Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/820

 

 

2022           8              18                                              2022/ДШМ/820

О.Г, О.С, Б.У, А.А

Н.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

яллагдагч О.Г , О.С, тэдгээрийн өмгөөлөгч М.Ц ,

яллагдагч Б.У , түүний өмгөөлөгч Л.Ч , С.У ,

яллагдагч А.А , түүний өмгөөлөгч Б.Э ,

яллагдагч Н.Г ,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1215 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Шагдарын бичсэн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцэлд үндэслэн О.Г, О.С, Б.У, А.А,  Н.Г  нарт холбогдох эрүүгийн 2209001960301 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............  овгийн О- ын Г , .......  оны .....  дүгээр сарын ..... -ний өдөр ........ аймагт төрсөн, .........  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эцэг, эгч нарын хамт  ............   дүүрэг  ............   дугаар хороо, ............   гудамжны ............   тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............... /,

2. ............   овгийн О- ын С , ............   оны ... дүгээр сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .................... ХХК-д жолооч ажилтай, ам бүл ...... , эцгийн хамт .......... дүүргийн ..........  дугаар хороо.......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............,

3. ..........  овгийн Б- ын У , ..........  оны ... дүгээр сарын ... -ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ...  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эцэг, эх, дүүгийн хамт ..........   дүүргийн ... дүгээр хороо, ..........  гудамжны .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............. /,

4. .......... овгийн А- ийн А , ..........  оны .... дугаар сарын ... -ний өдөр .......... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..........  дамжаанд суралцдаг, ам бүл ... , эх, дүүгийн хамт ..........  дүүргийн .... дүгээр хороо, .... дүгээр байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./,

5. ..........  овогт  Н-ын Г , ..........  оны ...  дүгээр сарын ...-ний өдөр ..........  аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..........” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл ..., эмэг эхийн хамт ..........   аймгийн  ..........  сумын ...  дугаар багийн ..........  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............. /.

Яллагдагч О.Г , А.А , Н.Г  нар нь бүлэглэн:

1. 2021 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 612 дугаар байрны гаднах зогсоолд байсан Г.Ш эзэмшлийн “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850.000 төгрөгийн,

-учрах саадыг арилгаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авахын тулд тусгайлан бэлтгэсэн домократ, дорцов зэргийг хэрэглэж, хулгайлсан эд зүйлсийг хэргийн газраас зөөвөрлөн авч явах, хялбарчлах, хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор М.О өмчлөлийн ............. улсын дугаартай “Приүс 20” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж улмаар,

Яллагдагч О.Г , Б.У  нар нь бүлэглэн:

1. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 612 дугаар байрны гадна байршуулсан байсан иргэн Б.Г эзэмшлийн ..............  улсын дугаартай “Приус 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.200.000 төгрөгийн,

Яллагдагч О.Г , О.С, Б.У  нар нь бүлэглэн:

1. 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах.............. төвийн 88 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд байрлах автомашины зогсоолд байрласан Б.Л эзэмшлийн ...................... улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850.000 төгрөгийн,ы

2. 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, “01В2” амралтын газрын урд талын зогсоол дээр байршуулсан байсан иргэн Ц.Э эзэмшлийн .............. улсын дугаартай Тоёота Приүс 20 загварын тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850.000 төгрөгийн,

3. 2021 оны 6 дугаар сарын 07-наас 08-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .............. нэртэй амралтын газрын автомашины зогсоолд байршуулсан иргэн ..............  эзэмшлийн ..............  улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлж 850.000 төгрөгийн,

4. 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1004 дүгээр байрны орчим гадна зогсоолд байршуулсан хохирогч Д.Э ............. улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины 2 ширхэг дугуй, обуд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 520.000 төгрөгийн, нийт 6.120.000 төгрөгийн хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Г , А.А  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О.Г , О.С, Б.У  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                        

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “ ... Хэн гэдэг хохирогчийн эд хөрөнгийг хулгайлахдаа домократ, дорцов хэрэглэсэн гэж, хэн гэдэг хохирогчийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлах үйлдэлд ............. улсын дугаартай машин механизм ашигласан гэж яллаж буй үндэслэлээ тодорхой, ойлгомжтой тусгаагүй байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд Д.Э эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэсэн, яллагдагч нарын бусад холбогдсон хэргийн тогтоолуудад тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж дүгнээгүй атлаа, нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоол, яллах дүгнэлтэд хохирогч Г.Ш тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлсан гэснээс бусад буюу хохирогч Б.Г, Б.Л, Ц.Э , ..............  нарын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлсан үйлдлүүдэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл бэлтгэж хэрэглэсэн, эсхүл хэрэглээгүй гэж байгаа эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж дээрх үйлдлүүдэд хамааралтай эсэх нь ойлгомжгүй байна. Нөгөө талаар хэрэгт яллагдагч нарыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд Д.Э эд хөрөнгийг хулгайлснаас бусад үйлдэлд нүүрсэн янданг хэрхэн яаж авсан үйлдлийн шинжийг тодорхой тусгалгүй, улмаар энэхүү зөрчил нь яллах дүгнэлт давтагдсан байх бөгөөд нүүрсэн янданг тээврийн хэрэгслийн их биеэс салгаж авахад багаж, хэрэгсэл ашиглахгүйгээр авах боломжтой эсэхийг тогтоосны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж зүйлчлэх нь зүйтэй юм. Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн үйл баримтаас дүгнэхэд яллагдагч нар нь тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм ашигласан байж болзошгүй байх тул ямар гэмт хэрэгт хамаарах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийж шалган тогтоох шаардлагатай. Мөн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийг тодорхой тусгалгүй, товчилж бичсэн, яллагдагч нар аль үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр, мөн аль үйлдэлдээ 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллагдаж байгаа нь тодорхойгүй байдалтай хуульд заасан шаардлагад нийцээгүй байна. Яллагдагчийн өмгөөлөгч М.Ц- ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан талаар гаргасан гомдлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд “өмгөөлөгчийн эрх, үүргийн” талаар заасан байх ба, уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах”, 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагч нь “шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй.” гэж тус тус заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч, прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргах хуульд заасан эрхийн хүрээнд өмгөөлөгч М.Ц  2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр прокурорт гомдол гаргасан, түүний хүсэлтийг прокурор 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 228 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй тухай тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад заасан байх боловч шийдвэрийг өмгөөлөгчид гардуулсан тухай баримтгүй, хуулиар олгогдсон гомдол гаргах эрхийг зөрчиж 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил гэж үзнэ. Дээрх зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Шагдар бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт зэргийг тусгахаар заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 404 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийг буюу хэн, хэн гэдэг яллагдагч аль хохирогчид хэзээ, хэрхэн яаж, ямар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсан талаар тодорхой тусгасан нь дээрх хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзнэ. Мөн дээрх яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.1-т яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх гэж заасны дагуу яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхой тусгаж аль, аль яллагдагчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар төрлийн шинжид хамаарч байгааг тусгаж холбогдох зүйл, заалтаар зүйлчлэхийг тусгасан. Өрөөр хэлбэл, “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр буюу машин, механизм ашиглаагүй үйлдсэн яллагдагч А.А , Н.Г  нарын яллагдагч О.Г тай бүлэглэн үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр, яллагдагч О.Г , О.С, Б.У  нарын бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр машин, механизм ашиглан үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэхээр тус тус яллах дүгнэлтийг Тогтоох хэсэгт тусгасан нь аль, аль яллагдагч ямар зүйл ангиар зүйлчлэгдэж буйг тодорхой тусгасан, хуульд заасан шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн яллагдагч А.А , Н.Г , О.Г- нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолуудаар тус тус яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хариуцлага оногдуулахаар заасан ямар төрлийн гэмт хэргийн шинжид хамаарах талаар өөрчлөлт оруулан зүйлчилсэн болохыг анхан шатны шүүхээс анхаарч, нягталж үзээгүй болохыг дурдаж байна. Өмгөөлөгч М.Ц ий гаргасан хүсэлт 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр прокурорын газарт бүртгэлд авагдаж, хяналтын прокурорт дараа өдөр нь хуваарилагдсан. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нь ажлын сүүлийн өдөр буюу Баасан гариг байсан болохыг дурдах нь зүйтэй. Улмаар хэрэгт 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 404 дугаартай яллах дүгнэлт үйлдэгдсэн байсан учир өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5/616 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба хариуг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 55 минутад 80009911 тоот гар утсанд гомдлын хариуг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт хариуг гардаж авснаас хойш 3 хонгийн дотор гомдол гаргах эрхтэй талаар мэдэгдсэн бөгөөд гомдлын хариуг гардаж авч дээд шатны прокурорт гомдол гаргаагүй учир 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор гомдол гаргаж болохыг тайлбарлана гэж хуульчилсны дагуу дээрх ажиллагаа хийгдсэн нь оролцогчийн эрхийг зөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч О.Г , О.С нарын өмгөөлөгч М.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Прокурорын гаргасан эсэргүүцлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд нэг үйлдэлтэй гэдэг утгаар Н.Г , А.А  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, үргэлжилсэн үйлдэлтэй гэдгээр О.Г , О.С, Б.У  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчилсэн гэж ойлгосон. Энэ утгаараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хуралдуулах хүсэлтийг гаргасан. Яллагдагч нарын үйлдлүүдийг нэг бүрчлэн тодорхой тусгасан, хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн гэж байгаа нь хангалттай бус гэж үзсэн. Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзчихээд аль үйлдлийг нь хүндрүүлэх нөхцөл байдалтай, аль үйлдлийг нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зүйлчилж, ялгамжтай хандаж байгаа асуудлыг тавьсан. Өмгөөлөгчийн зүгээс прокурорт гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар баримтыг надад гардуулж өгөөгүй. Утсаар мэдэгдсэн прокурорын тогтоолыг гардаж авсан өдрөөс гомдол гаргах хугацаа тоологдох ёстой. Прокурор Ц.Шагдар “таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа, манай туслах тань руу залгаж, тогтоол гардуулна. Та дээд шатны прокурорт гомдол гаргах юм уу” гэхээр “тогтоол гардаж авчихаад, гомдол гаргах эсэхээ шийднэ” гэсэн хариу өгсөн. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан захирамж үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч Б.У ын өмгөөлөгч Л.Ч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна. Прокуророос “учрах саадыг арилгаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авахын тулд тусгайлан бэлтгэсэн багаж ашигласан, хэргийн газраас зөөвөрлөн авч явах, хялбарчлах, хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор М.О өмчлөлийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан” гэж яллах дүгнэлт үйлдсэн. Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаар тогтоол, Улсын Дээд шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолд тусгайлан бэлтгэсэн багаж, зэвсэг гэдэгт юу, юу авч үзэхийг заасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна.” гэв.

ЯллагдагчА.А өмгөөлөгч Б.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу хуулийн шаардлага хангасан. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт гэмт хэргийн шинж, бүх үйлдлүүдийг тодорхой бичсэн. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзсэн” гэв.

Яллагдагч Б.У ын өмгөөлөгч С.У  тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

            Яллагдагч О.Г , О.С, Б.У , А.А  Н.Г  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1215 дугаартай шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хан-Уул дүүргийн прокуророос “1. О.Г , А.А , Н.Г  нь нар бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 612 дугаар байрны гаднах зогсоолд байсан Г.Ш эзэмшлийн “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850.000 төгрөгийн, учрах саадыг арилгаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авахын тулд тусгайлан бэлтгэсэн домократ, дорцов зэргийг хэрэглэж, хулгайлсан эд зүйлсийг хэргийн газраас зөөвөрлөн авч явах, хялбарчлах, хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор М.О өмчлөлийн ............. улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж улмаар:

2. О.Г , Б.У  нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 612 дугаар байрны гадна байршуулсан байсан иргэн Б.Г эзэмшлийн ..............  улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.200.000 төгрөгийн,

3. О.Г , О.С, Б.У  нар нь булэглэн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах.............. төвийн 88 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд байрлах автомашины зогсоолд байрласан Б.Л эзэмшлийн ...................... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850.000 төгрөгийн,

4. О.Г , О.С, Б.У  нар нь булэглэн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, “01В2” амралтын газрын урд талын зогсоол дээр байршуулсан байсан иргэн Ц.Э эзэмшлийн .............. улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850.000 төгрөгийн,

5. О.Г , О.С, Б.У  нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .............. нэртэй амралтын газрын автомашины зогсоолд байршуулсан иргэн ..............  эзэмшлийн ..............  улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлж 850.000 төгрөгийн,

6. О.Г, О.С, Б.У  нар нь булэглэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1004 дүгээр байрны орчим гадна зогсоолд байршуулсан хохирогч Д.Э ............. улсын дугаартай Тоёота приүс 30 маркийн автомашины 2 ширхэг дугуй, обуд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 520.000 төгрөгийн, нийт 6.120.000 төгрөгийн хохирол бусдад учруулсан” гэж Н.Г , А.А  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Г , О.С, Б.У  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс “ ... хэн гэдэг хохирогчийн эд хөрөнгийг хулгайлахдаа домократ, дорцов хэрэглэсэн, хэн гэдэг хохирогчийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлах үйлдэлд ............. улсын дугаартай машин механизм ашигласан гэж яллаж буй үндэслэлээ тодорхой, ойлгомжтой тусгаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд Д.Э эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэсэн, яллагдагч нарын бусад холбогдсон хэргийн тогтоолуудад тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж дүгнээгүй атлаа, нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоол, яллах дүгнэлтэд хохирогч Г.Ш тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлсан гэснээс бусад буюу хохирогч Б.Г, Б.Л, Ц.Э , ..............  нарын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлсан үйлдлүүдэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл бэлтгэж хэрэглэсэн, эсхүл хэрэглээгүй гэж байгаа эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж дээрх үйлдлүүдэд хамааралтай эсэх нь ойлгомжгүй байна. Нөгөө талаар хэрэгт яллагдагч нарыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд Д.Э эд хөрөнгийг хулгайлснаас бусад үйлдэлд нүүрсэн янданг хэрхэн яаж авсан үйлдлийн шинжийг тодорхой тусгалгүй, улмаар энэхүү зөрчил нь яллах дүгнэлт давтагдсан байх бөгөөд нүүрсэн янданг тээврийн хэрэгслийн их биеэс салгаж авахад багаж, хэрэгсэл ашиглахгүйгээр авах боломжтой эсэхийг тогтоосны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж зүйлчлэх нь зүйтэй юм. Мөн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийг тодорхой тусгалгүй, товчилж бичсэн, яллагдагч нар аль үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр, мөн аль үйлдэлдээ 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллагдаж байгаа нь тодорхойгүй байна. ... Яллагдагчийн өмгөөлөгч М.Ц ээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, ... прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргах хуульд заасан эрхийн хүрээнд өмгөөлөгч М.Ц  2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр прокурорт гомдол гаргасан, түүний хүсэлтийг прокурор ... тогтоолоор шийдвэрлэж, эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй байх боловч шийдвэрийг өмгөөлөгчид гардуулсан тухай баримтгүй, хуулиар олгогдсон гомдол гаргах эрхийг зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Яллагдагч О.Г , Б.У , О.С нарын үйлдлүүдэд “... хохирогчдын ямар эд хөрөнгийг хулгайлахдаа домократ, дорцов хэрэглэсэн, хэн гэдэг хохирогчийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлах үйлдэлдээ ............. улсын дугаартай машин механизм ашигласан, эдгээр нь тус бүртээ тухайн гэмт хэргийн аль хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хангаж байгаа, хохирогч Б.Г, Б.Л, Ц.Э , ..............  нарын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлсан үйлдлүүдэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл бэлтгэж хэрэглэсэн эсэхийг тодруулах шаардлагатай байна. 

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл байдал буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг.

Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг илтгэх бөгөөд энэ нь шүүгдэгчид ял оногдуулахад шууд нөлөөлөх тул тэдгээрийг заавал шалгаж тодруулах, тогтоох нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;” эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч М.Ц ээс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101 дугаартай албан бичгээр прокурорын гаргасан шийдвэртэй холбогдуулан гомдол гаргаж, прокурор тус гомдлыг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 228 дугаартай тогтоолоор хянан шийдвэрлэжээ.

Харин тухайн прокурорын тогтоолыг яллагдагчийн өмгөөлөгч М.Ц д гардуулж, танилцуулаагүйгээс гадна дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээр хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн “... тухайн тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэйг заасан хэдий ч хэргийг шүүхэд шилжүүлж хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн ... тухайн зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.  

            Иймд давж заалдах шатны шүүх прокурор Ц.Шагдарын бичсэн “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1215 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1215 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Шагдарын бичсэн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН