын тамгын газрын цалингийн санд *******ийн   цалин    хадгалагдаж       байгаа      гэх      тайлбарыг         шүүхэд      өгсөн        тул

энэ хэрэгт татагдсан гуравдагч этгээдгүй хийгээд ажилгүй хугацааны цалин олговрыг Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

             Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.1.3, 48.8-т заасныг баримтлан  *******ийн нэхэмжлэлтэй Дэлгэрцогт сумын Засаг дарга *******т  хариуцагдах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  захирамжийг хүчингүй болгож, *******ийг  урьд эрхэлж байсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын  даргын  ажил албан тушаалд  эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн  41.3, Хөдөлмөрийн тухай  хуулийн 69 дүгээр  зүйлийн 69.1-т  зааснаар  нэхэмжлэгчийн ажилгүй байсан  2020 оны 5 сарын 1-нээс 2020 оны 9 сарын 22-ны өдөр хүртэлх  хугацааны  цалин олговорт  нийт 9287064  /есөн сая хоёр зуун наян долоон мянга жаран дөрөв/ төгрөгийг  Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж *******т олгох (үүнээс 6631700 - зургаан сая зургаан зуун гучин нэгэн мянга долоон зуу төгрөгийг гарт, бусдыг татвар даатгал шимтгэлд),  Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгасугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт  заасны дагуу хэргийн  оролцогч , тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

         

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          .

 

 

 

 

 

[1] Хэргийн 4-р талд

[2] Хэргийн 1-2-р талд.

[3] Хэргийн 6-р талд.

[4] Хэргийн 4-р талд

[5]  Хэргийн 50-р талд

[6] Хэргийн 46-49-р талд

[7] Хэргийн 7-8-р талд

[8] Хэргийн  38 болон ар  талд,

[9] Хэргийн 122-123, 124-126, 152-154-р талд

[10] Хэргийн 39-р талд

[11] Хэргийн 11-р талд

[12] Хэргийн 12-р талд

[13] Хэргийн 40-41-р талд

[14] Хэргийн 159-р талд,

[15] Хэргийн 128-129, 152-154, 166-168, 169-170-р талд

[16] Хэргийн 63-69, 70-116-р талд,

[17] Хэргийн 57-59-р талд,

[18] Хэргийн 61-62-р талд

[19] Хэргийн 179-184-р талд

[20] Хэргийн 171-174-р талд

[21] Хэргийн 10-р талд

[22] Хэргийн 68-69-р талд,

[23]Хэргийн 144, 177-р  талд,