Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 122/ШШ2020/0011

 

2020 оны 04 сарын 30 өдөр        122/ШШ2020/0011                              Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: ******* аймгийн******* сумын 2 дугаар багийн иргэн М.*******ийн нэхэмжлэлтэй,    

           Хариуцагч: ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнхөд холбогдох,  

           Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд  болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 01 дугаар сарын 29-ний өдрийн 34 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дариймаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх, гэрч Ц.Цэрэннамжил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монхооройн овогтой ******* миний бие 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Энэ хугацаанд миний бие төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм журмын хүрээнд төрийн захиргааны албан хаагчийн эрх үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж ажиллаж ирсэн ба ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “М.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/16 дугаар хууль бус тушаал гарсны улмаас албан үүргээсээ чөлөөлөгдсөн боловч ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “М.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.*******ийг ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай....”  122/ШШ2019/0020 дугаар шүүхийн шийдвэр гарч ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнх нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “М.*******ийг ажилд томилох тухай” Б/60 дугаар тушаал гаргаж миний бие урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсон болно.

Харин ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнх нь дээрх тушаалынх нь дагуу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажил албаны үүргээ гүйцэтгэхээр албаны байрандаа очиход албан хаагч нарт хууль бус тушаал шийдвэр өгч өрөөний түлхүүр нуун дарагдуулах үйл ажиллагааг зохион байгуулан төрийн албан хаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах баталгаанд зориудаар саад учруулах үйлдлийг удаа дараа гаргаж гар утсаар бичлэг хийх замаар сүрдүүлэн хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч түүнийгээ биелүүлэхийг шаардан ажлын чиг үүрэгтэй холбоотой мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй санаатайгаар худал мэдээлэл өгч төөрөгдүүлэх, албаны өрөөнд хүч түрэмгийлэн дайрч орж ирэх өрөөг дотроос нь түгжих зэргээр хууль бус дарамт шахалтын шинжтэй өөрийн гаргасан тушаал, албаны чиг үүргийн эсрэг үйл ажиллагаа явуулах болсон төдийгүй дээрх хууль бус үйлдлээ хэрэгжүүлэх зорилгоор /ажилдаа ороод сар хүрээгүй хугацаанд/ ... мэдэгдэх хуудсыг гаргаж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар “М.*******ийг төрийн албанаас халах тухай” хууль, бус тушаал гаргасан болно. / Дээр дурдсан зөрчлийн хүрээнд ******* аймгийн Цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг үүсгэн ... арга хэмжээ авсан байдаг. /

           Гэтэл төрийн албан хаагчид /удирдлагын зүгээс/ Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах, 39.1.4-т албан тушаалын бүрэн эрхээ урвуулан бусдыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглодог ба төрийн албан хаагч нь харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, удирдлагын санаа бодолд үл нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар сөрөг талыг урьдчилан анхааруулж байх үүргийг хууль болон ёс зүйн дүрмээрээ хүлээсэн байдаг.

            Мөн миний бие дээрх 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасны дагуу төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/05 тоот Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан” Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4.2-т заасан “сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх” зарчим зөрчигдсөн байх тул газрын даргын 2019 оны Б/73 дугаар тушаалыг “Төрийн албаны тухай” хуульд нийцүүлэн хүчингүй болгох арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байдаг.

            Гэтэл ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнх нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээрээ ...” Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/05 тоот шийдвэрийн дагуу таныг үүрэгт ажлаас халсан газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгож байна гэх атлаа, хүний нөөц эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулахаар шийдвэрлээд байна ... авилгатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлэг хянагдаж ирсний дараа холбогдох тушаалыг хүчингүй болгож, үүрэгт ажилд томилсон тушаал гаргах болно...гэж үзсэн нь дээрх захиргааны акт нь хүчингүй болсон эсэх нь тодорхойгүй байдлыг бий болгож, захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу ... агуулга ойлгомжтой, тодорхой байх ёстой гэх хуулийн заалтыг зөрчсөн төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн утга агуулгыг ойлгоогүй, Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хууль бус шийдвэр удаа дараа гаргаж байгаагийн улмаас төрийн албан хаагч миний хуулийн дагуу төрийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах эрх зөрчигдөж ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2019/0020 дугаар шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэх боломжгүй байдлыг бий болгож байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д заасан төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дах хэсэгт заасан хууль бус буюу эрх зүйн зөрчил бүхий захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

Төрийн албан хаагч миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа учраас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж хоёр дахь удаагаа захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр ажилд эгүүлэн томилох шийдвэр гарсан. Зохион байгуулалттай гэх юм уу? Хэт хувийн ашиг сонирхлын үүднээс гэх юм уу? Төрийн албыг арай өөр хэлбэрээр явуулж байна гэж үзэж байна. Ажилд эгүүлэн томилогдоод нэг сарын хугацаанд ажиллаж байгаад буцаад халагдсан, энэ хугацаанд өөрийн хөндөгдөж буй эрхийг хамгаалахын тулд бичгээр хүсэлтүүдийг гаргасан. Дотоод хяналт, ёс зүйн хорооны шийдвэр гарснаар намайг ажлаас халах үндэслэл болсон гэж газрын дарга үзсэн. Ажилд эгүүлэн томилогдохоос өмнө дотоод хяналт, ёс зүйн хороог шинэчлэн томилсон, ажилд орсон цагаас эхлэн өрөөний түлхүүр нуух, Өлзиймөнх түр орлон гүйцэтгэгч өрөөндөө дуудан ерөнхий газраас чиглэл өгсөн, албан тушаал бууруулна гэсэн. Би бүтэн нэг сарын хугацаанд өөрийгөө хоёр удаа халагдсан гэж үзэж байгаа. Хугацаатай мэдэгдлээр, мөн тушаалаар халсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр төрийн алба хаагч намайг төрийн албанаас шахаж гаргах үйл ажиллагаа гэж үзэж байна. Дотоод хяналт, шалгалтын багийг хяналт шалгалт хийж миний өрөөнд орж ирэхэд үгүйсгээгүй. Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтэст хяналт шалгалт хийх гэж байгаа бол тухайн хэлтсийн бүхий л үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ёстой. Өлзиймөнх түр орлон гүйцэтгэгч энэ хэлтэст харьяалагддаг. Гэтэл зөвхөн намайг унагаах, харлуулах гэж байгаа юм шиг удирдамж төлөвлөсөн байсан. Ажлын хэсэгт 2016, 2017 оны ажлыг Мэргэжлийн хяналтын газраас дүгнэсэн, 2019 оны ажлын хувьд төрийн залгамж халаагаар түр орлон гүйцэтгэж байсан Тайвансанаа гэдэг хүн хариуцна, дотоод хяналт, шалгалт хийхдээ хуулийн хүрээнд зөв хяналт шалгалт хиймээр байна гэж хэлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа Ц.Цэрэннамжил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дариймаа нар байсан. Ц.Цэрэннамжил дотоод хяналт, шалгалтын ажлын хэсгийг ахалж байсан хүн, таны тайлбарын дагуу илтгэх хуудас бичсэн, газрын даргад танилцуулах гэж байна гэж орж ирж байсан. Өлзиймөнх дарга 3 удаа дотоод хяналт, шалгалтыг оруулж ирсэн. Дотоод хяналт шалгалт хийхдээ хуулийн хүрээнд, зөв хяналт шалгалт хийх ёстой гэсэн тайлбарыг хяналт шалгалтын багийнханд хэлсэн. Газрын даргаасаа хараат, хяналт шалгалт хийх ёстой шүү гэж хэлсэн. Нэг мэдэхэд дотоод хяналт шалгалтын дүгнэлт гарчихсан, Тайвансанаа гэдэг хүн ёс зүйн талаас нь миний эсрэг тайлбар өгсөн байсан. Мэргэжлийн хяналтын газрын үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжилтнүүд хууль бус зүйлд оролцох хэрэггүй, тухайн байгууллагын бүтэц орон тооны асуудал, өнөөдрийн байдлаар олон байцаагч нар ажлаасаа гарсан. Сүүлийн үед дарамталдаг, хавчдаг, халаа сэлгээ хийдэг асуудал их гарах болсон. Төрийн албаны тухай хуулийг баримтлахгүй байна. Нарийн бичиг, хуулийн хэлтсийн ажилтан нар нь миний удирдлага дор ажилладаг ажилтан. Гэтэл ажилд орсны дараа газрын даргын үүргийн дагуу өрөөнд орж ирж сонсох ажиллагаа хийж байна гэж тэмдэглэл хөтлөх, өрөөний хаалга түгжих, ажил хийлгэх нөхцөл байдлаар хангагдахгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлдөө: ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн М.*******ийг төрийн албанаас халах тухай Б/73 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дараах тайлбарыг гаргаж байна. Дээрх тушаалд дурьдсан Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлиин хүрээнд энэ нь урьд авч байсан сахилгын шийтгэл болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр тогтоогдсон байх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд төрийн захиргааны албан хаагчдын 2018 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний үнэлгээгээр В буюу 89 хувь үнэлэгдэж ******* аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Урамшуулал олгох тухай” А/67 дугаар тушаалаар албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажил үүргээ сайн гүйцэтгэж В үнэлэгдсэн тул 15-20 хувьтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал авах эрх бүхий ажилтны тоонд орж байсан. Харин 2019 оны үр дүнгийн гэрээг ажлаас халагдахаас 22 хоногийн өмнө буюу 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр байгуулан ажиллаж байсан ба энэ хугацаанд ямар нэг сахилгын шийтгэл байхгүй, зөрчлийн хэрэг үүссэн асуудал байхгүй байдаг. 2019 оны үр дүнгийн гэрээг дүгнэх хариуцлага тооцох асуудал нь тус гэрээний 5.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн шууд захирагч түүнд 1 дүгээрт туслалцаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх зохицуулалт үйлчилдэг. Мөн гэрээний 4.2-т гэрээний биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан тайлагнаж, төсвийн шууд захирагч 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор багтаан дүгнэх ёстой байдаг. Нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулснаас сар хүрэхгүй хугацаанд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “М.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/16 дугаар хууль бус тушаал гарсны улмаас албан үүргээсээ чөлөөлөгдсөн боловч 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “М.*******ийг ажилд томилох тухай” Б/60 дугаар тушаалаар ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсон байдаг. Гэтэл хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.7-т захирах, захирагдах ёсыг сахин биөлүүлнэ, мөн дүрмийн 3.1.1. а, 3.1.7.а-д заасан заалтыг зөрчсөн гэж байгаа. Дээрх ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-т төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ. 4.2-т төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараах хариуцлага хүлээлгэнэ: 4.2.1-т уучлал гуйхыг үүрэг болгох; 4.2.2-т сануулах; 4.3-т төрийн албан хаагч энэ дүрмийн 3.1.5.б-д заасны дагуу сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцогдоно: 4.4-т төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэж заасан байдаг. Ёс зүйн зөрчил гаргаснаар ажлаас халагдах зохицуулалт байхгүй. Монгол Улсын  Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай 01 тоот албан даалгаврын 1.4 дэх заалтыг зөрчсөн гэж байгаа. Дээрх албан даалгаврын 1.4-т ажилтан албан хаагчдын цаг ашиглалт ажлын бүтээмжийг сайжруулах үүрэгт ажлаа чанартай үр дүнтэй хийж гүйцэтгэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоох ажлын байрны дэг журмыг чанд сахих, үүргээ биелүүлэхийг шаардах, даалгаврын 2.4-т заасан хууль тогтоомж зөрчсөн зөрчил дутагдал гаргасан ажлаа цалгардуулсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож зохих байгууллага албан тушаалтанд мэдээлж байх үүргээ хэрэгжүүлж ажилласан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт болон удирдах дээд шатанд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байсан хүсэлт гомдлоор тодорхойлогддог. Улсын ерөнхий байцаагчийн “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” 2019 оны 4-р сарын 18-ны өдрийн 01/01 тоот албан даалгаврын 5 дахь заалтыг зөрчсөн гэдэг. Албан даалгавар нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд гарсан байдаг. Тус даалгаврын 1.3-т Энэхүү албан даалгаврыг байгууллагынхаа хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлж хагас бүтэн жилээр дүгнэн биелэлтийг 7 сарын 5, 12 сарын 25-ны дотор Тамгын газарт ирүүлж байхыг даалгасан. Нэхэмжлэгчийн хувьд ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “М.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/16 дугаар хууль бус тушаал гарсны улмаас албан үүргээсээ чөлөөлөгдсөн. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “М.*******ийг ажилд томилох тухай” Б/60 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсон байдаг. Мөн 1 сар ажиллаад дахин 10 дугаар сарын 28-нд халагдсан. Энэ хугацаанд хэрхэн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын тодорхой заалтуудыг зөрчиж байна гэж үзсэн байгаа. Гэтэл байгууллагын дотоод журмын 5.5-т 14 хоног, сар, улирал, жилийн ажлын мэдээ тайлан цаг үеийн холбогдолтой мэдээлэл судалгааг нэгжийн дарга нар нэгтгэн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар хянуулан тайлагнана. Мэдээ тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж өгөөгүй бол уг асуудлыг биелэгдээгүй гэж тооцон ажил дүгнэх үзүүлэлтэнд тусгаж нэгжийн даргын ажлын үнэлгээг бууруулах үндэслэл болно гэж заасан байгаа. Байгууллагын дотоод журмын 8.8-д зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад тайлбар гаргах дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй. Мөн журмын 8.2-т ноцтой зөрчил гаргасан тохиолдолд 8.7 ажлаас халах үндэслэл болно гэж заасан байна. Мөн сахилгын зөрчлийг баримт нотолгоон дээр тулгуурлан газрын дарга тушаал гаргана гэж заасан байдаг. Мөн тус дотоод журмын 3.18-д бусадтай зүй бусаар харьцах маргалдах бүдүүлэг үг хэрэглэх ажлын байранд бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт ялгавартай хандахыг цээрлэнэ гэж заасан байдаг. Ажилтан газрын үйл ажиллагаа болон эрхэлсэн ажлаа сайжруулах, ажлын багаж хэрэгслээр хангуулахаар санал хүсэлт шаардлага тавих шүүмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлж ажиллах эрхээ хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогддог. Нөгөө талаас журмын 4.4-т Мэргэжлийн хяналтын газар нь ажилтаны мэргэжил, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх давтан сургах арга хэмжээг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, 4.5-т газар хэлтсийн дарга болон үнэлгээний багаас ажилтны ажлын үр дүнг улирал, жилээр үнэлж дүгнэх ба ажлын үр дүнг үндэслэн албан тушаал дэвшүүлэх бууруулах, 4.6-т ажилтны ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах үүргээ удирдлагын зүгээс биелүүлээгүй байна. Энгийнээр тайлбарлахад хүнийг боловсрол мэдлэгээр нь ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна.

...Мэргэжлийн хяналтын газрын дотоод хяналт шалгалт, үнэлгээний багийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Төрийн захиргаа, эрсдэл удирдлагын хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын илтгэх хуудсанд дурдагдсан 13 зөрчил нь нэг бүрчлэн баримтаар нотлогдохгүй байна. Харин 3 дугаар улирлын тайланг хянаж хүргүүлэх нь М.*******ийн хариуцах ажил мөн байсан, түүнийг хийгээгүй байна гэж үзсэн. Гэтэл 3 дугаар улирлын тайланг хэн хариуцах вэ гэдэг асуудал яригдана. М.Өлзиймөнх гэдэг хүн тушаал гаргаж Тайвансанаа гэдэг хүнийг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байгаа. Энэ хүн тухайн ажлыг хийх ёстой байсан юм уу? Хэн хийх ёстой байсан юм. Хариуцагчийн өмгөөлөгч Тайвансанааг ээлжийн амралттай байсан гэж байна. Ээлжийн амралттай байсан гээд тухайн ажлаас чөлөөлөгдөх юм уу? Ажилд орсон өдөр тухайн ажлыг хянаж явуулах хууль бус шаардлага тавьсан байдаг. Зөвхөн М.******* гэдэг хүнийг шалгаад байгаа юм уу? Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн үйл ажиллагааг шалгаад байгаа юм уу гэдгийг тодорхойлох ёстой. ... Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмаар төрийн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах хугацааг тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл 2017, 2018 онуудын үр дүнгийн гэрээгээ дүгнүүлчихсэн, 2019 оны үр дүнгээ дүгнүүлээгүй, 2019 онд 1 сар л ажилласан. Тогтоогдсон гэх нөхцөл байдлын хувьд ...түүнийг тус газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллах хугацаанд ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газраар нь улсын хэмжээнд 17, 21 дүгээр байрт орж дотоод ажил удирдлага зохион байгуулалт хангалтгүй гэх үндэслэлээр 2 удаа Мэргэжлийн хяналтын газраас мониторингийн шалгалт хийгдэж байсан байна. 2017, 2019 онд үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн. Мөн дээрх дүгнэлтийн дагуу ажил сайжруулах талаар хэрхэн ажилсныг нягтлан шалгахад өнөөдрийг хүртэл дээрх шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал хэвээр үргэлжилж байгаа нь байгууллагын дотоод хяналт шалгалтын багаас хийсэн шалгалтын дүнгээр нотлогдож байна... гээд 13 зөрчлийг тоочсон байдаг.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн албан бичгээр дээрх 13 зөрчил нь нэг бүрчлэн баримтаар нотлогдохгүй байна, харин 3 дугаар улирлын тайланг хянаж хүргүүлэх нь М.*******ийн хариуцах ажил мөн байсан түүнийг хийгээгүй байна...гэсэн байгаа. Гэтэл М.******* нь хуулийн дагуу тухайн ажил үүргийг хүлээх ёстой байсан уу? Үгүй юу? гэдгийг асууж байгаа. Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Үүрэг чиглэл өгөх тухай” 04 дүгээр шийдвэрээр М.*******т хариуцуулсан 6 үүрэг даалгаврын нэгээс бусад нь хугацаагүй үүрэг даалгавар байна. Гэтэл тухайн үүрэг даалгавар цаг хугацааны хувьд халагдахаас өмнө болон хойно хийх боломж байсан эсэхийг захиргааны байгууллага тогтоох ёстой. 03 дугаар сарын 13-ны өдөр халагдсан, тэрнээс хойш хэн яаж үргэлжлүүлж хийсэн болох, 09 дүгээр сард орж ирээд хийх боломж байсан эсэх, хугацаатай 1 үүрэг даалгавар нь юу байсан эсэхийг нарийвчлан судлан шинжлэн тогтоогоогүй. ... Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой. Дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг нь М.Өлзиймөнхөд үүрэг болгож байгаа. Тайлбар дүрмийн дагуу ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх гэтэл 13 зөрчил нь тогтоогдохгүй байна гэдэг асуудал яригддаг. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1-т төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ. Сануулах, уучлалт гуйх, өөрөө хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх асуудал яригдаж байгаа. Гэтэл өөрийн үүргээ хэрэгжүүлсний төлөө хэн нэгэнд зөрчлийн хэрэг үүсгүүлчихсэн мэтээр ярьдаг. Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот шийдвэрийг үндэслэсэн гэж ярьдаг. Гэтэл үндэслэл болж буй Мэргэжлийн хяналтын газрын дотоод хяналт шалгалт үнэлгээний багийн хийсэн хяналт шалгалтын илтгэх хуудас нь хууль бус эрх зүйн зөрчилтэй болохыг төрийн албаны зөвлөлөөс тогтоосон, ганцхан М.******* гэх хүнийг шалгах биш хэлтсийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх ёстой байсаар байтал М.******* гэх хүнийг ганцаарчлан шалгасан байх тул Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тушаалынхаа үндсэн гол зарчмыг алдагдуулсан гэж байна. Тушаалын тушаах хэсэгт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилт чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийгдсэн удаа дараагийн дотоод хяналт шалгалтын дүнгээр үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшин, боловсрол, мэргэжил, туршлага, ур чадвар нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй гэж дүгнэсэн. Үндсэн хуулийн суурь зарчим, төрийн албаны чадахуйн зарчим юу болж таарч байна. Сургалтанд хамруулах үүрэг нь тухайн байгууллагад байгаа. ... Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-т “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан байдаг. Энэ зөрчил нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй бол эрүүгийн хуулиар хүлээнэ гэж заасан байгаа. Зөрчлийн шинжтэй байсан тул үүргийнхээ дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, үүний дагуу цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл ногдуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”-ыг хориглосон, 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3 хуульд нийцээгүй шийдвэр гаргах” 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан бусдыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох” ба төрийн албан хаагч нь харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, удирдлагын санаа бодолд үл нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар сөрөг талыг урьдчилан анхааруулж байх үүргийг хууль болон ёс зүйн дүрмээрээ төрийн албан хаагч нь хүлээсэн байдаг, гэтэл энэ үүргээ хэрэгжүүлсний төлөө ажлаасаа халагдсан байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах” ёстой, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.4-т зааснаар албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг тухайн ажиллаж байгаа байгууллага, эсхүл цагдаагийн байгууллагаар хамгаалуулах эрхтэй. Дээрх хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлсэн байдлыг эсэргээр нь нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж үзэж 37 дугаар зүйлийг үндэслэл болгож ажлаас нь халсан нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд тус акт нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэг болон оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй тул эрх зүйн зөрчилтэй гэж үзэж байгаа юм. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2 дахь хэсэгт заасан оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, боломжийг бүрдүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогчийн эрхийг тайлбарлаж өгөөгүй байна гэж үзэж байгаа юм. Ийм учраас 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаал хууль зүйн хувьд үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 74 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байх ёстой. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/05 тоот шийдвэрийн дагуу таныг үүрэгт ажлаас халсан газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгож байна, гэхдээ хүний нөөц эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулахаар шийдвэрлээд байна гэсэн байгаа.

Хариуцагчийн зүгээс гаргаж байгаа нотлох баримтаар Б/73 дугаар тушаал хүчингүй болж байгаа юм. Тэгэхээр захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь гомдол гаргагчийн эрхийг зөрчсөн буюу түүний ашиг сонирхлыг хөндсөн тул Захиргааны акт гаргахаас татгалзсан нь хууль бус бөгөөд Захиргааны акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь эс үйлдэхүйгээр хууль бус гэж үзэж байна. Тухайн мэдэгдлийг захиргааны акт гэх хууль зүйн үндэслэл нь захиргааны байгууллагаас гаргасан, захирамжилсан шинжтэй, мэдэгдлээр журамлан тогтоосон эс үйлдэл байдаг. Бусдын хүсэл зоригоос үл шалтгаалсан, бусдын хүсэл зоригийг хөндсөн. Үүнд шийдвэр гаргахаас татгалзсан /эс үйлдэхүй/ байна гэж үзээд холбогдох субьект нь хуулиар акт гаргах эрхтэй боловч захирамжилсан болон, захирамжилсан бус байна гэж үзэж байгаа юм. Зохицуулалтын агуулга нь тодорхой нэг асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, чиглэсэн этгээдэд сөрөг байдлыг бий болгосон, доод нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр нь гадагш чиглэгдсэн байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж үзээд мэдэгдэл нь захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж тухайн мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна гэв.

Хариуцагч ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монхооройн ******* нь 2007 онд Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг төгсөж, Олон улсын худалдаа, бизнесийн менежер мэргэжил эзэмшсэн бөгөөд  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажлын байрны сонгон шалгаруулалтгүйгээр /төрийн жинхэнэ албаны шалгалт өгөөгүй/ хөдөлмөрийн гэрээгээр хууль зөрчин ажиллаж байгаад газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албанд хууль бусаар томилогдсон болно.

            М.*******ийг ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/74 дүгээр удирдамжийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дотоод хяналт шалгалт хийгдэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн товчооны хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05/01 дугаар шийдвэрээр Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга М.*******т албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авахыг ******* аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнхөд үүрэг болгосон шийдвэр гаргасан нь түүний ажлын хариуцлага, үр дүн, гүйцэтгэл, сахилга бат хангалтгүй байсныг нотлон харуулж байна. /2019 оны МХЕГ-ын дотоод хяналт шалгалтын танилцуулга, холбогдох материалыг хавсаргав./

Мөн удирдах дээд байгууллагаас хийсэн 2016, 2017 оны мониторингийн шалгалтаар Захиргаа удирдлагын хэлтсийн даргын түр албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй, ажлын дадлага, туршлага, мэргэжлийн шаардлага хангаагүй хүнийг томилон ажиллуулсан нь байгууллагын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт сулрахад хүргэсэн гэж дүгнэгдсэн. /МХЕГ-ын 2016, 2017 оны хяналт шалгалтын танилцуулгыг хавсаргав./

             Харилцаа хандлага, ёс зүйн хүрээнд:

            Газрын даргын 2019 оны 09 сарын 24-ний өдрийн Б/60 тоот тушаалаар Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилогдсон М.*******т 2019 онд байгууллагад шинээр мөрдөгдөж байгаа дүрэм, журмуудыг танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулан хүлээлгэн өгсөн. /Баримтыг хавсаргав./

             Гэвч М.******* нь байгууллагын “Сонсгол мэдээллийн цаг”, “Сонсох ажиллагаа”-ны хурлын үеэр хамт олны дунд буруу ойлголт өгч, байгууллагын удирдлага руу дайрч давшлах зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргаж, байгууллагын удирдлага, албан хаагчдыг дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Цагдаагийн газарт шалгуулсан зэрэг нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Байгууллагын сонсгол мэдээллийн цагийн журам”-ыг зөрчсөн болох нь Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот шийдвэрээр нотлогдсон. /Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг хавсаргав./

            ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 09 сарын 24-ний өдрийн Б/60 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдсон өдрөөс эхлэн Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, 2019 оны үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажил үүрэг, газрын даргын өгсөн үүрэг чиглэлийг биелүүлээгүй, хугацаа хоцроосон, ажилтан албан хаагчдыг үндэслэлгүй шалтгаанаар цагдаагийн байгууллагаар шалгуулах өргөдөл өгсөн, Төрийн албан хаагчийн дагаж мөрдөх дүрэм, журмуудыг удаа дараа зөрчсөн тул “М.*******ийг төрийн албанаас халах тухай” ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

            Жич: М.******* нь ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 тоот тушаалаар ажлаас халагдаж байсан. Уг тушаал нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 626 дугаар албан бичгээр хууль зүйн үндэслэлтэй тул М.*******ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй талаар хариу ирсэн байдаг. Гэвч М.******* нь уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2019/0020 шийдвэрээр нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгож, М.*******ийг Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гарсан байдаг.

Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар: 

            Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх зааснаар М.******* нь удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь байгууллагын дотоод удирдлагын Абле программаар дамжуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын төлөвлөгөөний биелэлт, Мэргэжлийн хяналтын газрын “Дотоод хяналт шалгалт үнэлгээний баг”-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шалгалтын илтгэх хуудас зэргээр нотлогдсон. /Хавсралтаар холбогдох материалыг баримтжуулав/

М.******* нь 2019 оны 09 сарын 25-ны өдрөөс томилогдсон цагаасаа эхлэн дээр дурдсан үүрэг даалгаврыг үл биелүүлэхээс гадна байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар зарим албан хаагчдыг цагдаагийн газарт шалгуулах, байгууллагын удирдлагын өрөөнд хүч түрэмгийлэн дайрч орж ирэн өрөөг дотроос нь түгжсэн гэх зэргээр төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй асуудлаар гүтгэн доромжилсон үйлдэл гаргасан. Түүний албан ажлын болон ёс зүй, зан харилцааны асуудлаар байгууллагын дотоод хяналт, шалгалтын баг, ёс зүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдээр нотлогдсон.

Гэвч М.******* нь уг асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн  “Хариуцлага тооцсон шийдвэрийн тухай”01/05 тоот албан бичгээр 2019 оны Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгох, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шийдвэрийг биелүүлж Төрийн албаны тухай хуульд нийцсэн хариуцлага тооцох, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын дагуу ёс зүйн хариуцлага хүлээлгэх талаар үүрэг болгосныг бид хүлээн зөвшөөрөлгүй, хуульд нийцээгүй гэж үзсэн.

Төрийн албаны зөвлөлийн 01/05 тоот албан бичгийг үл хүлээн зөвшөөрсөн боловч М.*******ийн мэргэжлийн хяналтын албанд ажиллах хүсэл эрмэлзлийг харгалзан үзэж өөрөө хүлээн зөвшөөрвөл түүнийг хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний орон тоонд албан тушаал томилж, ажлын байраар хангах боломжтой болохыг илэрхийлэн, энэ тухай зөвшилцөх саналаа 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 34 тоот, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 50 тоот албан бичгүүдээр М.*******т хүргүүлсэн бөгөөд тус албан тушаалд томилоход шаардлагатай хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэлгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь захиргааны саналыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буйгаа М.******* үйлдлээрээ илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 тоот тушаалаар М.*******ийг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т зааснаар ажлаас халсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөлдөө: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон ихэсгэсэн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаал нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн мэдэгдлээр хүчингүй болсон гэж үзэж байгаа учраас гэж тайлбарлаж байгаа тул үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны акт нь хэлбэрийн хувьд бичгийн, бичгийн бус гэсэн хоёр хэлбэртэй. ... М.*******т явуулсан мэдэгдэл нь Б/73 дугаар тушаалын эрх зүйн үр дагаврыг дуусгавар болгосон гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. ... Энгийнээр хэлэхэд нэхэмжлэгч ажил, үүргээ эрхлээд явж байгаа. Актыг хүчингүй болгосон гэж үзэж байгаа бол өмнөх албан тушаалдаа шууд томилогдохыг хэлнэ. Тэгэхээр нэхэмжлэгч өмнөх албан тушаалаа үргэлжлүүлэн гүйцэтгэж Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргээ эдлээд явж байх ёстой байсан. Тэгэхээр дээрх нөхцөл байдал үүсээгүй, нэхэмжлэгчид ямар нэгэн үр дагавар үүсгээгүй тул захиргааны акт гэж үзэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийг анх тухайн албан тушаалд томилоход мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хууль бусаар томилсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/306 дугаартай дүгнэлтэд М.******* нь төрийн албаны шалгалт өгөөгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байдаг. Үүнтэй адил агуулга бүхий дүгнэлтүүдийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/158 дугаартай танилцуулга, мөн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/74 дугаартай танилцуулгуудад юу гэж заасан бэ гэхээр М.******* нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, Засгийн газрын тогтоолд зааснаар М.*******ийн албан тушаал нь төрийн удирдах албан тушаалд ангилалд багтах учраас удирдах албан тушаалтны шалгалт өгөөгүй, иймд нэхэмжлэл гаргах эрх, эрх зүйн байдал хөндөгдөх юм.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага хүлээсэн нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай ажиллагааг явуулах чиг үүрэг буюу захиргааны акт гаргах журмыг зөрчсөн гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, ашгийг хөндөж байгаа бол нөхцөл байдлыг тогтоож хяналт, шалгалтын ажиллагааг хийх ёстой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн болон өөр бусад дүрэм, журамд зааснаар байгууллагын төсвийн шууд захирагч эсхүл байгууллагын хяналт шалгалтын ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нэгж, ажилтан хэрэгжүүлэх боломжийг хуулиар олгосон байгаа. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газар дахь дотоод хяналт, шалгалт хариуцсан баг, мөн ёс зүйн асуудал хариуцсан нэгж болох ёс зүйн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан, хурлын тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэрийг хавтаст хэрэгт хавсаргасан. Эдгээр баримт бичгийн хууль зүйн үндэслэл дээр маргаагүй тул захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрт өртөгдөж байгаа этгээд маргах эрхтэй, маргах эрх нь тодорхой хөөн хэлэлцэх хугацаа заасан байдаг. Ямар нэгэн маргаан гаргаагүй бол хүлээн зөвшөөрсөн гэж үзэж эрх зүйн үйлчлэл үргэлжилж бодит байдал дээр хүчин төгөлдөр болдог онолын ойлголт байдаг. Ийм учраас тухайн шийдвэр нь аль хэдийнээ үйлчлэлээ олж хүчин төгөлдөр болсон. Хүчингүй болгох үндэслэл, тодорхой хэсэг нь алдаатай, маргасан, өөрчлөлт орсон, шүүхийн эрхийн акт байхгүй байгаа тул маргаангүй юм. ... Ёс зүйн дүрэм, дотоод дүрэм журмуудыг нэхэмжлэгч мэдэж байсан байна. Нэхэмжлэгчийн хувьд өгсөн үүрэг даалгавраа биелүүлээгүй буюу албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй болохоо өөрт хамаарахгүй, Тайвансанаа гэдэг хүнд хамаарна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэгт над руу 17 цагийн алдад утсаар ярихад нь очиж уулзахад тушаал гарсан гэж танилцуулсан, хариуцагч байгууллага чимээгүй явж байгаад надад тэгж танилцуулсан, маргааш өглөө нь ажил албан тушаалаа эрхлэхээр очиход өрөөний түлхүүрийг өгөөгүй гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч тухайн ажил, албан тушаалаар хүлээсэн үүргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хүлээсэн байгаа юм. Ийм учраас тухайн албан тушаалаар хүлээсэн үүрэг даалгаврыг хүлээж авсан өдрөөс хугацаа нь тоологдоно, хугацаатай үүрэг даалгаврыг заавал биелүүлэх ёстой. Харин ажилд авсан Б/41 дугаартай тушаалын хамгийн сүүлд зааснаар энэ тушаал нь хүчин төгөлдөр болсноор түр орлон гүйцэтгэгчээр Ө.Тайвансанааг томилсон, түүнд хүлээлгэсэн эрх, үүргийн эрх зүйн үр дагавар дуусгавар болохыг заасан байгаа юм. Тэгэхээр энэ эрх, үүрэг нэхэмжлэгчид шилжсэн гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч тухайн үүрэг даалгаврыг гүйцэтгэх байсан боломжтой байсан гэж үзэх боломжтой. Зөвхөн тайлан мэдээг гаргах үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх асуудлаар хязгаарлагдаагүй өөр бусад үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаарх нотлох баримт хавтаст хэрэгт цугларсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн /3 ба түүнээс дээш/ төрийн албанаас халах үндэслэл бүрдэнэ гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Удаа дараа гэдгийг тус бүрдээ заавал тогтоогдсон байхыг хуулиар заагаагүй гэж ойлгож байна. Удаа дараа гэдэг нь тухай бүрд нь хариуцлага ногдуулсан байхыг ойлгохгүй, харин тухайн үйлдэл нь бие даасан үйлдлүүд байхыг шаардаж байгаа гэж хууль тайлбарлаж ойлгож байна. Иймд хариуцагчийн өгсөн үүрэг даалгаврыг нэхэмжлэгчийн зүгээс биелүүлээгүй /3 ба түүнээс дээш/ гэж үзэж байна. Ийм учраас удаа дараа үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх хуулийн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

 

Дотоод хяналт шалгалтыг М.*******т холбогдуулан явуулсан гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Дотоод хяналт шалгалт нь төлөвлөгөөнд заагдсаны дагуу явагдсан. Нэхэмжлэгчийн хэлснээр зөвхөн өөрийг нь харлуулах үүднээс хийгдсэн ажил гэж үзэх үндэслэлгүй юм. М.******* даргын эрхэлж байсан албан тушаал нь дэд даргын статустай, тухайн нэгжийг ажил үүргийн хувьд бүхэлд нь хариуцдаг тул хяналт шалгалт үндэслэлгүй явагдсан гэж үзэх нь үндэслэлгүй.  Дотоод хяналт шалгалтыг явуулсан процесс, шалгалтын үр дүн биеллээ олж эрх зүйн үр дагавар үүсгээд явсан, үүнтэй хэн ч маргадаггүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

 

Гэрч Ц.Цэрэннамжил шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрийн тэмдэглэл үйлдэгдсэн дотоод хяналт, шалгалтын ажлыг хийхдээ Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар байгууллагын дотоод хяналт, шалгалтын багийн ахлагчаар томилогдон ажиллаж байсан. М.******* дарга уг ажиллагаанд оролцсон, тайлбар тодруулга өгсөн.

Манай байгууллага байгууллагын удирдлагын цогц системийг сайжруулах үүднээс Apple нэртэй программыг ашигладаг, тухайн программд бүх ажилтан, алба хаагч холбогдсон. Тус программаар өдөр тутмын үйл ажиллагааг хянаж, үүрэг чиглэл өгч биелэлтийг тооцдог. М.******* даргыг 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллах хугацаанд би удирдлагад нь ажиллаж байсан. Гэхдээ мэргэжлийн удирдлага, туслалцаагаар хангагдан ажиллаж чадаагүй.

Хяналт шалгалтыг хийхдээ газрын даргын баталсан удирдамжийн дагуу хийдэг. Удирдамжинд Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааг шалгах чиглэлтэй байсан. Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтэс нь үндсэн ажилтан 6, үйлчилгээний 3 ажилтан, нийт 9 ажилтантай. Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтэс нь мэргэжлийн хяналтын газрын удирдлага зохион байгуулалтын том нэгж, бусад нэгжүүдээ удирдлага, зохион байгуулалтаар хангадаг, бусад хэлтсийг удирдлага зохион байгуулалтаар хангасан зүйл байгаагүй. Албан ёсоор биелүүлэх төлөвлөгөө, ажлын үр дүнг дүгнэх зүйл байгаагүй. Тухайн үед байсан алба хаагч нарын ажилд үнэлгээ, дүгнэлт өгч танилцуулга гаргасан байгаа. ******* дарга тухайн хэлтсийн үйл ажиллагааг шалгах боломж олгохгүй байсан. Учир нь өөрөө орж ирэхгүй, бичиг баримтаа шалгуулаагүй, тайлбар өгөхдөө шалгуулахгүй, тайлбар өгнө гэсэн асуудал ярьдаг. Би одоо Төрийн захиргаа, эрсдэл удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр давхар үүрэг гүйцэтгэж байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи Төрийн захиргаа, эрсдэл удирдлагын хэлтсийн ажлын төлөвлөгөөг би хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно. Надад хувийн ашиг сонирхол байхгүй гэв.

 

                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд хандан ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “М.*******ийг төрийн албанаас халах тухай” Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон  нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 34 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч  тэдгээрийн  өмгөөлөгчдийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “ төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна ”, 12.1.8-д . . .  аймаг нийслэлийн засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал хамаарна гэж зааснаар ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан М.******* нь тангараг өргөсөн  төрийн жинхэнэ буюу захиргааны албан хаагч байна.

Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнх нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар Монхооройн ******* нь удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийгдсэн удаа дараагийн дотоод хяналт шалгалтын дүнгээр үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, боловсрол, мэргэжил, туршлага, ур чадвар нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй гэж дүгнэгдсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчиж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаагүй гэж үзэн төрийн албанаас халах шийдвэр гаргасан байна.

М.******* нь Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ний “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/16 дугаар тушаалаар төрийн албанаас халагдаж, түүнийг ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний Б/60 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан  ажил, албан тушаалд нь  томилсон байдаг. Ийнхүү ажил, албан тушаалд томилсон шийдвэр гарснаас хойш 1 сарын дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар түүнийг дахин төрийн албанаас халах тушаал гаргажээ.

М.******* нь ажил, албан тушаалд томилсон тушаал гарснаар албан үүргээ гүйцэтгэхээр очиход түүний албан ажлын өрөөний түлхүүрийг нуух үйл ажиллагаа явагдаж, төрийн албан хаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, шаардлагатай ажиллах нөхцлөөр хангуулах баталгаанд саад учруулсан үйл ажиллагаа болсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэргийн 100-137 дугаар талд байгаа зөрчлийн 1930000265 дугаартай хэргийн баримтаар нотлогдож байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийгдсэн удаа дараагийн дотоод хяналт шалгалтын дүнгээр үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, боловсрол, мэргэжил, туршлага, ур чадвар нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй гэж дүгнэгдсэн гэж Б/73 дугаар тушаал гарах болсон нэг үндэслэлээ хариуцагч нь тайлбарлаж байгаа хэдий ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийгдсэн шалгалтууд нь цаг хугацааны хувьд М.*******ийг ажилд буцаан томилогдсон 1 сарын хугацаанд хийгдээгүй, өмнөх үйл баримт тул энэ үндэслэлд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Түүнчлэн М.*******ийг ажил, албан тушаалд томилсон 1 сарын хугацаанд ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод хяналт шалгалт үнэлгээний баг төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж шалгалтын илтгэх хуудсанд дурдагдсан 13 зөрчил нэг бүрчлэн баримтаар бүрэн нотлогдохгүй байх ба хариуцагчийн тоочиж оруулж ирж буй зөрчлүүд нь М.*******ийг ажил, албан тушаалаас халах үр дагаварт хүргэхээргүй байсан байна. Нөгөө талаас нэхэмжлэгчид өгөгдсөн зарим үүрэг даалгавар нь хугацаагүй үүрэг байсан.

Нэхэмжлэгчийн хувьд Төрийн захиргааны албан хаагчдын 2018 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний үнэлгээгээр В буюу 89 хувь үнэлэгдэж ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны “Урамшуулал олгох тухай” А/67 дугаар тушаалаар албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажил үүргээ сайн гүйцэтгэж В үнэлэгдсэн тул 15-20 хувьтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал авч байсан.

Харин 2019 оны үр дүнгийн гэрээг ажлаас халагдахаас 22 хоногийн өмнө буюу 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр байгуулан ажиллаж байгаад ажлаас халагдаж, дахин томилогдсоноос хойш 1 сар ажилласан байх ба 2019 оны үр дүнгийн гэрээ дүгнэгдээгүй байна.

Гэтэл хариуцагч нь  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй, гэрээ дүгнэгдээгүй байхад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж ажил, албан тушаалаас халах тухай шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна.

Мөн ажил, албан тушаалд эгүүлэн томилогдсон нэг сарын хугацаанд дотоод хяналт шалгалт үнэлгээний багийн хяналт шалгалтын илтгэх хуудас, Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу М.*******ийн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг шалгаад ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот шийдвэр гарсан байдаг.

Шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажил, албан тушаалд томилох шийдвэр гаргаснаас хойш 1 сарын хугацаанд  албан өрөөний түлхүүрийг нуух ажиллагаа зохион байгуулах, хяналт шалгалт оруулах, ёс зүйн талаар дүгнэлт гаргуулах, хугацаатай, хугацаагүй үүрэг даалгавар дарааллуулан өгөх зэргээр ажил үүргээ гүйцэтгэх боломжийг олгоогүй хариуцагчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа байгааг дурьдах нь зүйтэй байна.

Ийнхүү хариуцагч нь захиргааны актыг гаргахдаа төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан зарчмыг зөрчиж, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарласан шийдвэрийг шүүхээс буруутгаж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим байх”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар “энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” , захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар “ хуульд үндэслэх ”, 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зааснаар “ бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ” гэдэгт нийцээгүй тул шүүхээс маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл болох юм.

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд чиглэсэн сонсох ажиллагаа явуулах ёстой. Сонсох ажиллагааны 2019 оны 10 дугаар сарын 07, 08 ны өдрийн тэмдэглэлээс харахад сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Тодруулвал, тэмдэглэлд дурдсанаар нэхэмжлэгч тухайн үед хууль бус сонсох ажиллагаа юм гэж хэлээд татгалзаж орхин гарч байгаа үйлдэл нь түүнийг зөвтгөх боломжгүй байна. Орхин гарсан үйлдэл нь сонсох ажиллагаа явуулаагүй, нотлох баримт болон тайлбар, мэдүүлэг өгөх боломжийг олгоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэнэ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “ захиргааны акт гэж  . . . тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар би болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно ” гэжээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж байгаа 2020 оны 01 дугаар сарын 29-ний өдрийн 34 тоот мэдэгдэл нь захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх захиргааны үйл ажиллагааны хэлбэр болох захиргааны актын эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт биш бөгөөд захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш байна. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

. . .  Цалин гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч М.******* нь тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиас гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар байна.

Иймд эдгээр хуулиудын холбогдох заалтуудыг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахтай” холбоотой хэсгийг шийдвэрлэв.

Тэгэхээр нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажлын 128 хоногоор бодож, 5 252 224  / таван сая хоёр зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин дөрвөн/ төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг олгуулахаар шийдвэрлэлээ.

Хариуцагч нь хуульд заасан холбогдох суутгалуудыг хийх нь зүйтэй болно.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “ улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “М.*******ийг төрийн албанаас халах тухай” Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан  2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 34 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

 

3. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******т ажилгүй байсан хугацааны 128 хоногийн цалин 5 252 224 / таван сая хоёр зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин дөрвөн / төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг хариуцагчид даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Мэргэжлийн хяналтын газрын санхүү/-ээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭТУЯА